2017 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг


  • 2017 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг

    2017-10-02

    Эрхэм УИХ-ын дарга аа,

     Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

     Хүндэт зочид оо,

    Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя

    Эрхэм гишүүд ээ,

    Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.  

    Хэдийгээр 2017 онд эдийн засаг  5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой, хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн асуудлууд олон байна. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна. ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид юугаараа зээл авах болж байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь огт өөр зорилготой, аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй. Гэх мэтээр ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.   

    Дэлгэрэнгүй