Ч.Өнөрбаяр: Шилэн данс бол нийгмийн захиалга

Даваа 2014-05-23 18:57:36

“Ньюс агентлаг”-ийн уншигчдаас Шилэн дансны тухай хуулийг яагаад УИХ дэмжээгүй, хэзээ батлагдах вэ зэрэг асуулт ирүүлж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас энэ хуулийн төслийн талаар тодрууллаа.

-Шилэн дансны тухай хууль хэзээ дахин УИХ-д орж ирэх вэ, удахгүй л гэсэн хариулттай байгаа?

-Хуулийн төсөл буцаагдсан бол дахин яг шинэ хууль өргөн баригдаж байгаатай адил шаардлагаар Засгийн газраас санал авсан байх ёстой. Энэ долоо хоногтоо багтаагаад Засгийн газраас санал авах бичгээ явуулна. Засгийн газраас санал ирэнгүүт Шилэн дансны хуулийг УИХ-д өргөн барих боломжтой болно.

-Шилэн гэх нэрээс буцахгүй гэдгийн гол шалтгаан юу вэ, УИХ-аас буцахдаа нэрнээсээ болоод ороогдчих шиг болсон?

-Хуулийн нэр ямар ч байж болно. Гадаадын зарим оронд төсвийн ил тод байдлын тухай ч гэдэг юмуу, тунгалаг байдлын тухай гэх зэрэг утга бүхий нэр байдаг. Түүнийг нь утга агуулгаар нь Монголд “шилэн” гэж нэрлэхэд буруудах зүйл огт байхгүй. Дэлхий дахинаа Үндсэн хуулийн шүүх гэдэг ойлголтыг Монголд Үндсэн хуулийн цэц гээд өөрийнхөөрөө нэрлэсэн нэршилтэй байж болоод л байгаа биздээ. УИХ гэхэд л дэлхийд өөр өөр нэршилтэй, ОХУ-д Дум, АНУ-д Конгресс, Германд Бундестаг гэхчлэн. Яг үүнтэй адил цаад агуулгаараа ил тод байдлын л асуудал байгаа юм. Монгол ахуйд бол шилэн дансны хууль гэж хэлж болж байна. Баруунд бүр батлуулсан улс төрчийнхөө нэрээр нэрлүүлсэн хууль хүртэл байна шүү дээ. Хуулийн нэрээс илүүтэй тулгамдаад буй асуудлаа л шийддэг байх хэрэгтэй. Асуудлаа шийдэж чадахгүй бол ёстой л хэвлэсэн цаасныхаа ч үнэд хүрэхгүй хууль болно биз дээ. Шилэн дансны тухай хууль бол нийгмийн захиалга. Хүмүүст ямар нэртэй хууль байх нь чухал биш, гол нь төлсөн татвараа хаашаа орсныг, ямарваа нэг албан тушаалтан түүнийг юунд зарцуулсныг, үр ашиггүй зарцуулалт хийсэн эсэхийг л сонирхдог. Шилэн дансны хууль санхүүгийн сахилга батыг сахиулахад маш чухал үүрэгтэй. Иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар Аудитын газраас шалгуулсан асуудлынхаа үндэслэлтэй эсэх талаар хариу авах боломжтой болгож байгаа нь чухал. Өмнө нь авлигын хуулийг хэлэлцэж байхад авлигын гэж бичих, эсвэл авилгалын гэж бичих талаар их маргалдсан. Гэхдээ тэр хууль нь авлигатайгаа л тэмцэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал биз дээ.

-Сонирхож асуувал, хуулийн төсөл нь унахад Ерөнхийлөгч юу хэлсэн бэ?

-Сайн ажиллаад, дахин өргөн барих ёстой. Энэ хууль бол том төрөөс ухаалаг төр рүү шилжихэд хамгийн чухал төслийн нэг шүү гэдгийг хэлсэн.

-Хэрэгжүүлэхтэй холбоотой техник, технологийн хүндрэл бэрхшээл гарахгүй биз. Тушаал шийдвэрийг цахим болгож оруулах зэрэгт?

-Яг одоогийн байдлаар 100 мянга орчим шүүхийн шийдвэрийг цахим хэлбэрээр үзэх боломж бүрдээд байна. Олон хуудастай ийм их шүүхийн шийдвэрийг онлайн болгож чадаж байгаа тул мөнгө зарсан тушаал шийдвэрийг оруулахад ямар ч хүндрэл үүсэхгүй.

Б.МАНДАХ