Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба

www.president.mn

2010-02-14




Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол түмнийхээ буян заяаг даатгалаа


XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр Бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчид бараалхан гэр өргөөнд золголт үйлдсэн бөгөөд энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн их хан хуурыг эгшиглүүлж, гарч буй жилийн өнгийг засан гэрийн жаврыг үргээж төр түмэндээ ерөөл өргөлөө.

Түүний дараа Төрийн гурван өндөрлөг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж Мэгжид Жанрайсиг, Очирдарь бурхдад даатгал өргөн хүндэтгэл үзүүлж Монгол түмнийхээ заяа буянг даатгасан юм. Дараа нь Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Шинийн нэгний өглөө Улсын Ерөнхийлөгч амьтны амь өршөөн соёрхож буян үйлдэнэ үү” хэмээн Ерөнхийлөгчид халзан цагаан хонь өргөн барьсан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг ёсоор болгож хадаг зүүн цэтэрлэлээ (сэтэрлэлээ).

Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрээр, “Монгол Улсын иргэн бүрийг Монгол түмнийг маань даасан Мэгжид Жанрайсиг, Очирдарь бурхаддаа даатгалаа. Монголын ард түмний буян заяа, хийморь үргэлж өөдлөн дэвжиж байхыг хүслээ. Цагаан сар бол ахмад буурлуудаа хүндэтгэж, алиа бяцхан үрсдээ уламжлалт ёс заншлаа өвлүүлдэг баяр юм. Хаврын урь орсон сайхан өдөр Шинийн нэгэн таарч байна. Ард түмэндээ сар шинэдээ сайхан шинэлж буян заяа нь улам бадарч явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн хэллээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн өдгөө 108 настай өндөр настан П.Дулам гуайнд очиж золгов. Олон жил сувилагч хийж, 70 гаруй ач, зээ, дөчийнхөө сайн сайхан явахыг үзэн өндөр насыг зооглож буй П.Дулам гуай Ерөнхийлөгчтэй золгохдоо “Сар шинэдээ сайхан шинэлж үр хүүхдүүдийнхээ сайныг үзээд, улс төрөө улам дэлгэрүүлэхийн төлөө ажиллаарай” хэмээн захилаа.

Холбогдох Мэдээлэл