Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ улсын Их Хурлын Нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж хэлсэн үг

 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
УИХ-ын дарга эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Өчигдөрхөн Монгол улс ардчилсан Үндсэн хуулийнхаа 18 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэв. Хүний эрх, эрх чөлөөт байдал, хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх нь манай Үндсэн хуулийн гол зорилго юм. Үндсэн хууль нь Монгол түмний ардчилсан ололтын хөдлөшгүй баталгаа, түүний хэлбэрэлтгүй хэрэгжилтийн эх сурвалж болж байдаг.

Үндсэн хуулиа хэрэгжүүлж улс нийгэмдээ хүний эрх, эрх чөлөөт байдал, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд бид багагүй ахиц дэвшилд хүрсэн. Бас цаашид ч хийх зүйл их байна.

Монгол улсын Үндсэн хуулинд эрэмблэн тунхагласнаар хүний эрхэм эрхийн хамгийн дээд нь амьд явах эрх юм. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг Монгол улсад хатуу хориглодог.

Өнөөдөр би Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ хүндэт индрээс Монгол улсын иргэний амьд явах эрх, түүнийг бусниулах цорын ганц шалтаг болсон цаазаар авах ялын тухай байр сууриа илэрхийлэх гэж байна. Энд би зөвхөн хуулиар хориглоогүй, нээлттэй ил тод мэдээлэлд үндэслэн ярих болно.

Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд долоо дахь сардаа ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол улсад цаазаар авах ялын гүйцэтгэл хийгдээгүйг дурьдах нь зүйтэй байх. Монгол улсад цаазаар авах шийтгэлтэй ялтны амь уучлах хүсэлтийг хүлээж авах, эс хүлээж авах шийдвэр нь эцсийн шатанд Төрийн тэргүүнийх байдаг. Эрдэнэт хүний алтан амийг уучлах эсвэл таслах шийдвэр өөрт ноогдож, үзэгний үзүүрт ойрхон ирсэн тэр цаг дор би бүрэн эрхийнхээ хүрээнд нэгэн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан.

Цаазаар авах ялаар шийтгэгдсэн этгээдийн үйлдсэн гэх хэргийн байдал, сэдэл, иж бүрдэл янз бүр байдаг. Харин Төрийн тэргүүний хувьд энэ асуудлаар барих миний зарчим нэг байх ёстой гэж би үзсэн. Энэ бол тэр ялтны, тэр иргэний амийг уучлах. Энэ зарчмаа би Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд цаашид тууштай баримтлах болно.

Ингэж ажиллах нь манай улсад хүний амины эрхэм үнэлэмжийг баталгаажуулахад тустай. Мөн ийм алхам хийх шаардлагыг үүсгэж байгаа шалтгаанаас өнөөдөр заримыг нь дурьдах нь зүйтэй гэж бодож байна.

Шалтгаан нэг: Амь уучлах гэдэг бол ял уучлах гэсэн үг биш. Цаазаар авах ял шийтгүүлсэн ялтны амийг Монгол улсын Ерөнхийлөгч уучилсан тохиолдолд, тэр этгээдийн ял гучин жилийн хугацаагаар гянданд хоригдох ялаар солигддог. Өнөөдрийн мэдэгдэж байгаа албан ёсны баримтаас үзэхэд хуулинд заасан энэхүү ялыг бүрэн эдэлж дуусгасан амьд хүн манай улсад алга байна. Энэ нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдүүд нэг бол үхсэн эсвэл үргэлжлүүлэн ялаа эдэлж байна, тэднээс наранд гарсан хүн одоо алга гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт ноогдуулсан ял нь шударга байх юм бол тэр этгээд үхэн үхтлээ үйлээ шоронд эдлэх нөхцөл Монголд үйлчилж байна.

Амь уучлагдсан ялтнуудын хоригдож байхдаа нас барсан шалтгаан нь амиа хорлосон эсвэл өвчний улмаас гэсэн тодотголтой байгаа юм. Одоогоор цаазаар авах ял нь уучлагдан ял эдэлж байгаа ялтнуудаас гяндангийн нөхцөлд эдлэх 15 жилийн ялаа бүрэн эдлээд, хуулийн дагуу дэглэм буурч, онцгой дэглэмд үлдсэн ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа ялтан 2 байна. Бусад нь гянданд ялаа эдэлж байна. Монгол улсад цаазаар авах ял шийтгэгдээд амь нь уучлагдсан ялтны ял чанга, энэ чиглэлийн ялын бодлого тууштай хэрэгжиж байна.

Шалтгаан хоёр: Хүнд хэрцгий гэмт хэрэгт ноогдуулах ял чанга байх ёстой. Гэхдээ цаазаар авах ял нь уг зорлигод иж бүрэн үйлчилж чадахгүй байна. Уг шийтгэлийг гүйцэтгэснээр бүх зүйл дуусаж байна. Цаазаар авах ялыг оноохдоо хийдэл гаргасан, бүр гэмгүй иргэний амийг хууль шүүхийн ажиллагааны алдаа мадгаас болж төр егүүтгэсэн байх, эсвэл цаазаар авах биш өөр ялаар тухайн хүн шийтгэгдэх байсан уу гэх асуултууд хариултгүй үлддэг.

Тэр тусмаа их хохиролтой, зохион байгуулалттай зарим хэргийг ч тодорхой этгээдийг цаазалснаар далимдуулж хаах боломжийг энэ төрлийн ял олгож байгааг үгүйсгэх аргагүй юм. Цаазаар авах ял нь уг ялаар шийтгэгдсэн этгээд, аль эсвэл шийтгэгдэх ёсгүй этгээдийн хувьд шударга шийтгэл болж бас чадахгүй байна. Цааз тойрсон алдаа мадаг, түүнийг далимдуулсан эс далимдуулсан, ял завшсан завшаагүй, санаатай санаагүй үйлдэлд санаа зовохгүй байхын аргагүй. Зөвхөн ил тод болсон, цаазлуулах шийтгэл оноогдоод тэр ял нь өөрчлөгдсөн жишээнээс зарим нэгийг дурдъя.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүн амины хэрэгт Монгол улсын 5 иргэн сэжиглэгдэж тус бүр 207-1252 хоног хоригдсон байдаг. Тэр тавын дөрөвт шүүхээс нэг удаа цаазаар авах ял оноосон. Харин эцсийн шатны шүүхийн шийдвэрээр тэдгээр нэр бүхий иргэд цаазаар авахуулах биш, үйлдсэн гэх хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаагдсан.

Дээрх хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэн тухайн шийдвэр гарахаас өмнө, хоригдож байхдаа сүрьеэ өвчний улмаас нас барсан. Хэрэв давж заалдах шатанд шүүхийн шийдвэр хэвээр үлдэж, тэр хүмүүсийн амь уучлагдаагүй байсан бол, Монгол улсын тэдгээр гэм зэмгүй иргэдийн амь төрийн буудан алах ялаар хороогдох байжээ.

Үүнээс гадна нэг иргэнийг 6 жил 8 сар 23 хоног мөрдөн шалгаж, 6 удаа прокурор түүнд яллах дүгнэлт бичиж, 3 удаа шүүх түүнд цаазаар авах ял оноосон байдаг. Харин дээд шатных нь шүүхийн магадлангаар түүний хэрэг хэрэгсэхгүй болсон.

Монголын Эмнести интернэшнл байгууллагын мэдээнд, манай улсад шат шатанд цаазаар авах ял оноож байгаа 3 шийдвэр тутмын доод тал нь нэг нь хүчингүй болж, өөрчлөгдөж байсныг тодорхой баримтад тулгуурлан бичжээ. Ийм дутагдлыг Монгол улсын төр хүний амины асуудал дээр хэрхэвч гаргаж болохгүй, ийм хийдэл байх ёсгүй гэдгийг Та бүхэн сайн ойлгож байгаа. Гэтэл байдал ийм л байна.

Шалтгаан гурав: Цаазаар авах ялыг цаазаар шийтгэгдэх ёстойд нь биш ёсгүйд нь халдааж хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байдаг. Эрх мэдэлд ойрхон, бас түүнд нөлөөлөх боломжтой хэсэг, зарим шийдвэр гаргагчдын улс төрийн болон явцуу сонирхлыг гүйцэлдүүлэх хэрэгсэл болсон тохиолдлууд ч бий. Монголчууд ч дээрхи гашуун сургамжийг тойроогүй. Монгол улс бол зуун дамжуулж цагаатгал хийгээд хилсээр цаазалсан иргэдээ цагаатгаж дуусаагүй байгаа, 1 хүнд ноогдох тэдгээр иргэдийнхээ тоогоор дэлхийд толгой цохидог орны нэг.

Манай өнөөгийн мөрдөж байгаа эрүүгийн хуулиар буудан алах ял бол цааз авах гэмт хэрэг үйлдсэн хүнд аюултай биш, харин тийм гэмт хэрэг үйлдээгүй хүнд аюултай шийтгэл. Монгол улсад цаазаар авах шийтгэлийг гэмт хэрэг үйлдэхдээ 18 нас хүрсэн, гэхдээ 60 нас хүрээгүй эрэгтэй хүнд оноодог. Бас гэмт хэрэг үйлдээгүй, аль эсвэл өөр ялаар шийтгэх боломжтой байхад уг ялыг дээрхи насны хоорондох дурын иргэндээ оноочихсон байх хаалгыг өнөөдөр бид хаагаагүй байна.

Ийм боломж нээлттэй байхын зовлонг монголчууд хангалттай амссан. Зөвхөн ганц жишээ дурдъя. 1937 оны 10 дугаар сараас 1939 оны 4 дүгээр сарын хооронд 16 сарын дотор, тэр үед шүүхийг орлон байгуулагдсан Онцгой бүрэн эрхт комиссын 51 удаагийн хуралдаанаар 20474 хүнийг буудан хороох ялаар хилс шийтгэсэн байдаг. Нэг удаагийн хурлаар 1228 хүртэл хүнийг бөөнд нь цаазаар авахаар шийдвэрлэсэн тохиолдол ч гарсан. Тэдгээрийн дунд 8-н эмэгтэй цаазлагдсан баримт бий.

Монголчуудын нилээд нь дээрхи хэлмэгдэлд гадаадын гар хөл оролцсон гэж үздэг. Цаазтай ялыг хадгалах нөхцөлд түүнийг дотоодоос төдийгүй гаднаас ашиглах боломж байдаг. Түүхэнд хэлмэгдсэн манай иргэдийн ихэнх хувийг хийж бүтээх ид насандаа хилс хэрэгт ороогдон цаазлагдсан хүмүүс эзэлдэг.

Тэр үеийн улс төр, эрх зүйн орчинг өнөөдөртэй харьцуулах аргагүй. Маш том өөрчлөлт орсон. Гэхдээ цааз хэмээх шийтгэл нэг л мөн чанартай. Хүний амийг төрийн нэрийн өмнөөс егүүтгэдэг. Тэр нь өөрчлөгдсөнгүй. Монгол улсад шүүхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67 хувь нь идэрхэн 20-40 насны эрчүүд байгаа юм. Мөн тэдний олонхи нь анх удаа гэмт хэрэг үйлдэж цааз сонссон байдаг.

Шалтгаан дөрөв: Цаазаар авах ял бол хэн нэг нь өмөөрөөд байх хүсүүштэй ял биш. Аль эсвэл хэн нэг нь эсэргүүцээд байх огт хоосон газар бий болсон шийтгэл бас биш. Харин энэ бол хамгийн эрсдэл өндөртэй, хүний хүн ёсны үнэлэмжийг үхтэл нь дордуулдаг шийтгэл.

Цаазаар авах ялын нэг талд нь уг ялаар шийтгүүлэгч этгээд, нөгөө талд нь хохирогч байдаг. Мөн гомдол саналтай ар гэрийнхэн нь, ойр дотных нь хүмүүс үлддэг. Балмад гэмт хэргийн хохирогчид “амийг амиар” гэж шаардах нь байдаг. Амийг амиар солиод ч асуудал бүрэн шийдэгддэггүй. “Энэ эмгэнэл биднээр дуусаг” гэж хэлдэг нь ч бий. Юуны өмнө ийм байдлаас хохирсон, өнчирсөн иргэдээсээ уучлал гуйя.

Гаргаж болохгүй алдаа гэж байдаг. Зөвхөн хаалгыг нь хааж байж зогсоодог алдаа ч бий. Энэ бол цааз. Цаазыг бүрэн халахгүйгээр түүнийг тойрсон алдаа завхралаас бүрэн ангижрах боломжгүй. Цаазыг хэрэглэхгүй болсон цагт л хүний амины, хүний эрхийн үнэлэмж жинхэнэ ёсоор дээшилж, баталгаа нь сайжрах бодит нөхцөл бүрэлддэг. Энэ шийдвэрийг гаргахад оролцдог эрх бүхий байгууллага, хүмүүсийн хариуцлага ч дээшилдэг. Хүний мөн чанарын нэг үзүүлэлт бол шударга ёсыг хүсдэгт оршдог. Амьд хүн аргатай гэсэн үг ч бий. Хилс шийтгэгдсэн ч амьд хүнд л үнэн мөнөө олох боломж үлддэг.

Монголчуудын хувьд хүний амийг дэлхий даахгүй баялгаас ч үнэтэй гэж үздэг. Тийм ч учраас хүнд хамаатуулж зөвхөн “Алтан амь” гэсэн тодотгол хэрэглэдэг. Хүн хүнийхээ амийг егүүтгэхгүй байх бүрэн баталгааг аль ч нийгэм бүрэлдүүлж чадаагүй байна. Харин төрийн нэрийн өмнөөс иргэнийхээ амийг егүүтгэхгүй байх боломж Монгол улсад бий. Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон гэж дэлхийд үгүй. Харин төр нь энэ ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Энэ дэлхий хэмээх хөх гариг дээр хүн хүнээ хөнөөхгүй байх баталгаа мөд бий болохгүй байж магадгүй. Харин аажмаар дэлхийн бүх улс орон иргэнийхээ амийг төрийн нэрийн өмнөөс хөнөөхгүй түвшинд хүрч чадна гэдэгт би итгэдэг. Монгол улс хэтэрхий оройтсон ч, бүр олон орны хойно сүүл мушгисан ч цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Шалтгаан тав: Монгол улс бол дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. Нэгдсэн Үндэсний Байгууллага цаазаар авах ялыг дэмждэггүй. Энэ ялаас гишүүн орнуудаа татгалзахыг байнга уриалдаг. Шийдвэр ч гаргадаг. НҮБ нь цаазаар авах ялын эргэн тойрон дэх нөхцөл байдал, дэвшил ухралтын талаар дэлхийн хамтын нийгэмлэгт байнга тайлагнаж, танилцуулдаг.

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд: уг ялыг бүрэн халсан, хэрэглэхгүй байгаа, хэрэглэдэг гэж ерөнхийд нь гурав ангилж байна.

Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзжээ. Өөрөөр хэлбэл Европ тивийн цаазаар авах ялаас ангижирч байгаа үзүүлэлт нь 98 хувьтай байна.

Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бүрэн халжээ. Дээр нь энэ тивийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээ мэдэгдэж түдгэлзсэн байна. Ингэж Африк тивийн нийт орнуудын 67,5 хувь нь цаазаар авах ялыг халсан эсвэл түдгэлзсэн үзүүлэлттэй байна.

Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар энэ тивийн дээрхи үзүүлэлт 78 хувьд хүрчээ. Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халжээ. Нэг орон энэ ялыг хэрэглэхгүй түдгэлзсэн байна. Энэ үзүүлэлтээрээ Ази хамгийн олон орон оршдог тивүүдийн дотор 40 хувьтай байгаа юм.

Гэхдээ манай тивд бүр цаазаар авах ялаас татгалзсан бас уг ялыг хэрэглэхгүй гэж зарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Хүний эрх, ардчиллын хувьд шүүмжлэлд өртдөг Төв Азийн “стан” улсууд цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх чиглэлд тэмдэглүүштэй ахиц дэвшилд хүрч чаджээ. Тухайлбал Казакстан, Киргизстан, Туркменстан, Узбекстан, энэ 4 орон дөрвүүлээ цаазаар авах ялыг халжээ. Харин Таджикстан цаазаар авах ялын гүйцэтгэлийг хийхгүй зогсоосноо дэлхий нийтэд зарлажээ.

улс орон бүхэн өөр өөрийн замтай. Монгол улс ч өөрийн сонгож авсан замтай. Монголчууд ам, ажлын нэгдлийг гярхай хардаг ард түмэн. Бид үнэхээр хүний эрх, эрх чөлөөт байдлыг эрхэмлэн дээдлэхээ зорилгоо болгосон бол, энэ тухайгаа тунхаглан зарласан бол энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх л ёстой. Аливаа ололт амжилт, дутагдалд үзүүлэлт, хэмжүүр байдгийн адилаар дээрхи ажил ч тодорхой шалгууртай. Хүний эрх, эрх чөлөөт байдлын эрхэм дээд шалгуур бол түүний хэрэгжилт бүрэн байхад л оршдог. Иймээс Монгол улсын төр цаазаар авах ялын тухай бодлогоо хожимдсон ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын бараг дийлэнх олонхи нь цаазаар авах ялаас татгалзах замыг сонгожээ. Бид ч энэ замд нэгдэх ёстой. Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой.

Шалтгаан зургаа. Гэмгүй иргэнийхээ амийг уучлах баталгаа өгч чаддаггүй улсад “төрдөө итгэ”, гэж ард түмэндээ хэлэх ёс суртхууны эрх үүсдэггүй. Цааз хэрэглэдэг улсын төрийн тэргүүний хувьд энэ үгийг би өнөөдөр хэлж чадахгүй.
-Таны амийг ямар ч тохиолдолд, мэдсээр байж төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж егүүтгэхгүй гэж иргэддээ хэлж чаддаг Ерөнхийлөгч байхыг би хүсэж байна.

Ёс суртхууны эрхийг хэмжих боломжгүй. Түүнийг метрлэж эсвэл литрлэх аргагүй юм. Нэг бол ийм эрх байна. Эсвэл тийм эрх байхгүй. Энэ эрх төрийн тэргүүн хэн байхаас, ямар хүмүүс Монголын төрийн бодлого тодорхойлохоос хамаарах ёсгүй. Монголын төр иргэндээ: “Нэг өдөр таны болон таны ойр дотны, амин хайртай нэгний чинь амин газар луу буу онилохгүй байхын тулд, тэр цаазаар авахуулах ял шийтгэгдсэн хүний амийг уучилж, 30 жилийн хорих ялаар сольж байгаа юм” гэж хэлж чаддаг л болох ёстой.

Монгол улсад цаазлах ял байгаа нь Монголын ард түмний буруу биш. Уг ялаар иргэн шийтгэгдэж байгаа нь манай хууль шүүхийнхний ч буруу биш. Харин тэд ялыг шударга оноохыг эрмэлзэж, шударга бус болсон гэж үзвэл түүнийг өөрчилсөөр ирсэн. Гэхдээ тэнд алдаа гараагүй гэж би хэлж чадахгүй. Алдаа гарахгүй ч гэж би хэлж бас чадахгүй. Тэнд хүний амины үнэтэй алдаа гарч болно. Хууль, шүүхийн байгууллагад хүн л ажиллаж л байгаа. Алдаанаас ангид бодгаль байхгүй гэж ярьдаг биз дээ.

Цаазыг өөрчлөх нь аль ч оронд улс төрийн шийдэл байдаг. Ийм ял байгаа нь буруу бол манай улс төрчдийн, Монгол оронд бодлого тодорхойлж байгаа Та бидний л буруу. Цаазаар авах ялын тухай улсын Ерөнхийлөгчийн хувьд, сонгодог албан тушаалтны хувьд асуудал хөндөх нь амар биш. Миний итгэл үнэмшил бол улс төрчийн хувь заяа амар байх ёсгүй. Хэцүүг бид хөндөж, хэцүүг бид өөрчлөхгүй юм бол, энэ оронд байгаа хэцүү асуудалтай өөр хэн улаан нүүр, нүцгэн гараараа тулалдах юм бэ?

улс төрчид асуудал шийдэхдээ нийгмийн сэтгэл зүйг тооцох гэж оролддог. Цааз бол төр нь санаачилж, төр нь ухуулж, төр нь үлгэр жишээ үзүүлж, төр нь хөтөлж шийддэг асуудал. Монголын төр өршөөж, уучилж чаддаг аугаа эрхэм уламжлал, түүхтэй төр. Есөн удаа ялаас хэлтрүүлж байсан түүх, хуулийн бодлого Монголын төрд л байсан. Хүний сэтгэлд төрөх өш хонзонг яалтай. Нийгэмд байгаа хүчирхийллийг яалтай. Гэхдээ төрийн зүрх, тархинд бол өршөөл уучлал хадгалагдаж байх ёстойг бидний ихэс дээдсийн дээрхи мэргэн бодлого харуулж байгаа юм.

Монголын нэн шинэ түүхэнд цаазаар авах ялыг хэрэглэхгүй гэж шийдвэрлэсэн гэгээн тохиолдол бас бий. 1953 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 93 дугаар зарлигт “БНМАУлсад дагаж шийтгүүлэн байгаа хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгүй болгож” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэвч дээрхи шийдвэрээсээ 10 сарын дараа тодорхой шалтгааны улмаас буцжээ. Цаазаар авах ялаас татгалзаад уг ялыг дахин хэрэглэсэн орнууд байдаг. Гэхдээ ийм хандлага сүүлийн жилүүдэд дэлхийд цөөрсөөр байна. 1985 оноос хойш цаазаар авах ялаас 50 гаруй орон татгалзжээ. Тэдний зөвхөн 4 нь шийдвэрээсээ буцсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

Адал балмад аллага, гэмт этгээдийн тухай сонссон аль ч олонлог түүнийг төрөөс хатуу цээрлүүлэхийг шаарддаг. Хилэгнэсэн олны хилэнд автвал хилэнцтэй шийдвэр гаргах магадлал улам өндөрсдөг. Иймээс ялын хатуу бодлого эргэж хянах боломжтой, тийм шийтгэл тогтвортой, цагийн шалгуур даадаг байх ёстой. Алах ялаар шийтгэгдсэн этгээдийн амийг уучлахдаа олон жилээр, тухайлбал 30 жил түүнийг хорьж шийтгэх ялаар сольдог нь зүгээр ч тогтсон жишиг биш юм. Эгзэгтэй хэргийг ул суурьтай шалгаж, аюултай гэмт хэрэгтнийг удаан шийтгэх нь буруу биш.

Шалтгаан долоо: Монгол улсад ардчилсан оронд байдаг олон зовлон бэрхшээл бий. Бас түүнийгээ шийдэх боломжууд ч бий. Бүс нутагтаа эрх чөлөөний загвар болон гэрэлтэх Монгол улсын сайн нэрэн дээр нэг том хар толбо бий. Тэр бол хүний нандин эрхийг үхтэл нь унагадаг цаазаар авах ял юм.

Би Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд хөгшин, хүүхэд ялгалгүй олон иргэддээ гар утсаар нь дамжуулан 2010 оны эхний өдөр мэндчилэгэ хүргэсэн. Би мэндчилгээндээ “Монголынхоо сайн нэрийг Та гаргаж чадна” гэсэн мессежийг хүргэхийг хичээсэн.

Монгол улс цаазаар авах ялыг гүйцэтгэдэггүй орон болж байгаагаа зарлаж, улмаар энэ ялыг хэрэглэдэггүй орон болж чадвал Монголын нэр дэлхийд сайнаар гарна. Монголчууд цаазаар авах ялын тухай улс гэр дотроо санал зөрөлдөж болно. Харин дэлхийд Монголын нэр, Монголын үнэлэмж улам сайжирна. Би төрийн тэргүүний хувьд Монголынхоо нэрийг сайнаар дуулгах энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд шаардлагатай санал санаачлагыг гаргах болно. Эрхэм УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, улс орныхоо сайн нэрийг эрхэмлэгч байгууллага иргэд та бүхнийг надтай нэгдэхийг хүсье.

Өнөөдрийн хувьд Монгол улсад “De jure” буюу хуулийн дагуу цаазаар авах ял байгаа. Харин “De facto” буюу практикт уг ялыг гүйцэтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг 30 жилийн гянданд хорих ялаар сольж байгаа юм. Энд бас 2 зүйлийн жижиг тодруулга хийх хэрэгтэй. Нэгд нь; энэ бодлого цаазаар авахуулах ял шийтгүүлсэн тухайн хоригдол Ерөнхийлөгчөөс амь гуйсан тохиолдолд хэрэгжиж байгаа. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллах өнгөрсөн хугацаанд амь гуйгаагүй ялтан гараагүй болно. Ер нь амь гуйхгүй байх нь маш ховор тохиолдол. Нөгөө нь өнгөрөгч 2009 он бол бүхэлдээ цаазаар авах ялын гүйцэтгэл Монгол улсад нэг ч хийгдээгүй жил юм. Учир нь амь гуйгаад хүлээгдэж байсан ялтнуудын амийг би уучилсан. Цаашдаа ч цааз аваад хүлээгдэж байгаа ялтны амь уучлагдаж гянданд эдлэх ялаар солигдоно.

Нөгөө талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд би 2009 онд цаазаар авах ялын бодлогод Монголд гарсан өөрчлөлт цаашид үргэлжилнэ гэдгийг парламентдаа, ард түмэндээ, олон улсад хандан өнөөдөр зарлаж байгаа юм. Ингэж Монгол улс өнөөдрөөс эхлээд цаазаар авах ялын хувьд уг ялыг гүйцэтгэхээс түр түдгэлзэж, олон улсын түгээмэл ойлголтоор энэ ялын гүйцэтгэлд “Moratorium” зарлаж байгаа орон боллоо. Цаашаа Монгол улсын зорилго уг ялыг огт хэрэглэдэггүй орон болоход, тийм чиглэлд хууль журмаа өөрчлөхөд оршино.

Дээрхи бодлого бол Монголын ард түмний 20 жилийн өмнө хийсэн түүхэн сонголттой, манай улсын хүний эрх, ардчиллыг дээдэлсэн зам мөр, зорилготой бүрнээ нийцнэ гэж би үзэж байна. Маргаашнаас эхлээд монголчууд иргэнээ төрийн нэрийн өмнөөс цаазалдаг орны тооноос, иргэндээ оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэдэггүй, тухайн ялтныг удаан хугацаагаар, хатуу чанга дэглэмд хорьж шийтгэдэг орны тоонд орно. Бас маргаашнаас эхлээд миний одоо хэлж байгаа шиг цаазаар авах ялыг халах тэмцэл амар хялбар явагдахгүй нь ойлгомжтой. Харин би Монгол улсын төрийн тэргүүний хувьд эхлүүлсэн энэ ажлаасаа ухрах, буулт хийх ямар ч бодол алга. Учир нь энэ бол зөв, ариун, шударга зорилт юм.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Би үгээ ингээд дуусгаж болж байна. Гэхдээ надад хэлэх нь зүйтэй гэж үзсэн нэг шалтгаан, хоёр онцгой нөхцөл байна. Тэвчээртэй үргэлжлүүлэн сонсохыг хүсье.

Шалтгаан найм. Цаазаар авах ялыг хадгалахад чиглэсэн нэг тайлбар бол уг ял нь гэмт хэргийн бууралтад нөлөө үзүүлдэг гэсэн ойлголт юм. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг тухайн оронд өссөн, эсвэл буурсан гэх үзэгдэл нэг ч судалгаагаар нотлогдоогүй байна. Харин зэрлэг балмад гэмт хэргийг үйлдэх, түүнийг даамжруулах хүчин зүйл болдог гэсэн ажиглалт байдаг. “Би дүүрсэн хүн” гэдэг хэллэг, түүнээс үүдсэн балмад үр дагаварууд ч дээрхи ажиглалттай холбоотой байж болох юм.

Аллагыг аллагаар засах аргагүй. Зөөлөн нь хатуугаа гэж ярьдаг. Үхлээс зарим нь айдаг байхад, үхэл заримыг нь улам зэрлэгшүүлдэг. Харин бузар гэмт хэрэг үйлдэгдсэд шударга шийтгэлээс айдаг. Шударга шийтгэл гэдэг бол тухайн гэмт үйлдэлд таарсан шийтгэл байхаас гадна, хэргийн үнэн мөн нь бүрэн тогтоогдож ил тод болоход оршдог.

Холын жишээ дурьдахад: АНУ-ын цаазаар авах ял хэрэглэдэг мужид, уг ялыг хэрэглэдэггүй мужаас гэмт хэргийн, тэс тусмаа зэрлэг балмад гэмт хэргийн түвшин өндөр байдаг тухай зарим эх сурвалжид өгүүлсэн нь бий. Гэхдээ Америк бол цаазаар авах ялын хувьд бидний үлгэр жишээ аваад байх газар биш. Англи улс цаазаар авах ялаас татгалзаад бүтэн 40 жил болжээ. Энэ хугацаанд 20 гаруй удаа уг ялыг сэргээх гэсэн оролдлого гарчээ. Харин энэ орны бодлого тодорхойлогчид улсынхаа эрхэмсэг нэр төрийг тууштай хамгаалж, бүр дайны үеийн гэмт хэрэгт ч цаазлах ял хэрэглэхгүй байхаар эцэслэн шийджээ.

Монгол улсын цаазлах ялын бодлогод бусдын жишгээс онцгой гажсан гэхээр зүйлүүд цөөнгүй байдаг. Цаазаар авах ял сонссон хүн хэргээ давж заалдах бол 10, хэрвээ амь гуйх бол дөнгөж 15 хоногоор хуулийн хугацаа нь дуусдаг. Олон улсын байгууллагын энэ хугацаанд тавьдаг шаардлага бол наад зах нь 3 жилээс багагүй байх ёстой гэж үздэг. Цаазтай хэргийн нотлох баримтад ДНК-гийн шинжилгээг заавал оруулахыг шаарддаг зарим өндөр хөгжилтэй оронд уг хэрэгт холбогдон хоригдож байсан хүмүүс гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож хэдэн арваараа суллагдсан тохиолдол ч байдаг.

Монгол улсын эрүүгийн хуулинд хүнийг цаазаар аваачих шалтаг чамгүй олон байна. Мэргэжлийн болон албаны байгууллагууд түүнийг янз бүрээр тоолдог. Нэг үгээр хэлбэл тэнд тодорхой заалт ч байна, бас яаж ч урвуулж болохоор ойлголтууд байна. Манай эрүүгийн хуулинд цаазтай зүйл ангийн тоо 7 бий гэж үздэг. Харин тэр 7-н заалт дотроо, надад гаргаж өгсөн албаны эх сурвалжийн тоолж жагсааснаар, хүнийг цаазаар авах ял шийтгэж болох 59 хэсэг, гэмт үйлдэл байна. Ийм өргөн талбарт гаргаж байгаа шийдэл төгс төгөлдөр, зуун хувь шударга байх боломж нэн хомс юм. Тиймээс цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзах нь олны нийтлэг жишиг болж нэгэнт тогтжээ.

Манайд цаазаар авах ялыг хэрэглэдэг орнуудад байдаг нийтлэг дутагдал бий. Харин зөвхөн Монголын гэж хэлж болохоор бүр дэлхий нийтээрээ мэддэг маш жигшүүртэй, бүдүүлэг алдаа ч байна. Би цаазаар авах ялыг халах шалтгааныг найман хэсэг болгож нэрлэлээ. Одоо миний хэлэх гэж байгаа зүйл бол зүгээр нэг шалтгаан бус бүр Монголын зовлон, цаазаар авах ялыг тойрсон жигшүүртэй зарим байдлын тухай юм. Би үүнийг Монголд цаазаар авах ялтай холбоотой, бас нэн даруй өөрчлөх хэрэгтэй онцгой нөхцөл гэж үзэж байна.

Онцгой нөхцөл нэг: Монгол улсад цаазаар авах ялаар шийтгэгдсэн л бол тэр хүний хувь заяанд хөндлөнгийн хяналт тавих боломж байхгүйтэй адил. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын санааг цаазаар авах ялтай орнуудаас хамгийн ихээр зовоодог гэж, жил бүрийн тайланд нь ордог орон дэлхийд дөрөв бий. Тэдгээрийн нэг нь Монгол улс. Тэр дөрвийн заримд нь цаазаар авах ялын хяналтыг сайжруулах, зарим талаар түүнийг эргэж харах, бүр цаазаар авах арга хэлбэрт нь хүмүүнлэг хандлага орж байгаа тухай олон улсын байгууллагууд дурьджээ.

Монголын хувьд цаазаар авагдсан хүмүүсийн мэдэлээл огт байхгүй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй, энэ асуудлаар хамгийн муу үзүүлэлттэй орноор нэрлэгдэж байна. Бодит байдал ч ийм байгаа. Би энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэх гэж тодорхой байгууллага, албаны хүмүүсээс шаардлагатай мэдээлэл авсан. Цаазаар авах ялтай холбоотой тэдгээр мэдээллүүдийн дотор зөрүү гарч ирсэн. Энэ бол миний сэтгэлийг хамгийн их зовоосон зүйлийн нэг.

Манай улсад хуулинд зааснаар цаазаар авах ял гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичиг нь байнга, төрийн маш нууцын зэрэглэлтэй байдаг. Төр бол нийгэмд шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёс нь огт мэдээлэлгүй, огт хяналтгүй орчинд хэрэгжих боломжгүй. Шударга ёс бол хүний эрхийг, хүнийг тойрч хэрэгждэг. Эзэнгүй шударга ёс гэж үгүй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн ялтанд ч хүний хувьд тодорхой эрх, хүндэтгэл байх ёстой. Монголд иргэн хүн цаазаар авах ял шийтгэгдээд, Ерөнхийлөгч түүний амийг уучлаагүй бол түүнээс хойшхи бүх үйл ажиллагаанд олон улсын байгууллагын болон дотоодын байгууллагын зүгээс хөндлөнгийн хяналт тавих, мэдээлэл авах ямар ч боломж байхгүй. Энэ хаалттай байдал ялтны өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь ч үйлчилдэг. Нүдгүй хар нүх, нөгөө ертөнц л гэсэн үг.

Монголчууд бид тиймэрхүү хар нүхийг хаах гэж, наад зах нь тийш гэрэл тусгах гэж хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулахаа өчигдөр ойг нь тэмдэглэсэн Үндсэн хуулиндаа тод заасан. Учир нь нэг л тийм нүх нийгэмд байвал тийшээ юу ч хамаагүй сорогдон алга болж болдог. Цааз тойрсон тэр нүхийг хаахын тулд эхлээд цаазаар шийтгүүлсэн хүнийг амьд байлгах нь, тэгээд зохих ялыг нь чанга эдлүүлж байх нь зөв юм гэж би шийдсэн.

Цаазаар авах ял шийтгэгдсэн, гүйцэтгэл нь хийгдсэн иргэний тухай улсын Ерөнхийлөгчийн хувьд надад ч бүрэн мэдээлэл байхгүй. Сайндаа л асууна. Сайндаа л илтгэл сонсоно. Хөндлөнгөөс өөр хүн мэдээгүй, хараагүй юмыг, Ерөнхийлөгч ч харах, мэдэх боломж байхгүй. Бусдын жишгээр цаазаар авах ялыг гүйцэтгэхэд хохирогчдын төлөөлөл байлцдаг, наад зах нь өмгөөлөгч нь хөндлөнгийн хяналт болж оролцдог бол тэнд юу болж өнгөрсөн тухай хүнд итгэл үнэмшил төрнө.

Цаазаар авах ялын эргэн тойронд янз бүрийн яриа байдаг. Харин уг ялыг гүйцэтгэдэг гэдэгт надад эргэлзээ алга. Гэхдээ л нууц учраас миний ч мэдэхгүй юм тэнд бий. Нэгэнт л нууц юм бол нууц л байдаг. Их нууцалсан юм бол илүү л нууц байдаг. Тиймдээ ч зүй ёсны хардлага сэрдлэг дагуулдаг. Энэ байдал намайг дараачийн онцгой нөхцөл рүү хөтөлж байгаа юм.

Онцгой нөхцөл хоёр: Цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа цаазаар авахуулсан хүний цогцос тойрсон санал гомдол, хүсэлтүүд гарсан байдаг. Энэ бол ил тод болсон зүйл. Цогцосыг нь Монголд ар гэрт нь өгдөггүй. Амьдад нь гэмт хэрэгтэнд төрийн нэрийн өмнөөс дээд цээрлэл үзүүлж болно. Амьгүй цогцсыг төр үргэлжлүүлэн цээрлүүлж болохгүй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн амьд хүнд байтугай, цогцсонд нь тавих хяналт Монголд хомс байна. Ял сонсоод уучлал хүлээж байхдаа амиа хорлохыг завдсан, амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн захиасын нэг нь цогцсоо ар гэртээ шилжүүлэх, ойр дотныхныхоо хүрээлэлд оршуулагдахыг эрмэлзсэнд байдаг нь нууц биш. Энэ тухай саяхан нэг сонинд бичсэн байсан. Гүйцэтгэл хийгдэж булсан цогцос хүртэл бороо цасны үерт ил болж, шуугиан тарьсан тохиолдол бий.

Монголчууд бол хүний хойтоход хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Цаазын гүйцэтгэл, цогцосны тухай сонсч байхад төрийн маш нууцын зэрэглэлтэй гарсан, тэр тухай Ерөнхийлөгчийн зарлигийн зарим заалт хэрэгждэггүй, хэрэгжүүлэх боломжгүй байдаг гэсэн үг ч чих дэлссэн. Ийм юм байж болохгүй нь хэнд ч ойлгомжтой.

Цаазаар авах ялын гүйцэтгэл тойрсон зарим байдалтай албаны хүн явж танилцсан. Мэдээллийг нь ч би сонссон. Мөн уг гүйцэтгэлд оролцдог гэж мэдүүлсэн албаны тодорхой хүнтэй уулзсан, санал бодлоо ч солилцсон. Бодит байдлыг сонсч байхад цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх нь зөв гэсэн миний итгэл үнэмшил улам нэмэгдсэн. Албаны нууц хүмүүс ч “Монгол улс цазаар авах ялын өнөөгийн практикт цэг тавих ёстой” гэж санал нэгдэж байсан.

Гэмт хэрэгтэн гэмт үйлдлээ нууцалдаг. Харин гэмт хэрэгтний хувь заяаг төр бүхэлд нь нууцлаад байх шаардлагагүй. Ер нь мөнхийн нууц гэж үгүй. Хэзээ нэгэн цагт Монголын нийгэм энэ тухай ярих л болно. Эртхэн яривал, эртхэн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг. Миний ярьж хэлсэн чиглэлд хууль дүрмээ өөрчлөх, тоо баримтаа жигдлэх, үзэж шалгах, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх зүйл олон бий. Энэ талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэйг би ойлгосон.

Би хувьдаа цаазаар авах ялыг халах тухай Монгол улсын хууль тогтоох байгууллагад хандаж, өнөөдөр анх удаа ярьж байгаа юм биш. Одоогоос 19 жилийн өмнө тухайн үед анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон АИХ-ын нэг депутатын хувьд Үндсэн хуулийг хэлэлцэж байхад би энэ саналаа хэлж байсан. Тэр үед хоёр өдрийн турш цаазаар авах ялтай холбогдсон асуудлаар АИХ-ын депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнөж байсан юм.

Би цаазаар авах ялыг халах саналаа 8 зүйлийн үндэслэлээр хэлж байсан байх юм. Өнөөдөр энэ саналаа 8 бүлэг шалтгаан, дээр нь хоёр онцгой нөхцөлд тулгуурлаж УИХ-д илтгэж байна. АИХ-ын чуулганд 19 жилийн өмнө хэлж байсан үгээ өнөөдөр би сануулахдаа өөрийгөө сүрхий хүн болгож дөвийлгөх гэсэнгүй. Харин тухайн үед цаазаар авах ялыг халах саналыг дэмжиж байсан ард түмний төлөөлөл-депутатууд цөөнгүй байсан юм шүү гэдгийг дурьдах гэсэн юм.

Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлаа баталгаажуулах тэмцэл олон жил, олон зуун дамжин өрнөсөн. Ирэх 2011 онд Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосныхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ. Аливаа орны эрх чөлөөт, бие даасан байдал тухайн орны иргэдийнх нь эрх чөлөө, бие даах чадвараар хэмжигдэх нь бий. Төрийнхөө нэрийн өмнөөс, тухайлбал ардчилсан орны хувьд нэг иргэнийхээ нэрийн өмнөөс нөгөө иргэнийхээ амийг хороодоггүй улс болж, уг билэгдэлт ойд бэлэг барихыг би нийт иргэдээсээ хүсэж байна.

Монгол улс бол түүхийн ч, эрх чөлөөний ч хувьд эрхэмсэг дүр төрхтэй орон. Иргэд нь ч ийм орон. Иймээс би Монгол хүний тэр эрхэмсэг байдлыг үхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол улсад үүрд мартахыг хүсэж байна.

Монгол хүн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хүн биш. Тэнгэр заяатай, их хувьтай хүн. Монголчууд аа, миний ард түмээн, тэнгэр заяа, их хувь, сайн нэрээ хичээж нэр төртэй амьдарцгаая.

Баярлалаа.