Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн шагнал гардуулж хэлсэн үг

Түвшинбаяр 2014-07-10 09:14:10

Мянганаар өртөөлсөн Тулгар төрийн их ой, Их Монгол Улсын 808 жил тохиож, Үндэсний их баяр наадмын урь дэлгэрч, эх орны дөрвөн зүг найман зовхист хурдан морины гийнгоо цангинасан энэ мөчид Монголын төрт ёсны их Хүндэтгэл Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан эрхэм иргэддээ төрийн өндөр дээд цол, одон медаль гардууллаа.

Нэгэнт цагт “Чингисийн чулууны бичиг” хэмээх Монгол туургатны гайхам сууг дархалсан дурсгалын бичээст “Есүнхэй мэргэн 335 алд” буюу одоогийнхоор бол 500 хол метрт харван онож, дэлхийд дайчин алдраа мандуулсан Монгол эрсийн домгийг бүтээж байсан түүхтэй. Чухамдаа монгол хүн бүр морьтон адил монгол хүн бүр харваач байсан.

Өнөөдөр тэр түүхийн үргэлжлэл болж, Дорнод Монголын алдарт харваач, эх орныхоо төлөө амь бие үл хайрлан дайтаж явсан ахмад дайчин Аюушийн Цэвээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монголчууд гойд чадварлаг харваач байснаараа дэлхийн цаг тооны бичгийн үлэмж хувийг үндэстнээрээ овоглож чадсан. Харваа бол улс үндэстний тэсэн үлдэх хийгээд мандан бадархуйн түшиг тулгуур байсан, эдүгээ Монгол түмний наадмын үндсэн төрөл юм. 

Аюушийн Цэвээн гуай улсад дөрвөнтээ түрүүлж, найм үзүүрлэн, Монгол соёлынхоо бахархалт өв болсон нум сумыг олон жил урлаж, алдар цуутай олон шавь төрүүлсэн нь түүний Монгол Улсын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсний үр өгөөж юм. Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн улсынхаа нэр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгасаар байгаа дэлхийн энтэй шүүгч, спортын зүтгэлтэн Адуучийн Басхүү, Санхүү, эдийн засгийн салбарт хоёр түмэн шавь төрүүлсэн ахмад багш Жамъяны Нямсүрэн, сонгодог урлагийн тайзнаа тод мөрөө дархалсан манай нэртэй уран бүтээлч Адилбишийн Дашпэлжээ нар  ардын цолтон боллоо.

Энэ мөчид Монгол Улсын гавъяат цолтнууд ч хүрээгээ тэллээ. Хүн төрөлхтний спорт гэгдэх Хөлбөмбөгийн ДАШТ ид өрнөж буй энэ мөчид Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд олон жил хөдөлмөр зүтгэлээ зорилуж ирсэн Лувсандоржийн Сандагдорж Гавъяат дасгалжуулагч боллоо.

Энд нэгэн хүний гавъяаг онцгойлон дурьдах хэрэгтэй. Манай ахмад үеийн шалгарсан нисгэгчдийн нэг Далайн Баатар Монгол Улсын гавъяат нисгэгч боллоо. Тэрээр агаарт 17 мянган цаг нисч, 6 сая км туулан 111 мянган зорчигч тээвэрлэн мөнгөн цагаан хөлгөөр 4000 гаруй цаг хөөрсөн нэртэй нисгэгч юм.

Түүнийг 1975 онд Улаанбаатар –Дундговийн  чиглэлд нисч байсан АН-24 онгоцны нисгэгчээр нислэг үйлдэж явахад нь тас шувуу онгоцны урд шилийг мөргөж онц аюултай нөхцөл үүссэн үед авхаалж гарган онгоцоо аюулгүй газардуулж 50 шахам зорчигчийн амь насыг аварч байсан түүхтэй. Хожим  мөн  1983 онд 42 зорчигч тээвэрлэж явсан онгоцных нь баруун хөдөлгүүр агаарт унтарч гарцаагүй ослын аюул нүүрлэхэд мөн л мэргэжлийн самбаа, чин зориг, өндөр чадвар гарган онгоцоо амжилтай газардуулж байжээ. Энэ бол яахын аргагүй гавъяат,  эрэлхэг үйлс юм.    

Мөн өнөөдөр энэ танхимд мянга мянган шавь төрүүлсэн багш нар, буянт малынхаа тоо толгойг өсгөж, монгол ухаанаа өвлүүлэн яваа малчин ардын маань төлөөлөл гээд механикжуулагч, төмөр замчин, хөгжим судлаач, дуучин, зураглаач, алтан гартай эмч, геологич нарын мэргэжил мэргэжлийн эзэд гавъяатын алдраа хүртлээ.

“Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” ардын сайхан сургааль бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг аа. Үүний зэрэгцээ хариуцлага, улам илүүг бүтээх итгэл ч дагалдаж байдаг.

Энэ танхимд шагнал хүртсэн болон орон даяар хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт иргэддээ, Та бүхний гэр бүл, хамт олон, үйл хэргийг тань түшиж ирсэн тэр эрхэм хүмүүст гүн талархал дэвшүүлье.

Та бүхэн сайхан наадаарай.

 

Шагналын зургийг энд дарж татаж авна уу.

Мэдээний дүрсийг энд дарж үзнэ үү.