"Иргэний танхим"-д тавтай морилно уу?

 

---------------------------------------------------------------------------------------



". . . Иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй,
хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй"
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгнээс

 

Эрхэм хүндэт ард иргэд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудас болон “Иргэний танхим”-аар зочилсонд баярлалаа.

“Иргэний танхим” нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар 2009 оны 12 дугаар сарын 15 нд байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орны хөгжлийг ардчилсан шударга зарчимд чиглүүлэх бодлогын хүрээнд хууль эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, шударга, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, эрх баригчид шийдвэр гаргахдаа ард иргэдээ байнга сонсдог байх зарчмыг нийгэмд хэвшүүлэх, иргэдийн оролцооны үр нөлөөтэй тогтолцоо бүрдээгүй нийгмээс, иргэн таны оролцоог хүлээн зөвшөөрсөн, хэрэгжих нөхцөл бүрдсэн нийгэм рүү шилжих эхлэл нь “Иргэний танхим”-аар нээгдэж байна.

“Иргэний танхим”-ын зорилго

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, хөтөлбөрүүд нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол байр суурийг тусгах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэхэд оршино.

“Иргэний танхим”-ын зорилтууд

•  Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн  байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог  бэхжүүлэх, төр иргэний түншлэлийг хөгжүүлэх,
•  Танхимыг, шийдвэр гаргах түвшин дэх иргэний оролцооны мэргэшсэн төрийн байгууллага болгон төлөвшүүлэх,
• Танхимын үйл ажиллагааны үр нөлөөтэй, тогтвортой байдлыг бэхжүүлэх, дотоод чадавхийг дээшлүүлэх,
• “Иргэний танхим”-ыг орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах, цар хүрээг нэмэгдүүлэх,

Ардаа алагчилдаггүй, иргэддээ элбэрэлтэй, шударга шүүхээр шүүгддэг, шийдвэр гаргах түвшин дэх иргэний оролцооны эрх баталгаажсан нээлттэй, ил тод, хариуцлагатай, хяналттай “Иргэн” төвтэй нийгмийг байгуулахад иргэдийн оролцоо юу юунаас илүү үнэтэй байх болно.

Иргэн та “Иргэний танхим”-ынхаа эзэн нь байж хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах их үйлсэд хамтран ажиллахыг урьж байна.

"Иргэний танхим"-ын хаяг:

• Утас: 263489
• Факс: 976-51-263486
• Цахим хэлэлцүүлэг: http://www.president.mn/forum 
• Цахим шуудан: irgen@president.mn 
• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”


"Иргэний танхим"-ын ажлын алба
  

--------------------000---------------------

 

"Иргэний танхим"-ыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Төрийн ордон 2009 оны 12 сарын 15

Эрхэм хүндэт хатагтай ноёд оо,

Та бид нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна. Их Монгол гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан цогцлоосон Төрийн ордны шинэ өргөтгөлд анх удаа иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний үзэл бодол, оролцоог төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилгоор энэхүү танхимыг нээж байна.

Төр, засаглалын эрх мэдлийг ард түмний гарт байлгах хамгийн чухал арга хэлбэр бол төрийн шийдвэр ил тод, шударга нээлттэй байж ард түмнийхээ өргөн хэлэлцүүлэг дор, тэдний санаа бодлын бодит тусгал болж гаргадаг байх зарчим юм.

Дэлхийн ардчилал өндөр хөгжсөн ихэнх оронд байдаг Нээлттэй хэлэлцүүлэг буюу Иргэний танхим өнөөдөр Монгол Улсад анх удаа үүд хаалгаа нээж байна. Хорин жилийн тэртээх Монголын ард түмний олж авсан эрх эрх чөлөө, үнэт зүйлсийн үргэлжлэл өнөөдрийн энэхүү Иргэний танхимын үйл ажиллагаа, хөтөлбөр зорилгоор улбаалан дараагийн хорин жилд Монголын ард түмний олж хүртэж болох, хөгжүүлж цэцэглүүлж болох Ардчилсан нийгмийн амжилтын буухиаг авч явна гэдэгт итгэлтэй байна.

Нас хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаа, албан тушаал, ажил мэргэжил үл ялгаварлан түмний төлөө үгээ хэлж, төрийн хэрэгт үзэл бодлоо тусгах эрх чөлөөг Иргэний танхим бидэнд олгох ёстой. Энэ танхимыг сайн ажиллуулах гол эзэд нь ард түмэн юм. Энэ танхим ард түмний чөлөөт оюун санааны нэр хүндтэй индэр байгаасай гэж хүсч байна.

Иргэний танхимын нээлтэнд хүрэлцэн ирсэн дотоод гадаадын зочиддоо, мөн энэ танхимын үүд хаалгыг нээгч, идэвхитэй оролцогч нь байх хүн бүрт амжилт хүсье. Иргэдийн оролцоог бүх шатанд бий болгож, Ардчиллын хоёр дахь давалгааг иргэдийн оролцоогоор ханган хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.

Бид иргэний нийгэм байгуулж, хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоон байгуулна хэмээн улс нийгмийнхээ гол зорилгоо тунхагласан. Иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй, хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй.

Аливаа иргэний аливаа оролцооны хамгийн чухал хэлбэр бол тухайн иргэн шийдвэр гаргах явцад л оролцох явдал. Хэрвээ тухайн иргэн шийдвэр гаргахад оролцдог л байх юм бол тухайн улс орон иргэн төвтэй болж, төр засаг нь үндсэн хуулийнхаа болон ард түмнийхээ сонголтыг хэрэгжүүлж байгаа төр засаг бол хувирч байгаа юм.

Иргэний танхимын талаар нэг зүйл нэмж хэлэхэд, энэ бол хорин жилийн өмнөөс бидний ойлголтод хэвшсэн хувийн өмч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль гэдэг шиг суурь зүйл. Иргэний танхим бол яг тэдэн шиг Монголд хэвших ёстой, хийгдэх ёстой байсан нэг л ажил. Хэрвээ бид нар өнөөдөр “олон намын тогтолцоо хэрэггүй”, “та нар үзэл бодлоо илэрхийлэх нь буруу”, “хувийн өмч буруу” гэж хэлбэл монголчууд бүгдээрээ гайхна.

Нэг хэсэг хугацааны дараа иргэний танхим, нээлттэй хэлэлцүүлэг гэж монголд байх ёсгүй гэвэл хүн гайхдаг болно. Тэгэхээр хорин жилд хийж чадаагүй, их ажлынхаа дундуур орхиод яваад байсан нэг ажлыг гүйцээж хийж байгаа хэлбэр нь энэ гэж ойлгох хэрэгтэй. Магадгүй, энэ бол бидний хамгийн гол ажил.

Бид ардчиллыг нэр томъёоны, институтын хувьд олон намын тогтолцоо, парламент зэргээр бий болгоод явж байгаа, яг үйл явцын хувьд өдөр тутмын амьдралынх нь хувьд иргэдийн оролцоог бодитойгоор бий болгох ёстой. Ардчилал маань өөрөө үйл явц. Өдөр тутмын хүний амьдрал. Төр засгийн гаргаж байгаа шийдвэр, тухайн ард түмний гаргаж байгаа шийдвэртэй адилхан ийм зүйл юм.

Цаашид Ерөнхийлөгчийн санаачлагаас, ард түмний өмнө хийх ёстой ямар ажил байх вэ гэхээр сум бүхэнд, манай засаг дарга нар шийдвэр гаргахдаа ард иргэдийнхээ эрх ашгийг хөндсөн асуудлууд дээр иргэдээ цуглуулаад асуучихдаг болох боломжтой. Энэ тухай би сая аймгийн засаг дарга нартай уулзахдаа хэлсэн. “Нэг ийм шийдвэр гаргах гэж байна, энэ болж байна уу? зөв байна уу?” гээд наад зах нь мэдэгдэж хэлдэг, санал бодлыг нь авдаг болох ёстой.

Манай дарга нар “иргэдийг шийдвэр гаргах асуудалд оролцуулах нь хүндрэл учруулдаг” гэсэн буруу хандлагатай байдаг. Иргэдийг оролцуулвал тэд янз бүрийн санал гаргаад, янз бүрийн юм яриад хүндрэл учруулна гэж үздэг. Харин иргэний нийгэмд энэ бол хүндрэл учруулах биш харин ч таны гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлэх нөхцөл нь болж байдаг.

Хэрэв иргэн шийдвэр гаргахад үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн байвал төрийн төлөөлөгч хариуд нь “Та өөрөө оролцсон шүү дээ, та өөрөө энэ шийдвэрийг мэдэж байсан, одоо биелүүл” гэж хэлэх боломжтой.

Бидний хамгийн гол бэрхшээл бол гарсан хууль тогтоомж биелэгддэггүйд байдаг. Яагаад биелэгддэггүй вэ гэхээр хүмүүс түүнийг мэдээгүйд л байдаг. Шийдвэрийг гаргаж байгаа хэдэн нөхдүүд л мэдсэн байдаг. Түүний ач холбогдол, ямар учир утгатай байсныг болон яагаад энэ маш чухал шийдвэр болсныг хичнээн чухал байсан ч бусад нь мэддэггүй. Тийм учраас гарсан шийдвэр хууль тогтоомж биелэхгүй, нөгөө эрх зүйт төр, нөгөө хуулийн дагуу амьдардаг нийгэм гэдэг чинь бүтдэггүй. Хуулийн дагуу амьдардаг нийгмийн хамгийн гол утга учир нь иргэний оролцоондоо л байгаа юм. Иргэний оролцоотой нийгэмд иргэн хүн хуулиа мэдэж биелүүлдэг.

Тэгэхээр иргэний нийгэм энэ ардчилсан нийгэмд асуудал шийдэлцэж, тэр нь улс орны хувьд хууль дүрэм хэрэгждэг улс орон болохын үндэс нь болдог шалтгаан ерөөсөө энэ. Бид зарим ардчилсан орныг хараад хууль хэрэгждэг орон байна гэж ярьдаг. Тэнд иргэдээ оролцуулаад л асуудлаа шийддэг туршлага байдаг байдаг. Тийм учраас өнөөдрөөс эхлээд иргэдийнхээ дуу хоолойг сонсдог "Иргэний танхим" нээгдэж байгаа юм.

Ерөөсөө ардчилсан улс орнуудад яваад очиход тухайн улсын болон хотуудын "иргэдийн цуглардаг танхим" гэсэн хаягтай ордон байдаг. Нэг талдаа иргэдээ оролцуулж шийдвэр гаргадаг ордон, нөгөө талдаа хууль зөрчдөг нөхдүүддээ шийтгэл оногдуулдаг бас нэг ордон байдаг. Гэтэл манайд шийтгэл оногдуулдаг байшин нь олшроод иргэдээ оролцуулж шийдвэр гаргадаг байгууламж нь байхгүй байсан юм.

Тийм учраас бид иргэдийнхээ оролцоог хангаж чаддаггүй нийгмээс, оролцоог нь хүлээн зөвшөөрч хангаж чаддаг нийгэм рүү шилжиж байна. Хийх ёстой ажлаа өнөөдөр энд эхлүүлж байна. Цаашид энэ чиглэлийн иргэний танхимын журам хууль болж гарна. Цаашид ийм танхим ольё гэвэл Монголд байшин шиг их юм байхгүй. Ийм байшин зөндөө байгаа. Сумын засаг даргын тамгын газрын өрөөнд ч гэсэн байгаа хаа сайгүй байр байгаа. Энэ бүхнийгээ ашиглаж хэлэлцүүлэг явуулах хэвшил тогтоод ирвэл иргэний нийгэм маань жинхэнэ амьдралтай цаашид хөгжиж чадах юм.

Өнөөдрийн нээж байгаа Иргэний танхимыг Их хурал ч ашиглаж болно, Засгийн газар ч ашиглаж болно. Аливаа гаргах гэж байгаа шийдвэрээ хүмүүст танилцуулаад, шийдвэр гаргахын тулд бусдын санал бодлыг сонсохын тулд энэ танхимыг өргөн ашиглаач гэж хэлэх байна. Саяхан Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр би УИХ-ын хийсэн хамгийн сайн ажлын нэг бол нээлттэй сонсгол байлаа гэдгийг тэмдэглэж хэлсэн.

Ямар сэдвээр сонсч байгаа нь хамаагүй, харин Хүний эрхийн дэд хорооноос хийсэн шиг нээлттэй сонсголыг ард түмний санаа зовж байгаа асуудлаар хийж байх нь чухал. Тэр нээлттэй сонсголууд дээр албан тушаалтнууд ирээд хийсэн үйлдлийнхээ тухай тайлангаа нээлттэй хэлдэг болох нь чухал. Цаашид нээлттэй сонсголын тухай хууль гаргаж, албан тушаалтнууд “би зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангараглаж байгаад илтгэдэг байх хэрэгтэй. Хэрвээ худлаа хэлсэн, албан үүргээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээдэг байг. Цаашид ийм жишиг тогтооё.

Нээлттэй сонсгол дээр иргэд ирээд ярихаар, "хүмүүс миний хэлэх гэж байгаа үгийг ярьж байна”, “миний төлөө нийгэм юм байна энэ чинь” гэж асуудлыг танина. "Ерөөсөө миний асуудлыг ярьдаг миний төр юм байна гэдгийг ард түмэн харна". Ямар асуудал хэлэлцэж байгаагаас нь үл хамааран өөрийнх нь санаа зовж байгаа асуудлыг төрийн шийдвэрт тусгуулах гэж төрийн албан тушаалтнууд сонсдог байна гэдэгт л хамгийн гол ололт байгаа юм.

Ардчилсан нийгэмд өдөр тутам шийдвэр гардаг. Муу шийдвэр байнга гарч байж магадгүй. Гэхдээ энэ дотор сайн шийдвэрүүд бас гарч байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн энэ шийдэл, өнөөдрийн энэ хандлага, УИХ-ын нээлттэй сонсгол, өнөөдрийн иргэний танхимын нээлт бол нэг сайн шийдэл нь болох болов уу гэж бодож байна.

Аливаа ололт гэдэг бол иргэндээ очиж байж л ололт болдог. Тэгэхээр энэ тийм л ололт байгаасай гэж бодож байгаа. УИХ-аас, Ерөнхийлөгчөөс санаачлах хууль дүрэм Иргэний танхимаар хэлэлцүүлэгдээд, эрх ашиг нь хөндөгдөж байгаа улсууд ороод үгээ хэлээд гараад явдаг байхаар бодож энэ танхимыг тохижуулсан.

Тэгээд энэ санааг цаасан дээр буугаагүй байхад, эхний үгнээс л ойлгож үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явсан олон хүн байгаа. Олон цаг, олон өдөр үүний төлөө зүтгэсэн гадаад дотоодын олон хандивлагч дэмжин туслагч хүмүүс ч байгаа. Энэ үнэт зүйлийг мэдэн үнэлж, энэ үнэхээр зөв юм эхэлж байна шүү гэдгийг ойлгон хамтарч ажилласан нийт хүмүүст би гүн талархал илэрхийлж байна.

Ингээд Монголын иргэдийн дуу хоолойг сонсож, иргэний нийгмээ Монголдоо цогцлоох тийш нэг алхам урагшлахад Иргэний танхимын үйл ажиллагаагаа тус болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.