АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГА(АПЕК)-ЫН “ТҮНШЛЭЛИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ" СЭДЭВТ ФОРУМД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Түвшинбаяр 2014-11-08 22:27:46

АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр уг форумд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга аа,

Хуралдаанд оролцож буй улс, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, 

Хүндэт зочид оо,

Хатагтай, Ноёд оо,

Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа БНХАУ-ын Засгийн газарт гүн талархлаа илэрхийлье.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  “Эдийн засгийн тэргүүн нарын долоо хоног” (APEC Economic Leader’s Week)-ын хүрээнд 2014 оны хурлыг даргалагч БНХАУ-ын санаачлагаар энэхүү форумыг зохион байгуулж, энэхүү форумд намайг урьсан БНХАУ-ын дарга ноён Си Зиньпинд гүн талархалаа илэрхийлье. 

Монгол Улс нь АПЕК-ийн зорилго, зарчмыг бүрэн дэмждэг бөгөөд АПЕК-тай хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа 1993 оноос эхлэн илэрхийлж ирлээ.

АПЕК-ийн гишүүнчлэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахын төлөө чармайж, 2000 оноос хойш АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудын жишгээр "Худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын төлөвлөгөө" гарган ажиллаж байна.

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 80 орчим хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудад ноогдож байна.

Монгол Улс Ази, Номхон далайн эрчимтэй хөгжиж байгаа улс бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч байгууллага болох АПЕК–т элсэх явдлыг  тэргүүн зэргийн зорилтоо болгож ирснийг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ бол манай гадаад бодлогын стратегийн зорилт юм.

Монгол Улс Ази, Номхон далайн улс гэдэг нь дан ганц газар зүйн ойлголт төдийгүй улс төрийн  бодит хүчин зүйл юм. Монгол Улс олон улсын хурал чуулган, байгууллагад, түүний дотор НҮБ-д Ази, Номхон далайн бүс нутгийн бүлэгт харъяалагддаг. Ийм учраас бид АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш орон болох, Зүүн Азийн дээд хэмжээний үйл явцад нэгдэх зорилтыг мөн тавьж байгаа юм.

Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч Ази-Европыг холбосон хамгийн дөт дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэц бүхий газар зүйн байрлалаа Ази, Номхон далайн эдийн засгуудтай холбогдох гарц, боломж, давуу тал гэж хардаг.

Ази-Европ болон БНХАУ-ОХУ-ын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс ийнхүү өөрийн  газар зүйн байрлалын давуу талыг ашиглаж хоѐр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд үйлчлэх, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд явж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан коридороор өнгөрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байна.

Монгол Улс нь бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд нэгдэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд идэвхи чармайлт гарган ажиллаж байгааг энд дурьдахийг хүсч байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд хэрэгжүүлж байгаа Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд Монгол Улс нэгдэн орсон бөгөөд Азийн хурдны замын сүлжээний AH3, AH32 болон AH4 чиглэлийн замуудыг манай улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээж, санаачилга гарган ажиллаж байна.

 “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төсөл”-ийг эхлүүлсэн бөгөөд 2016 онд шинэ нисэх буудлаа ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байна. Энэ буудал ашиглалтад орсноор Монгол Улс нь Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх зангилаа /hub/ болох боломжийг бүрдүүлнэ.

Төмөр замын тээврийн салбарын хувьд, Монгол Улсын хэмжээнд нийтдээ ойролцоогоор 5600 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөснөөс эхний болон 2 дугаар үе шатны 1800 км төмөр замын суурь бүтцийн ажлыг 2013 онд эхлүүлээд байна.

ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын энэ онд Монгол Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд яригдсан дамжин өнгөрөх тээврийн коридор байгуулах асуудал нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт эрх тэгш, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд тустай юм.

Орос, Хятадыг холбосон автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг багтаасан “Талын зам” төслийг хэрэгжүүлэх ажилд Монгол Улс нэг оролцогч нь байж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа энд дахин илэрхийлье.

Хатагтай, Ноёдоо

Бүс нутгийн зах зээлд тогтвортой, найдвартай түнш байхын тулд бидэнд шинээр  дэд бүтцийг бий болгох, байгаагаа улам сайжруулах, бүх талаараа бүс нутгийн дэд бүтцийн интеграцид орох зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Нөгөө талаар өндөр технологи оруулах, дэд бүтцийн санхүүжилтийг шийдэх асуудал ч байна. Манайх дан ганц түүхий эд гадагшаа зөөдөг биш, түүнийг орчин цагийн шаардлагад нийцүүлж боловсруулаад нэмэгдсэн өртөгтэй, харилцан ашигтай бизнес болгох нь Монголын ашиг сонирхол юм. Энэ чиглэлээр бид Та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсч байна.         

Монгол Улс эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай бүс нутгийн дэд бүтцийн чиглэлд ойр дотно хамтран ажиллах нь чухал хүчин зүйл болохыг тэмдэглэхийн зэрэгцээ манай эдийн засгийн хүч чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарт АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Дүрсийг доорх хаягаар татаж авна уу

https://www.youtube.com/watch?v=EKykjG1zXZM&feature=youtu.be