Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, Шударга ёс, ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт хатагтай АН САН СУ ЧИ нарын хамтарсан “МОНГОЛ БА МЬЯНМАР: ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛД ХҮРЭХ ЗАМД” сэдэвт хамтарсан лекцийн дүрс


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, шударга ёс, ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи нарын хамтарсан лекц
 
 
Юуны түрүүнд намайг урьж, энэхүү лекцийг зохион байгуулсанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд болон Монголын залуучууд та бүхэнд талархал илэрхийлье.
Олон орны хүмүүстэй ялангуяа залуучуудтай хамтран ажиллана гэдэг миний хувьд завшаантай хэрэг юм. Залуучууд бол хүн төрөлхтний найдвар гэж би хэлэх дуртай. Иймээс тэдний хүсэл эрмэлзэл, итгэл найдвар, айдас түгшүүр нь юу болохыг бид мэдэж байгаа нь чухал юм. Ардчилалд хүрэх бидний хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг манай залуус идэвх зүтгэлтэй дэмжин оролцож буйг харахад бид бахдалтай байдаг.
Залуу хүн эрх чөлөөг хүсч тэмүүлдэг ба ардчилал нь эрх чөлөөтэй салшгүй холбоотой. Ардчиллыг үүрэг хариуцлага дагалдаж байдгийг би үргэлж онцолж хэлмээр санагддаг. Зарим нэгний ардчиллын талаарх ойлголт нь зөвхөн хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж, үүрэг хариуцлагаа умартсан байдаг. Би үүнийг дэмждэггүй.
Манай орны хувьд бид нар залуучуудынхаа бүх хүсэл эрмэлзлийг нь дэмжиж явдаг. тэд ч мөн адил улс орноо хөгжүүлэх гэсэн энэ тэмцэлд тэргүүлэн оролцож явдаг. залуучууд гэдэг нь ардчилал, ардчилал нь эрх чөлөө. Би хаа явсан газраа тэмдэглэх хүсэж буй зүйл юу гэхээр ардчилал гэдгийг зөвхөн эрх чөлөөгөөр дүгнэж үзэж болохгүй. Учир нь ардчилал нь хүлээх хариуцлагатай байх ёстой гэж боддог. Хүн төрөлтхтний сайн сайхан зан чанаруудын нэг нь үүрэг хариуцлагаа ухамсарлах юм. Иймээс залуучууд минь  хариуцлагатай хүн болж төлөвшөөсэй, үүрэг хариуцлага гэдгийг зөвхөн настайчуудын сонирхдог яршигтай зүйл гэж бодохгүй байгаасай гэж би хүсдэг. Залуус хэдий чинээ үүрэг хариуцлагатай байна улс орны хөгжин дэвших найдвар төдий чинээ нэмэгдэх болно.
Залуучуудын өмнө хүлээх хариуцлага улс үндэстний хүлээх хариуцлага нь улам өндөр байдаг юм. Хариуцлага гэдэг нь зөвхөн хүн өөрөө итгэл үнэмшилтэй байж байж хүлээх хариуцлагаа ухамсарлаж чаддаг. Тийм учраас энэ бүх чанарыг бид нар залуу үед өвлүүлэн төлөвшүүлэх шаардлагатай юм. Хариуцлага нь ухамсраас урган гардаг. Иймээс бид залуучуудаа хариуцлагатай болгоё гэвэл юуны түрүүнд тэдний сэтгэлд ухамсар төрүүлэх хэрэгтэй.
Манай ард иргэд хүний эрх, ардчилсан тогтолцоотой байх эрхээ олон жилийн турш хасуулсан. Тэр он жилүүдэд Мьянмар нь зүүн өмнөд Азийн хамгийн эрчимтэй хөгжих улс орнуудын жагсаалтаас бүсийнхээ хамгийн хоцрогдсон улс орны эгнээнд орсон.
Тэр жилүүдэд ард иргэд маань ардчилсан эрхээ хасуулаад зогсохгүй өөрийгөө хүндлэх хүндлэлээ алдсан. Өөрийн үнэлэмжээ алдана гэдэг улс орны ирээдүйд хөнөөл учруулдаг. Иймээс бид эх орноо ардчиллын замд буцаан оруулахын тулд юуны түрүүнд иргэдээ өөрсдийгөө хүндэлж сургах хэрэгтэй байв. Ингээд ард иргэд маань ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө ардчилал хэмээх энэ эцэс төгсгөлгүй замаар урагшлах шаардлагатай гэдгийг ойлгож эхэлсэн. Учир нь ардчилсан тогтолцоог бэхжүүлэх энэ үйл хэрэгт эцэс төгсгөл гэж байхгүй.
Манай Ардчиллын төлөөх үндэсний лиг намын ардчиллын төлөөх тэмцлийн утга учир чухам юунд оршиж байна вэ гэж хүмүүс асуудаг. Би энэ асуултад маш энгийнээр хариулдаг. Бид эх орноо эрх чөлөө, аюулгүй байдлаар хангагдсан улс болгохыг хүсч байна. Ардчиллын зарчмаар ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийг хүсч байгаа бол эрх чөлөө, аюулгүй байдлыг эн тэнцвэртэй байлгах ёстой.
Зөвхөн эрх чөлөө эсвэл аюулгүй байдал дангаараа байгаад хангалтгүй. Аюулгүй байдал хангах нэрийн дор манай ард иргэд үндсэн эрх чөлөөгөө олон жилийн турш хасуулсан. Тэгвэл эрх чөлөө нэрийн дор манай улсын иргэн бүхэн аюулгүй байдлаа хангуулах эрхээсээ хасуулах ёсгүй. Иймээс ардчилал гэдэг нь эрх чөлөө, аюулгүй байдлын тэнцвэртэй байдлыг хангах гэсэн үг юм. Мөн энэ нь хариуцлага гэсэн үг. Энэ нь бид зөвхөн өөрсдийн эрх чөлөөний төлөө бус бусдын эрх чөлөөний төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Мөн зөвхөн өөрийн бус бусдын аюулгүй байдлын төлөө хариуцлагатай байх ёстой. Бид хүчирхийллийн бус замыг сонгосон гол шалтгаан нь үүнд оршино.
Хүчирхийлэл нь бидний болон бусдын эрх чөлөө, аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг. Иймээс бид ардчилалд хүрэх замд хүчирхийллийн арга барилаас татгалзсан юм. Энэ шийдвэрийг гайхах хүн олон байсан. Цэргийн дэглэм нь зэвсэгт хүчин гэсэн үг. Энэ үүднээсээ цэргийн дэглэмийг түлхэн унагаахад хүч хэрэглэхээс аргагүй гэсэн бодол олон хүнд байдаг. Цэргийн эрх баригчдыг зөвхөн хүчирхийллийн замаар огцруулна гэдэгт бат итгэлтэй байдаг хүн их бий.
Би хувьдаа үүнд итгэдэггүй. Хүмүүст учир ойлгох уян хатан зан чанар бий. Иймд энэ өөрчлөлтийг хүчирхийллийн бус замаар хийх бүрэн боломжтой гэдэгт бид итгэдэг.  
Хүчирхийллийн замаар төрийн эрхэнд гарах нь илүү ойр дөт, хялбар. Гэсэн хэдий ч бидний алс ирээдүйн зорилгодоо хүрэх хамгийн дөт зам бол хүчирхийллийн бус зам юм. Учир нь хүчирхийлэл нийгэмд олон жилийн турш эдгэрдэггүй гүн шарх үлдээдэг. Заримдаа энэ шарх улам бүр үрэвсэж, нийгэмд гүн сорви үлдээдэг. Үүний дараа ард иргэд талцан хуваагдаж, нийгэмд уй гашуу, үл итгэлцлийг авчирна. Энэ шарх удаан аних учраас бидний хэтийн зорилго улам алсран холдох болно.
Хүчирхийллийн бус зам урт хэдий ч шарх сорви цөөхөн байх учиртай. Энэ замд үүсэх шарх сорви хөнгөн байх ба эдгээхэд ч хялбар байдаг. Иймээс хүчирхийллийн бус замаар бид олон саад бэрхшээлтэй тулгарах ч хэтийн зорилгодоо хурдан хүрнэ. Зэвсэглэсэн хүнээс гар хоосон өөрийгөө хамгаалах хэцүү нь тодорхой. Иймд оновчтой шийдэлд хүрэхийн тулд бидэнд хангалттай урам зориг, ёс суртахууны хүч хэрэгтэй. Бидний хүсч байгаа зүйл бол богино хугацаанд хүрэх шийдэл бус удаан хугацааны тогтвортой шийдэл.
Ардчиллын талаар хэтэрхий их ярьж байна гэх хүмүүс бий. “Энэ ямар утга учиртай, үүний гайхамшиг нь чухам юундаа байна вэ” гэж асууна. Ардчиллын эрх ямбыг он удаан жилийн турш эдэлж, бялуурсан хүн ингэж асуудаг гэж би боддог. Хэдэн жилийн өмнө Англид байхад найз нар маань сонгуульд саналаа өгөхийг төдийлөн ойшоохгүй байхыг би анзаарсан. Улстөрчдөөс өөрсдийгөө харьцангуй дээгүүрт тавьдаг эрдэмтэн, сэхээтнүүдийн зиндааны хүмүүс байсан учраас сонгуулийг төдийлөн тоодоггүй байв. Би амьдралдаа чөлөөт сонгуульд саналаа өгч үзээгүй тул үүнд ихэд урам хугарч билээ. Намайг Англид байснаас хойш манай улсад чөлөөт, шударга сонгууль огт болоогүй юм. Иймээс би өөрийн хүссэн нэр дэвшигч, намынхаа төлөө саналаа өгнө гэж юу болохыг мэдэхгүй. Иймээс би Англи найзууддаа “Та бүхэн саналаа өгөх эрхээ эдлэх хэрэгтэй шүү дээ. Сонгууль өгөх нь та нарын эрх төдийгүй үүрэг хариуцлага юм. Хэрэв энэ эрх үүргээ биелүүлэхгүй бол хожмын нэг өдөр бусдад алдвал яана” гэж хэлсэн. 
Би найз нараа саналаа өгөхөд хангалттай ятгасан. Саяхан би Японд айлчлахад дээрхтэй төстэй асуудал түгээмэл харагдаж байсан. Сонгуульд идэвхгүй оролцож буй залуучуудад настай иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Энэ бол хариуцлагагүй явдал. Залуус саналаа өгснөөр өөрт оногдсон эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Нас сүүдэр 68 хүрсэн ч би өнөөг хэр нь чөлөөт сонгуульд саналаа өгч үзээгүй.
Манай улсад 1990 онд чөлөөт сонгууль болсон. Харин би гэрийн хорионд сууж байлаа. Би саналаа өгөх хүсэлт гаргав. Хэдийгээр гэрийн хорионд байсан ч хуулийн дагуу надад саналаа өгөх эрх байсан. Би саналаа өгсөн ч баривчилгаанд байсан учир энэ нь та бүхний хэлдгээр чөлөөт санал хураалт биш байлаа. Би намынхаа төлөө саналаа өгсөн. Мөн намаас миний нэрийг амьдарч байсан тойргоос маань дэвшүүлсэн байсан ч түдгэлзүүлсэн. Цаг алдсан тул манай нам өөр хүн нэр дэвшүүлэхэд хэтэрхий оройтсон байлаа. Иймд тойрогтоо өөр намд саналаа өгөхөөс аргагүйд хүрсэн.
Хэдийгээр надад сонгуульд саналаа өгөх завшаан тохиосон гэж хэлж болох ч үүнийг чөлөөт сонгууль гэж хэлж болохгүй. Надад өөрийн нам болон намын гишүүнээ дэмжих боломж байхгүй байсан. Японы залуучуудад сонгуульд саналаа өгөх нь ямар үнэ цэнэтэй эрх болохыг ойлгуулахын тулд би дээрх зүйлийг ярьж өгсөн билээ. Би өнөөг хэр нь чөлөөт, шударга сонгуульд саналаа өгч үзээгүй л явна.
Өнгөрсөн онд сонгууль эхлэх үед би тойрогтоо нэрээ дэвшүүлэх боломжгүй болсон тул өөр тойргоос нэрээ дэвшүүлсэн. Гэтэл тэр тойрогт би оршин суугаа хаягаа шилжүүлэхгүйгээр саналаа өгөх боломжгүй байсан юм. Иймээс миний саналаа өгөх эрх дахин хязгаарлагдсан. Иймээс би Монголын залуус та бүхэнд сонгуульд саналаа өгөх эрхээ хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна.
Өнгөрсөн 2010 онд манайд парламентын сонгууль болсон. Гэвч НҮБ-ын дүгнэлтээр санал хураалтыг луйвардсан болохыг тогтоосон. Үүний улмаас 2010 оны санал хураалтаар иргэдийн сонгуульд өгөх итгэл найдвар өсөөгүй гэхэд болно. Иймээс бидний хамгийн том ажил бол иргэдийг саналаа өгч, иргэнийхээ эрхээ эдлэхэд ятгах байлаа. Ингээд сонгуулийн 45 тойрогт санал хүрсэнгүй.
Бидний уриалга маш энгийн байв. Чухам ямар нийгэмд амьдарч, хойч ирээдүйгээ ямар улс оронд өсгөн хүмүүжүүлэхийг хүсч буйг шийдэхийг иргэдээсээ асуусан. Энэ түүхэн хариуцлагатай шийдвэр гарт нь байгааг бид иргэдээ ойлгуулсан юм. Ирээдүйнхээ өмнө хариуцлагатай шийдвэр гаргахын тулд саналаа өгөх хэрэгтэйг ойлгуулсан. Саналаа өгөхөөр ирсэн иргэн бүхэн төрийн тэргүүнтэй хүртэл адил тэнцүү эрхтэй, ижил саналтайг тайлбарласан. “Иймээс та иргэн хүний агуу эрхээ эдлэх ёстой. Сонгууль өгөхөд Ерөнхийлөгчид хүртэл танаас илүү эрх мэдэл байхгүй. Түүнд яг л танд байгаа шиг санал өгөх цорын ганц эрх бий” хэмээн бид иргэддээ хэлж байсан юм.
Бидний кампанит ажил амжилттай болж саналаа өгөх боломжтой нийт иргэдийн 70 гаруй хувь нь сонгуульд оролцсон. Энэ нь шударга, нээлттэй сонгууль явуулж байгаагүй, сонгуульд итгэх итгэл нь эрс буурсан улс орны хувьд гайхалтай өндөр үзүүлэлт гэж би боддог. Үүгээр зогсохгүй иргэд маань сонгох сонгогдох эрх нь том давуу тал, иргэний онцгой эрх юм байна гэдгийг ухаарч эхэлсэн.
Иймээс бидний ардчилалд хүрэх зам ард иргэдийн маань сэтгэл зүрхээр дамжсан гэж хэлж болно. Иргэд сонгуульд саналаа өгөөд зогсохгүй, энэ үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй гэдгээ ухамсарлах ёстой. Эрх чөлөө нь үүрэг хариуцлага, зохих хууль журмын хэрэгжилтийн хүрээнд байх ёстой.
Ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтоход хууль ёс хамгаас чухал юм. Хууль ёс гэдэг нь зөвхөн эрх баригчид өөрсдийн ашиг сонирхлын төлөө гаргасан хууль журмыг мөрдөх гэсэн үг биш бүх хуулийн хэрэгжилтийг эн тэнцүү хангах гэсэн үг юм.
Өнгөрсөн оны парламентын сонгуулийн үеэр манай намын мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байсан. Үндсэн хуулийг 2008 оны бүх нийтийн санал асуулгаар баталсан байв. Хамгийн эргэлзээтэй нь нийт иргэдийн 92 хувь нь уг Үндсэн хуулийг батлахад саналаа өгсөн гэж байгаа. Энд бага гэлтгүй булхай орсон нь эргэлзээгүй. Аливаа ардчилсан төр засаг тогтвортой, эрчимтэй үйл ажиллагаа явуулахад Үндсэн хууль хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тайван, хөгжингүй нийгэм бүрэлдэн тогтооход нэн тэргүүнд шаардагдах, шударга Үндсэн хуультай байх ёстой.
Ард түмний итгэл найдварыг төрүүлэхгүй Үндсэн хууль байгаад хэрэггүй. Үндсэн хууль биднийг ардчиллын замаар хөтөлж, хөгжил цэцэглэлд аваачих ёстой. Үндсэн хуулиас дээш зөвхөн тэнгэр байдаг учир энэ нь хамгийн дээд шатны хууль бөгөөд нэмэлт өөрчлөлт зайлшгүй хийхээс аргагүй байсан юм. Бид хууль ёсыг хэрэгжүүлэхийг хүсч байгаа л бол Үндсэн хуулийг хамгийн дээд шатны төдийгүй хамгийн шилдэг хууль болгох ёстой. Мөн энэ хууль нь манай ард түмний эрх ашиг нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байх нь чухал.
Мьянмар олон үндэстэн ястнаас бүрдсэн улс. Би ч үүгээрээ бахархдаг. Олон үндэстэн ястныг нэгтгэснээрээ бид бахархах ёстой. Харамсалтай нь бид үүнийгээ өөрийн давуу тал гэдгийг ухаарч амжаагүй байна. Үндэстэн хоорондын заналхийллээс болгоомжилсон иргэд цөөнгүй байсаар байна.
Манай улс олон үндэстэн ястнаас бүрдсэн байх тусам бидэнд эв найрамдалтай, амгалан тайван амьдрахад суралцах боломж төдий чинээ их байх болно.  
Бид улс орныхоо эв нэгдлийн төлөө 1988 оноос хойш зүтгэж ирсэн. Бид ардчиллын замд хөл тавихдаа үндэсний эв нэгдлийн төлөө нэгдсэн. Бүх ард түмэн, улс төрийн бүх хүчнээр хүлээн зөвшөөрөгдсөн ардчилалд хүрэхийг бид зорьж байна. Үндэстний эв нэгдэл ямар чухал вэ гэдгийг бид ингэж ойлгож ухаарсан. Цэргийн дэглэмийн дор олон жилийн турш нухлагдсан манай иргэд цэргүүдийг дайснаа гэж үздэг болоод байв. Гэвч үүнийг бид өөрчлөх ёстой.
Мьянмарын арми ард түмэндээ тугсаар тогтнолыг авчрахын төлөө байгуулагдсан юм. Миний эцэг 1940-өөд оны үед армийг үүсгэн байгуулахад цэргүүд ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн. Ард түмэн цэргүүдийг эх орноо хамгаалагчаа хэмээн үздэг байсан. Үнэн хэрэг дээрээ цэрэг эрс нь тэдний хувьд хүүхдүүд нь, аавууд нь, гэр бүлийн гишүүд нь байсан шүү дээ. Бид энэ үзэл бодол, хандлагыг сэргээхийн төлөө ажиллах болно.
Арми болон ард иргэдийн хоорондын харилцаа нэгэн цагт бидний бахархал байсан ба цаашид үүнийг сэргээх ёстой. Үндэсний эв нэгдэл бидний зүрх сэтгэлд бий. Манай ард түмний ардчилалд хүрэх гарц бидний зүрх сэтгэлд оршино гэж миний хэлсэн ийм учиртай. Бид иргэдээ хүчээр итгүүлж болохгүй. Иргэд маань зөнгөөрөө аливаа зүйлд итгэх итгэхгүйгээ шийдэх хэрэгтэй. Хэн нэгнийг ятгаж аливаа ажлыг гүйцэтгүүлэх нь тулган шаардаж хийлгэхээр илүү хугацаа шаарддаг. Иймээс ард иргэдийг ятгаж аливаа зүйлийг хүлээн зөвшөөрүүлэх нь тэдэнд тулган шаардахаас хамаагүй хэцүү гэдэг нь тодорхой.
Монголын ард түмэн захиргаадалтын дэглэм гэж ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүс. Иймээс та бүхэн олны дунд биеэ барьж, үзэл бодлоо боогдуулна гэж юу байдгийг сайтар мэдэх байх.
Бид иргэдээ бодит байдлаас хөндийрч, хуурамчаар жүжиглэхэд хүргэхийг хүсэхгүй байна. Үүнд ардчиллын утга учир оршино. Хүн үзэл бодлоо чөлөөтэй, бусдад гэм хоргүй байдлаар илэрхийлэх эрхтэй байх ёстой. Иргэн бүр өөрийн болон бусдын эрх халдашгүй дархан гэдгийг ойлгож ухамсарлаж байх нь зүйтэй.
Бусдын эрхийг огоорч, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө явдаг хүн ардчиллын үнэ цэнийг ойлгохгүй. Ардчилал нь олон ялгаатай зүйлийг эвлэлдэн нэгтгэнэ гэсэн үг. Ардчилал нь олон янзын үзэл бодолтой хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх зүйл юм. Ардчилал нь та бусдаар хүндлүүлэхийг хүсдэг шигээ бусдыг хүндлэхэд суралцах гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд ардчилалд хүрэхэд маш энгийн мөртөө асар түвэгтэй. Ардчилал хүнийг хүндлэх ёс дээр тулгуурладаг. Иймээс ардчилал, хүний эрх нь ялгаж салгахын аргагүй ойлголтууд юм. Ийм учраас бид ардчилал хүний эрх, хүний эрх ардчилал, эрх чөлөө ардчилал, ардчилал эрх чөлөөний төлөө тэмцэх талаар яриад байгаа. Ардчиллыг хамгаалахад хамгийн хэцүү. Тиймээс бид ардчиллыг зөвхөн асран хамгаалахын тулд биш ардчиллаар амьсгалж, ардчиллын төлөөх тэмцэл дунд амьдрахад бэлэн байх ёстой. Ардчиллын төлөө тэмцэх нь үүнийг асран хамгаалахаас хэцүү. Ардчилалд хүрэх замд хувьсгалын арга тактикаа өөрчилж, улс төрийн бодлогоо шинэчлэх цаг хугацааг нарийн сайн мэдрэх нь чухал. 
Сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь ардчиллын нэгэн чухал үзүүлэлт юм. Эрүүл сөрөг хүчин эрүүл ардчиллыг дэмждэг. Би сөрөг хүчний улстөрч. Манай сөрөг хүчин бол эрүүл бөгөөд манай нам ард иргэдийн олонхын дэмжлэгийг авч чадсан гэж би боддог. Манай нам бусад бүх намаас илүү дэмжлэг авах хүртэл бид ажиллана.
Манай намын парламентын танхимуудад суудалтай гишүүд нийлээд 45 болно. Харин цаана нь 600 гаруй суудал байгаа шүү дээ. Манай намын 45 гишүүн бусад намын 600 гишүүний эсрэг юу хийж чадах вэ гэж асууж болох юм. Тэр 600 гишүүн бүгд эрх баригч намын гишүүн биш л дээ. Бусад үндэстэн ястнуудын намын гишүүд олон бий. Гэвч манай нам парламентад эрх баригч Үндэсний эв нэгдэл, хөгжил намаас гадна хамгийн том сөрөг хүчин, улс төрийн нам хэвээр байна.
Хэдийгээр бид цөөхүүлээ ч парламентын хамгийн нөлөө бүхий сөрөг хүчин. Парламентын хоёр танхимд манай нам амжилт олж, спикерүүдийн хүндэтгэлийг хүлээж чадсан.
Ардчиллын замаар өгсөх тусам бид өнгөрсөн цагт дайснууд байсан нэгэнтэйгээ эв нэгдэл, хамтын ажиллагаа сэргээж болдог болохыг нотолж байна. Бид өнгөрсөн цагтаа дөнгөлөгдөн хоцрох бус сургамж авч урагшлах нь зүйтэй. Бид уучилж өршөөх чадваргүйгээсээ болж уй гашуу, зовлонгоо мартаж чадахгүй өс хонзон санаад байвал бид өнгөрсөн цагтаа үүрд үлдэнэ. Энэ бидний хүссэн зүйл биш. Өнгөрсөн явдал бидэнд сургамж болон үлдэх тул ирээдүйд давтагдахаас сэргийлэх боломжтой. Бид улс орон, ард түмэн, улс төрийн намын хувьд өмнөх алдаагаа давтах эрхгүй. Хэрэв бид алдаа дутагдлаа ахин дэвших тулгуур болон ашиглаж, эрч хүчтэй урагшилбал эрх чөлөө ардчилалд хүрнэ. Ардчилалд хүрсэн энэ замаасаа бид өөрсдөө ч ичихгүй, бидний үр хойч нүүр улайхгүй.
Бидний ялалтад хүрсэн зам нь ялалтаас илүү үнэ цэнэтэй чухал байх болно. Буруу замаар ялалтад хүрснээс зөв замаар ялагдсан нь дээр гэж би залуучууддаа хэлдэг. Учир нь буруу замаар хүрсэн амжилтад ямар ч үнэ цэнэ байхгүй. Үүнийг хүн бүхэн ойлгож ухаарах ёстой.
Бид алдаанаасаа суралцаж, илүү сайн хүн болж, илүү сайн байгууллага үүсгэн байгуулж, илүү сайхан улс орныг цогцлоох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал энэ нь алдаа биш амжилтад хүрэх тулгуур багана гэсэн үг юм.
Ардчилал нь алдаа дутагдал, амжилт бүтээлээсээ суралцах зогсолтгүй өрнөх үйл явц юм. Би залуу хойч үедээ “Сайн муу болон ухаалаг мулгуу гэж би хүнийг ялгахгүй. Харин би хүмүүсийг суралцах чадвартай болон чадваргүй гэж ялгаж салгаж чадна” гэж хэлэх дуртай. Суралцах гэдэг үг дор амьдралаас, сургуулиас, анд нөхдөөсөө суралцах гэх мэт өргөн ойлголт агуулагдана. Хэрэв бид ардчилалд хүрч, үүнийгээ тогтвортой хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бол би суралцагчид байх ёстой. Бид амьдралынхаа туршид суралцахад бэлэн байх хэрэгтэй.
Ардчилсан тогтолцоо бэхжиж, нийгэмд ардчиллын үнэт зүйлс үндэс сууриа тавьсны дараа бид ардчиллын замд алхам ойртлоо гэж ярьж болно. Ардчиллыг тордон хөгжүүлэх энэ хариуцлагатай ажлыг бид үеэс үед уламжлан дамжуулах ёстой.
Хэрэв бид залуу хойч үеэ суралцахад дэмжиж чадахгүй бол бидний ардчиллын төлөө зүтгэж олсон амжилт талаар болох болно.
Мьянмар улс ардчилсан шилжилтийн босгон дээр явна. Бид энэхүү шилжилтийн өмнөхөн явааг онцолж байна. Бидний өмнө өргөн их боломж, гэрэлт ирээдүй харагдаж байна. Бид мөхөл, хөгжил цэцэглэлтийн дэнсэн дээр явна. Хэрэв бид энэ боломжоо алдвал олон жил дахин олдохгүй. Иймээс улс орынхоо замд тулгарах сорилт бэрхшээлүүдэд бэлэн байх цаг хэдийнэ иржээ. Бид хүнд бэрх сорилтуудтай тулгарахын хэрээр Монголын ард түмэн болон анд нөхдийн барилдлагатай бусад улс орнуудад хандах болно.
Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид хоёр нэгэн сонирхолтой зүйлийн талаар ярилцсан. Юу гэвэл манай ард түмэн монголчуудад байдаг шиг хөх толботой төрдөг талаар хөөрөлдсөн. Иймээс бидний угсаа гарал нэгтэй хүмүүс гэдэгт эргэлзэх зүйлгүй. Манай ард түмэнд ардчилал эрх чөлөө авчирах сорилт бэрхшээлүүдтэй тулгарах энэ хүнд хэцүү цаг мөчид биднийг дэмжихэд бэлэн монголчууд тэргүүтэй анд найз нар байгаад сэтгэл бахдам байна.
Баярлалаа.

ХавсралтБагтаамж
_MG_5531.jpg12 MB
_MG_4341.jpg772.18 KB
_MG_4311.jpg806 KB
_MG_4467.jpg833.73 KB