Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-ын Төсвийн байнгын хороотой хамтран “Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх нь” гэсэн сэдэвтэй чуулганыг өнөөдөр төрийн ордонд зохион байгуулав.Чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга П.Хаянхярваа даргалж, УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Монгол Улсын нутгийн удирдлагыг шинэтгэх өнөөгийн хэрэгцээ шаардлага”, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Орон нутгийн төсвийн шинэтгэл”, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Иргэдийн оролцоо ба нутгийн өөрөө удирдах ёс”, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх нь”, Цюрихийн их сургуулийн нийтийн эрх зүйн профессор, Шууд ардчиллын үндэсний төвийн захирал Андреас Ауэр “Швейцарь Улсын орон нутгийн шууд ардчиллын систем”, доктор, профессор Томас Фистерер “Швейцарь дахь холбооны улсын зарчим болон шууд ардчилал” гэсэн илтгэлүүдийг тус тус тавьж, дараа нь асууж хариулах хэлбэрээр чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Үдээс хойш гурав хуваагдан хуралдав. Нэгдүгээр салбар хуралдаан “Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо” сэдвээр болж, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь “Төсвийн ил тод байдал”, Тогтвортой амьжиргаа II төслийн захирал А.Хашцэцэг “Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах нь”, Дэлхийн банкны Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн зөвлөх А.Энхбат “Төсвийн тухай мэдээллийг иргэдэд хүргэх нь” гэсэн илтгэл тус тус тавьж, оролцогчид чөлөөтэй ярилцан саналаа хэлэв. Хоёрдугаар салбар хуралдаанд оролцогчид “Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх нь” сэдвийн дор АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэлийн “Нээлттэй төрийн зарын тогтолцоо”, судлаач Ш.Бямбаагийн “Багийн иргэдийн нийтийн хурлыг сайжруулах арга зам”, Нийгмийн хөгжлийн төвийн ахлах зөвлөх Б.Батхүүгийн “Оролцооны стандартын төслийн танилцуулга” гэсэн илтгэлүүдийг сонсч, саналаа солилцов. “Иргэдийн оролцооны хууль, эрх зүйн орчин” сэдэв бүхий гуравдугаар салбар хуралдаанд Удирдлагын академийн багш Д.Цолмон “Төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцооны эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал”, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Бурмаа “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо”, Улс төрийн боловсролын академийн захирал Б.Баттүвшин “Орон нутгийн эрх зүй” гэсэн илтгэл тавьж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Орой нь нэгдсэн хуралдаан хийж салбар хуралдаануудаас гарсан саналуудыг нийт оролцогчдод танилцуулав. Шууд ардчилал бол баг, хорооны иргэдийн нийтийн хурал дээр бодит биеллээ олж байх ёстой. Гэтэл улс төржилтөөс болж хэрэгжихгүй байна. Төлөөллийн байгууллага нь ч намыг биш, иргэдийг төлөөлдөг байх нь илүү оновчтой юм. Ардчилсан улсын иргэн гэж өөрт нь болон нийтэд хамааралтай асуудлыг шийдвэрлэхэд оролцдог тийм хүнийг л хэлэх учиртай. Харин төсвийн ил тод байдлыг хангах, оролцооны загвар, журам, дэг буюу жижиг стандартууд бий болгох нь чухал. Юуны түрүүнд Сумын дүрэмтэй, түүгээрээ иргэдийн оролцоог хангадаг байгууштай байна. Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан нь эрх зүйн орчинг хангалттай тусгасан байна. Иймээс орон нутгийн эрхийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн оролцоог төлөөллийн хэлбэрээр хязгаарлажээ. Мөн Боловсролын тухай хууль орон нутагт хамааралгүй боловсролын байгууллагуудыг бий болгожээ. Энэ мэт зөрчилтэй асуудлуудыг байгаа хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ хууль гаргах замаар зохицуулах шаардлага гэсэн санал, дүгнэлтийг оролцогчид хийжээ.
Чуулган салбар хуралдаануудаас гарсан саналуудыг нэгтгэж, зөвлөмж гаргахаар тогтлоо.