Хүүхдийн эрхийн төлөө ажилладаг хүүхдүүдтэй уулзав.

“Хүүхдийн баяраар бүх хүүхэд баярлаж чаддаггүй байх гэж би боддог. Хогийн цэг дээр, гудамжинд явж байгаа, идэх хоол ч олдоггүй хүүхдүүд олон байдаг. Болдогсон бол тэр хүүхдүүдтэй хамт баярлах юмсан” гэж 111-р сургуулийн 7-р ангийн 11 настай Т.Энхномуун Ерөнхийлөгчид хэллээ.

Т.Энхномуун бол хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг хүүхдүүдийг нэгтгэсэн ТББ-ын гишүүн. Өнөөдөр тус “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ын төлөөлөл болсон 8 хүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хүүхдийг хамгаалахын төлөө хийж байгаа өөрсдийнхөө үйлсийн талаар танилцуулж, хүүхдийн эрхийг хамгаалах талаар Ерөнхийлөгчтэй санаа бодлоо хуваалцсан юм.

“Хүүхдийн Эрхийн тухай Конвенц манай улсад хэрэгжээд 18 жил өнгөрсөн ч, хэрэгжилт нь төдийлөн сайн биш байгааг хараад бид Монгол Улс дахь хүүхэд хамгааллын асуудлаар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд хөндлөнгийн илтгэл бичиж явуулсан юм. Бидний бичсэн илтгэлийг НҮБ-д авч хэлэлцээд сайшаасан. Илтгэл бичихээр, судалгаа хийж байх явцад бид, хүүхдийг дарамталж, хүчирхийлж, үл хайхарч байгаа олон харамсалтай явдалтай тулгарч байсан. Бид төрийн бус байгууллага байгуулж, томчуудад нөлөөлөх ёстой юм байна гэж шийдсэн” хэмээн “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Цоггэрэл ярилаа.

Тус байгууллага “Хамгаалал” клуб, хүүхдийн эрхийг таниулах вэбсайт, “Хүүхдийн эрх-Бидний оролцоо” сургалт, Хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх ажлын хэсэг зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Австралийн Засгийн газрын хөгжлийн хөтөлбөр, Их Британийн “Хүүхдийг ивээх сан” зэрэг байгууллагууд, эдгээр хүүхдүүдийг дэмжиж хамтран ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төлөөлж ирсэн 37-р сургуулийн 5-р ангийн сурагч Г.Амарбаясгалан, захын хорооллын хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар ажилладаг 87-р сургуулийн 5-р ангийн сурагч Э.Нямхорол нар мөн хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар саналаа хэллээ.

“Засгийн газар хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх талаар ажиллахад нь Та дэмжлэг үзүүлээрэй. Манай улсад хүүхдийн төлөө ажилладаг олон байгууллага байдаг ч, үр дүн нь төдийлөн сайн биш гэж хүүхдүүд дүгнэж байгаа. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдаа холбоотой, үр дүнтэй болгоход бид Тантай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд хэлж байлаа.

“Та Иргэний танхим байгуулаад удалгүй хүүхдүүдийн дуу хоолойг сонссон. Хүүхдийн утга учиртай оролцоог дэмжих талаар бидний бодож төлөвлөж явдаг зүйл Иргэний танхимд хэрэгжиж эхэлж байгаад бид баяртай байдаг” гэж 52-р сургуулийн 10-р ангийн сурагч М.Хулан ярив.
“Хүүхэд бүхэн эрхтэй, тэр эрхий нь хангахын төлөө томчууд анхаарах ёстой. Та нар өөрсдөө хүүхдүүд хэрнээ, хүүхдийн төлөө ажиллаж байгаа чинь бахархалтай хэрэг. Та нарын хийж хэрэгжүүлж байгаа санаачлагуудыг бид дэмжинэ. Хамтраад бодитой, үр дүнтэй ажил хийцгээе” гэж Ерөнхийлөгч хүүхдүүдэд урам өглөө.

Хүүхдийн оролцооны өдөртэй болох, сургалтын хөтөлбөрт иргэний боловсрол- оролцооны болон монгол уламжлал зан заншлын тухай мөн байгал орчин хамгаалах тухай хичээлүүдийг оруулах, хогийн цэг дээр хүүхэд амьдардгийг болиулах, орон нутаг захын хорооллын хүүхдүүдийн эрхийг хамгаалах зэрэг тодорхой асуудлуудаар Ерөнхийлөгч хүүхдүүдтэй санал солилцож, зарим ажил хэрэгч саналуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.