Ц.Элбэгдорж: Ардчиллын гуравдахь давалгаа гэгддэг улс орнуудын дотроос Монгол Улсын ардчилсан шинэчлэл олон талаар өвөрмөц юм

Түвшинбаяр 2014-09-25 10:25:03

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

"2015 ОНЫ ДАРААХ ХӨГЖЛИЙН  ШИНЭЧЛЭГЧ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ"

Нью-Йорк хот, 2014 оны 9 дүгээр сарын 24

Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон С.Кутеса сайдад юуны өмнө чин сэтгэлийн баяр хүргэе.

Бидний үйл ажиллагааг ойрын саруудад удирдан зохион байгуулах өндөр хариуцлагатай ажлыг тань манай төлөөлөгчид бүрэн дэмжиж ажиллах болно.

Ноён Дарга аа,

Хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явууллага, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг олон төрлийн хямрал хүн төрөлхтөнд тулгараад байна.

Энэхүү ороо бусгаа цаг үед олон улсын хамтын нийгэмлэг олон талт хамтын ажиллагааны цөм - Нэгдсэн Үндэстний Байгууллагыг дэмжин хүрээлж, түүний  Дүрэм, олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг дээдлэх шаардлагатай байна.

Бид бүхэнд амар амгалан, хөгжил дэвшил юунаас ч илүү эрхэм байна.

Монгол Улсын санаачилгаар 30 жилийн тэртээд баталсан Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд хүч чармайлтаа дайчлах цаг ирлээ.

Терроризмын аливаа хэлбэр, илрэлийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бид тууштай дэмжиж ирсэн.

Монгол Улс терроризмтай тэмцэх олон улсын олонх гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон билээ.

Ирак, Левантын Исламын улс гэгч террорист бүлгийн балмад хэрцгий үйлдлүүд нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг эрс шийдвэртэй ажиллаж, эл асуудлыг НҮБ-ын Дүрмийн дагуу цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Эбола өвчний хямралыг шуурхай, үр дүнтэй, нэгдмэл байдлаар зохицуулахад олон улсын дэмжлэгийг дайчлан уг өвчинтэй тэмцэх НҮБ-ын багийг эмхлэн байгуулахад манлайлж байгааг Монгол Улс сайшааж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей энэ асуудлаар баталсан холбогдох тогтоолыг бид дэмжиж байна.

Украин дахь нөхцөл байдлыг хүчирхийллийн аргаар бус гагцхүү улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх учиртай.

Энэхүү хямралыг шийдвэрлэх бүхий л хүч чармайлт, түүний дотор энэ сарын эхээр Улаанбаатар хотноо дэвшүүлсэн “Путины хөтөлбөр” болон Минскийн протокол, түүний мөрөөр байгуулсан Санамж бичгийг харгалзан одоогийн гал зогсоосныг бататгах шаардлага тулгарч байна.  

Ноён Дарга аа,

Ардчиллын талаар

Монгол Улс 25 жилийн тэртээ хуулийн засаглал, ардчилал, зах зээлийн эдийн засаг, нээлттэй нийгмийг цогцлоох хөгжлийн замыг сонгосон билээ.

Ардчиллын гуравдахь давалгаа гэгддэг улс орнуудын дотроос Монгол Улсын ардчилсан шинэчлэл олон талаар өвөрмөц юм.    

Бид ардчилал, зах зээлийн эдийн засагт нэгэн зэрэг тайван замаар шилжсэн.

Ардын Их Хурлын 1990 оны сонгууль бүс нутагтаа анхных төдийгүй бүрэн чөлөөт, шударга сонгууль байсан.

Бид хөгжлийг нийтэд хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог хангах үүднээс засаглалын хэт төвлөрлийг шууд ардчиллаар халах бодлогыг хэрэгжүүлж байна.

Чингэснээр, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, төсвийг хуваарилах, зарцуулахад иргэд хяналт тавьдаг боллоо.

Хөгжлийн хэтийн зорилтыг тодорхойлох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилгоор Монголын эдийн засгийн чуулга уулзалт, Бизнесийн дээд хэмжээний уулзалт, “Дискавер Монголиа” зэрэг олон уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. 

Түүнчлэн, хөрөнгө оруулалтын, хөрөнгө оруулалтын сангийн, газрын тосны, төсвийн ил тод байдлын тухай болон бусад хуулийг шинээр батлан гаргалаа. 

Манай улс олон улсын тавцанд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлыг тус тус даргалав.

Бид “Онлайн эрх чөлөө” эвслийг даргалж байгаа нь Азийн анхны улс орон болж байна. Онлайн эрх чөлөө бол хүний үндсэн эрх хэмээн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл шийдвэрлэснийг бид дэмждэг.

Ардчилал, эрх чөлөөг тууштай хамгаалдаг Монгол Улс “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлэхдээ чөлөөтэй, найдвартай интернетийг үндэсний болон олон улсын хэмжээнд дэмжин ажиллах  болно.

Ардчиллыг шинээр тогтоож буй  улс орнуудыг дэмжих зорилгын үүднээс бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгууллаа.           

Бидэнд бусдад зааж сургахаас илүү харин туршлага, сургамжаа хуваалцах эрмэлзэл байдаг.  Эл зорилгоор парламентын ардчилал, хууль, эрх зүйн шинэчлэлийн туршлагаа Кыргыз улстай хуваалцаж, Афганистаны дипломатууд, Мяньмарын сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. 

Ноён Дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтыг  эрчимжүүлэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга Та манлайлж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь алс хэтийн сорилт бус өнөөдөр нэн даруй шийдвэрлэх ёстой асуудал болоод байна.

Парис хотноо дараа жил болох Конвенцид оролцогч талуудын 21 дэх уулзалтыг угтаж хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэлгүй барих амлалтаа баталгаажуулах ховорхон боломжийг өчигдрийн Дээд хэмжээний уулзалт улс орнуудын тэргүүн нарт олголоо.

Шийдвэртэй арга хэмжээ хэрэгжүүлж, улс төрийн зориг гаргахгүй бол энэ амлалт   өнгөц мөрөөдөл төдий үлдэх аюултай.

Бидэнд цаг хугацаа давчуу байна. Гэвч эх болсон дэлхийгээ хөнөөх эрх хэнд ч байхгүй. Тиймээс шийдвэртэй ажиллах цаг ирлээ.

Уур амьсгалын олон улсын Ногоон сангийн үйл ажиллагааг эхлүүлж, хүлэмжийн хийг бууруулсан улс орнуудыг тус Сангаас урамшуулах нь олон талын ач холбогдолтой байх болно.

Уур амьсгалын өөрчлөлтөөс ангид улс гэж нэгээхэн ч үгүй билээ.

Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн олон зууны түүхэн уламжлалтай манай улсад ч уур амьсгалын өөрчлөлтийн зүй бус үр дагавар илтэд мэдрэгдэж байна.

Ийм учраас манай улс Ногоон хөгжлийн бодлогоо саяхан баталлаа.

Нүүрс хүчлийн хийн төлбөр тогтоох тухай Мэдэгдэл, Ойг устгахын эсрэг Нью-Йоркийн Тунхаглалыг бид дэмжиж байна.

Ноён Дарга аа,

Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар  

Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-уудын хэрэгжилтийн үр дүнд үндэслэсэн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг томъёолох эрхэм үүрэг Ерөнхий Ассамблейн энэхүү чуулганд оногдож байна.  

Ерөнхий нарийн бичгийн даргын холбогдох илтгэлд үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудыг Засгийн газрууд Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганаар хэлэлцэж эхлэнэ гэдэгт итгэж байна.

Түүнчлэн ТХЗ-уудын асуудлаарх нээлттэй ажлын хэсэг өнгөрсөн бүтэн хагас жилийн хугацаанд шаргуу ажилласныг болон төгсгөлийн баримт бичиг гаргасныг сайшаан тэмдэглэж байна.

“Рио+20” буюу Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО) зэрэг эмзэг бүлэг улс орнуудад тулгарч буй өвөрмөц сорилтуудыг онцлон тэмдэглэсэн.

Гэсэн хэдий ч ДГХБО-ын өвөрмөц хэрэгцээ шаардлагыг Нээлттэй ажлын хэсгийн төгсгөлийн баримт бичигт түлхүү тусгах нь зүйтэй. Үүнийг залруулах ажлыг засгийн газар хоорондын хэлэлцээний явцад хийнэ гэж итгэж байна.

Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 10 жилийн хэрэгжилтийг дүгнэхийн өмнө манай улс өнгөрөгч 6 дугаар сард “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-д үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний бага хурлыг өөрийн оронд зохион байгууллаа.

Бмд бүс нутгийн сүлжээнд хамрагдах үүднээс Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орлоо.

Ноён Дарга аа,

Монгол, Орос, Хятадын  дээд хэмжээний уулзалтын талаар

БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар саяхан Монгол Улсад айлчлах үеэр дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны саад тотгорыг багасгах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр бид ярьж тохиролцлоо.

Энэ сарын эхээр Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын анхны гурван талт уулзалтаар бид дээрх тохиролцоогоо дахин нотоллоо.

Манай улсын хоёр хөрштэйгээ хөгжүүлж буй хамтын ажиллагаа өргөжих нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжилд нааштай нөлөөлж, гуравдагч хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлж  байна.

Монгол Улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад ажил хэрэгч байдлаар оролцохыг эрмэлзэж байна.

Манай улс Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнгөрөгч 7 дугаар сард гарын үсэг зурсан.

Ноён Дарга аа,

Зүүн Хойд Ази

Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх нэг зорилт юм.

Яриа хэлэлцээ, нээлттэй хэлэлцүүлэг нь улс орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлнэ гэж итгэж байна.    

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг урагшлуулах хүрээнд бид Зүүн Хойд Азийн Эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Хотын дарга нарын уулзалт зэрэг үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Солонгосын хойгийн тогтвортой байдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Тийм учраас бид Зургаан талт хэлэлцээг аль болох ойрын хугацаанд сэргээхийн төлөө байна.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид гэж зарласан орны хувьд Солонгосын хойг цөмийн зэвсэггүй байх ёстой гэж үздэг.

Ноён Дарга аа,

Аюулгүй Зөвлөлийн шинэчлэлийн талаар  

НҮБ геополитикийн томоохон өөрчлөлтийн энэ цаг үед эдийн засаг, улс төрийн шинэ нөхцөл байдалд нийцэн шинэчлэгдэх ёстой.

Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэх зэрэг нэгэнт цаг нь болсон НҮБ-ыг шинэчлэх үйл явцыг түргэтгэх шаардлагатай байна.

НҮБ-ын нийт гишүүн улсаас 70 нь Аюулгүйн Зөвлөлд урьд нь сонгогдож байгаагүй бөгөөд Монгол Улс тэдний нэг билээ.

Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд  Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд гишүүн орнуудын дэмжлэгийг хүсч байна.

Ноён Дарга аа,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган 2015 оноос хойшхи хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тохирно гэж итгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье.

Үндсэн стратеги нь айх аюулгүй, эрх тэгш, цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд хамтран ажиллахад бид бүгдийг зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.