ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форум


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

    2017-09-07

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

    Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарт баяр хүргэе.

    Монголоос Владивостокт ирэхэд ойрхон байдаг юм байна. Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Алс Дорнод монголчуудад Ойрын Дорнод юм байна гэдгийг мэдэрлээ. Энд ирээд би энэ бүс нутгийг судалж, боомтуудад өөрийн биеэр очиж үзэх гэсэн юм. Ингээд ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.Белозеров нартай “Восточный” боомтыг үзэх боломж олдлоо. Боомтыг үзээд надад маш өндөр сэтгэгдэл төрлөө.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзав

    2017-09-07

    ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав.

    Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдлаа. Тэрээр Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярилаа.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав

    2017-09-06

    ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав.

    Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

    Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёулаа Төрийн тэргүүн болоод удаагүй байгаа учир харилцан бие биедээ баяр хүргэсэн юм.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бизнесийн салбараас төрсөн улстөрч, УИХ-ын гишүүн, хоёр удаа сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд ажлаа амжилттай хийнэ гэж итгэж байна. Ялангуяа авлигатай тэмцэх, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна.

    Монгол Улс, БНСУ-ын хооронд хэл, түүх, газар зүйн хувьд ижил төстэй зүйлс байдаг учраас ах дүүс гэж боддог. Монголоос олон хүн БНСУ-д ажиллаж,амьдарч Солонгосын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа.

    Бидний уулзалт хоёр орны харилцааг улам хөгжүүлэх сайхан уулзалт  болоосой гэж хүсч байна” гэлээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав

    2017-09-06

    ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өнөөдөр бараалхав.

    Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн  Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, Япон Улсын талаас Гадаад хэргийн сайд Т.Коно болон албаны бусад хүмүүс оролцлоо.

    Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж Японы үндэсний спорт жүдо бөхөөр хичээллэж  амжилт гаргасан Японы түүх соёлыг хүндэтгэдэг хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа

    2017-09-06

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм.

    Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Левитин, тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Оросын төмөр замууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.Белозёров нарын албаны хүмүүс болон хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын бизнес форумын нээлтэд оролцон хэлсэн үгэндээ “Эрхэмсэг хатагтай, ноёд оо.

    Монгол, Оросын бизнес эрхлэгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч ажил хэрэгч анд нөхөд өө.

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. 

    Дэлгэрэнгүй