Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тодорхойлолт, дүрэм, хадгалах, залах, цэнгүүлэх тусгай журам, Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн тодорхойлолт, дүрэм батлах тухай

Administrator 2017-07-24 14:53:00

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр               Дугаар 126                                      Улаанбаатар хот

 

Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тодорхойлолт, дүрэм, хадгалах,  залах, цэнгүүлэх тусгай  журам, Төрийн ёслолын цэргийн  цагаан тугийн  тодорхойлолт, дүрэм батлах тухай

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тодорхойлолтыг нэгдүгээр, дүрмийг хоёрдугаар, хадгалах, залах, цэнгүүлэх тусгай журмыг гуравдугаар, Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн тодорхойлолтыг дөрөвдүгээр, тугийн дүрмийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 62 дугаар зарлигаар батлагдсан “Монгол улсын бүх цэргийн их хар сүлд, төрийн ёслолын цэргийн цагаан тугийн дүрэм, цэргийн ангийн байлдааны тугийн тодорхойлолт”, 2006 оны 349 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын Бүх Цэргийн Их Хар Сүлдийн дүрэм”, 2010 оны 143 дугаар зарлиг, 2013 оны 14 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.                

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН                                     ЦАХИАГИЙН 
ЕРӨНХИЙЛӨГЧ                                         ЭЛБЭГДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР

СҮЛДИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

1. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Их эзэн богд Чингис хааны хараа ихт Хар сүлдийн залгамж, Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн мөн.

 

Дээд тэнгэрээс заяат Их эзэн богд Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахдаа мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн Хар сүлдээ монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсан дайчин уламжлалтай юм.

 

2. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь гүн гүнзгий бэлгэдэл, утга санааг шингээсэн байна.

 

3. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Их Сүлд, түүний дөрвөн зовхист байрлах элч сүлдтэй байна. Тэдгээр нь титэм, дээвэр, туурга, залаа, бүч, бүслүүр, шилбэ, суудал, нөмрөгөөс бүрдэнэ. Мөн сүлдийн үнэмлэх, аялгуу, судар /сан/, дуудлагатай байна.

 

3.1. Их сүлдийн титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 25,8 см урт гилбэр, 6,6*10 см-ын хэмжээтэй дөрвөн ган цэцэг, 3,5 см голчтой хоёр бат зангилгаанаас бүрдэнэ.

 

Бүх Цэргийн Их Хар Сүлдийн оройн гилбэр эртний монгол цэргийн холч тусгалтай, хүчтэй сумын зэв хэлбэртэй байна. Зэв нь ганцхан байгаа нь цэрэг эрс олон санаагүй, шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо хамгаална гэсэн утгатай.

 

Их Сүлдийн гангаар хийсэн дөрвөн цэцэг нь монгол орон дөрвөн цагийн эргэлтэд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхын бэлгэдэл, хоёр бөөрөнхий цул ган нь бат найман зангилгааг төлөөлж, улс хотлоор эв нэгдэлтэй, бат хүчтэй байхыг бэлгэдэнэ.

 

3.2. Сүлдийн дээвэр, туурга нь тусгаар Монгол Улс гэсэн утгыг илэрхийлж монгол гэрийн хэлбэртэй байна. Дээврийг монгол газрын 35 см голчтой гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимнэ. Туургыг гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан байна. Туурган дээрх наян нэгэн сүвэгч нь улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэдэнэ.

 

3.3. Сүлдийн залааг хар зүсмийн азарганы 40-60 см урттай хөхөл дэлээр хийнэ. 3алааг хар зүсмийн азарганы хөхөл дэлээр хийсэн нь сүргийн манлайн сүр хүч дэлэндээ байдгийн адил улсын сүр хүч цэрэгтээ байж, тэрхүү сүр хүчээр дайсныг номхотгон дарна гэсэн утгыг илэрхийлнэ. Харьшгүй хатууг илэрхийлсэн хар өнгө нь монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэдэнэ.

 

Залааны гадуур хар дэлний үсээр хялгасан ханан сүлжээс гарган бүрж, бүч, бүслүүртэй холбоно.

 

3.4. Сүлдийн бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийнэ. Бүч нь 55 см, бүслүүр нь 35 см урттай байна.

 

Бүч, бүслүүр нь хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгөтэй хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн доор Бүх цэргийн Их Хар сүлдээ залж байгааг илэрхийлнэ.

 

3.5. Бүслүүр нь туурга тусгаар орны хилийн дээсийн бэлгэдэл юм. Бүч, бүслүүрийн уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна. Энэхүү дөрвөн толь нь дөрвөн зүг, найман зовхисоос учрах аюулыг тольдон харж, сэрэмжлэн зайлуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэдэнэ.

 

3.6. Аяны болон суурин хоёр шилбэ байна. Шилбийг 3,5 см голчтой хус модоор хийж, оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож өнгөлсөн байна. Сүлдийн шилбийг эртний тахилгат Бурхан Халдун уулын хус модоор хийнэ.

 

3.7. Суудлыг хээ товойлгон сийлсэн 44*33*33 см-ын харьцаатай хөх саарал боржин чулуугаар бүтээнэ. Уг чулууг Монгол Улсын газар нутгийн төв, Их Монгол Улсын нийслэл Хар хорум орчмын боржин чулуугаар хийж, бат бэхийг бэлгэдэн хамар угалзан хээг товойлгосон байна.

 

3.8. Нөмрөг нь хар зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байна. Сүлдийн нөмрөгийг хар зүсмийн унаганы туламлан өвчиж элдсэн арьсаар хийсэн нь монгол цэргийн хишиг буян арвижихын бэлгэдэл юм.

 

4. Дөрвөн элч сүлд нь нэр, гилбэрийн хэлбэр, эрдэнийн чулуугаараа Их сүлд болон өөр хоорондоо ялгагдана.

 

4.1. Өмнийн элч сүлдийн гилбэр нь монгол цэргийн “Хатгуурст зэв” хэлбэртэй, номин шигтгээтэй.

 

4.2. Өрнийн элч сүлдийн гилбэр нь монгол цэргийн “Үет зэв” хэлбэртэй, сувдан шигтгээтэй.

 

4.3. Умрын элч сүлдийн гилбэр нь монгол цэргийн “Учимаг зэв” хэлбэртэй, оюу шигтгээтэй.

 

4.4. Дорнын элч сүлдийн гилбэр нь монгол цэргийн “Морьч хар зэв” хэлбэртэй, шүр шигтгээтэй.

 

Дөрвөн элч сүлдэнд товойлгон хадсан гэрэгэний алтадмал дүрстэй, эрдэнийн чулуун шигтгээтэй дөрвөн талтай толт нь уг сүлд монгол орон дөрвөн зүгт харгалдах дайсангүй амар түвшин байж, монгол цэргийн сүр хүч дөрвөн зүгтээ мандаж байхыг бэлгэдэнэ.

 

Элч сүлдийн дөрвөн бүч, бүслүүрийг ногоон өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн хамар хийж, шар өнгийн торго хавчуулан урласан нь тэнгэр эцэг, газар эх, алтан нар монгол цэргийн сүр хүч, сүлд хийморийг мөнхөд тэтгэн бадруулж байхыг бэлгэдэнэ.

 

 

---оОо--

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР

СҮЛДИЙН ДҮРЭМ

 

1. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Их эзэн богд Чингис хааны үеэс төр, цэргийн сүлд шүтээн болгосон хараа ихт Хар сүлдийн залгамж, онгон догшин шүтээн мөн.

 

2. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Монгол Улсад ганц байх бөгөөд түүнийг онголон дархалж, тахин шүтнэ. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг бөхийлгөх, унагах, дуурайлган хийх, сүлдэчээс бусад хүн хүрэх, хөдөлгөхийг цээрлэнэ.

 

3. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь тусгайлан бэлтгэсэн өргөөнд байрлана.

 

4. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн өргөө нь монгол үндэсний цомцог ордны хэлбэртэй гэр байх ба мөнх тэнгэр харагдах шилэн хаалт бүхий тоонотой байна.

 

5. Өргөөнд Их эзэн богд Чингис хааны баримал, Бүх Цэргийн Их Хар Сүлдийн үнэмлэх, сангийн судар, түүх, хэнгэрэг, бүрээ, монгол цэргийн нум сум, илд, бамбай, ган тулга, Мухулай, Боорчи нарын хөрөг зураг зэргийг хүндэтгэлтэй залж байрлуулна.

 

6. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн төлөөллийг илэрхийлсэн сүлдийг Зэвсэгт хүчний Жанжин туг, төрлийн цэрэг, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага, тэдгээрийн харьяа нэгтгэл, ангийн байлдааны тугийн оройд зална.

 

6.1. Энэхүү сүлдийн хэлбэр, хэмжээг Зэвсэгт хүчний Жанжин тугийн болон цэргийн ангийн байлдааны тугийн тодорхойлтод тусгана.

 

7. Бүх Цэргийн Их Хар Сүлд нь Их сүлдэч, сүлд хамгаалагчтай, элч сүлд нь тус бүртээ сүлдэчтэй байна.

 

7.1. Их сүлдэч, сүлдэч, сүлд хамгаалагчийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын саналыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилно. Их сүлдэч, сүлдэч, сүлд хамгаалагч нар Төрийн хүндэт харуулын ёслолын дүрэмт хувцастай байна.

 

8. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн Их сүлдэч нь сүлдэч нарыг ахалж сүлдийг хадгалах, арчлах, байрнаас нь хөдөлгөх, залах ажлыг удирдаж, дараах үүргийг биелүүлнэ. Үүнд:

 

8.1. Сар бүрийн шинийн гурван, найман, арван таван, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, дунд сарын хорин нэгэн, зуны дунд сарын арван таван, өвлийн тэргүүн сарын арван хоёрон, дунд сарын хорин гурванд Бүх Цэргийн Их Хар Сүлдийн сангийн судрыг уншиж, арц, хүж уугиулан, зул өргөж, Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд хүндэтгэл үзүүлж байх;

 

 

 

 

8.2. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг иргэдэд үзүүлж, тайлбарлах, сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ажлыг Их сүлдэчийн зөвшөөрснөөр сүлд хамгаалагчийн хяналт дор зохион байгуулах;

 

8.3. Бүх Цэргийн Их Хар Сүлд, түүний өргөө, өргөөнд залсан эд зүйлсэд 14 хоногт нэг удаа үзлэг хийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, илэрсэн дутагдлыг засах арга хэмжээ авч, энэ тухай Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад илтгэх;

 

8.4. Бүх Цэргийн Их Хар Сүлд, түүний өргөөнд хийсэн үзлэгийн бүртгэл хөтөлж, түүнд үзлэг хийсэн он, сар, өдөр, илэрсэн дутагдал, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээг тэмдэглэх;

 

8.5. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн түүхийг баяжуулж хөтлөх;

 

8.6. Бүх Цэргийн Их Хар Сүлдтэй холбоотой хууль, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих.

 

9. Бүх Цэргийн Их Хар Сүлд, түүний дагалдах зүйлсийн ашиглалт, хадгалалт, элэгдлийн ул мөр, илэрсэн эвдрэл гэмтлийг засварлах, солих шаардлага гарсан тохиолдолд Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргаж, сүлдэч нар засварлах явцад хяналт тавьж нотломж үйлдэнэ.

 

10. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тайлгыг цэнгүүлэх болон цагаалах  хэлбэрээр хийнэ.

 

11. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тайлгыг тусгай журмаар зохицуулна.

 

12. Монгол Улсын иргэд, гадаадын өндөр хэмжээний цэргийн төлөөлөгчид Бүх Цэргийн Их Хар Сүлдийн өргөөнд орж, хүндэтгэл үзүүлж болно. Монгол Улсын иргэдийг Бүх Цэргийн Их Хар Сүлдийн өргөөнд оруулах журмыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар тогтооно.

 

 

 

---оОо---

 

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар зарлигийн гуравдугаар хавсралт

 

Бүх цэргийн Их Хар сүлдийг хадгалах, ЗАЛАХ,

ЦЭНГҮҮЛЭХ ТУСГАЙ ЖУРАМ

 

Нэг. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг хадгалах, хамгаалах

 

1. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг тусгай өргөөнд залж байрлуулан байнгын хамгаалалттай байлгана.

 

2. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг өргөөний голд шилэн хоргонд босоо байрлуулж, хадгална.

 

3. Их сүлдийн баруун өмнө талд Өмнийн элч сүлдийг, баруун хойт талд Өрнийн элч сүлдийг, зүүн хойт талд Умрын элч сүлдийг, зүүн өмнө талд Дорны элч сүлдийг тус тус байрлуулна.

 

4. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн хамгаалалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-д заасан ёсоор зохион байгуулна.

 

Хоёр. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг залах

 

5. Бүх Цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгын үед Батлан хамгаалахын сайдын тушаалаар өргөөнөөс залж гаргах бөгөөд алс хол аялуулахыг хориглоно.

 

6. Бүх Цэргийн Их Хар сүлдийг залж гаргах, жагсаалд байрлуулах, буцааж залах ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн жагсаалын дүрэм”-ийг баримтлан гүйцэтгэнэ.

 

7. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг залж жагсаалаар явахдаа дөрвөн цуваагаар явах ба нэгдүгээр цуваанд Төрийн хонжин буюу сүлд залагч, хоёрдугаар цуваанд Их Сүлд, хамгаалагчийн хамт, гуравдугаар цувааны баруун гар талд Өмнийн элч сүлд, зүүн гар талд Өрнийн элч сүлд, дөрөвдүгээр цувааны баруун гар талд Умрын элч сүлд, зүүн гар талд Дорнын элч сүлд явна.

 

Гурав. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тайлга

 

8. Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тайлга нь төр, цэргийн ид хав, эрдэм чадал, эр зоригийг бадрааж, сүлд хийморийг сэргээх эртний монгол цэргийн уламжлалт зан үйл, ёслол хүндэтгэлийн ажиллагаа мөн.

 

9. Дайчин уламжлал, баатарлаг үйлсийн баялаг түүхтэй монгол цэрэг, зэвсэгт хүчнээрээ бахархах, үйл хэрэг, үнэт зүйлсийг нь үеийн үед хүндэтгэн дээдэлж, туурга тусгаар Монгол эх орноо хайрлан хамгаалах эх оронч үндэсний үзлийг иргэдэд төлөвшүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээний нэг нь энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа болно.

 

10. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жил бүр хийнэ.

 

11. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тайлга бол монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Бүх Цэргийн Их Хар Сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол, хүндэтгэлийн ажиллагаа мөн.

 

11.1. Цэнгүүлэх тайлгад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэрэг, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын удирдлага, нэгтгэл, анги, байгууллагын удирдлагын төлөөлөл оролцоно.

 

11.2. Бүх Цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол хүндэтгэлийн ажиллагааг Төрийн хонжин удирдана.

 

11.3. Цэнгүүлэх тайлгыг дараах журмыг баримтлан гүйцэтгэнэ.

 

11.3.1. Тайлгад оролцох бүрэлдэхүүн болон Төрийн хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим тайлга үйлдэх газарт тогтоосон журмын дагуу жагссан байна. Энэ үед Бүх Цэргийн Их Хар Сүлдийг “Хүлээх байр”-нд залж авчирсан байна.

 

11.3.2. Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар сүлдийн дор-Номхон” команд өгнө. Энэ үед Бүх Цэргийн Их Хар Сүлдийн хүндэтгэлийн аялгуу эгшиглэж, Бүх Цэргийн Их Хар Сүлдийг тусгайлан зассан суудалд зална. Энэ үед тайлгын ажиллагаанд оролцогч цэргийн алба хаагчид ёсолж, бусад нь номхон зогсоно. Сүлдийн өмнө тайлгын шүүс, идээ будаа, арц хүж бүхий сангийн бойпор, зултай цөгц зэрэг тайлгад шаардлагатай зүйлсийг өрсөн ширээ тавьсан байна.

 

11.3.3 Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд зул өргө” командаар Их сүлдэч зул, арц хүж асаагаад сүлдэндээ ёсолж хүндэтгэнэ.

 

11.3.4. Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар Сүлдийн тайлга эхэл” команд өгөхөд хөгжимд Бүх Цэргийн Их Хар Сүлдийн хүндэтгэлийн аялгуу эгшиглэнэ.

 

11.3.5. Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд өчил өч” команд өгөхөд Их сүлдэч “Бүх Цэргийн Их Хар Сүлдийн өчил”-ийг өчнө. Тайлгад оролцогчид малгайгаа авч, баруун өвдгөө нугалан сөхөрч суун Бүх цэргийн Их Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлнэ. Өчил өчих явцад харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурвантаа сум тавина.

 

11.3.6. Өчил өчиж дуусмагц “Болно, Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд сацал өргө” команд өгөхөд бүгд босно.

 

11.3.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд өргөх бүхэл шүүсийг хөндөн дээжийг нь сүлдэнд өргөж, Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд мөргөнө.

 

11.3.8. Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Их Хар сүлдэнд шүүс, сацал өргөн Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд мөргөнө.

 

11.3.9. Сацал өргөж дуусмагц Төрийн хонжин “Цэргийн тангараг унш” команд өгөхөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга цэргийн тангараг уншиж, тайлгад оролцогч цэргийн алба хаагчид давтана.

 

11.3.10. Цэргийн тангараг уншиж дуусмагц хөгжимд “Монгол Улсын Төрийн дуулал” эгшиглэхэд бүгд даган дуулна.

 

11.3.11. Цэнгүүлэх тайлгад оролцогчид сүлдийн шилбэнээс уясан хадгаас адис авч, Бүх Цэргийн Их Хар Сүлдийг нар зөв гурвантаа тойрон гороолж, сацал өргөнө.

 

11.3.12. Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар Сүлдийн дор-Номхон” команд өгөхөд сүлдэч нар сүлдийг “Хүлээх байр” руу буцааж залахад тайлгад оролцогчид хурайлж үдсэнээр тайлга дуусна.

 

12. Цагаалах тайлга нь Бүх Цэргийн Их Хар Сүлдийнхээ амар амгаланг эрж золгон мөргөж, хүндэтгэл үзүүлж буй ёслол мөн.

 

12.1. Цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний морин цагт Бүх Цэргийн Их Хар Сүлдийн өргөөнд үйлдэх ба Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэрэг, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын удирдлага оролцоно.

 

12.2. Цагаалах тайлгыг Төрийн хонжин удирдана.

 

12.3. Цагаалах тайлгыг дараах журмыг баримтлан гүйцэтгэнэ.

 

12.3.1. Сүлдийн өмнө тахилгын ширээ бэлтгэж, түүн дээр арц, хүж, шүүс, рашаан, сархад өрсөн байна.

 

12.3.2. Төрийн хонжин цагаалах тайлга эхлүүлэх зөвшөөрлийг Батлан хамгаалахын сайдаас авч “Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд зул өргө” команд өгнө. Энэ командаар Их сүлдэч зул, арц, хүж асаагаад сүлдэндээ ёсолж хүндэтгэнэ.

 

12.3.3. Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар сүлдийн тайлга эхэл” команд өгөхөд Хатан улаан бүрээ үлээж, хэнгэрэг цохиж, Бүх Цэргийн Их Хар Сүлдийн хүндэтгэлийн аялгуу эгшиглэнэ.

 

12.3.4. Төрийн хонжин “Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд өчил өч” команд өгнө. Энэ командаар Их сүлдэч Бүх Цэргийн Их Хар Сүлдийн “Заллагын өчил”-ийг өчнө. Ёслолын ажиллагаанд оролцогчид малгайгаа авч, баруун өвдгөө нугалан сөхөрч суун Бүх Цэргийн Их Хар Сүлдэндээ хүндэтгэл үзүүлнэ.

 

12.3.5. Өчил өчиж дуусмагц Төрийн хонжин “Болно, Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд сацал өргө” команд өгөхөд бүгд босно.

 

12.3.6. Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд өргөх бүхэл шүүсийг хөндөн дээжийг нь сүлдэнд өргөж, Их Хар Сүлд, Их эзэн богд Чингис хааны барималд сацал өргөн Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд сөгдөн мөргөж, адис авна.

 

12.3.7. Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар Бүх Цэргийн Их Хар Сүлдэнд сөгдөж адис авч дуусмагц үлээвэр найрал хөгжимд “Монгол Улсын Төрийн дуулал” эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэхэд бүгд даган дуулна.

 

12.3.8. Цагаалах тайлганд оролцогчид Бүх Цэргийн Их Хар Сүлдэндээ сүслэн сүлдний шилбэнээс уясан хадгаас адис авна. Ёслолын арга хэмжээнд оролцогчид Бүх Цэргийн Их Хар Сүлдээ гурвантаа тойрч, гороолон цагаалах тайлгыг дуусгана.

 

13. Элч сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 32 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын дагуу төрийн ёслолын үед аялуулан цэнгүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

---оОо---

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар зарлигийн  дөрөвдүгээр хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЁСЛОЛЫН ЦЭРГИЙН

 ЦАГААН ТУГИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

            1. Монгол Улсын төрийн ёслолын цэргийн цагаан туг нь Монгол Улсын энхжин мандаж, мөнхжин оршихын бэлгэдэл мөн.

 

2. Монгол Улсын төрийн ёслолын цэргийн цагаан туг нь титэм, туг, ишнээс бүрдэнэ. Мөн нөмрөг, суурьтай байна.

 

            3. Титэм нь гангаар хийгдсэн байх бөгөөд алтадсан галын дөлөн үзүүр бүхий уулзвартаа алтадсан цэцгээр чимэглэсэн гурван үзүүртэй сэрээ, хоёр хос цагирагаас бүрдэнэ.

 

            3.1. Титэмийн гурван үзүүртэй болд сэрээ нь Монгол Улсын хүч чадал, сүр жавхаа гурав дахин их, бат байхыг, түүний үзүүрт байгаа галын дөл нь өнгөрсөн, одоо, ирээдүйг төлөөлж, үргэлжийн мандал бадрал, үржин цэцэглэхийг бэлгэднэ. Дөрвөн ган  цагираг нь хос хосоороо арга билиг болж галын дөлийг мөнхөд асааж байх оч үүсгэх утгатай.

 

            4. Туг нь дээд хэсгээр 5 см, доод хэсгээр 7 см голчтой, 5 см өндөртэй монгол гэрийн эртний тооно хэлбэрийн мөнгөн хүзүү, зэвэрдэггүй төмөрлөгөөр хийж алтадсан хөлтрөгтэй, 45 см голчтой дээвэр, 9 см өргөн алтадсан хүрээтэй орой, цагаан зүсмийн азарганы сүүлээр хийсэн хялгасан залаа, алтан шаргал эмжээртэй, гурвалжин хэлтэй, цагаан өнгийн торгомсог эдээр хийсэн 66 см урт есөн бүч, есөн эрдэнийн шигтгээ суулгасан, алтадсан есөн цэцгээс бүрдэнэ.

 

            4.1. Тугийн хэсгийн орой нь туурга тусгаар Монгол Улс гэсэн утгатай эртний монгол гэрийг төлөөлнө.

 

            4.2. Залааны гадуур хялгасан ханан сүлжээс гарган сүлжиж, есөн талд нь бүч унжуулж сүлжээсний доод хэсгийг бүслүүрээр холбоно.

 

            4.3. Залааг хийсэн 1000 цагаан зүсмийн азарганы сүүлний хялгас нь монгол хүний сэтгэлийн ариун цагаан, төрийн бодлого төвшин, шударга байхыг илэрхийлж, 1000 азарганы сүр хүч төр түмний бат нэгдлийг бэлгэднэ.

 

            4.4. Бүслүүр, бүчний уулзвар дээр есөн эрдэнийн шигтгээтэй, алтадсан есөн цэцгийг бэхэлнэ.

 

            4.5. Есөн цагаан бүч нь есөн хөлт цагаан тугаа төлөөлнө. Бүчин дээр байгаа цэцгэн суурьтай есөн эрдэнийн шигтгээ нь эрдэнэсийн баялаг болсон эх орон минь цэцэглэн хөгжиж, өлзий буян нь арвижин дэлгэрэхийг бэлгэдэнэ.

 

            5. Ишийг 3.5 см голчтой 9 тохой урт хус модоор хийж, оонын хүзүүний арьсыг нар зөв эргүүлэн ороож, өнгөлсөн байна. Тугийн ишийг эртний тахилгат Бурхан Халдун уулын хус модоор хийнэ.

 

            5.1. Тугийн ишийг эзэн богд Чингис хааны тахилгат Бурхан Халдун уулын хус модоор хийсэн нь Монгол Улсын энхжин мандахын бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг эртний уламжлалаараа дахин сэргэлээ гэсэн утгатай.

           

6. Нөмрөг нь цагаан зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байна. Энэ нь баялаг хуримтлуулж, буян арвижихын бэлгэдэл юм.

 

            7. Суурийг хээ товойлгон сийлсэн 44*33*33 см-ын харьцаатай хөх саарал боржин чулуугаар бүтээнэ.

 

            7.1. Суурийн чулуу нь Монгол Улсын газар нутгийн төв, Их Монгол Улсын нийслэл Хар хорум орчмын боржин чулуу байна.

 

 

 

---оОо---

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар зарлигийн тавдугаар хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЁСЛОЛЫН

ЦЭРГИЙН ЦАГААН ТУГИЙН ДҮРЭМ

 

 

1. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид хадгалж, хамгаална.

 

2. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг тусгайлан зассан байранд хүндэтгэлтэйгээр байрлуулах ба хамгаалалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-д заасны дагуу гүйцэтгэнэ.

 

3. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг хазайлгах, унагахыг цээрлэнэ.

 

4. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагчийн шийдвэрээр ангийн байрлалаас залж гарган, оролцуулна.

 

5. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс бусад арга хэмжээнд оролцуулахыг хориглоно.

 

6. Төрийн ёслолын цэргийн цагаан туг нь тугч, туг хамгаалагчид, залж гаргах, буцааж оруулах үед дагалдах хүндэт харуулын бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагч томилно.

 

7. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг залж гаргах, байрлуулах, буцааж оруулах ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн жагсаалын дүрэм”-д заасны дагуу гүйцэтгэнэ.

 

8. Төрийн ёслолын цэргийн цагаан туг залах бүрэлдэхүүн тугийн бүрэн бүтэн байдлыг шалган “Туг хүлээн авах дэвтэр”-т гарын үсэг зурж хүлээн авах ба хүлээлгэн өгөхдөө туганд үзлэг хийн “Тугийн үзлэгийн дэвтэр”-т  тэмдэглэл хийнэ.

 

9. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийг арчлах, солих, засварлах журам нь цэргийн ангийн байлдааны тугийнхтай нэгэн адил байна.

 

10. Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн хадгалалт, хамгаалалтад үзлэг хийх, тугчдыг бэлтгэх асуудлыг Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн захирагч, штабын дарга нар хариуцна.

 

11. Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн жижүүр нь Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн хамгаалалт, тугийн байрын дохиоллын хэрэгслийн ажиллагаа, бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж ажиллана.

 

---оОо---

 

 

 

 

1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. 9 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж.

9.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана. 

 

2 Зэвсэгт хүчний тухай хууль. 4 дүгээр зүйл. Монгол Улсын зэвсэгт хүчин

4.2. Зэвсэгт хүчний цэргийн сүр хүчний бэлгэдэл нь “Бүх Цэргийн Их Хар Сүлд” мөн бөгөөд түүнийг хадгалах, залах, цэнгүүлэх асуудлыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан тусгай журмаар зохицуулна.

 

2 Зэвсэгт хүчний тухай хууль. 11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

11.1.4. Бүх Цэргийн Их Хар Сүлд, Зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрмийг батлах;