Төсөл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо,
жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай
Монгол Улсын хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.3 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газарт чиглэл өгч ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Нэг. Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
1.1. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэл явуулах боломжийг хангаж, газар зохион байгуулалтын хуваарилалтыг шинэчилж оновчтой болгох, бэлчээр ашиглуулах, эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
1.2. Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг томоохон хотуудын хүн амын сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр жилийн туршид бүрэн хангахын тулд эрчимжсэн аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийг тогтвортой жигд явуулах төлөвлөлтийг хийх, өндөр ашиг шимт сүүний үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх;
1.3. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид хөдөлмөр, хөрөнгөөр хоршин хадлан бэлтгэх, дарш, тэжээлийн ургамал тариалах, хураах, энэ чиглэлийн техник, дундын үйлчилгээ үзүүлэх, таримал талбайг усжуулах, хүчит тэжээл үйлдвэрлэх, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээр сайжруулах, хамгаалах зэргээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулахыг хөрөнгө оруулалт, зээл, татварын бодлогоор дэмжих;