Эрчим хүчний бодлогын тулгын чулууг тэгшлэх цаг болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Пунцагийн ЦАГААН:

Тулгуур гурван зарчим

Эрчим хүч бол аливаа улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр- мотор гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Эрчим хүчний бодлогын хувьд баримтлах тулгын гурван зарчим бол нэгдүгээрт, эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, хоёрдугаарт, үр ашиг, гуравдугаарт, хүрээлэн буй орчны шаардлагад нийцсэн байх явдал гэж үзэж байна. Тэгвэл өнөөгийн байдал ямар байна вэ?

Хангамжийн аюулгүй байдал

Манай улс 2008 оны байдлаар 4 тэрбум квт\цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэг хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 117 дугаар байранд жагсчээ. 2008 онд 15,8 сая квт цахилгаан экспортолж, түүнээс 12 дахин их цахилгаан импортолжээ. Шатах тослох материалаа 100 хувь гадаадаас импортолж байна.

Төвийн эрчим хүчний системийн цахилгаан хязгаарлалтын тоо 1992-1996 онуудад жилд 200 гаруй байсан бол 2006 онд 6 болтлоо буурсан байна. Гэтэл 2008 оноос байдал муудаж 99 удаа таслалт, хязгаарлалт хийсэн бол энэ оны эхний 10 сарын 1-ний байдлаар 114 удаа хязгаарлалт хийжээ. Энэ чиг хандлагаар явбал эрчим хүчний салбар маань 1990-ээд оны эхний байдал руу гулсаж, гал алдах ч аюул нүүрлэж болзошгүйг харуулж байна.

Монгол Улс эрчим хүчний арвин их нөөц баялгаараа гайхуулдаг. Саяхан гадаадын нэг томоохон хөрөнгө оруулагч манай улсыг нүүрснийхээ нөөцөөр Саудын Араб шиг баян хэмээн уулга алдав. Тийм ээ, зөвхөн нүүрсний нөөц гэхэд л 154 тэрбум тонн бөгөөд цаашид ч өсөх магадлалтай.

Гэтэл улсын маань нийслэл Улаанбаатар хотын гудамж талбай харанхуй бүүдгэр, орон байр нь хүйт даасан, гэрэл цахилгаан нь тасалддаг тул оршин суугчид нь үе үе лааны сүүмгэр гэрэлд тэмтчин амьдарч байгаа нь гутамшигтай биш гэж үү.

Манай улын эрчим хүчний салбарын үйл ажиллагааны хэм нь доголдолтой, хангамж нь хомс, импортоос хамааралтай байгаа зэрэг нь манай улсын эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал хэврэг байгааг харуулж байна.

Удахгүй дорнын өргөн тал, өмнийн их говьд ашигт малтмалын олон орд газрууд үүдээ нээнэ. Тэдгээр орд газруудад эрчим хүч бас л хэрэгтэй. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах асуудлыг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн бодлого, системтэй уялдуулах бодлого үгүйлэгдэж байна.

Төр засаг үйл явдлын өрнөлийн араас хөөж урт зам туулж цаг алдах биш, харин урдаас алсын хараатай, улс үндэстэний нийтлэг эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргавал эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшлийг түргэтгэж чадна. Уг шийдвэрт, эрчим хүчний салбарын үйл ажиллгаанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагууд нэг бүрчлэн тусгагдсан байвал зохино. Тухайлбал, техник, технологийн болон хүрээлэн буй орчинтой холбоотой шаардлага, стандартууд, эдийн засгийн үр ашиг гэх мэт. Түүнчлэн Таван толгой болон томоохон ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа манай улсын эрчим хүчний хараат байдлыг багасгах бодлоготой ухаалгаар уялдуулсан тодорхой болзол нөхцөл ч тусгаж болох юм.

Үр ашиг, арвилан хэмнэлт

Өнөөөгийн эрчим хүчний салбарын үйл ажиллагааны үр ашгийн түвшин бусад орныхтой харьцуулахад ихээхэн доогуур байна. Үүнд нүүрс олзворлохоос эхлээд тээвэрлэлт, үйлдвэрлэл, дамжуулалт, борлуулалт, эцсийн хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлага хамаарна.

1991-2008 онуудад эрчим хүчний салбарын техник технологийн шинэчлэх, засвар үйлчилгээг сайжруулахад нь зориулж манай улсын гадаадаас авсан нийт буцалтгүй тусламжийн 9,1 хувь, хөнгөлттэй зээлийн 17,1 хувийг буюу нийтдээ 800-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтын 321 сая ам.доллар нь хугацаатай, эргэн төлөгдөх зээл. Гэтэл өнөөдөр эрчим хүчний салбар маань авсан зээлээ эргүүлж төлөх нь бүү хэл хэвийн үйл ажиллагаа нь доголдож, өр, авлагын сүлжээнд баригдаад байна. Эрчим хүчний компаниудын өр, авлагын сүлжээ 100 тэрбум төгрөгт ойртож, өглөг нь авлагаасаа даруй хоёр дахин их болжээ.

Эрчим хүчний салбар ингэтлээ доройтоход ямар хүчин зүйл нөлөөлөв гэдгийг судалж, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үзэх хэрэгтэй байна.

Усан цахилгаан станцын төслүүдийн хэрэгжилтийн байдлаас үзэхэд өнөөдөр бодит байдал дээр хүссэн үр дүн гараагүйгээс гадна байгаль орчинд гамшиг сүйрэл учруулсан тухай санал гомдол дагуулж байна. Дөргөн, Тайширын УСЦ-уудыг 70-аад сая долларын зээлийн хөрөнгөөр барьж байгуулж байгаа. Энэ төслөөс улбаалан түмэн жил урсаж, буман амьтныг ундаалсаар ирсэн Завхан гол тасарч, дуунд мөнхөрсөн үзэсгэлэнт Эрээн нуур ширгэж байна. Бид ийм үр дүнг үзэх гэж, 5 мянгахан хүнийг гэрэлтүүлэгтэй болгох гэж тэр их мөнгө хөрөнгийг зээлсэн гэж үү. Эдгээр усан цахилгаан станцуудад зарцуулсан хөрөнгө нь баруун 4 аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангахуйц 80-100 МВ-тын хүчин чадалтай цахилгаан станцыг барихад хангалттай мөнгө. Дээрх УЦС-уудыг байгуулах анхны тооцоо, судалгаа нь хэр үндэслэлтэй, бодитой байсан эсэх талаар мэргэжлийн экспертиз томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохирох эсэхийг нарийн магадлаж, тооцоо судалгаа хийхгүйгээр үр ашиггүй хөрөнгө зарж, УЦС барьж байгуулах шийдвэр гаргахаа түр ч гэсэн азнамаар байна.

Ховд аймгийн Чандмань сумын иргэн Хосбаяр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Жамбал, Тайшир сумын иргэн Ганхуяг нар:

Гэрэл цахилгаан ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь сумын төвийн хэдэн айлд хамаатай болохоос биш, харин бид хохирч байна. Мал, хүн усгүй, амьдрах боломжгүй болж байна. УЦС ашигтай гэхээсээ илүү байгаль орчныг сүйтгэж, мал дагаж амьдрах боломжгүй болгож байна. УЦС-ын усыг тавиулж өгнө үү?

Жаргалан сумын Засаг дарга Б.Готов, байгаль хамгаалагч Мөнхбаяр, иргэн Ширнэн, Нансалмаа нар:

Тайширын УЦС ус хааснаас болж, Завхан гол, Эрээн нуур, Ажиг нуур ширгэж байна. Ургамлын бүтэц муудаж, бэлчээргүй болж цөлжиж байна. Мал аж ахуй эрхлэх боломжгүй болж, сум бараадхаас өөр аргагүй хүмүүс нэмэгдэж байна. Завхан голын минь усыг урсгаж өгөөч. \Иргэдийн санал хүсэлтээс\

Манай улсад эрчим хүчний хэмнэлтийг хөхиүлэн дэмжсэн, үрэлгэн байдлыг хязгаарласан тууштай бодлого эрс үгүйлэгдэж байна. Уг нь эрчим хүчнийг хэмнэнэ гэдэг нь хэрэглээгээ механикаар танах тухай ойлголт биш, харин ухаалаг хэрэглээ, хуримтлалын тухай эдийн засгийн өргөн хүрээтэй ойлголт билээ.

Манай улсын өрхийн эрчим хүчний хэрэглээний бүтцийг авч үзвэл, 76% нь халаалтанд, 11% нь хэрэглээний халуун усанд, 8% нь цахилгаан хэрэглээнд, 3% нь хоол унд, 2% нь гэрэлтүүлэгт зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, айлын гэр орноо дулаацуулах болон хэрэглээний усаа халаах зардал тэр айлын эрчим хүчний нийт хэрэглээний 87 хувийг эзэлж байна. ХБНГУ-ын GTZ байгууллагын шугамаар Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн угсармал орон сууцны дулааны үр ашгийг сайжруулах төслийн судалгаагаар, орон сууцаа зохих ёсоор дулаалахад л одоогийн хэрэглэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг 3 дахин бууруулж, эрчим хүчийг 70 хүртэл хувиар хэмнэж болохыг нотолсон байдаг.

Бидний өвөг дээдэс Тэвнийн чинээ нүхээр Тэмээний чинээ жавар орно гэж сургадаг байсан нь их л учиртай байжээ.

Дэлхийн улс орнуудын эрчим хүчний бодлогод гарч байгаа шинэ чиглэл бол хэмнэлтийн бодлого юм. Энэ нь нэг талаар, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, нөгөө талаар эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх бодлоготой холбоотой болно. Европын орнууд барилгын нэгж талбайн халаалтын зардлын дээд хэмжээг хязгаарласан хууль батлан гаргаж, барилгын үнэ өртөгийг тогтоохдоо халаалтын зардлыг харгалздаг механизм бүрдүүлж байна. Орон сууц, барилга байгууламжийг борлуулахдаа түүний халаалтын зардлын талаархи мэдээллийг худалдан авагч талд мэдэгдэх үүрэг хүлээлгэж байна. Яг л машин 100 км-т хэдэн литр шатахуун хэрэглэдэгийг тогтоодогтой адилханаар 1 метр кв.талбайн жилийн халаалтын зардал хэдэн евро вэ гэдгийг мэдээлнэ гэсэн үг. Нидерланд, Герман зэрэг улсад дулааны алдагдалгүй пассив орон сууц барихыг ихээхэн урамшуулж байна.

Гэтэл манай улсын хувьд барилгын дулаан алдагдлыг тооцох аргачлал нь хоцрогдсон, стандарт нь хуучирсан, зарим нь хэт өндөр, тэгээд ч барилга хүлээн авахдаа мөрдөхгүй байгаа нь эрчим хүчний салбарын үр ашгийн түвшинг бууруулж, үрэлгэн байдлыг лавшруулж байна.

Ийм учраас цахилгаан, уур дулаан, ус, эрчим хүчний хэмнэлтийг хөхиүлэн дэмжсэн, бас үрэлгэн хэрэглээг хязгаарлсан ухаалаг бодлого явуулах хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан хот төлөвлөлт, барилга архитектурын норм, стандартыг шинэчилж, эрчим хүч хэмнэхэд чиглэсэн, ногоон стандартыг нэвтрүүлж эхлэх цаг болжээ гэдгийг амьдрал өөрөө сануулж байна.

Байгальд ээлтэй бодлого буюу Буман нарны дээвэр

Эрчим хүчний буруу бодлого, хоцрогдсон технологи, хуучирсан стандарт зэрэг нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг учир дэлхийн улс орнууд эрчим хүчний бодлого шинэчилж, стандартуудаа боловсронгуй болгож байна. Ингэхдээ байгаль дэлхийд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах талаар онцгой анхаарч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үйлвэрлэлийг тал бүрээр дэмжсэн бодлого явуулж байна.

Европын холбоо 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ хэрэгцээний 20 хувийг, 2030 онд 50 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт тавин ажиллаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Обама, АНУ сэргээгдэх эрчим хүчний технологиороо Герман, Япон зэрэг орноос хоцорсноо хүлээн зөвшөөрөөд ногоон хувьсгал хийх замаар Америкийг дахин хүчирхэгжүүлэхийг чармайж байна. Өмнөд хөршид гэхэд л өвөр монголын талд манай улсын хэрэгцээг хэд дахин хангах хэмжээний хүчин чадалтай нарны, бас салхины станцууд баригдаж байна.

Монгол Улсын Засгийн газар “Буман нарны гэрэл” үндэсний хөтөлбөр дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд монголын хөдөөд олон зууны настай лаа, дэнлүүг түүх болгож, нарны гэрлээр сольсон туршлага бидэнд байна. Тэмээн хөсөг дээр сансрын антень ачсан, ааруул цагаан идээнийхээ хажууд нарны зай дэлгэсэн монгол гэр, нарны зай болон салхин сэнстэй жуулчны бааз, гар утастай морьтон зэрэг нь монголын хөдөөгийн өнөөгийн нийтлэг дүр зураг болжээ. Энэ явдал 10 жилийн өмнө огт өөр байсан гээд бодоход төр засгийн нүдээ олсон бодлого хурдан үр дүн авчирдагийн амьд жишээ энэ мөн.

Өнөөдөр Улаанбаатар хот болон суурин газарт “Буман нарны дээвэр” хөтөлбөр дэвшүүлж, зам, талбайн гэрэлтүүлэг, байрны халуун усыг нарны зай, коллектороор шийдвэрлэвэл асар их эрчим хүч хэмнэхээс гадна агаарын бохирдол буурч, нийтийн эрүүл ахуй, ариун цэвэр гэгээрэлд дэвшил гарах нь ойлгомжтой байна. Үүний жишээ бол Улаанбаатар хотын Засаг захиргаа, Агаарын чанарын алба Сонгинохайрхан дүүргийн нэгэн цэцэрлэгийн байрны нам даралтын нүүрсний зуухыг газрын гүний дулааны насосоор сольсон явдал юм. Ингэснээр энэ жижигхэн байшинг халаах гэж жил бүр шатаадаг 70-80 тонн нүүрс хэмнэгдэж, тэр хэмжээгээр агаарын бохирдол буурч байгаа бөгөөд урьдчилсан тооцооогоор хөрөнгө оруулалтаа 10 жилд нөхөхөөр байна.

Нар, салхины эрчим хүчийг ХАА, газар тариалангийн салбарт ч өргөн ашиглах боломж байна.

Жилийн 300-аад өдөр нь нартай, байнгын салхитай, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг, нүүдэлчин удамтай манай орны хувьд нар, салхины сэргээгдэх эрчим хүч бол бурханы бэлэг, байгалийн хишиг, хөгжлийн нэг гарц мөн.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 10 хувийг салхины эрчим хүчний нөөц сайтай бүс нутаг эзэлдэг. Энэ бүс нутагт ердөө нэг км2 талбайгаас гэхэд л багаар тооцоход 7 мегаватт (МВт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Монголын говьд 20 км2 талбайд суурилуулсан нарны парк манай улсын эрчим хүчний өнөөгийн бүх хэрэгцээг хангана гэсэн тооцоо ч бий. \СЭХТөвийн судалгаа\

Хот суурин газарт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн төрийн бодлого үнэхэээр дутагдаж байна.

Бусад оронд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан хөрөнгийг татвар ногдуулах орлогоос чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчээр дулаан, халаалтаа шийдвэл метр квадратаар нь тооцож төрөөс татаас өгөх зэргээр янз бүрээр урамшуулж байна. Европ, хойд Америкт нэг айлд 1000 ам доллароос 2500 евро олгож байхад урд хөршид 1 метр талбайд 10 доллартой тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож байна. Тэгвэл манай улсын хувьд бэлэн мөнгө олгодоггүй юмаа гэхэд импортлох тоног төхөөрөмжийн стандартыг тогтоож, гааль худалдааны татвараас чөлөөлөхөд л ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.

Эрчим хүчний өнөөгийн үр ашиг муутай тогтолцоо, үрэлгэн хэрэглээ, бодит биш үнэ тариф зэрэг нь эрчим хүчний үйлдвэрлэл рүү хувийн сектор, хүмүүс хөрөнгө оруулахад саад болж, хөгжлийг чөдөрлөж байна. Бодитой үнэ тариф тогтоосон нөхөцөлд л өрсөлдөөн буй болж хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэнэ.

Глобаль асуудал ба Монгол.

Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөний өмнө тулгарч байгаа глобаль сорилт. Удахгүй Копенхаген хотноо дэлхийн удирдагчид чуулж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох асуудлаар чухал шийдвэр, санаачилга гаргах гэж байна. Энэ үйл хэрэгт Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмэр оруулах нь сайн дурын хэрэг биш, зайлшгүй шаардлага болж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас болж хойт мөсөн далай хайлж, цагаан баавгай амьдрах орчингүй болж байгаа тухай, атомын мөс зүсэгч хөлөг онгоцгүйгээр алс дорнодоос Европ руу аялж болох тухай, Гренландын мөсөн уулс хормойноосоо хэдэн зуун бээрээр шуугдаж, далайн түвшин нэмэгдэж, арлын зарим улсын нутаг далайд живэх нь тодорхой болж, нутаг худалдаж авах төрийн сан бүрдүүлж байгаа нь өнөөгийн бодит байдал.

Энэхүү уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их нэрвэгдэж байгаа улсын нэг нь манай улс. Манай улсын цаг агаарын дулаарал дэлхийн дунджаас даруй 3 дахин өндөр болж, олон зуун гол горхи ширгэж, газар нутгийн 75 хувьд нь цөлжих аюул нүүрлэж байна. Төрийнх нь буруу бодлого, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж цэцэг ногоо халиурсан талд шонхороор ан гөрөө хийж, агт морьдын хөлийн тоос тасардаггүй үзэсгэлэнт сайхан газар, үржил шимтэй тариалангийн талбай нь Арабын цөл болон хувирсныг санахад илүүдэхгүй болов уу.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их нөлөөлдөг нэг хүчин зүйл бол нүүрс хүчлийн хий. Манай улсын ялгаруулж буй нүүрс хүчлийн хийн нийт хэмжээ харьцангуй бага боловч, нэг хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийн дунджаас 10 дахин их байгаа нь яав ч сайн үзүүлэлт биш нь тодорхой. Энэ нь манай эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн үр өгөөж, тоног төхөөрөмжийн түвшин, хэрэглээний соёл, эцсийн дүндээ төрийн бодлогын үр дүн ямар байгааг харуулж байна.

Утаат улс төр

Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг нэрэн дээрээ одоо дэлхийн хамгийн утаатай нийслэл гэсэн шинэ тодотголтой болж, оршин суугчид нь утаа униарт нүд хоолойгоо хорсгон бухимдан амьдарч байгаа нь төрөөс явуулж ирсэн нийгэм-эдийн засгийн, тэр дундаа эрчим хүчний алдаатай бодлогын үр дагавар гэхээс өөр дүгнэлт олоход бэрх байна.

Улаанбаатар хотод агаарын бохирдол байж болох хэмжээнээс даруй хэдэн арав дахин их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчний дэгдэлт эрс ихэсч, өвчтөний нас залуужиж байгааг янз бүрийн судалгаа харуулж байна. Өнөөдөр утаа гэдэг нэрийн дор азотын дутуу исэл, хүхрийн дутуу исэл, угаарын хий, тоос тортог, хөө гээд олон хорт бодис бидний уушиг, организмыг хордуулж байна. Ингэж хордсон бие махбодийг импортлогдсон гахайн ханиад илүүтэй нэрмэж байгаа нь нийтэд ойлгомжтой.

Байдал иймэрхүү байхад нийслэл хот дотроо дахиад нүүрсээр ажилладаг цахилгаан станц барина аа гээд бид сууж байгаа маань хэр зөв бэ гэдгийг эрэгцүүлэн бодох шаардлагатай байна. Бусад оронд цахилгаан станцаа нүүрснийхээ уурхайд ойрхон байгуулж, цахилгаан эрчим хүчээ өндөр хүчдэлийн шугамаар хэрэглэгчид рүүгээ хүргэдэг нь нийтлэг жишиг. Гэтэл бид өнгөрсөн зууны хоцрогдсон хөшүүн, бас эмзэг, үрэлгэн төвлөрсөн ганц халаалттай хэдий болтол зууралдах вэ?

Монгол Улс ардчиллын 20 жилд улс төрийн тусгаар тогтнолоо олсон бол одоо эдийн засгийн тусгаар тогнолоо олох сорилтын ч, боломжийн ч өмнө байна. Энэхүү сорилтыг амжилттай даван туулж, эдийн засгийн тусгаар тогтнолоо олоход эрчим хүчний бодлогын тулгын гурван чулуугаа хэр тэгшилж тавьснаас ихээхэн шалтгаалах нь дамжиггүй.