Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийн төрийн айлчлал

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийн төрийн айлчлал


  • МЬЯНМАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У ТЕЙН СЕЙНИЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

    2015-06-30

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад энэ 6 дугаар сарын 28-30-нд төрийн айлчлал хийсэн  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцав.

    Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази,Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тит Лин Он нар үдэж мордууллаа.

    Дэлгэрэнгүй
  • Бэсрэг наадам үзэж сонирхов

    2015-06-29

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн болон дагалдан яваа төлөөлөгчид  өнөөдөр үдээс хойш  “Чингисийн хүрээ” жуулчны баазад хүрэлцэн очиж монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхов.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛС, МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

    2015-06-29

    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн 2015 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв.

    Хоёр улсын Ерөнхийлөгч нар найрсаг, ойр дотно, нөхөрсөг уур амьсгалд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

    Төрийн тэргүүн нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалууд нь хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн анхны түүхэн айлчлал нь хоёр орны болон иргэд хоорондын нөхөрсөг харилцааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлон тэмдэглэв.

    Монголын тал Мьянмар Улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжилж, нийгэм, эдийн засгийн хөгжил, үндэсний эв нэгдэл, ардчиллын үйл явцад бодит үр дүн гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орон ардчилал, нээлттэй нийгэм, хүний эрхийн үнэт зүйлийн талаар нэгдмэл ойлголттой байдгийг тэмдэглэж, ардчилал, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн талаар гаргаж буй Мьянмар Улсын хүчин чармайлтыг Монголын тал үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

    Дэлгэрэнгүй
  • “Монгол, Мьянмарын харилцаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд дэвшлээ”

    2015-06-29

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Монгол, Мьянмарын сэтгүүлчид тус бүр нэг асуултад хариулт авсан юм.

    МҮОНТВ:

    - Мьянмарын таван сая иргэн улсынхаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан юм байна лээ. Харамсалтай нь танай Парламент үүнийг дэмжээгүй юм байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Мөн удахгүй болох гэж байгаа танай улсын Парламентын хариуцлагатай сонгууль хэр зэрэг шударга болох бол. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

    Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн:

    -Энэ асуултыг тавьсан таньд баярлалаа. Манай улсын Үндсэн хуулийн дагуу Үндсэн хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж болдог. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдээд өөрчлөлт оруулж болдог. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Парламентын гишүүдийн дэмжлэгтэйгээр, зарим асуудлыг бүх нийтийн асуулгаар шийддэг. Саяын асуудлын хүрээнд зарим асуудлыг дэмжиж байсан гишүүд ч байсан. Дэмжээгүй эсэргүүцэж байсан гишүүд ч байсан.

    Таны хоёр дахь асуултад хариулахад энэ оны аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр манай улсад Парламентын бүх нийтийн сонгууль болно. Одоогийн байдлаар холбогдох бүх талууд, нийт нийгмээрээ энэ сонгуулийг чөлөөт, шударга сонгууль болгохын төлөө ажиллаж байгаа. Дан ганц Мьянмарын ард түмэн биш, дэлхийн олон нийт манай энэ сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тийм учраас бид өөрсдийн зүгээс зохих бүх бэлтгэлийг хангаж идэвхтэй ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй
  • У Тейн Сейн: Хоёр тал уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах чиглэлээр үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийлээ

    2015-06-29

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэндээ баяртай байна. Энэхүү айлчлал нь Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас Монгол Улсад Ерөнхийлөгчийн түвшинд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Энэ төрийн айлчлалынхаа үеэр монголчуудын зочломтгой занг мэдэрч байгаадаа туйлын баяртай байна.

    Энэ айлчлал нь Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Хэвлэлийн бага хурлын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой маш үр дүнтэй албан ёсны хэлэлцээ хийснийг дуулгахад таатай байна. Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр бид үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийлээ.

    Дэлгэрэнгүй
  • Ц.Элбэгдорж: Монгол, Мьянмар Улсууд М-2 гэсэн харилцааны хэлбэрийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллана

    2015-06-29

    Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлдээ

    “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У Тейн Сейн болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад айлчлал хийж байгаа төлөөлөгчдийн энэ өдрийн амгаланг айлтгая.

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаа нь энэхүү айлчлал юм. Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Сая Эрхэмсэг Ерөнхийлөгч У Тейн Сейнтэй өргөн хэмжээний асуудлаар яриа хэлэлцээ хийлээ.

    Бид олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Үүнээс уул уурхай, эрчим хүчний салбарыг онцолж хэлье. Энэ чиглэлд бид бизнесийн төлөөлөгчид солилцох гэж байна. Мөн энэ чиглэлд хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулъя гэж ярилцлаа. Хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих их ирээдүй бий.

    Дэлгэрэнгүй
  • Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    2015-06-29

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар оролцлоо.

    Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газрыг төлөөлж Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нар гарын үсэг зурав.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийв

    2015-06-29

    Төрийн тэргүүдийн ганцаарчилсан уулзалтын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

    Өргөтгөсөн хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мьянмарын бүлгийн дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын зэрэг албаны хүмүүс, Мьянмарын Холбооны Улсын талаас Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин, Мэдээллийн сайд Е Хтуг, Уул уурхайн сайд Минт Аунг, Үндэсний төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн сайд Кан Зау, Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

    Дэлгэрэнгүй
  • Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол болов

    2015-06-29

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр  ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг  албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв.

    Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

    Дэлгэрэнгүй
  • Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    2015-06-28

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр орой Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Түүнийг ” Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази,Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Тит Лин Он, албаны бусад хүмүүс угтан авав. Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлал  энэ 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

    Түүнийг албан ёсоор угтах ажиллагаа маргааш өглөө Чингисийн талбайд болж, албан ёсны хэлэлцээ, бусад арга хэмжээ Төрийн ордонд үргэлжилнэ.

    Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болно.

    Дэлгэрэнгүй