Мод тарих үндэсний өдөр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 
2010 оны 04 сарын 14 өдөр      Дугаар 63
 
Мод тарих үндэсний өдөр зарлах тухай
 
 Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
 
 1. Жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.
 
 2. Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                Ц.ЭЛБЭГДОРЖ

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Мод тарих үндэсний өдөр”-ийн тухай зарлигийг үе үеийн монгол түмэн дэмжин уламжлал болгож, эх болсон нутаг юугаан мод, цэцэгсийн дунд умбах сайхан нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт бид итгэж байна.

Та бүхнийхээ энэ буянт үйлст тус болох үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол оронд ургадаг шинэс, хайлас, улиас, харгана, чацаргана, сухай, заг, жигд модыг тарьж ургуулах арга ажиллагааны гарын авлагыг вэб сайтдаа байрлууллаа.

Сонгосон модоо та хэрхэнтарьж ургуулдгыг энэхүү сайтаас уншиж лавлахыг танд зөвлөж байна. Гарын авлагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуучлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ниделандын Элчин сайдын яам эвээн тэтгэж, “Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл”-ийн хүрээнд бэлтгэсэн юм.
 
  Гарын авлага татаж авах