Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Энэ жил монголын ард түмэн Ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлигийн дагуу Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулав. Харин бид 2012 онд Эзэн богд Чингис хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэнэ. Их хааныхаа энэ дэлхийд сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал төдийгүй заавал биелүүлэх үүрэг мөн.
Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.
Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.