Ц.Элбэгдорж: Шүүгч бол өөрөө хууль байдаг

Түвшинбаяр 2014-07-07 18:41:39

Шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр болов. Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгч, тэдэнд хандан үг хэллээ.

Шүүгч бол нэг талаасаа Монголын төрийн толь юм

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан үйл явдал болж байна. Нэг дор 43 шүүгч томилогдож үнэмлэхээ гардаж авч байсан тохиолдол ховор байх аа. Шүүхийн чиглэлийн хуулиуд батлагдаж, үүний дагуу сонгон шалгаруулалтад оролцсон 400 гаруй хүнээс 252 нь тэнцэж шалгалт өгсөн. Тэр 252 хуульч дотроос та бүхэн шалгарч шүүгчээр томилогдож байна. Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх энэ нэр хүндтэй, эрхэм алдрыг хүртсэн та бүхэнд баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж, амжилт хүсье.

Уламжлалаа харсан ч бид нар мэднэ. Шүүгч гэдэг асар их эрхэм алдар байдаг. Монголын төр, Монголын түүхэнд маш өндөр эрхэм алдар. Хуульч хүний гол мөрөөдөл бол шүүгч болох мөрөөдөл байдаг. Аль ч оронд тийм. Та бүхэн энэ мөрөөдөлдөө хүрч чадсан нь маш том амжилт. Одоо мөрөөдөлдөө хүрсэн энэ том зорилгоо ажил, амьдрал дээр сайн хэрэгжүүлэх нь хамгийн чухал зүйл юм. Өнөөдөр анх удаа шүүгчээр томилогдож байгаа хүмүүс олон байна. Шүүгчийн өөрийнх нь зан төлөв, ёс зүй, шүүгч хүний өөрийгөө авч явах байдал маш онцлог байх ёстой гэж боддог. Монголын ард түмэн ч тэгж хардаг. Хүмүүс ч тэгж хардаг.Шүүхийн танхимд, ажил дээрээ ирж байгаа, ажил дээрээ ирээд, ажлынхаахаалгаар ороод гарах хүртлээ шүүгч гэдэг хүний зан төлөв, биеэ авч явах орчин нөхцөл, ёс зүйг та бүхэн харуулах ёстой. Шүүгч бол нэг талаасаа Монголын төрийн толь нь байгаа юм. Та бүхнийг харж төрийг дүгнэж, та бүхнийг харж түмэн олны итгэл дээшилж байдаг. Шүүхээр дамжиж төрд итгэх ард түмний итгэл сэргэж байдаг. Муу ажиллавал доошоо орж байдаг. Ихэнх олон шүүгч сайн ажиллаад явж байхад нэг, хоёр хүн юм уу, тодорхой хүрээнд буруу ажиллаж байгаа, хуулиа зөрчиж байгаа үзэгдэл гарвал эргээд нийт олон шүүгчдийнхээ, Монголын төрийн, хууль, шүүхийн байгууллагын нэрд сэв суулгадаг. Үүнээс үүдсэн ёс зүй, зан төлөв, мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг бол хамгийн чухал зүйл гэдгийг хэлэх гэсэн юм.

Шүүхийн шинэтгэлийн амжилтад хүрэх хамгийн гол үндсэн нөхцөл нь шүүгчид өөрсдөө юм

Би нэг зүйлд их баярлаж явдаг. Аливаа байгууллагад, аливаа оронд, аливаа салбарт ямар нэг шинэтгэл хийнэ гэхэд ер нь эсэргүүцэлтэй тулгардаг. Шинэтгэлийг хийхийн тулд манлайлал хэрэгтэй. Тухайн манлайлагч, удирдагч хүний манлайлалхамгийн чухал байдаг.Эхлээд тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь эсэргүүцэж байдаг. Дараа нь шинэтгэлийг ойлгоод дагадаг. Ийм л зүйл л дээ.

Энэ талаас нь харж үзэх юм бол манай шүүгчид өөрсдөө энэ шинэчлэлийг маш их хүсч, “Шинэчлэл хийх юмсан. Үнэхээр энэ шүүх, хуулийн салбарын нэр хүндийг өргөх хэрэгтэй. Бид чадна” гэсэн итгэлтэйгээр хүлээж авч, энэ шинэчлэлтэй хамт явсанд нь би баярладаг. Одоо ч тийм байгаа. Шүүхийн шинэтгэлийн амжилтад хүрэх хамгийн гол үндсэн нөхцөл нь манай шүүгчид өөрсдөө байгаа юм. Өмнө нь шүүхэд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, шинээр ажилд орж байгаа эдгээр хүмүүс энэ уламжлал, энэ бүрэлдэхүүний нэг хэсэг болж цаашаа явах юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж шинэтгэл хийнэ, шүүхийн талаас хийх ёстой өмнө нь тулгамдаж байсан асуудлуудыг шийднэ гэдэг бол нэг талын их том ажил, хариуцлага. Бас хүмүүсийн хүлээлтийг цаашаа авч явна гэдэг бол нөгөө талаас ирж байгаа асар том үүрэг юм.Тэгэхээр энэ түвшинд та бүхэн үүнийг ойлгож явбал зүгээр.

Шүүгч өөрөө хууль байдаг. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр жишиг тогтоодог

Өөр нэг зүйл бол шүүгчээр дамжиж Монголын хуулийг ойлгодог. Аливаа оронд тийм шүү дээ. Шүүгч өөрөө хууль байдаг. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр жишиг тогтоодог. Жишиг тогтооно гэдэг бол энэ хуулийг ингэж хэрэглэх юм байна. Үүнийг ингэж үзэх юм байна гэсэн үг. Шүүгч хэчнээн олон талыг харж, яаж хуулийнхаа дагуу асуудлаа шийдвэрлэж байна вэ. Эсвэл үгүй юү гэдгээр шүүгчийн ажил хэмжиглэж байдаг. Ийм зүйл байгаа юм. Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн хараат бус байдал гэхээр хүмүүс олон янзаар ойлгодог. Гэхдээ нэг ойлголт бол их давамгай, зөв ойлголт гэж би боддог. Шүүгчийн хараат бус байдал гэдэг бол тэр хүн зөвхөн тэр хуулийг яаж хэрэглэж байна вэ гэдэгт байдаг. Хуульд бичсэнээр шүүгч шийддэг учраас хараат бус байдлыг тэгж ойлгодог. Өглөө ажилдаа ямар зантай ирсэн, ямар сэтгэл зүйтэй байгаа. Ямар нөлөөлөл, дарамт байгаа, нийгмийн сэтгэл зүй ямар байгаа гэдгээс биш, ерөөсөө хуульд бичсэнээр асуудал шийддэг учраас хараат бус байдал гэж үздэг. Үүнийг бас их сайн ойлгох хэрэгтэй. Тэр хангамж, цалин мөнгө ямар байна. Шүүгч гэдэг албан тушаалыг л хашиж байгаа бол би хуульд бичсэний дагуу ажиллана. Миний үйл ажиллагаа, миний шийдвэр Монгол Улсын хуулийн дагуу гарна гэсэн байдлаар хуулиа л хатуу барьсан тохиолдолд хараат бус байдал шийдэгддэг. Нөгөө талаас Монголын ард түмэн хууль хэлбэрэлтгүй хэрэгжихэд, хууль шударга, зөв хэрэгжихэд таатай ханддаг хүмүүс шүү дээ. Буруу хэрэгжихийг маш сайн олж хардаг болсон.

Хэдэн арван жилийн өмнө шүүгч хийж байсан, өнөөдөр шүүгчээр томилогдож ороод ажиллана гэдэг бол нөхцөл байдлын хувьд их өөр болсон. Та нар ч өөрсдөө мэдэж байгаа. Шүүгч хүний хэлж ярьж байгаа үг, шийдвэрээ гаргаж байгаа байдал, шийдвэрээ үндэслэж байгаа, бичиж байгаа нөхцөл, олон талыг авч үзэж байгаа, энэ бүхнийг хүмүүс харж байдаг. Буруу шийдвэр гаргах юм бол маш амархан олон нийтийн нүдэнд өртөх, очих магадлалтай. Өмнө нь, хэдэн жилийн өмнө, нэг хурал хийхэд теливизийн ганц камер байвал байдаг байсан. Одоо бол хүн бүхний гар утас тийм чадвартай болсон шүү дээ.

Газар бүхэн, хаана явж байна. Шүүгч юу гэж ярьж байна. Ямар хөдөлгөөн үйлдэж байна гэдэг нь тодорхой хмэжээгээр баримтжих ийм нөхцөл байдал, ийм л нийгмийн дунд, ийм ертөнцийн дунд амьдарч байгаа, ийм л ажил хийх болсон шүү гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй.

Шүүгчдээс асуухад “Миний гол үүрэг, бидний гол ажил бол хүний эрхийг хамгаалах ёстой” гэж хэлдэг. Тэр үгийг зүгээр нэг нэр томъёо мэт цээжлэх биш, утга агуулгаар нь ойлгох ёстой байгаа юм.Хүний эрхийг хамгаална гэж юуг хэлж байгаа юм. Үндсэн хуульд, Монгол Улсын нэгдэн орсон тэр олон улсын тунхаглалд байж байгаа хүний эрх, нийтлэг үнэт зүйл гэж үзсэн тэр зүйлүүдийн талд, тэр зүйлүүдийг, түүнтэй хамааралтай зүйлүүдийг шийдвэр гаргахдаа заавал бодож үздэг байх ёстой. Үнэхээр энэ үндсэн эрхээ хэрэгжүүлсэн хүн үү, үгүй юү. Нөгөө талаас тэр этгээд тэр үндсэн эрхийг зөрчсөн этгээд үү, үгүй юү.Түүгээр баталгаажуулсан хуулийг зөрчсөн үү, үгүй юү гэдэг л асуудал байгаа юм. Хүний эрх зөрчигдсөн, зөрчигдөөгүй гэдгийг шийддэг, зөрчигдсөн эсэхийг тогтооно гэдэг бол хүний эрхийг хангаж байгаа хамгийн чухал илрэл юм. Түүнийг л хүний эрх гэж хэлээд байгаа юм л даа.

Хууль зөрчсөн этгээдээд зохих ял шийтгэл онооно гэдэг бол цаана нь байгаа хуулиа хэрэгжүүлдэг, сайн хүмүүсийн эрхийг л хангаж байгаа юм

Нэг талаасаа манай нийгэмд одоо ойлголт зөв болж байх шиг байна. Хүний эрхийг хамгаалах манаанд шүүгч хүн зогсож байдаг юм байна гэдгийг ойлгодог болж эхэлж байна. Өмнө нь тэгдэг байсан, одоо ч гэсэн зарим нэг ойлголтод шүүгч бол шүүдэг, тасалдаг, хүнийг шийтгэдэг л хүн гэж үзэж байгаа. Хууль зөрчсөн этгээдэд зохих ял шийтгэл онооно гэдэг бол цаана нь байгаа хууль зөрчдөггүй, хуулиа биелүүлээд, нийгэмд ёс зүй, дүрмээ баримтлаад амьдардаг тэр дийлэнх олонхийг хамгаалж байгаа явдал юм. Тэгэхээрээ л хүний эрх, нийгмийн сайн сайхныг хамгаалдаг, түүний манаанд зогсдог хүмүүс гэж та бүхнийг хэлээд байгаа юм шүү дээ. Нэг газар хэдэн зуу, мянгаараа амьдарч байгаа тэр хүмүүс дунд болж бүтдэггүй, бичсэн хуулийг зөрчөөд байгаа этгээдээд зохих ял шийтгэл онооно гэдэг бол цаана нь байгаа хуулиа хэрэгжүүлдэг, сайн хүмүүсийн эрхийг л хангаж байгаа юм. Энэ утгаараа шүүхийн үйл ажиллагаа, хүний эрхийг хангах зорилго бол хамгийн чухал зорилго гэж ярьдаг, ойлгодог.

Энэ талаас нь асуудлыг ойлгож авч үзэх юм бол та бүхэн ч гэсэн ажлаа явуулахад их ойлгомжтой болно. Шүүгч гэдэг бол зөвхөн өрөө, тасалгаанд суугаад асуудал шийддэг хүн биш. Цаашаа олон нийт рүү гардаг, үйл ажиллагаагаа танилцуулдаг болох ёстой. Прокурор, цагдаа, хууль хяналтын байгууллагын хүмүүс энэ чиглэлийг нэлээд хэлж шаардаж байгаа юм. Нэг суман дээр явж очоод иргэдтэй сайхан уулзалт хийчихдэг. Шүүхийн тухай, шүүхэд ийм ийм асуудал тулгамдаж байсан, ингэж шийдэж байгаа. Ийм гэмт хэрэг, ийм зүйл гарч байгаа. Үүнийг ингэж шийддэг болсон гээд хүмүүст өөрийнхөө үйл ажиллагааг сайхан ойлгуулчихдаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлийн чадвар, боломжийг эзэмших хэрэгтэй. Нөгөө талаас хэчнээн сайн ажиллаад тэр нь олон нийтэд ойлгогдохгүй бол бас л буруу ойлгогдоно. Ийм учраас очиж байгаа шат шатныхаа шүүх дээр “Зөв сайхан болж байна” гэж хэлж байгаа тэр хүмүүс, үйлчлүүлэгчдийнхээ амаар сурталчлуулах явдал чухал. Ингэж харах хэрэгтэй. Нэг ажил хийгээд их сурталчлах юм бол их ажил хийсэн мэт харагдана. Их ажил хийгээд тэр нь олон нийтэд хүрэхгүй бол бас л бага, базаахгүй юм хийсэн мэт болдог. Мэдээж шүүх, шүүгчийн ажил бол сурталчилгаанд чиглэсэн ажил биш. Хууль, тухайн байгаа тулгамдсан асуудлыг шийдэж байгаа хэлбэр. Гэхдээ тэр шийдэж байгаа зүйл нь шүүхийн шинэтгэлийн бодлого, энэ явж байгаа зүйлтэйгээ нийцэж байгаа бол үүнийг олон нийтэд хүргэхэд болохгүй нь юу байх вэ. Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн ийм л бодол надад төрж байгаа юм. Энэ зүйлүүдийг өнөөдөр та бүхэнтэй уулзахдаа бас хэлье гэж бодож байна.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж шүүгчээр томилсон зарлигийг биечилж танилцуулж, үнэмлэх гардуулж байсан зүйл бидний үйл ажиллагаа, практикт байгаагүй. Би бол үүнийг хэрэгжүүлээд явж байгаа. Монголд нэг их олон шүүгч байхгүй. Тийм учраас томилогдож байгаа үед нь үнэмлэхийг нь өгөөд, хэлэх үгээ хэлээд гаргаж байгаа. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчөөс хандаж байгаа хандлага биш. Монголын ард түмнээс үзүүлж байгаа хүндэтгэл, нөгөө талаас ногдуулж байгаа хариуцлага. Бидний ажилд үнэхээр ингэж анхаарч байгаа юм байна шүү гэдгийг харуулж байгаа гол илэрхийлэл байгаа юм. 

Одоо шүүхийн шинэтгэл, хууль, хяналтын байгууллагын шинэтгэлийн үйл явц хараахан болоогүй байгаа. Ерөнхийдөө шүүхтэй холбоотой, шүүхийн байгууллагуудтай холбоотой багц хуулиуд гарсан. Нэгэнт байнгын ажиллагаатай парламент, хууль тогтоох байгууллага байгаа учраас шаардлагатай зарим  нэг өөрчлөлтийг хийгээд цааш явахыг бид хичээнэ. Одоо манай шүүгчдийн барьдаг гол хуулиудын өөрчлөлтийг бид ярих гээд байгаа шүү дээ. Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль,тэдгээр асуудлыг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, процессын хуулиудыг бид оруулж, зарим нь өргөн баригдсан. Зарим дээр нь ажиллаж байгаа. Хэдийгээр би мэргэжлийн биш боловч эдгээр хуулиудын боловсруулалт, хийж байгаа байдал зэрэг дээр анхаарал тавьж, байнга сонсч, хамтарч ажиллаж байгаа. Болж өгвөл гайгүй сайн хууль, боломжийн түвшинд өргөж барина. УИХ дээр очоод гол үзэл баримтлал нь сайжраад гарах болов уу гэж харж байгаа. Үнэхээр болохгүй зүйл орох юм бол дараа нь засаад өөрчлөөд явах боломж гарах болов уу. Ингээд ирэхээр барьдаг хууль нь сайн. Шийдэж байгаа шийдэл нь шударга болох юм бол эргээд манай шүүх байгууллага, шүүгчдийн нэр хүнд ард иргэдийн дунд эргэж сэргэнэ. Ийм үндсэн нөхцөл бүрэлдэж чадна гэж хэлэх гэж байгаа юм. Ингэж ажиллах гэж байгаа гэдгийг та бүхэнд хэлье.

Ер нь Монгол Улсад шүүхийн шинэтгэл хэр явж байна. Болж байна уу, үгүй юү гэдгийг зөвхөн манай ард иргэд төдийгүй, бусад улсууд ч биднээс хардаг. Ирж туршлага судалдаг болж байгаа. Энэ бол бас нэг зөв зүйл. Бид үнэхээр шударга ёс, хуулиа сайн хэрэгжүүлье, сайн ажиллая гэж байгаа бол бусдад үлгэр жишээ болох хэмжээнд, бусадтай өөрийн арга туршлага, үйл ажиллагаа, явуулж байгаа зүйлээ хуваалцах хэмжээнд хүрэх хэрэгтэй байна. Энэ үйл ажиллагаан дээр өнөөдөр хамгийн олон тоогоороо шүүгчдээр томилогдож, энэ ажиллагаа руу шинэ уур амьсгал, шинэ үнэт зүйл, шинэ ажлын арга барил, шинэ орчин авчирч байгаа та бүхэнд их талархаж байна. Дахин ажлын амжилт хүсье. Шүүгчээр сайн ажиллаад, дараагийн шатныхаа шүүгчээр томилогдх хэмжээнд ажиллах хэрэгтэй. Шүүгчийн ажлаас халагдлаа гэсэн зарлиг бага зурах юмсан гэж бодож байгаа. Томилогдлоо, дээшээ дэвшлээ, сайн ажиллаж байна гэсэн ийм сайн мэдээг Монголын ард түмэнд, төрдөө, ойр дотнын хүмүүс, та бүхний хүндэлж явдаг хамт олондоо сонсгож яваарай гэдэг үгийг хэлье. Наадам болох гэж байна. Сайхан наадаарай. Баяр хүргэе” гэлээ.