Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын хэвлэлүүдэд ярилцлага өгөв

Даваа 2011-05-12 12:00:59

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад болсон Дэлхийн монголчуудын конвентд оролцох үеэрээ Байгал далайг хамгаалах зорилготой “Миры на Байкале” төсөлтэй танилцаж,  усан доогуур шумбагч “Мир” төхөөрөмжийг санаачлагч, зохион бүтээгч, ОХУ-ын баатар А.Сагалевич, “Метрополь” группийн захирал  М.Слипенчук нарын хамтаар усан доогуур 437 метрийн гүнд шумбасан юм. Ингэснээрээ Буриад Улсын Засгийн газар болон, Байгал нуурыг хамгаалах төслийнхний гаргасан уриалгад нэгдсэн анхны Төрийн тэргүүн болсон билээ.

Энэ үйл явдлыг хальсанд буулгаж, Байгал нуурыг судлах эрдэм шинжилгээний ажлын талаар танилцуулсан “К глубинам Байкала” /” Байгал нуурын гүнд”/баримтат кино өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн бөгөөд, энэхүү үйл явдлыг сурвалжлахаар ОХУ-аас 20 орчим сэтгүүлч, сурвалжлагчид иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд болох “Россия” телевиз, “Комсомольская Правда”, “Интерфакс”, “РИА Новости”, “Газета.ру”, “Аргументы и факты”,  “Аргументы недели”,  “Радио России”,  “Центральная газета”,  “Информ полис”,  “Правда Бурятии”, Номер Один” зэрэг телевиз, сонины сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Сэтгүүлчид,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны  болон олон улсын хэмжээний зарим асуудлаар асууж байв. Ялангуяа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  байгал орчныг хамгаалахад оролцож байгаа оролцоо, санаачилгын талаар онцгой сонирхож байсан юм.