Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм

Даваа 2010-02-18 14:36:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний  Өдрийн 97 дугаар зарлигийн хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ


            Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь /цаашид Тамгын газар гэх/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн /цаашид Ерөнхийлөгч гэх/ бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

 

            1.2. Тамгын газар нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

 

            1.3. Тамгын газар нь үйл ажиллагаагаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилтыг биелүүлэхэд чиглүүлж, холбогдох байгууллагуудтай нягт уялдаатай явуулна.

 

            1.4. Тамгын газар үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй байна. Хэтийн төлөвлөгөөний дагуу Ерөнхийлөгчид нийлүүлэх бүтээгдэхүүнийг тодорхойлж албан хаагчид Захиргааны албаны даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

 

            1.5. Тамгын газрын болон зөвлөхүүдийн үйл ажиллагааны тайлан, үр дүнг хагас, бүтэн жилээр гаргаж Ерөнхийлөгчид, албад үйл ажиллагааны үр дүнгээ хагас жилээр гаргаж Тамгын газрын даргад, албан хаагчид ажлын дүнгээ улирлаар гаргаж тус тусын удирдлагад тайлагнана.

 

            1.6. Тамгын газрын албан хаагчийг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага тооцох, тэдгээрийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ зохих хууль тогтоомжийг баримтална.

 

            1.7. Тамгын газар нь тогтоосон журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

            1.8. Тамгын газар нь санхүү, аж ахуйн хувьд бие даасан байгууллага болно.

 

            1.9. Тамгын газрын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэмтэй байна.

 

Хоёр. Тамгын газрын үүрэг, эрх

 

            2.1. Тамгын газар нь өөрийн чиг үүргээ дараах асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллана:

 

2.1.1. Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудал:

  • Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачлах, Улсын Их Хурлыг тараах зэрэг асуудлаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, бодлогын зөвлөгөө, үйлчилгээгээр хангах,

 

  • Улсын Их Хурлын чуулганд өөрийн биеэр тааллаараа оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал болон төрийн бодлогын аливаа асуудлаар Ерөнхийлөгчийн хийх мэдээлэл, хэлэх үгийн төсөл боловсруулах, тэдгээртэй холбогдсон бүх төрлийн мэдээллийг боловсруулан дүгнэлт, санал бэлтгэх ажлыг зохион байгуулах,

 

  • Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барих хуулийн болон УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах, Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд өгөх саналын төсөл боловсруулах, Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хориг тавихтай холбогдсон шийдвэрийн төсөл боловсруулах,

 

  • Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандах илгээлтийн төсөл боловсруулах,

 

  • Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар, Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах, Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсох, Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах,

 

  • Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилох, чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар, Төрийн албаны зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхтэй холбогдсон саналын төсөл, танилцуулга боловсруулах,

 

  • Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ болон үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэрийн төсөл, албан бичгийн төсөл болон хөтөлбөр, бодлого, үзэл баримтлал, дүрэм, журмын төсөл, бусад шаардлагатай баримт бичиг боловсруулах,

 

  • Ерөнхийлөгчийн гаргах, зарлиг, захирамж, бусад шийдвэрийг Үндсэн хууль, бусад хуультай нийцүүлэх, хууль зүйн дүгнэлт өгөх,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж, төрөл бүрийн мэдээлэл, олон түмний санал, хүсэлтийг судалж, хариу өгөх, ирүүлсэн санаа бодолд дүн шинжилгээ хийн төрийн бодлогод тусгах талаар мэдээлэл зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэр, нөхцлийг боловсронгуй болгох.

 

 

 

 

2.1.2. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар:

  • Тамгын газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар түүний Ажлын албатай уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа явуулах,

 

  • Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын илтгэл, мэдээллийг сонсох,

 

  • Төрийн цэргийн бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд гүйцэтгэх чиг үүрэгтэй холбогдсон бусад асуудал.

 

2.1.3. Гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар:

  • Ерөнхийлөгч гадаад улс оронд айлчлал хийх болон гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэлийг хангах, айлчлалын үед хийх уулзалт, яриа, хэлэх үгийн төсөл, айлчлалын дүнгийн талаар хийх мэдэгдлийн төсөл боловсруулах,

 

  • Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжинд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулахтай холбогдсон санал боловсруулах,

 

  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татах, Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн тэргүүнийг итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах, тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулах санал боловсруулах,

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд хийх гадаад улсын өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангах, айлчлалын үед хийх уулзалт яриа, гэрээ хэлэлцээр, хэлэх үг, айлчлалын дүнгийн талаар хийх мэдэгдлийн төсөл боловсруулах,

 

  • Гадаадын зочин, төлөөлөгчдийг Ерөнхийлөгчтэй уулзуулах ажлыг зохион байгуулах, холбогдох, мэдээ, лавлагаа бэлтгэх, Ерөнхийлөгчийн хэлэх үг, ярианы сэдвийн төсөл боловсруулах, уулзалт ярианы тэмдэглэл хөтөлж албажуулах,

 

  • Гадаад орны төрийн тэргүүн болон бусад зочин, төлөөлөгчидтэй Ерөнхийлөгчийн хийсэн уулзалт ярианы албан ёсны тэмдэглэлээс шаардлагатай хэсгүүдийг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, байгууллагуудад албан ёсоор хүргүүлэх, биелэлтэд хяналт тавих.

 

2.1.4. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар:

  • Хууль тогтоомжинд заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар холбогдох байгууллагуудаас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн саналыг шинэчлэн боловсруулж, санал, танилцуулга, зарлигийн төслийг боловсруулан Ерөнхийлөгчид танилцуулан шийдвэрлүүлэх, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах,

 

  • Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан уучлал үзүүлэх санал боловсруулах,

 

  • Монгол Улсын харъяат болох, харъяатаас гарах, Монгол Улсад орогнох эрх олгох тухай өргөдлийг судалж санал боловсруулан Ерөнхийлөгчид танилцуулан шийдвэрлүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах, албажуулах.

 

2.1.5. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулах, албажуулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар:

  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг судалж, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад тусгахтай холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахад олон нийтийн санал хүсэлтийг судалж, тусгах,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулан албажуулах, олон нийтэд мэдээлэх,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах, албажуулах,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Ерөнхийлөгчид танилцуулан шаардагдах арга хэмжээг авахуулах,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах,

 

  • Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд шаардагдах мэдээ, материал, улс орны нийгэм эдийн засаг, хөгжлийн хөтөлбөрт холбогдох танилцуулга, судалгаа, тооцоо, мэргэжлийн албан дүгнэлтийг гаргуулах.

 

2.1.6. Ерөнхийлөгчийн дотоод албан томилолттой холбогдсон асуудал:

  • Ерөнхийлөгчийн аймаг, орон нутагт ажиллах албан томилолтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, Ерөнхийлөгчийн хэлэх үг, өгөх үүрэг даалгаврын төсөл боловсруулах, уулзалт ярианы тэмдэглэл хөтлөх, албажуулах, албан томилолтын мөрөөр авах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

 

  • Ерөнхийлөгч байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа, зарим төслийн хэрэгжилттэй танилцах ажлын бэлтгэлийг зохион байгуулах, Ерөнхийлөгчийн хэлэх үг, өгөх үүрэг даалгаврын төсөл боловсруулах, уулзалт ярианы тэмдэглэл хөтлөх, албажуулах, мөрөөр нь авах арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох зөвлөгөө, үйлчилгээгээр хангах,

 

  • Ерөнхийлөгч орон нутагт ажиллах, байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа, зарим төслийн хэрэгжилттэй танилцах явцад өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавьж, дүнг танилцуулан шаардлагатай арга хэмжээг авч байх.

 

2.1.7. Ерөнхийлөгчийн бусад үйл ажиллагаанд холбогдсон асуудлаар:

  • Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болон Ерөнхийлөгчийн оролцох хурал, семинар, зөвлөгөөн, чуулганы арга хэмжээний бэлтгэлийг хангах, Ерөнхийлөгчийн хэлэх үг, илтгэл, илгээлтийн төсөл боловсруулах,

 

  • Ерөнхийлөгчийн оролцох албан ажлын уулзалт ярилцлагын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, ярианы сэдэв, асуулт, мэдээлэл, өгөх үүрэг, чиглэлийн төсөл боловсруулах, уулзалт ярианы тэмдэглэл хөтөлж албажуулах,

 

  • Ерөнхийлөгч төр, засгийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын мэдээлэл сонсон, зөвлөмж чиглэл өгөх, уулзалт, ярилцлагыг зохион байгуулах, тэмдэглэл хөтөлж албажуулах,

 

  • Цагаан сараар ахмад настнуудад хүргэх Ерөнхийлөгчийн гарын бэлэг, мэндчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах,

 

  • Ерөнхийлөгчийн олон улсын ба үндэсний хэмжээний түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, хурал, чуулган, семинар, бусад арга хэмжээний үед Ерөнхийлөгчийн хэлэх үгийн төсөл боловсруулах, тэдгээртэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.

 

  1. Тамгын газар нь дор дурдсан үүрэг хүлээнэ:

 

                        2.2.1. Хууль болон энэ дүрэмд заасан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид бодлогын болон мэргэжлийн зөвлөгөө өгөх,

 

                        2.2.2. Ерөнхийлөгчөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон дотоод, гадаадын бүх төрлийн мэдээллийг боловсруулж санал дүгнэлт бэлтгэх ажлыг зохион байгуулах үндсэн дээр Ерөнхийлөгчийг мэдээллээр хангах,

 

                        2.2.3. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талын зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх,

 

                        2.2.4. Ерөнхийлөгчийн шийдвэрийн болон бусад баримт бичгийн /Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулах хуулийн төсөл, илтгэл, мэдээлэл, бусад улстай байгуулах гэрээ хэлэлцээр гэх мэт/ төсөл боловсруулах,

 

                        2.2.5. Ерөнхийлөгчид ирүүлсэн албан бичигт өгөх хариуны санал боловсруулах,

 

                        2.2.6. Ерөнхийлөгчөөс бусад байгууллага, албан тушаалтантай харилцах асуудлыг зохион байгуулах,

 

                        2.2.7. Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын албан хэргийг хөтлөх, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах.

 

            2.3. Тамгын газар дор дурдсан эрх эдэлнэ:

 

            2.3.1. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээ, судалгаа, санал дүгнэлт, танилцуулгыг холбогдох байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гаргуулан авах,

 

            2.3.2. Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэл, гаргасан шийдвэрийг үндэслэн төрийн захиргааны төв болон нутгийн байгууллагын үйл ажиллагааны талаар санал дүгнэлт гаргах,

 

            2.3.3. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад зохих мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах,

 

            2.3.4. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Тамгын газрын үйл ажиллагаанд шаардагдах, ажлын нөхцөл, тоног төхөөрөмж, материал техник хэрэгслээр хангаж байх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.

 

Гурав. Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн

 

            3.1. Тамгын газар нь Захиргааны алба, Зохион байгуулалтын алба, Хэвлэл, мэдээллийн алба, Санхүүгийн тасаг, Шагналын тасаг, Иргэний танхим гэсэн үндсэн бүтэцтэй байна.

 

             3.2. Тамгын газар нь Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, зөвлөх, Тамгын газрын дэд дарга, албаны дарга, тасгийн дарга, Ерөнхийлөгчийн шадар туслах, туслах, албаны зөвлөх, ахлах референт, референт, ахлах шинжээч, шинжээч болон төрийн үйлчилгээний албан хаагчдаас бүрдэнэ.

 

Дөрөв. Тамгын газрын бодлогын зөвлөл

 

            4.1. Тамгын газар нь Ерөнхийлөгчид туслан зөвлөлдөх үүрэг бүхий Тамгын газрын Бодлогын зөвлөлтэй /цаашид Бодлогын зөвлөл гэх/ байна.

 

            4.2. Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд Тамгын газрын дарга, ахлах зөвлөх, зөвлөхүүд, дэд дарга, албаны зөвлөх,  Ерөнхийлөгчийн шадар туслах нар байна.

 

            4.3. Бодлогын зөвлөлийн ажлын хэлбэр нь хуралдаан байна.

 

            4.4. Бодлогын зөвлөлийн хуралдааныг Тамгын газрын дарга зарлана. Ерөнхийлөгчийн зөвлөх хуралдаан зарлах санаачилга гаргаж болно. Хуралдааныг Тамгын газрын дарга /түүнийг эзгүйд орлож байгаа Тамгын газрын дэд дарга эсвэл аль нэг зөвлөх/ даргалан хийлгэнэ. Бодлогын зөвлөлийн хуралдааныг Ерөнхийлөгч санаачлан зарлаж, удирдаж болно.

 

            4.5. Бодлогын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

 

                        А. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн

                          хэрэгжилтийн асуудал,

            Б. Улс орны нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудал,

            В. Шагналын асуудал,

            Г. Бусад асуудал.

 

            4.6. Хэлэлцэх асуудлыг танилцуулах Ерөнхийлөгчийн зөвлөх хариуцан боловсруулж, 1-ээс доошгүй өдрийн өмнө, Бодлогын зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна.

 

            4.7. Зөвлөхүүдийн олонхи оролцсоноор хуралдааны ирц бүрдсэнд тооцогдох бөгөөд шаардлагатай үед даргалагч санал хураалт явуулж, олонхийн саналаар шийдвэр гаргаж, Хуралдааны тэмдэглэлд тусгана.

 

            4.8. Бодлогын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн шадар туслах эсвэл Тамгын газрын даргын томилсон албан хаагч хөтөлж албажуулна.

 

 

            4.9. Бодлогын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг зөвшилцөх хэлбэрээр гаргах бөгөөд шийдвэр нь зөвлөмжийн чанартай байна.

 

            4.10. Бодлогын зөвлөлийн ээлжит хуралдааныг долоо хоног тутмын Даваа гаригт хуралдуулна.

 

Тав. Тамгын газрын захиргааны зөвлөл

 

            5.1. Тамгын газар нь Тамгын газрын дотоод ажил, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Тамгын газрын захиргааны зөвлөлтэй /цаашид Захиргааны зөвлөл гэх/ байна.

 

            5.2. Захиргааны зөвлөлд Тамгын газрын дарга, дэд дарга, албаны дарга, тасгийн дарга, Тамгын газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн ахлагч нар багтана.

 

            5.3. Захиргааны зөвлөлийн ажлын хэлбэр нь хурал байна.

 

            5.4. Захиргааны зөвлөлийн хурлыг Тамгын газрын дарга /түүнийг эзгүйд дэд дарга нар/ зарлаж, удирдана.

 

            5.5. Захиргааны зөвлөлийн хурлаар дараах асуудал хэлэлцэнэ:

  • Тамгын газрын ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт,
  • Тамгын газрын санхүүгийн тайлан, мэдээ,
  • Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт,
  • Тамгын газарт хэрэгжиж буй гэрээ, төсөл, хөтөлбөрийн явц, биелэлт,
  • Төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан,
  • Тамгын газрын албан хаагчдын ажлын сахилга, хариуцлага,
  • Бусад дотоод ажил.           

 

            5.6. Захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг Тамгын газрын даргын туслах хөтөлж, албажуулна.

 

Зургаа. Орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг

 

            6.1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

 

            6.2. Тамгын газар нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг, орон тооны бус зөвлөлийг ажиллах нөхцөлөөр хангана.

 

            6.3. Aжлын хэсэг болон орон тооны бус зөвлөлийн ажлыг Ерөнхийлөгчийн зөвлөх удирдаж, ажлын хэсэг, орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилласан хүмүүст ажлын үр дүнгээр нь тухайн орон тооны бус зөвлөл, ажлын хэсгийг ахалж ажилласан Ерөнхийлөгчийн зөвлөхийн саналыг үндэслэн урамшуулал олгож болно.

 

            6.4. Ажлын хэсэг, орон тооны бус зөвлөлийн гишүүдийн ажиллах журам, Төрийн ордонд нэвтрэх асуудлыг Тамгын газрын даргын шийдвэрээр зохицуулна.

 

Долоо. Тамгын газрын дарга

 

            7.1. Тамгын газрын даргыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлнө.

 

            7.2. Тамгын газрын дарга нь Тамгын газрын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн өмнө хариуцна.

 

            7.3. Тамгын газрын дарга нь Засгийн газрын хуралдаанд оролцож Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж болно.

 

            7.4.  Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

 

            7.5. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Ерөнхийлөгчид, санал дүгнэлтээ танилцуулна.

 

            7.6. Эрхлэх асуудлынхаа хүрээний Тамгын газрын дэд дарга бөгөөд Төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.

 

            7.7. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний нийлүүлэлт, санхүүгийн үр дүнг хянаж, дүгнэнэ.

 

            7.8. Тамгын газрын үйл ажиллагааны хэтийн болон хагас, бүтэн жилийн төлөвлөгөөг баталж, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг хянаж Ерөнхийлөгчид илтгэнэ.

 

            7.9. Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын жилийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавина.

 

            7.10. Тамгын газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хурлыг товлон хийлгэнэ.

 

            7.11. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, хэлэх үг боловсруулах ажлыг нэгтгэн зохион байгуулж, хяналт тавина.

 

            7.12. Ерөнхийлөгчөөс бүрэн эрхийнхээ дагуу явуулах төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

            7.13. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг хангуулах, түүний албан ёсны айлчлал, төрийн тэргүүний ёслолын болон бусад арга хэмжээ, хамгаалалт, үйлчилгээний ажилд хяналт тавина.

 

            7.14. Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг судалж боловсруулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулна.

 

            7.15. Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, шийдвэрт нийцүүлэн захирамж гаргаж, биелэлтийг нь хангуулна.

 

            7.16. Гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан Тамгын газрын чиг үүргийг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ.

 

            7.17. Тамгын газрын албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

 

            7.18. Тамгын газрын дарга үүргээ хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллагын удирдлагатай шууд харилцаж ажиллана.

 

            7.19. Тамгын газрын даргын түр эзгүйд зөвлөхүүдийн ажлыг уялдуулан зохицуулах, зохион байгуулах үүргийг Тамгын газрын дэд дарга гүйцэтгэнэ.

 

            7.20. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Ерөнхийлөгчийн төсвийн Ерөнхийлөн захирагч байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

            7.21. Тамгын газрын хэтийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг хангуулна.

 

            7.22. Дэвшүүлсэн хэтийн зорилтоо хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалт шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлнэ.

 

            7.23. Ерөнхийлөгчийг цагийн байдалтай холбогдсон шуурхай мэдээллээр хангаж ажиллана.

 

            7.24. Тамгын газрын дарга нь Засгийн газрын гишүүний нэгэн адил цалин, ажлын нөхцөлөөр хангагдана.

 

Найм. Ерөнхийлөгчийн зөвлөх, орон тооны бус зөвлөх

 

            8.1. Ерөнхийлөгч ахлах зөвлөх болон зөвлөхүүдтэй байна.

 

8.2. Зөвлөхүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлнө.

 

8.3. Зөвлөхүүд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч, багаар тусалж ажиллах ба хариуцсан асуудлын хүрээнд Бодлогын зөвлөлд ажиллана.

 

8.4. Тамгын газрын даргын үүрэг болгосноор Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх нь Засгийн газрын хуралдаанд оролцож Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж болно. Шаардлагатай гэж үзвэл Тамгын газрын дарга /түүний эзгүйд ахлах зөвлөх/-ын шийдвэрээр Ерөнхийлөгчийн бусад зөвлөхүүд хариуцсан ажлын чиглэлээр Засгийн газрын хуралдаанд оролцож Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж болно.

 

8.5. Зөвлөхүүд нь хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийг шаардлагатай мэдээллээр хангаж, бодлогын зөвлөлгөө өгч тусалж ажиллана.

 

8.6. Зөвлөхүүдийн хариуцах ажлын чиг үүргийг Ерөнхийлөгчийн захирамжаар баталж, зөвлөхүүд нь Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өмнө ажлаа хариуцаж, тайлагнана.

 

8.7. Зөвлөхүүд хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг, төсөл, хөтөлбөрийг ахалж болно.

 

8.8. Зөвлөхүүд Ерөнхийлөгчтэй шууд харьцаж, долоо хоног тутам ажлаа тайлагнаж, бодлогын санал, зөвлөгөөгөө танилцуулна.

 

8.9. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу зөвлөхүүдийн ажлын чиг үүрэгт үл хамаарагдах үүрэг, ажлыг Тамгын газрын даргын захирамжаар хариуцуулж болно.

 

8.10. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан ажлыг Тамгын газрын жил, улирлын ажлын төлөвлөгөөнд тусгуулж, хэрэгжүүлэх ажлыг биечлэн хариуцна.

 

8.11. Иргэд, байгууллагаас Ерөнхийлөгчид ирсэн захидал, өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхэд нь хариуцсан бодлого чиг үүргийнхээ хүрээнд санал, зөвлөгөө, дүгнэлт өгч туслана.

 

8.12. Зөвлөхүүд нь өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад нь туслах үүрэг бүхий туслахтай байх бөгөөд түүнийг ажилд томилох, чөлөөлөх талаар Тамгын газрын удирдлагад санал гаргах эрхтэй.

 

8.13. Зөвлөхүүд нь дэд сайдын нэгэн адил цалин, ажлын нөхцөлөөр хангагдана.

 

8.14. Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдтэй байна.

            8.14.1. Орон тооны бус зөвлөхүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлнө.

            8.14.2. Орон тооны бус зөвлөхүүд нь Бодлогын зөвлөлийн хуралд шаардлагатай асуудлаар оролцож болно.

 

Ес. Хэвлэл, мэдээллийн албаны дарга

 

            9.1 Хэвлэл, мэдээллийн албаны даргыг Тамгын газрын дэд даргын тушаалаар томилж, чөлөөлнө.

 

9.2. Хэвлэл, мэдээллийн албаны дарга нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах, хэвлэлийн нэгдсэн бодлогыг боловсруулан Ерөнхийлөгч, Тамгын газрын даргад танилцуулж хэрэгжүүлнэ.

 

9.3. Хэвлэлд нийтлэгдсэн мэдээ материал, фото зургийн сан бүрдүүлэх ажилд хяналт тавьж, Ерөнхийлөгчид мэдээлэх, танилцуулах үүрэг хүлээнэ.

 

9.4. Хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчидтэй байнгын холбоо тогтоож Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тодорхой сэдвүүдээр хамтран ажиллана.

 

9.5. Дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд Ерөнхийлөгчийн өгөх ярилцлагыг зохион байгуулж бэлтгэнэ.

 

9.6.Ерөнхийлөгчийн албан ёсны уулзалт, яриа, хэлсэн үгийн тэмдэглэл хөтлөх, соронзон болон дүрс бичлэг хийж баримтжуулах ажлыг хариуцна.

 

9.7. Ерөнхийлөгчийн хувийн архивт зориулж дүрс бичлэгийг хуулбарлан өгөх ажлыг зохион байгуулна.

 

9.8. Ерөнхийлөгчтэй холбоотой дотоод, гадаадын хэвлэлд нийтлэгдсэн материалуудад дүн шинжилгээ хийж судлан, мөрөөр нь авах арга хэмжээний талаар зөвлөхүүдтэй хамтран санал, дүгнэлт боловсруулна.

 

Арав. Ерөнхийлөгчийн шадар туслах

 

10.1. Ерөнхийлөгчийн Шадар туслахыг Тамгын газрын дэд даргын тушаалаар томилж, чөлөөлнө.

 

10.2. Ерөнхийлөгчийн шадар туслахууд нь дараах чиг үүргийн дагуу ажиллана:

  • Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлыг 7 хоногоор гаргасан графикийн дагуу шуурхай зохион байгуулж, тусгай бүртгэл хөтөлнө.
  • Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилна.
  • Ерөнхийлөгчтэй уулзах хүмүүсийг бүртгэж, дарааллыг тогтоон зохион байгуулна.
  • Гадаадын зочин, төлөөлөгчдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзах бэлтгэл ажлыг хангуулна.
  • Ерөнхийлөгчийн баримт бичгийг ёсчлох ажлыг зохион байгуулна.
  • Ерөнхийлөгчийн тамгыг түшнэ.
  • Ерөнхийлөгчөөс гадаад, дотоодын байгууллага, иргэдэд өгсөн бэлэг дурсгалын зүйлсийн бүртгэлийг хөтөлнө.
  • Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын даргын өмнө ажлаа тайлагнана.

 

Арван нэг. Тамгын газрын дэд дарга

 

            11.1. Тамгын газар нь хоёр дэд даргатай байх бөгөөд Төсвийн шууд захирагч болон Төслийн ерөнхий менежер байна.

 

            11.2 Тамгын газрын дэд дарга бөгөөд Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах ажлыг хариуцна:

            11.2.1. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахад чиглэсэн Тамгын газрын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөж, хангалтыг зохион байгуулж, шийдвэр гаргана.

            11.2.2. Тамгын газрын үйл ажиллагаа /бизнес/-ны стратеги, хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

            11.2.3.Тамгын газрын төрийн захиргааны жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн, улс төрийн болон үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулан дүгнэх, албан хаагчидтэй хурал, зөвлөгөөн хийх ажлыг зохион байгуулах, шагнал урамшуулал олгох, хариуцлага тооцох, албан хаагчдын талаар санал дүгнэлт гаргах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

            11.2.4. Дэд дарга бөгөөд Төсвийн шууд захирагч нь албан хаагчдыг ажилд авах, чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулах, хүний нөөцтэй холбоотой ажил хариуцна.

            11.2.5. Тамгын газрын албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, уг хэрэгцээг хангах сургалтын бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

            11.2.6. Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээ хийж, ажлын байранд тавигдах шаардлагыг хянан үзэж боловсронгуй болгох арга хэмжээг хариуцна.

            11.2.7. Дэд дарга бөгөөд Төсвийн шууд захирагч нь Тамгын газарт мөрдөгдөх дүрэм, журмыг боловсронгуй болгох, батлуулж, мөрдүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг хариуцна.

            11.2.8. Дэд дарга бөгөөд Төсвийн шууд захирагч нь Тамгын газрын чиг үүргийн өөрчлөлттэй уялдуулан түүний зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлнэ.

 

            11.3. Тамгын газрын дэд дарга бөгөөд Төсөл, хөтөлбөр хариуцсан менежер нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах зорилгоор хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн өдөр тутмын гүйцэтгэлийг хангахад чиглэсэн дараах ажлыг хариуцна:

            11.3.1. Тамгын газрын дэргэд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурж, санхүүгийн тайланг гэрээт хугацаанд нь гаргана.

            11.3.2. Төсөл, хөтөлбөрийн удирдагчдын санал болгосон, шилж сонгосон ажилтнуудтай ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, дүгнэнэ.

            11.3.3. Төслийн ажилтнуудын ажлын үр дүн болон гүйцэтгэлийн шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээг хийж, ажлын байранд тавигдах шаардлагыг хянан үзэж боловсронгуй болгох, төсөл, хөтөлбөрүүдийн зохион байгуулалтын давхцлыг багасгах, үргүй зардал гаргуулахгүй байх ажиллагааг хариуцна.

 

11.4. Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд дарга нь Зохион байгуулалтын албыг удирдаж, үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангуулна.

 

            11.5. Тамгын газрын дэд дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын нэгэн адил цалин, ажлын нөхцөлөөр хангагдана.

 

            11.6. Тамгын газрын дэд дарга нарыг Тамгын газрын даргын захирамжаар томилж, чөлөөлнө.

 

           11.7. Дэд даргын түр эзгүйд түүний үүргийг нөгөө дэд дарга, хоёр дэд даргын эзгүйд Тамгын газрын даргын шийдвэрээр албаны дарга нарын аль нэг нь хариуцан гүйцэтгэнэ.

 

Арван хоёр. Захиргааны албаны дарга

 

12.1. Захиргааны албаны дарга нь Тамгын газрын дэд дарга бөгөөд Төсвийн шууд захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж ажиллах бөгөөд хариуцсан албаны чиг үүргийг ханган хэрэгжүүлэх чиглэлээр нэгжийн менежерийн үүргийг гүйцэтгэн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг хариуцна.

 

            12.2. Тамгын газрын Захиргааны албаны дарга тухайн албаны ажлыг зохион байгуулна.

 

            12.3. Захиргааны албаны дарга нь хариуцсан албаны чиг үүргийг ханган хэрэгжүүлж албан хаагчидтай ажлыг дүгнэнэ.

 

            12.4. Захиргааны албаны даргын үүрэг нь албаны албан хаагчид үүргээ биелүүлэхэд зааж чиглүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, ажиллах нөхцөл бололцоогоор хангах, ажил төрлийн уялдаа холбоог бүрдүүлэх, шаардлага тавьж үр дүнд хүргэх, хариуцлага хүлээлгэх, ажилд нь туслахад оршино.

 

            12.5. Захиргааны албаны дарга нь албан хаагчидтай ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

 

            12.6. Захиргааны албаны даргын түр эзгүйд түүний үүргийг Тамгын газрын дэд даргын шийдвэрээр тухайн албаны албан хаагчдын аль нэг нь хариуцан гүйцэтгэнэ.

 

Арван гурав. Албадын чиг үүрэг

 

            13.1. Зохион байгуулалтын алба

 

            13.1.1. Зохион байгуулалтын алба нь Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн үйл ажиллагаанд туслах үндсэн үүрэгтэй.

            13.1.2. Ерөнхийлөгчөөс гаргах бодлогын шийдвэрийн үндэслэл, төсөл, судалгаа, танилцуулгын бүх төслийг Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн гаргасан чиглэлийн дагуу боловсруулан бэлтгэнэ.

            13.1.3. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган зохион байгуулахад нь Ерөнхийлөгчийн зөвлөхүүдэд тусална.

            13.1.4. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гаргах, тайлан, танилцуулга бэлтгэхэд зөвлөхүүдэд тусална.

            13.1.5. Ерөнхийлөгчийн санаачилж өргөн барих хуулийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөлд өгөх санал, баталсан хууль, бусад шийдвэрт тавих хориг, холбогдох баримт бичгийн төслийг боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

 

            13.2. Захиргааны алба

 

                        13.2.1. Тамгын газрын хүний нөөц, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

                        13.2.2. Тамгын газрын мониторинг, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж, сар тутам биелэлтийн мэдээг гаргаж удирдлагад танилцуулна.

                        13.2.3. Тамгын газрын үйл ажиллагааны стратеги хэтийн төлөвлөгөөг боловсруулж, түүнийг зохих журмын дагуу батлуулж мөрдүүлнэ.

            13.2.4. Тамгын газрын албан хэргийг хууль тогтоомжийн дагуу хөтлөн явуулах, бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг хангах ажлыг зохион байгуулж хариуцна.

            13.2.5. Архив, нууц баримт бичгийг бүрэн хариуцна.

            13.2.6. Тамгын газрын цахим мэдээллийн хуудас, сан, компьютерын программ хангамжийн хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, нууцлалыг хангах, зохих программ хангамжаар хангах үйлчилгээг хариуцна.

            13.2.7. Дотоод ажил, хүний нөөцийн асуудлыг судлаж шийдвэрийн төсөл боловсруулна.

            13.2.8. Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч судлан, уучлал үзүүлэх зөвлөлд танилцуулга, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулна.

            13.2.9. Монгол Улсын иргэний харъяатаас гарах, харъяат болохтой холбоотой хүсэлтийг хүлээн авч танилцуулга, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулна.

            13.2.10. Бүх шатны шүүгчдийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг боловсруулна.

            13.2.11. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан ирүүлсэн хууль зүйн асуудалд холбогдох өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх, холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон бусад албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлнэ.

 

            13.3. Хэвлэл, мэдээллийн алба

 

            13.3.1. Хэвлэл, мэдээллийн алба Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан сурталчлах, ард иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.

            13.3.2. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэл, мэдээлэл, сурталчилгааг хэтийн бодлоготойгоор хариуцан гүйцэтгэж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.

            13.3.3. Ерөнхийлөгчийн өдөр тутмын албан ажлын талаар мэдээлэл авах ажлыг зохион байгуулж, цагийн байдалтай холбогдсон шуурхай мэдээллээр олон нийт, нийгмийг хангана.

            13.3.4. Олон нийтийн санал бодлыг судлан дүгнэлт гарган зөвлөмж, санал, боловсруулна.

            13.3.5. Ерөнхийлөгчийн талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ материалд тойм хийж, тайлбар, мэдэгдлийн төсөл, үндэслэл боловсруулан бэлтгэж Тамгын газрын даргад танилцуулан Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

            13.3.6. Хэвлэлийн бага хурал зохион байгуулах, Ерөнхийлөгчийн гадаад болон орон нутагт томилолтоор ажиллах, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай тухайлан танилцахад сэтгүүлч, сурвалжлагч нарын хэсгийг бүрдүүлж ажиллана.

            13.3.7. Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулна.

            13.3.8. Монгол Улстай холбоотой ном, хэвлэл, нэвтрүүлгийн санг бүрдүүлэх, тэдгээрт дүн шинжилгээ хийж танилцуулга бэлтгэн Тамгын газрын даргад танилцуулна.

 

            13.4. Шагналын тасаг

 

            13.4.1. Шагналын тасгийг Тамгын газрын дарга шууд удирдлагаар хангана.

            13.4.2. Улсын цол хүртээх, одон, медалиар шагнахтай холбогдсон бүх үйл ажиллагааг зохион байгуулна.

            13.4.3. Шагналын тухай мэдээ, мэдээлэл, бичиг баримтыг боловсруулж Бодлогын зөвлөлийн хуралд асуудал оруулна.

            13.4.4. Шагналын мэдээллийн сан бүрдүүлнэ.

 

            13.5. Иргэний танхим

 

            13.5.1. Ерөнхийлөгчийн санаачилсан, хууль тогтоомж, шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, тэдний санаа бодлыг хүлээн авч төсөлд тусгуулах ажлыг зохион байгуулна.

            13.5.2. Иргэний танхимын зорилго, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах үүргийг хүлээнэ.

            13.5.3. Хууль, эрх зүйн  шинэтгэлийн асуудлаар  иргэдийн санал, хүсэлт, зөвлөгөө,  мэдээ, мэдээллийг хүлээн авч Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон хууль тогтоомж, шийдвэр боловсруулах ажлын хэсэгт уламжилна.

            13.5.4. Хэлэлцүүлэгт байгаа, иргэдийн саналыг тусгаж  хэлэлцэгдсэн мөн хууль тогтоох байгууллагад өргөн баригдсан хуулийн төслийн явц үр дүнгийн талаар иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлэл хийх, уулзалт, ярилцлага зохион байгуулна.

            13.5.5. Иргэний танхимд явагдах хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах, холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб хуудас байршуулах ажлыг хариуцна.

            13.5.6. Иргэний танхимын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.

 

 

---оОо---