Ц.Элбэгдорж: Хэцүү, урт хугацааны зөв шийдлийн хойноос Монгол Улс явах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран Улаанбаатарт зохион байгуулж байгаа Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ, дугуй ширээний уулзалтын “Авилгын эсрэг тусгай хуралдаан: Авилгын эсрэг Монголын түншлэл” сэдэвт салбар хуралдааныг ням гаригийн үдээс хойш нээж үг хэллээ.

Эрхэмсэг профессор Клаус Шваб, энд хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд, хувийн хэвшил, иргэний байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.
 
Одоогоос хоёр жилийн өмнө авлигалын эсрэг түншлэлийн салбар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулж, хувийн хэвшлийнхнийг оролцохыг уриалж байсан. Өнөөдөр энэ түншлэл улам өргөжиж, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн холбоо, Уул уурхайн ассоциац, Монголын банкны холбоо, Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын үйлдвэрчний нэгдсэн эвлэл, мөн бусад төрийн бус байгууллага нэгдээд байгааг хэлэх нь зөв байх аа. Нэгдэн оролцож буй эдгээр байгууллагад баярлаж байгаагаа илэрхийлье. Дээр нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Авлигын эсрэг түншлэлийн санаачилгын хамт олонд гүн талархал илэрхийлье.
 
Авлигын асуудлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд бүгдээрээ маш их эрчимтэй оролцох ёстой. Ер нь авлигын хор уршгийн тухай ойлголт монголчуудад нэлээн сайн хүрсэн гэж болно. Тиймээс энэ тухай дахин ярих шаардлагагүй. Манай нийт иргэдийн хүсэл зориг, оролцоо, мөн олон байгууллагын хамтын ажиллагааны хүчээр Монгол Улс авлигалын индексээрээ 2012 оны эцэс гэхэд 26 байраар ахьсныг та бүхэн мэднэ. 120–оос 94 рүү буурч орсон дүнтэй байгаа. Бид арав гаруй хууль шинэчлээд өөрчлөлтөө хийнэ гэж тооцож байсан. Гэтэл одоо 40 гаруй хуулиас наашгүй болж байгаа.
 
Ер нь хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлд, Монгол Улсыг даргын удирдлагаас хуулийн удирдлагад шилжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль шүүхийн байгууллага, хуульчид бүгд байр суурь нэгдсэн гэж хэлж болно. Энэ бол нэг сайн үр дүн гэж хэлмээр байна. Мэдээж энэ ажлыг урагшлуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал их чухал гэж би үзсээр байгаа. Иймээс ирэх дөрвөн жилд энэ асуудалд урьдын адил онцгой анхаарах болно.
 
2005 онд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон. 2006 онд бид Авлагын эсрэг хуулийг баталж гаргасан. Мөн авлигатай тэмцэх байгууллага байгуулж ажилласан. Ер нь авлигад өртөж болзошгүй улсууд авлигатай тэмцэж эхэллээ, анхааралтай байх шаардлагатай юм байна гэж наад зах нь ойлгодог, цаад зах нь хуулийг сахин мөрдүүлэхийн төлөө зүтгэдэг байдал Монгол Улсад бий болсон. Энэ бол сайн үзүүлэлт гэж би хувьдаа бодож байна. Мөн 2012 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдаж гарсан. Энэ нь хуулиар хориглосноос бусад бүх мэдээлэл манай хэвлэл, мэдээлэл, олон нийтэд ил тод байх боломжийг олгож байгаа. Шүүхийн чиглэлд энэ хугацаанд асар их өөрчлөлт гарсан. Шүүхийн бүх шийдвэр гарсан цагаасаа хоёр хоногийн дотор вэбсайтад тавигддаг болсон. Ингэж шүүхийн бүх шийдвэр нийтийн хяналтад шилжсэн. Үүнээс гадна иргэд анхан шатны шүүх хуралдаанд таслах эрхтэй оролцдог болсон. Энэ бол зарим оронд ч маргаантай байдаг асуудал. Бид иргэддээ ийм том эрхийг олгосон. Шүүгчид мэдүүлэг гаргадаг болсон. Шүүхээр хэлэлцэж буй асуудал бүхэн дээр ямар нэг албан тушаалтан нөлөөлөх оролдлого гарсан эсэхийг бичдэг боллоо. Мэдүүлгээ буруу бөглөсөн байвал шүүгч өөрөө хариуцлага хүлээнэ. Тодорхой албан тушаалтан, мөнгөтэй хүмүүс нөлөөлөх гэж оролдсон байвал шууд хуулийн болон албан тушаалын хариуцлага хүлээнэ. Саяхан манай хуульчдын их хурал болсон. Ер нь олон нийтийн байгууллага төрийн үйл ажиллагааг маш эрчимтэй сайн гүйцэтгэж явуулах боломжтой  болж байгаа. Шүүх засаглал, албан тушаалтан гэсэн хяналтаас мэргэжлийн хуульчдын хяналтад шилжиж байна. Бид зургаан хууль баталсан. Цаашид гуч гаруй хууль энэ чиглэлээр батална. Бидний хийж байгаа өөрчлөлтийг шинээр ардчилалд шилжиж буй орнууд маш их сонирхож байгааг дашрамд хэлье. Бид үүнээс цааш явна гэж бодож байгаа. Нээлттэй засгийн түншлэл гэж хоёр жилийн өмнө НҮБ-ын хүрээнд Б.Обама Ерөнхийлөгч болон бидний гаргасан санаачилга байдаг. Уг санаачилгад Монгол Улсын Засгийн газар нэгдэн орж байгаа. Энэ нь төсөв, хөрөнгө, худалдан авалтын үйл ажиллагаа ил тод байх явдлыг хангахад чиглэсэн санаачилга. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх төрийн байгууллага, төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж “шилэн данс”-ны тогтолцоонд шилжиж байгаа. Ямар орлого орж ирсэн, ямар зарлага гарсан гэдгээ сайт болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж байх юм. Цаашид “шилэн данс”-ны хууль санаачилна гэж бодож байна. Ер нь хүн мөнгө л сонирхдог. Албан тушаалтан мөнгөн дээр ирж орооцолддог. Ийм учраас бид тэр мөнгөтэй холбоотой ямар нэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй бүрэн хяналтад байх болно. Үнэхээр энэ чиглэлд Монгол Улс үлгэр үзүүлж ажиллана гэж бодож байна.
 
Авлигын эсрэг тууштай тэмцэх үйл ажиллагааг монголчууд зөвхөн газар нутгийнхаа хэмжээнд яриад байгаа юм биш. Энэ хавар болсон АОХН-ийн Сайд нарын бага хурлын үеэр Авлигыг үл тэвчих санаачилгыг ардчилал руу шилжиж байгаа бүх улс орны хүрээнд авч үзсэн. 1990-ээд оноос хойш ардчилал руу шилжсэн улс орнуудын унасан, ухарсан байдал нь муу засаглал, авлигатай холбоотой байсан. Одоо ч хөгжилд нь хүндрэл учирч байгаа орнууд мөн үүнтэй холбоотой байгаа юм. Тиймээс авлигатай тэмцэх асуудлыг ардчилсан хөдөлгөөний хүрээнд, олон улсын байгууллагуудын хүрээнд эрс шийдэмгий авч ярилцах нь зүйтэй.
 
 
Профессор Клаус Шваб болон түүний багийнхан Монголд өргөн бүрэлдэхүүнтэй ирж Дэлхийн эдийн засаг, Давос гэдэг чухал брэндээр дамжуулан олон чухал асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж, Монголын ололт амжилт, мөн бидэнд учирч байгаа хүндрэл, сорилтуудыг олон нийтийн анхааралд хүргэж, хамтарсан шийдэл олохын төлөө ажиллаж байгаад туйлын их талархаж байна.
 
Монгол Улсын эдийн засагт хоёр архаг дутагдал бий болсон байдаг. Түүний нэг нь зарим хүн олон нийтийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор эх орон, шударга ёсны нэр барьж, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад дарамт учруулах хандлага. Иймээс  тодорхой арга хэмжээ авах ёстой. Үнэхээр олон нийтийн, хуулийн эрх ашгийн төлөө чин сэтгэлээсээ явж байгаа хүмүүстэй хамтарч ажиллана. Харин хувийн ашиг сонирхол, тодорхой ашиг орлогын төлөө явж байгаа бол бид тэвчиж чадахгүй. Энэ нь эргээд авлига болдог шүү дээ.
 
Үүнийг зарим газар “resourcenationalism” гэдэг. Иймэрхүү үндэс суурьгүй үндсэрхэх хандлагын талаар бид олон талаас нь ярилцах шаардлагатай. Хамгийн гол төр өөрөөсөө эхэлж хийх шаардлагатай зүйл бол бүх юманд төр оролцоно гэдгээ зогсоох. Энэ хандлага арай хэтэрлээ. Нэг үе Монгол Улсад үндэсний нийт бүтээгдэхүүний 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг байсан. Одоо тавин хэдэн хувь руу эргэж ухарч байна. Монгол Улсад эргэж социализм байгуулах ямар ч сонирхол байхгүй.
 
Төрийн оролцоотой, төрийн компаниудын тухай саяхан Төрийн өмчийн хорооны илтгэл гарсан. Ихэнх нь алдагдалтай. Тэгэхээр төрийн өмчийн оролцоотой компани байгуулах асуудал дээр хориг тавих, ийм хууль санаачилж хувийн хэвшлийнхэнтэй ярилцах бодолтой байна. Та бүхэн ч энэ саналыг бодох хэрэгтэй. Хэрэв төрийн өмчийн оролцоотой компани байгуулах шаардлагатай бол УИХ-ын түвшинд ярьж хуулиар байгуулдаг байя. Төрийн өмчийн компаниудад хувийн компаниуд хөрөнгө оруулах эрхийг нээж өгье. Оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хувь эзэмшээд явдаг хувийн хяналтыг оруулж ирэх хэрэгтэй. Дийлэнх хувь нь хувийн, олон нийтийн өмчлөл рүү явах ёстой.
 
Өмч хувьчлал 1996 оноос эрчимтэй хийгдсэн. Сүүлийн жилүүдэд өмч хувьчилсангүй. Одоо дахиад өмч хувьчлал хийх цаг болжээ. Алдагдалтай ажилладаг, төрийн менежментээр авч явж чадахгүй байгаа компаниудыг өмч хувьчлал руу шилжүүлэхээс аргагүй боллоо. Ойрын үед иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нөгөө талаас нэг хүний, гэр бүлийн шинжтэй хувийн компаниудыг олон нийтийн болгож, хувьцаа зардаг, олуулаа нийлж хөрөнгөө бүтээдэг чиглэл рүү алхам хийх ёстой. Хэрэв иргэд хувьцаа худалдаж авч байгаа бол түүнийг нь татвараас чөлөөлдөг ч байж болно. Ийм маягаар аж ахуй тойрсон асуудал дээр олон нийтийн хяналтыг авчрах нь зөв юм болов уу гэсэн бодолтой байдгаа хэлье. Дээрх үйл ажиллагаануудыг ойрын жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ойрын хоёр жилд Монгол Улсад улс төрийн аливаа сонгуульгүй тул үүн дээр анхаарч ажиллах нь зүйтэй.
 
Хувийн зүгээс нэгэн зүйлийг хэлэхэд намайг 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөж байхад уяан дээр миний унах боломжтой хоёр морь байсан. Нэгийг нь дөрвөн жил унаад 2013 оны сонгуулиар сольсон. Дахин сонгогдсоноор улс төрийн карьерынхаа хувьд сүүлчийнхээ моринд мордлоо гэсэн үг. Иймээс улс төр бодож биш, улс орноо бодож, нийтлэг эрх ашиг, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Ерөнхийлөгчийн хувьд манлайлал үзүүлж зүтгэх санаачилгыг өөр дээрээ авч ажиллая гэсэн бодолтой байгаа.
 
Энэ нь Засгийн газар, Их Хурлын ажлыг өмнөөс нь хийнэ гэсэн үг биш. Хүндрэлтэй асуудлуудаар хамтарсан шийдэл олоход иргэд, хувийн хэвшлийнхнийг оролцуулж,тэднийг дэмжиж, төрийг нэлээн ташуурдаж ажиллана гэсэн үг. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас Монгол Улсын гарах гарц бол монголчууд өөрсдөө бүтээх, үйлдвэрлэх явдал юм. Өөрсдөө хийдэг болъё. Хүний хэрэгцээтэй бараа үйлдвэрлэж ахиухан экспортод гаргадаг болъё. Хөрөнгө оруулалтын сайн орчныг бий болгох замаар эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарна. Түүнээс биш Засгийн газрын нэрээр тодорхой хэмжээний мөнгө босгоод, эргэж өр тавьж ард иргэдээ өрөнд оруулах замаар гарна гэдэг бол сайн зам биш. Амар шийдэл хайх хэрэггүй. Хэцүү, урт хугацааны зөв шийдлийн хойноос Монгол Улс явах ёстой.
 
Энэхүү хэлэлцүүлэгт амжилт хүсье. Та бүхэнд баярлалаа.
ХавсралтБагтаамж
_MG_7670.jpg1.08 MB
_MG_7683.jpg1 MB
_MG_7710.jpg1.05 MB
_MG_9862.jpg1.08 MB