Ингэж хэлбэл олон хүн гайхаж таарна. Гэтэл үүнтэй яг утга нэг санаачлагыг манай нэгэн сайд гаргаж, Засгийн газар түүнийг нь хэлэлцэн шийдвэрлээд зогсохгүй амьдралд хэрэгжүүлээд явж байна.
Манай Засгийн газар цэрэг, цагдаа, тагнуулуудаа бүгдийг нь нэг гараар бэлтгэх нь зүйтэй гэж үзжээ. Зүгээр ч үгүй зөвхөн Ц.Нямдорж сайдын гараар бэлтгэхээр шийдсэн гээд хэлчихэд хилсдэхгүй. Учир нь Ц.Нямдорж сайдын өөрийнх нь санаачлагаар, сүүлийн арав гаруй жил Ц.Нямдорж сайд өөрөө бараг л гар солилгүйгээр ганцаараа удирдсан Хууль зүй дотоод хэргийн яамны мэдэлд л бэлтгэх гэнэ.
Уг нь цэрэг, цагдаа, тагнуул гэдэг гурван тэс өөр үүрэгтэй байгууллагууд. Цэрэг гадны халдлага, түрэмгийллээс эх орон, ард иргэдээ хамгаалахын тулд оршин байдаг. Цэргийн хүн шаардлага гарсан үед өөрт байгаа бүх чадвар, хүч хэрэгслээ ашиглан дайсан этгээдэд цохилт өгөх, устгах даалгавартай. Тэднийг аль ч улс оронд ингэж л бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл цэрэг бол дотогшоо биш, гадагшаа зориулалттай төрийн төмөр нударга. Үүнийг иргэдийнхээ эсрэг ашигласан газар дарангуйлал, цэргийн дэглэм тогтож, улмаар иргэний дайн гарах нөхцөл бүрддэг. Тийм ч учраас ардчилсан оронд цэрэг, зэвсэгт хүчнийг ашиглах номлол их тодорхой байх ёстой. Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, иргэн-цэргийн харилцааны асуудал гэж том ухаан шинжлэх ухаан ч бий.