Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй наймдугаар сарын 31-нд уулзлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын бүх гишүүдийн бараг гуравны хоёр нь багтдаг  Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцож буйд нь Бан Ги Мүнд талархал илэрхийлэв.  

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт  өнгөрсөн онд 17 хувьд  хүрч, сүүлийн хоёр жил бороо хуртай сайхан зун болж ургац арвин байгаа. Тиймээс НҮБ-ын хүнсний тусламжийн хөтөлбөрт оролцохыг сонирхож байна. Умард Солонгост үер болж хүндрэл бэрхшээлтэй байна. Хоёр талын харилцааны шугамаар туслахын зэрэгцээ  Монгол Улс НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх хүсэлтэй байна гэлээ.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг ирэх жилийн дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалтад оролцон Монголд айлчлахыг урилаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Монгол Улсын эдийн засаг сайн өсөлттэй байгаад баяртай байна. Ер нь баяр хүргэмээр олон зүйл Монгол Улсад бий. Энэ удаа онцолж хэдэн зүйлийг хэлмээр байна.

Монгол Улсын ардчилалд шилжсэн загвар бол үнэхээр үлгэр дуурайл болж байгаа. Бас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг   амжилттай тэргүүлж байна. Ардчиллын боловсрол олгох, шударга ёс тогтоох, хууль ёсыг сахиулах, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх гээд маш олон асуудлаар энэ нийгэмлэгийг үлгэрлэн тэргүүлж байна. Ганцхан жилийн дотор энэ байгууллагын анхны ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулж, удирдах зөвлөлийг нь байнгын гүйцэтгэх тогтолцоотой болгож өглөө. Энэ бүхэнд баяртай байна.

Монголд сонгууль тайван болж, парламентад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдлээ. Энэ бол ардчиллын чухал үзүүлэлт юм.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаад бас баяртай байна.

Ерөнхийлөгч та байгаль орны чиглэлээр санаачилга гарган идэвхтэй ажиллаж, НҮБ-ын нэр хүнд бүхий “Эх дэлхийн манлайлагч” гэсэн шагнал хүртсэнд онцгойлон баяр хүргэж байна.

Хүний эрхийн хараат бус үндэсний комисс бий болгож бэхжүүлэхээр ажиллаж байгаад тань талархаж байна.

Авлигын эсрэг хүний эрх, хууль ёсыг дээдлэн тууштай тэмцэж байгаад тань мөн баяр хүргэе. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү гэдгийг солонгос хүний хувьд сайн ойлгож байна. Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр ч ерөнхийлөгчөө авлигын хэргээр шоронд суулгасан. Хүүхдүүд нь бас яллагдсан. Одоогийн Ерөнхийлөгчийн ах бас авлигын хэргээр шоронд сууж байгаа шүү дээ.

Сүүлийн хоёр жилд улстөрийн эр зориг гарган манлайлж, идэвхтэй ажиллан Монгол Улсад цаазаар авах ялыг халж чадсанд баяр хүргэе.

Есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд таныг оролцохыг урьж байна. Энэ үеэр боловсролын асуудлаар өндөр хэмжээний уулзалт болох юм. Түүнд бас таныг оролцохыг урьж байна” гэв.

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс цаашид ч идэвхтэй оролцох болно. Ардчиллын боловсролын асуудалтай холбон өндөр дээд хэмжээний уулзалтад оролцоход бэлэн байна. Бид бас тамхиныхтай адил Согтууруулах ундааны хяналтын суурь конвенц санаачилж хэрэгжүүлмээр байна. Үүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд анхаарч туслахыг танаас хүсч байна гэж Ерөнхийлөгч хэллээ.

Мэдээний дүрсийг дор дарж татаж авна уу

http://share.gogo.mn/lXdVjfOyuO29601346456746/2012-8-31bankimoon.wmv

ХавсралтБагтаамж
_BEE4436.jpg798.26 KB