МОНГОЛ УЛСЫН “ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ЗОРИУЛЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Түвшинбаяр 2014-07-10 12:58:33

Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоороо омогшсон элэг нэгт Монгол ахан дүүсээ!

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа!

Эрхэм хүндэт  зочид төлөөлөгчид өө!

Төрт ёсны эрхэм нандин баялаг уламжлалтай Монголын ард түмэн эх оронч, эрэлхэг баатарлаг өвөг дээдсийнхээ хөлс, цус нэвчсэн ариун дагшин газар шороон дээр  туурга тусгаар төр улсынхаа ариун голомтыг бадрааж мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төрт ёсны гурав дахь мянганы  түүхийг бүтээж байна.

Монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн ялалт, амжилт бүхнээ, төрөлх эх орныхоо мандал бадралыг  мөнх хөх тэнгэрийн хүчин, төрийн сүлдний өршөөл буян, Монгол хүн болж төрсний хувь заяа хэмээн эрхэмлэн дээдлэж ирсэн ард түмэн.

Манай улсын төрийн алтан соёмбот сүлд, эрдэнийн далбаа тэргүүтэн нь Монголын төрт ёсны нандин уламжлал, гүн утга санааг агуулан өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ холбоонд мөнхөд мандан бадарч байхыг бэлгэддэг юм.

Ертөнцийн умард, өмнөд туйл, дэлхийн дээвэр Хималай, сансрын уудам, НҮБ-ын  ордон, олимп, тив дэлхийн аваргын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл болон мандаж байдаг нь  ард түмэн, төр, улсын маань  жинхэнэ бахархал билээ.

Монголын ард түмний Төрийн их баяр наадмын босгон дээр эрдэнийн соёмбот далбаагаа Алтай, Хангай, Говь, Тал нутгийнхаа халуун хээлэнд  мандуулж, эх орноо батлан хамгаалах цэргээ жагсаан сүлд хийморио бадруулдаг нь Монголын төрт ёсны сайхан  уламжлал болон тогтлоо. Энэ эрхэм ёслолыг Монгол төр зарлигаар тогтоож, хуулиар бататгасныг онцлон хэлэхэд таатай байна.

Монголчууд та бид “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Монгол цэрэг өнөөдөр эх орон, ард түмэн, төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж, зөвхөн эх орноо хамгаалагч төдийгүй улс түмний энхийг сахиулагч цэрэг, дэлхийн цэрэг болон яруу алдраа дуурсгаж байна.

Улс орны хөгжил дэвшлийн онцгой хариуцлагатай энэ цаг үед бидний монголчууд хэзээ хэзээнээс илүү эе эвтэй байж, хойч үеийнхээ сайн сайхны төлөө оюун билгээ шавхан дайчилж, чин шударгаар хичээн зүтгэх учиртайг Төрийн алтан сүлд, эрдэнийн далбаа  маань  ухааруулан сануулж байна.

Өвөг дээдсээс үе дамжуулан өвлүүлсэн Төрийн алтан сүлд , тусгаар тогтнол, гал голомт, ариун дагшин газар шороо, эрдэнэт мал сүрэг, үндэсний их түүх соёл, хэл бичиг, үе үеийн эрдэмт иргэд, цэрэг эрсээ төрүүлэн бойжуулж, тэтгэн дэмжиж ирсэн манай ухаант ард түмний  өлмий бат оршиг.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолынхоо баталгаа нь байж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлэх болно.

Монгол Төрийн сүр хүч мөнхөд оршин, Монгол Төрийн алтан соёмбот далбаа эгнэгт мандан намирах болтугай. 

Монголын ард түмэн, монгол цэргийн цог хийморь улам бадартугай.

Та бүхэндээ Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

ХУРАЙ,  ДАЙЧИД АА!