Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Үндэсний цом-2014” тэмцээн амжилттай өндөрлөлөө

Administrator 2014-05-16 18:22:19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Монголын хөлбөмбөгийн холбооноос хэрэгжүүлэн зохион байгуулсан “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2014” тэмцээн болж амжилттай өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнийг 2014 оны тавдугаар сарын 11-16 –ны хооронд МХБХ /Монголын хөлбөмбөгийн холбоо/- ны  зүлэг ногоон дэвжээ, цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж, 15 аймгийн шигшээ баг тамирчид оролцлоо.

Тус тэмцээн нь хөдөө орон нутгаас ирсэн баг тамирчдыг дэмжих, ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, багийн чансаагаа ямар түвшинд байгааг тодорхойлох, техник, стратеги, тактикийн талаар ямар дасгалжуулагчийн удирдсан баг илүү байгааг үзэгч, хөгжөөн дэмжигч хөл бөмбөг сонирхогч олныхоо өмнө харууллаа.

“Үндэсний цом-2014” тэмцээний сүүлийн шатны сэтгэл догдлуулсан мөч буюу шувтаргын тоглолт өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрөв. Энэ жилийн тэмцээнд  Сэлэнгэ аймгийн баг Сүхбаатар аймгийн багийг 6:3 харьцаатай ялж  “Үндэсний цом­­­-2014”-ийн хүрэл медалийг хүртлээ. Үндэсний цомын аваргын төлөө тоглолтод Дархан-Уул аймгийн баг Ховд аймгийн багийг 3:0 харьцаатай буулган авч цомын эзэд найман сая төгрөгийн шагнал гардах эрхээр шагнууллаа. Ховд аймгийн баг мөнгөн медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээний шагналгардуулах үеэр МХБХ-ын дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч спортын бүх төрлийг төрийн бодлогоор дэмжиж байгаа юм. Түүний нэг салбар болох хөлбөмбөгийн спортыг дэмжих хүрээнд олон төсөл арга хэмжээг Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэ салбарт хэрэгжүүлж байгаа төслийн нэг нь“Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт хөлбөмбөгийн багийн спортыг шинэ шатанд гаргах, залуу хөлбөмбөг сонирхогч, түүгээр хичээллэгч хүүхэд залуусыг хөхиүлэн дэмжихэд урам зориг том түлхэц болж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Тус тэмцээний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ын дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар, Соёл спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Х.Бакытжан, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат нар гардууллаа.

Мэдээний дүрсийг энд дарж татаж авна уу