Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, Нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.
- Одон медалийн тухай хуулийг өөрчлөх ажил ямар шатандаа явж байна?
- Мөрдөж байгаа шагналын дүрэм журам, шагнал тодорхойлох процедур, одоо олгож байгаа шагнал урамшуулал бүгдийг нь өөрчлөе гэж байгаа. Яагаад гэхээр хуучин социалист орнууд шагналынхаа системийг бүгд өөрчилсөн. Энэ орнуудаас Монгол ганцаараа үлдсэн байгаа юм. Гэхдээ хүн дуурайж өөрчлөх гээд байгаадаа гол биш л дээ. Нийгмийн үнэлэмж өөр болчихсон байна шүү дээ. Ажлаа хийж байж цалингаа олж авдаг. Зах зээлийн нийгэмд шилжчихсэн энэ тэр гээд л. Урьд нь улсын төлөө ажиллаад улс нь хүнээ урамшуулдаг байсан бол өөрийнхөө төлөө ажиллаж урамшуулал хүртдэг нийгэмд шилжчихээд байна. Өөрөөр хэлбэл, сэтгэлгээний өөрчлөлт гарчихсан. Иймд өнөөдрийнхөө нөхцөл байдалд тохирсон шагнал урамшууллын бодлого явуулж байгаа юм.