Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай зарлигийн төсөл

Төсөл

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
 
Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо,
жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай
 
 
            Монгол Улсын хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.3 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газарт чиглэл өгч ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
 
            Нэг. Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
 
            1.1. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэл явуулах боломжийг хангаж, газар зохион байгуулалтын хуваарилалтыг шинэчилж оновчтой болгох, бэлчээр ашиглуулах, эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
            1.2. Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг томоохон хотуудын хүн амын сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр жилийн туршид бүрэн хангахын тулд эрчимжсэн аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийг тогтвортой жигд явуулах төлөвлөлтийг хийх, өндөр ашиг шимт сүүний үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх;
 
            1.3. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид хөдөлмөр, хөрөнгөөр хоршин хадлан бэлтгэх, дарш, тэжээлийн ургамал тариалах, хураах, энэ чиглэлийн техник, дундын үйлчилгээ үзүүлэх, таримал талбайг усжуулах, хүчит тэжээл үйлдвэрлэх, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээр сайжруулах, хамгаалах зэргээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулахыг хөрөнгө оруулалт, зээл, татварын бодлогоор дэмжих;
 
            1.4. Сүүний үхэрт удам гарваль, ашиг шимийн бүртгэл хийж, удамшил зүйн үнэлгээг үндэслэн үржил селекцийн ажлыг явуулах замаар генефондыг сайжруулах;
 
            1.5. Удам зүйн хувьд шилмэл өсвөр үхрийг шилэн сонгож өсгөн бойжуулах, үржүүлэх, малын нөхөн үржихүйн чиглэлийн биотехнологийн дэвшилт аргыг нэвтрүүлэх ажлын цар хүрээг өргөтгөх;
 
            1.6. Сүүний үхрийн тэжээллэг, арчилгаа маллагааны технологийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах;
 
           1.7. Тэжээлийн ургамал тариалах, хураан авах техникийн хангамжийг нэмэгдүүлэх, малын хүчит тэжээл үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, энэ чиглэлийн арга хэмжээнд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;
 
            Хоёр. Сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, сүүний нөөцийг ашиглах, борлуулах маркетингийг сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
 
            2.1. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг нэмэгдүүлэх, орон нутагт тохирсон сүү бэлтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор сүүүйлдвэрлэгчид сүү цуглуулах төвлөрсөн цэгт болон боловсруулах үйлдвэрт чанартай сүү нийлүүлэх үнийн ба урамшууллын хөшүүргийг бий болгох;
           
            2.2. Импортын шингэн сүүнд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг 20 хүртэл хувь нэмэгдүүлэх;
 
            2.3. Сүүг түүхий, задгайгаар борлуулж байгаа байдлыг багасгах, улмаар арилгах зорилгоор хот, суурингийн ойролцоох сүүний чиглэлийн аж ахуй, өрхүүдийг түшиглэн саалийн үнээ саах, сүү хүлээн авах, хөргөх үйлчилгээний төвлөрсөн цэгийг бүсчлэн байгуулах, сүү, сүүн бүтээгдхүүн, түүнийг нийлүүлэгчийн гарал үүслийг тодорхой болгох;
 
            2.4. Сүүг саах, тээвэрлэх, хадгалах, боловсруулах үе шатны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулах;
 
            2.5. Орон нутгийн нөөцөд суурилсан хуурай сүүний, удаан хугацаанд хадгалах боломжтой нөөшилсөн сүүний, цөцгийн тосны болон бусад сүүн бүтээгдхүүнийг боловсруулах чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, дэмжих, тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх;
 
            Гурав. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангах, үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, тариаланчдыг дэмжих зорилтын хүрээнд дараах арга хэмжээг оновчтой зохион байгуулсугай.
 
            3.1. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтанд шаардлагатай техник, усалгааны тоног төхөөрөмж, зоорины болон боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, үр суулгацын хангамжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, эдгээр арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
 
            3.2. Төмс, хүнсний ногоонд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг улирлын ялгаагүйгээр шинэчлэн тогтоож 20 хувь болгох;
 
            3.3. Үйлдвэрлэгч, хэрэглэгчийн холбоог ойртуулах, үйлдвэрлэгчдээс борлуулалт хийх сүлжээг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
 
           3.4. “Хүнсний ногоо” хөтөлбөрийг боловсруулж, 2012 оноос хэрэгжүүлэх;
 
            Дөрөв. Чацаргана, жимс жимсгэнэ тариалах иргэн, аж ахуйн нэгжийг болон энэ чиглэлийн боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авч ажилласугай.
 
            4.1. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;
 
            4.2. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах;
 
            4.3. Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
 
            4.4. Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах;
 
            4.5. Жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох.
 
            Тав. Энхүү зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, холбогдох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, үйл ажиллагааг 2011 оноос эхлүүлэх.
 
 
 
 
 
 
 
                        МОНГОЛ УЛСЫН                                            МОНГОЛ УЛСЫН
                        ЕРӨНХИЙЛӨГЧ                                               ЕРӨНХИЙ САЙД
 
 
 
                         Ц.ЭЛБЭГДОРЖ                                                 С.БАТБОЛД
 
 
 
 
 
 Төсөл
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЗАСГИЙН ГАЗАРТ
ЧИГЛЭЛ ӨГӨХ ЗАРЛИГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
            Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хот орчмын сүүний чиглэлийн фермерүүд, төмс, хүнсний ногооны аж ахуйнуудын ажлын байдалтай танилцаад сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг төр засгаас дэмжин хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн Ерөнхийлөгчийн зарлиг гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.
 
            Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал дараах байдалтай байна.
 
Хэдийгээр улсын хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлээс 493,7 мянган тонн сүүүйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа боловч түүний 19,0 орчим хувь нь хот суурингийн зах зээлд нийлүүлэгдэж, 81,0 орчим хувь нь хөдөөд ногдож байна. Хэдийгээр сүүний нөөц байгаа боловч үйлдвэрлэл нь улирлын чанартай, өрхийн үйлдвэрлэл хэт давамгайлсан, дэд бүтцийн хөгжил сул, сүү нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх нэгдсэн тогтолцоогүй зэрэг нь хот суурингийн хүн амын хэрэгцээнд импортын сүү, сүүн бүтээгдэхүүн зонхилох шалтгаан болж байна.
 
Физиологийн нормоор монгол хүн жилд 157 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс 2009 оны статистикийн мэдээгээр хотод 85.2 кг, хөдөөд 261.6 кг сүү, сүүн бүтээгдэхүүн ногдож, хотын оршин суугчийн хангамж ердөө 54,3 хувьтай байна.
 
Хот суурин газрын сүүний хангамжийг бүрдүүлдэг сүүний үхрийн эрчимжсэн 523 аж ахуйд 19,3 мянган цэвэр үүлдрийн ба тэдгээрийн эрлийз үхрийг үржүүлж байгаагаас Улаанбаатарын орчимд 12,7 мянган сүүний үхэр, нэг аж ахуйд дунджаар 42 үхэр ногдож байна. Сүүний чиглэлийн үнээний хоногийн дундаж саам 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Улаанбаатарт 9,2 кг, Төв аймагт 7,9 кг байгаа нь дэлхийн дунджаас хэт доогуур үзүүлэлт юм. Энэ нь үнээний үүлдэрлэг байдал алдагдсан, тоо толгой бага, тэжээл үйлдвэрлэл хангалтгүй, эрчимжсэн аж ахуй үйлдвэрлэлээ явуулах газрын асуудал шийдэгдээгүй зэрэгтэй шууд холбоотой байна.
 
Улсын хэмжээнд хоногт  220,0 мянган литр сүүболовсруулах хүчин чадалтай нийт 90 гаруй үйлдвэр цех байгаагаас 10 гаруй нь л жилийн турш тогтвортой ажиллаж хүчин чадлынхаа 40 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Нийт үйлдвэрлэж буй сүүний 3,9 хувь буюу 19,3 сая литр нь үйлдвэрийн аргаар боловсруулагдаж, 8,1 хувь буюу 40,0 орчим сая литр сүү түүхийгээр борлуулагдаж, үлдсэн 72,6 хувь нь бүрэн ашиглагдахгүй байгаа ба 20.0 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор авч байна.
 
Энэхүү валютын урсгалыг зогсоох, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, эдийн засгийн үр ашигтай байх нөхцлийг бүрдүүлэх нь төр, засгийн бодлогын чиглэл байх ёстой. Иймд хот, суурингийн хүн амыг жилийн турш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд сүүний төрөлжсөн аж ахуйг хөгжүүлэхийг дэмжих, тэдгээрийн газрын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвс, тэжээл бэлтгэх, сүү нийлүүлэх, цуглуулах, хөргөх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх оновчтой тогтолцоог бий болгох, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үнээний тоог нэмэгдүүлэх, үржил селекцийн ажлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сүү боловсруулах томоохон үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, жижиг, дунд үйлдвэрийг бүсчилэн хөгжүүлэх шаардлагатай байна.
 
2010 онд улсын хэмжээнд нийт 317.1 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 260.5 мянган га, малын тэжээл 11.7 мянган га, рапс 24.2 мянган га, төмс 13.8 мянган га, хүнсний ногоо 6.9 мянган га-д тус, тус тариалж үр тариа 338.8 мянган тонн, малын тэжээл 19.6 мянган тонн, рапс 20.6 мянган тонн, төмс 156.1 мянган тонн, хүнсний ногоо 90.1 мянган тонн-ыг хураан авах урьдчилсан баланс гарсан.
 
2009 оны байдлаар улсын хэмжээнд 20 мянган га талбайд 1029 аж ахуйн нэгж, 63.3 мянган өрх төмс, хүнсний ногоо тариалж, 102.7 мянган тонны багтаамжтай 10 мянган ширхэг энгийн зоорь, 230 трактор, дүүжин машин, нийт талбайн 70 хувийг энгийн болон инженерийн хийцтэй услалтын системтэйгээр газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байна.
 
“Хүн амын хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний зөвлөмж хэмжээ”-гээр  улсын хэмжээнд 150.7 мянган тонн төмс, 164.0 мянган тонн хүнсний ногоо хураан авах шаардлагатайгаас 2010 оны ургацын урьдчилсан балансаар хүн амын хэрэгцээт төмсний 100 хувь, хүнсний ногооны 54.9 хувийг хангах боломжтой байна.
 
Судалгаагаар манай улс ОХУ, Хятад, Солонгос, ХБНГУ-аас жилдээ 20-35.0 мянган тонн төмс, 20-40.0 мянган тонн хүнсний ногоо импортлодог байна. Энэ тооцоонд лаазалсан, хатаасан болон боловсруулсан бусад хэлбэрээр импортлосон төмс ороогүй тул тэдгээрийг нэмж тооцвол манай улсын төмсний хэрэглээ бодит шаардлагаас нэлээд дээгүүр хангагдсан гэж үзэж болохоор байна. Үүнээс гадна хот суурин газрын иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан тариалсан төмс, хүнсний ногооны ургацын хэмжээ нийт ургацын дүнд орохгүй байгаа, нөгөө талаас хөдөөгийн хүмүүс өвлийн улиралд төмс, ногооны хэрэглээ бага, хот суурин газрын хүмүүс зонхилон хэрэглэж байгаа зэргийг харгалзан үзэхэд төв, суурин газрын бодит хэрэглээний зах зээл үндсэндээ хангагдаж байна гэж үзэж болно.
 
Өргөн хэрэглээний хүнсний ногоо нь нийт хүнсний ногооны тариалалт, ургацын75-80 орчим хувийг бүрдүүлдэг таримлууд тул түүний тариалалт, борлуулалтын хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг гаалийн татварын уян хатан бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Хүн амын өсөлтөөр тооцсон ч иргэдийн төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж, үйлдвэрлэлийг эрчимжүүлснээр дотоодын үйлдвэрлэлээр хүн амын хэрэгцээгээ бүрэн хангах боломж байгаа тул хүнсний аюулгүй байдлыг хангах,дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор төмс, хүнсний ногооны гаалийн албан татварын хувь, хэмжээг улирлын ялгаагүйгээр 20 хувиар тогтоох саналтай байна. Харин хотын хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш жигд хангахад 240.0 мянга гаруй тонны багтаамжтай зориулалтын механикжсан болон энгийн зоорь, тариалалт, хураалтыг технологийн хугацаанд хийж гүйцэтгэхэд 35-60 морины хүчтэй 1000 гаруй трактор, дүүжин машин, ялгах сортлох 100 гаруй тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн тооцоог холбогдох яамнаас гаргасан.
 
Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өсөлтийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх, хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтын хүрээнд төмс, хүнсний ногоог хадгалах зоорь, агуулахыг барих, усалгааны тоног төхөөрөмж, ургамал хамгааллын арга хэмжээ, боловсруулж нөөшлөх үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээнд төсвийн, олон улсын байгууллагын зээл тусламж, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
 
Сүүлийн жилүүдэд жимс жимсгэний тариалалт улсын хэмжээнд нэмэгдэж байгаа хэдий ч жимс жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хэрэглээ улирлын чанартай, дотоодын үйлдвэрлэлээр нийт хэрэгцээний тун бага хувийг хангаж, импортын жимс жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж байна. 2009 оны байдлаар улсын хэмжээгээр 22 аймгийн 545 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 1556.7 га талбайд жимст цэцэрлэг байгуулан жилд 384.1 тонн ургац хураан авч, 926.8 мянган ширхэг жимс,жимсгэний суулгац үйлдвэрлэж байна.2010 онд Засгийн Газраас “Чацаргана” хөтөлбөрийг батласнаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд чацарганы суулгацыг урт хугацаатай зээлийн нөхцлөөр олгосноор тариалалт ихээхэн нэмэгдэж, 2010 онд улсын хэмжээгээр нийт 2654 га талбай бүхий жимст цэцэрлэг байгуулагдан 655.2 тн жимс,жимсгэнэ хураан авахаар урьдчилсан баланс гараад байгаа ба 1097.1 га талбай жимст цэцэрлэгийг шинээр байгуулахаар төлөвлөсөн байна.2012 он гэхэд улсын хэмжээгээр 10,0 мянган га талбайд чацаргана тариалж, жилд 3500-5000 тн жимс, жимсгэнэ хураан авахаар төлөвлөж байгаа ч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нь жилд ердөө 500-1000 тн хүрэлцэхгүй шахам байна.
 
Иймд стандартын шаардлагад нийцсэн бага, дунд оврын жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох орчин үеийн техник, технологи бүхий томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулахад хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын зээл, тусламжид хамруулах, тоног төхөөрөмжийг нь импортын татвараас чөлөөлөх шаардлагатай байна. Ялангуяа чацаргана нь найрлагадаа олон төрлийн амин дэм, тос, биологийн идэвхт бодис агуулдаг хүнс, гоо сайхан, эмийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд учраас түүний эрэлт хэрэгцээ дотоодод ч, дэлхийн зах зээл дээр ч жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул чацарганыг төрөл бүрийн хэрэглээ, зориулалтаар савлах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чацарганы тосыг дэлхийн стандартад нийцүүлэн өндөр цэвэршилттэй үйлдвэрлэх технологийг бий болгох, нутагшуулах ажлыг дэмжих хэрэгтэй байна.
 
Одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар”-аас 2011 оныг дуустал хөдөө аж ахуйн шинэ трактор, комбайн, машин механизм, ургамал хамгааллын бодис, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг чөлөөлсөн хэдий ч төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах техник, усалгааны тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис нийлүүлэлт зэрэг нь төрийн дэмжлэг, төсөл хөтөлбөрийн зээл тусламжинд хамрагдаж чадахгүй байна.
                                                  
            Дээр дурьдсан нөхцөл байдал нь сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих талаар эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага байгааг харуулж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх Зарлигийн төслийг боловсруулсан болно.
 
 
                                                                                                                    
 
 
Нэмэлт хавсралт
Эрчимжсэн аж ахуйн болон малын тоо
Үзүүлэлтүүд
2007
2008
2009
1
Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйн тоо
494
412
523
2
Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд үржүүлж буй үхрийн тоо
10070
12648
19298
Эх сурвалж: 2007, 2008, 2009 оны дүн мэдээг ҮСГ-ын эмхэтгэлээс авав.
 
Сүүүйлдвэрлэлийн байдал
Үзүүлэлтүүд
2007
2008
2009
1
Үйлдвэрлэсэн сүү/мян.тн/
465,6
457,4
493,7
2
Дотоодын үйлдвэрт боловс-руулсан сүү /сая.л/
9662,7
17348,2
19291,0
Эх сурвалж: 2007, 2008, 2009 оны дүн мэдээг ҮСГ-ын эмхэтгэлээс авав. Боловсруулсан сүүнд шингэн сүү, зайрмаг, тараг, бяслаг, аарц зэргийг оруулан тооцсон болно.
 
Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн судалгаа
Үзүүлэлтүүд
2002
2007
2008
2009
2010
1
Төмс тарьсан талбай /мян.га/
10.2
11.6
12.3.
13.1
13.8
2
Хүнсний ногоо тарьсан талбай /мян.га/
7.0
6.1
6.5
6.5
6.9
3
Төмс хураасан ургац /мян.тн/
51.8
113.6
142.1
155.7
156.1
4
Хүнсний ногооны ургац /мян.тн/
39.7
79.1
80.6
81.4
90.1
5
Төмсний хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь[1]
48.3
86.8
108.3
103.5
103.6
6
Хүнсний ногооны
 хангамжийн дот. хувь
27.3
45.3
45.6
50.0
54.9
Эх сурвалж: 2002, 2007, 2008 оны дүн мэдээг ҮСГ-ын эмхэтгэлээс авав. 2010 оныг ургацын балансаар тооцов.
 
Төмс, хүнсний ногооны импортын судалгаа
                       Үзүүлэлтүүд         
2007
2008
2009
1
Импортын төмс /мян.тн/
30.1
35.4
19.9
2
Импортын хүнсний ногоо/мян.тн/
21.3
40.5
39.7
Эх сурвалж: гаалийн гадаад худалдааны статистик эмхэтгэл
 
Цаашид тариалах, хураан авах ургацын төлөв
Д/д
Үзүүлэлтүүд
2011 он
2012 он
2013
1
Тарих талбай.төмс мян.га
14.5
14.8
15.1
2
Тарих талбай хүнсний ногоо мян.га
8.5
9.0
9.5
3
Хураах ургац.төмс мян.тонн
188.5
192.4
196.3
4
Хураах ургац. Хүнсний ногоо мян.тн
110.5
117.0
123.5
 
Жимс жимсгэний үйлдвэрлэл /2007-2016 он/
Он
Улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө /сая.төг/
Олгосон зээл /сая.төг/
Нийлүүлсэн суулгац
Улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр тарьсан га
Улсын хэмжээнд нийт тариалах талбай
Хураан авсан ургац /тн/
Жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ /сая.төг/
/1 кг -3000төг/
2007
10.0
 
2300
 
376,7
368,1
1104,3
2009
1054.0
920
40000
200
1556.7
384,1
1152,3
2010
500.0
 
206000
165
2654
655,0
1965,0
2011
3000.0
 
1000000
800
5000
1500
4 500,0
2012
6000.0
 
2000000
1600
10000
3500
10 500,0
2016
 
 
 
 
20000
35000
100 500,0
 
 
Ерөнхийлөгчийн Тамгын газар
 
 



[1] 1 2007, 2008 оны хангамж, хэрэгцээг ЭМ, НХХ-н сайдын 1997 оны А/319 дугаар тушаалаар баталсан нормоор тооцов.*2009 оны хэрэгцээ хангамжийг ЭМ-н сайдын 2008 оны 257 дугаар тушаалаар баталсан нормоор тооцов