Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төр бүтнээрээ байгаа нь, хуулиа бариад шийдэж байгаа нь шүүх юм

Administrator 2017-04-20 14:18:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор 4 дүгээр сарын 19-нд МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, иргэдийн байр суурийг сонсон тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Бидний хийж хэрэгжүүлэх гэж зүтгэж яваа шүүхийн шинэтгэл бол Монголын ард түмний төлөө, хүний төлөө, нийгмийн төлөө хийж байгаа ажил.

Хүн бүхэн сайхан амьдрах тухай мөрөөддөг. Сайхан амьдарна гэдэг хуулийн дагуу амьдрахыг хэлж байгаа юм. Сайхан амьдарна гээд барж цадахгүй баян болдог ч юм уу, их мөнгөтэй баян болдог ч юм уу, эд хөрөнгө зэрэг бол тэр хүмүүсийн өөрсдийн ажиллагаанас шалтгаална. Хуулийн дагуу амьдрах, хүн болж төрсөн заяандаа эзэн болох нь чухал. Хүн болж төрсөн заяандаа эзэн болно гэдэг нь хүн шиг амьдарна гэсэн үг. Хуулийн дагуу амьдрах юм бол санаа зовох зүйлгүй.

Хуулийн дагуу амьдардаг нийгэм рүү орох сонголтыг бид хийсэн. Ардчиллыг бид АНУ-аас аваагүй. Америк гэдэг орон нээгдээгүй байхад Монгол Улс их гүрэн байгуулж, хаанаа сонгож, хууль дүрмээ хэрэгжүүлж явсан орон. Хуулиар төрийг засдаг юм байна гэдгийг дэлхийд таниулж явсан орон. Ардчиллын гол утга бол хуулиар төрийг засах, хуулиар нийгмийг засахдаа л байгаа юм.

Эзэн Чингис ханы үед хүмүсийн үзэл бодолд ямар их хүндэтгэлтэй ханддаг байсан, хүмүүсийн шүтэх, эс шүтэхэд, хүний хувийн өмчид  ямар их хүндэтгэлтэй ханддаг байсныг та бүхэн бүгдээрээ мэднэ. Их засаг хуульд адуу хулгайлах, хүний хувийн өмчийг хулгайлахад ийм ийм ял онооно гээд биччихсэн байдаг. Энэ бүхэн Монголын өөрийнх нь уламжлал.

Бидний өнөөгийн зорьж байгаа, байгуулах гэж явж буй нийгэмд янз бүрийн нэр өгөөд хэрэггүй байх гэж би боддог. Энэ бол бид амьдралаа яаж хамгийн сайнаар зохион байгуулах вэ л гэдэг асуудал.

Би 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөөд эхнийхээ захирамжийг гаргаж байсан. Өрөөндөө орохоос өмнө миний хийсэн 2 ажил байдаг. Х.Чойбалсан гуай, Ю.Цэдэнбал гуайгаас нааш сууж ирсэн тэр өрөөгөө Иргэний танхим болгохоор шийдсэн. Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд би сууя гэсэн.

Миний гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай  байсан. Хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулсан. Тэгэхэд гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Чимид гуай олон жил шийдэх гэж явсан тэр зүйлээ яриад, хамтарч суугаад бид энэ үйл ажиллагааг эхлүүлж байсан.

Шүүхэд ажил яаж явж байна, шүүхийн шинэчлэл явж байна уу, үгүй юү гэдгийг бид нар нэг л юмаар дүгнэе гэж би тэгэхэд хэлж байсан. Шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэл ханамж ямар байна. Шүүх бол хэцүү шийдвэр гаргадаг газар. Нэг талыг нь шийтгэж, нөгөө талыг цагаатгадаг. Шүүхээр орсон бүхэн сэтгэл ханамжтай гардаггүй. Гэхдээ л манайхны өмнө нь шүүхийг ойлгодог ойлголт одоо өөр болсон. Социализмын үед эрх барьж байгаа эрх баригч хүчинд л үйлчилдэг, түүнээс зөрсөн хүнийг шийтгэдэг байсан.

Үүнийг бид иргэнд үйлчилдэг систем болгоё. Иргэнд ч, даргад ч ижилхэн ханддаг байя гэсэн. Шүүхээр үйлчлүүлсэн хүмүүс дунд санал асуулга явуулахад шүүхэд шинэчлэл болсон байна. Шүүх бол үнэхээр үйлчилгээний байгууллага болжээ. Хуулийн дагуу асуудал шийддэг болсон байна шүү. Огт өөр харилцаатай болсон байна гэдэг эерэг үнэлэлт 80 хувиас дээш гарсан байна.

ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жилийн өмнө Монголын  шүүх эрх мэдлийн шударга байдалд бүрэн дүн шинжилгээ явуулсан.  Тэндээс гаргасан дүгнэлтээр Монгол Улсын шүүх шударга түвшинд сайн ажилладаг юм байна гэж 64 хувьтай гарсан. Монгол Улсын шүүх олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Зарим талаараа илүү байна. Бүс нутагтаа үлгэр жишээ авахуйц байна гэж дүгнэсэн. Энэ бол зүгээр нэг хэвлэлийн мэдээ биш. Германчууд хатуу хүмүүс шүү дээ.

Шүүхийн материалаас авсан жишээнээс хүргэе.

Баянгол дүүргийн иргэн Г.Ганчимэг “Шүүх шинэчлэгдэж, ил тод, шуурхай, нээлттэй ажилладаг болсон талаар их л мэдээлэл авч байсан. Харин сая би өөрөө шүүхээр үйлчлүүлж байж л үүнийг мэдэрлээ. Би анх удаа шүүхээр үйлчлүүлж байна” гэж хэлсэн байна.

Бидний шүүхэд тавьсан эхний шаардлага бол шүүгчид шийдвэр гаргасан бол яллах дүгнэлтээ, тогтоолоо  нээлттэй болго гэдгээс ажлыг нь эхлүүлсэн. Өмнө нь бол байгууллагын нууц, хуулийн нууц гээд өгдөггүй байсан. Бид эндээс ажлыг нь эхлүүлсэн. Шүүхийн яллах тогтоол ил болоод, веб сайт дээр мэдээлээд, дуртай нь орж үздэг болохоор тогтоолоо гаргахдаа наад зах нь хуулиа зөв баримталдаг.

Бид 2010 оноос энэ шаардлагыг тавьж, 2012 оноос www.Shuukh.mn веб сайтад байршуулдаг болсон. 2012 онд 60 мянган хүн энэ веб сайтад хандаж байсан. Одоо судалгаагаар жилд 3 сая хүн ханддаг болсон. Энэ бол асар өндөр тоо шүү, 12 дахин өссөн байна. Хүмүүс зөвхөн мэдээ үздэг биш, хэрэглээгээ болгосон. Оюутнууд, хуулийн мэргэжилтнүүд байнга ордог веб сайт болсон. Энд 15 мянган хүн байнга орно гэж бүртгүүлсэн. Нэг гайхамшигтай юм бол жилдээ 150 мянган шүүхийн шийдвэрийг татаж авсан байгаа юм. Иргэд шүүхийн яллах тогтоолыг бүр цаасан дээр татаж аваад, биечлэн танилцаж байгааг энэ тоо харуулж байна.

Үүнийг л шүүх нээлттэй болж байна. Нээлттэй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж байгаа юм.

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж гэдэг хүн ингэж хэлсэн байна. “ Малчин хүн мөнгөтэй дарга нарыг шүүхээр ялж болдог гэдгийг би үзлээ. Анхан шатны шүүх хурлаар 4 удаа, давж заалдах шатны хурлаар 3 удаа, хяналтын шатны хурлаар 2 удаа орлоо. Би бол 70 гарсан настай хүн. Анх дарга нарын эсрэг заргалдана гэхэд сэтгэлд багтахгүй байлаа. Ойр тойрны хүмүүс ч та ингэх хэрэг байна уу гэж байлаа. Одоо би шүүх хуулийг шударгаар биелүүлж, эрх мэдлээ хэтрүүлдэг задарсан дарга нараас ядарсан иргэдээ хамгаалдаг гэдгийг ойлгож мэдэрлээ. Шүүхийн шинэчлэл цаг үеэ олж, түмний эрх ашгийн төлөө зөв сайхан хэрэгжиж байгааг би бахархалтайгаар тэмдэглэе” гэж хэлсэн байна.

Энэ настай хүний үгээр бид шүүхийн шинэтгэлийг дүгнэж болж байгаа юм.

Аливаа нийгэм, хүн ч гэсэн амьдрал нь аятайхан, эргэн тойрон нь аятайхан, өөрөө аз жаргалтай явъя гэвэл харьцаа сайтай л байх хэрэгтэй. Байгууллага дээр ч адилхан. Гэртээ ч адилхан. Авгай нөхөр хоёрын харилцаа сайн л байвал тэр гэрт аятайхан л уур амьсгал байна.

Шүүхийн хаалгаар нь яваад ороход л хүн тосоод авдаг. Ийм юм бичих гэсэн юм, ийм маргаан гарлаа гэвэл “Ийм хуульд үндэслээрэй. Ийм хүнтэй уулз. Энэ өрөөнд ор” гээд зааж өгдөг мэргэжлийн хүн сууж байгаа.

Өмнө нь шүүхээр орж шийдэгддэг байсан нийт хэргийн бараг 20-иод  хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна. Ганцхан жилийн дотор ийм шат дамжлагаар дамжаад ямар нэгэн ялгүй, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийддэг болсон. Энэ бол гайхамшигтай шинэчлэл. Энэ бол дарга нарын төлөө юм уу, хийж байгаа зүйл биш. Иргэдийнхээ төлөө хийж байгаа шинэчлэл. Шүүхэд очоод заавал ял авдаг, заавал буруудаж гардаг гэсэн сэтгэхүйтэй биш болж байгаа юм. Амжилттай эвлэрүүлэн зуучилсан хувь нь асар өндөр, бараг 90 орчим хувь байгаа.  Магадгүй энд дутагдал байгаа л байх. Бид энэ хуулиа улам сайн болгоод цаашаа явна.

“Адууны алгаас аяганы алаг” гэж монголчууд ярьдаг. “Аяганы алаг” гэж хүний харьцааг л хэлж байгаа юм. Хүнийг өмссөн хувцас, нас, зүсээр нь олзлоод л, хоёр өөр гартай, хоёр өөр хэлтэй юм шиг хүнд ханддаггүй, яг ижилхэн хандах ёстой. Ерөнхийлөгч яваад орсон ч ижилхэн, жирийн иргэн яваад орсон ч ижилхэн. Үүнийг л шударга ёс гэж байгаа юм. Хэн ч бай, хууль зөрчсөн, хуулийн хилийг давсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг, ийм л системийг шударга ёс гэж байгаа юм.

Манайхан шударга ёс гэж ярих их дуртай. Агуулгаа сайн ойлгохгүй л байгаа юм.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн иргэн Ц.Оюунгэрэл “Би жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад гомдож, бэтгэрч явсан хүн. Сайхан харилцаа, хандлагаас нь эхлээд л сэтгэл тайвширдаг юм билээ. Төр байдаг юм байна. Төрийн нэрийг гаргадаг шүүх шударга шийддэг юм байна. Төрийн нэрийн өмнөөс гаргасан шийдвэр хүчтэй байдаг юм байна” гэж хэлсэн байна.

Би боддог юм. Явж явж төр бол шүүх юм. УИХ бол хууль тогтоодог байгууллага. Хэрэв тэнд байгаа гишүүд, дарга, цэргүүд асуудал гаргасан бол шүүхээр л хэргээ шийдүүлнэ. Бүх хүн тийм. Явж явж төр бүтнээрээ байж байгаа нь, хуулиа бариад шийдэж байгаа нь  шүүх юм.

Төр гэдэг бол та бүхэн шүү. Шүүх гэдэг бол төрийг цонхон дээр гаргаад хүний өмнө зогсоосонтой адилхан шүү. Ингэж харилцаарай л гэж би хэлээд байгаа юм.

Мэдээж тэнд хүн ажиллаж байгаа, дутагдал байгаа. Гэхдээ ийм хугацаанд ингэж сайжирч, хийдэг ажлынхаа утга учрыг ойлгож урагшилсан нь чухал. Шүүхийн шинэчлэлийг хийхэд шүүх байгууллагад ажилладаг хүмүүс маш сайхан хүлээж авсан. Хүн ажил хийж байхад дандаа муу хэлүүлээд, муухай хэлүүлээд байх дургүй байдаг юм байна.

Хууль өөрчлөгдөөд, ойлголт нь өөрчлөгдөөд, нийгэмд аятайхан болоод ирэхээр тэр ажлыг хийхэд урамтай болж эхэлдэг юм байна шүү дээ. Шүүх өөрөө ийм өөрчлөлтөд ороод ирэхээр бусад байгууллага, иргэд энэ өөрчлөлт рүү явж байгаа юм.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн Х.Төмөрбаатар олон сар жилээр хүнд гэмт хэрэгт гүтгэгдэж, маш хүнд байдалтай явж байгаад шүүхээр асуудлаа шударга шийдүүлсэн. Үүний дараа Х.Төмөрбаатар “Шүүх бол хэний ч нөлөөнд үл автах, авлига, хээл хахууль, хүнд суртлаас ангид цор ганц байгууллага байгаад би баярлалаа. Жил гаруй хугацаанд сэтгэл санаа, бие махбодиороо хохироод зогсохгүй нутаг усныхандаа ч муу нэртэй болсон. Гэсэн ч шүүх үнэн мөнийг тогтоож өгсөнд одоо сэтгэл өөдрөг амьдрах боллоо” гэсэн байна.

Хүмүүс заримдаа бодохоороо муу юм хийсэн хүн л шүүх рүү очдог. Тэдний асуудлыг л шүүх шийддэг гэдэг. Үгүй ээ. Аливаа нийгэмд хууль зөрчдөг, буруу юм хийдэг хувь нь магадгүй, ойролцоогоор 10 хувь байгаа. Хуулиа дагаад, биелүүлээд явдаг нь нийт хүн амын 90 хувь байдаг. Шүүх бол тэр 90 хувийн эрх, эрх чөлөөг 10 хувиас нь хамгаалдаг.

Дийлэнх олонхийн, нийтийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага бол шүүх юм.

Шүүх, хуулийн байгууллагад хийх бидний ажил дуусаагүй байгаа. Бид хийх ажлын 40-60 хувь нь л нугарч байна гэж нэг удаа дүгнэж байсан.  Хэд хэдэн хуулийг хуучин УИХ сонгууль тулаад баталж чадаагүй, энэ УИХ хойшлуулаад байгаа. Хамгийн гол нь Эрүүгийн хууль байна. Хэдэн зуун зүйл, заалттай маш том хууль байгаа. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бас тусдаа хууль бий. Бас хэдэн зуун зүйл, заалттай, маш их том хууль. Зөрчлийн хууль гэж байна. Зөрчлийн асуудлыг шалган шийдвэрлэх хууль гэж бас тусдаа гарч байгаа.

Монголын түүхэнд эрүү, зөрчил хоёрыг энэ цаг хугацаанд бид ялгаж өгч байгаа. Өмнө нь зарим зөрчил эрүүдээ ороод шийтгэгдээд, шүүхээр ял болоод явдаг байсан. Одоо бол зөрчил гаргасан бол сануулдаг, түүнийг засуулдаг болсон. Зөрчил даамжрахаараа эрүү болдог. Ер нь даамжирсаар даамжирсаар цааш явдаг. Эхлээд нэг бүдрэхэд нь хүнд сануулчих юм бол дараа нь алхаж гишгэхдээ мөрөө хардаг болдог. Нийгэм дахиад өөр болох гэж оролдож байгаа. Барьдаг судрыг нь бид өөрчилж өгөх гээд байна. Бүтэц, үйл ажиллагааных нь хувьд бид өөрчилж байгаа. Барьдаг номыг нь өөрчлөөгүй учраас шүүх, хуулийн байгууллагатай холбоотой янз бүрийн шүүмжлэл гараад байдаг. Хуучин сэтгэхүй тэндээ байгаад байдаг. Энэ 4 хууль батлагдаад гарчихвал шүүх, хуулийн байгууллагын салбарт тавьж байсан зорилтын 80 хувьд хүрлээ шүү гэж бараг хэлэх түвшинд байгаа.

Нэг хүний үед юм уу, нэг Засгийн газрын үед Монголын бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Монголын бүх зовлон арилна гэж байхгүй. Хүүхэд ч төрөөд л аав, ээжийнхээ гаргаж байсан алдааг давтаад л эхэлдэг. Аав ээжээсээ ялимгүй илүү гарч амьдарч байгаа бол та бүхний хүүхдийн сайных. Хүний нийгэм, хүний үе дандаа л асуудалтай байдаг.

Төрийн бодлого тодорхойлж ажиллаж байгаа үед бидний өмнө тулгамдаж байгаа, бидний шийдэх боломжтой асуудлыг л шийдэх юмсан гэж боддог. Энэ улс төрд 27 жил явахдаа хойч үедээ ачаа болгож өгмөөргүй байна гэсэн ийм л бодолтой явсан. Гэхдээ хүссэнээр тэр бүр хийгддэггүй юм гэдгийг хэлэх нь зөв байх” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуултад хариуллаа.

Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан: Хүн өвдөхөөрөө хамгийн түрүүнд эмнэлэгт очдог шиг ямар нэг асуудалд орохоороо хуулийн байгууллагад ханддаг. Эмнэлэг хүнийг эрүүл болгодог шиг хууль, хяналтын байгууллага нийгмийг шударга байлгах үүргийг хүлээдэг. Шүүх засаглал өнөөдөр шинэчлэгдсэн. Би 21 аймгаар явсан. Дөрвөн аймгийн шүүхээр орсон. Шүүхээр хүн яваад ороход мэндлээд хүлээж авдаг уулзах танхимтай болсон. Ямар шүүх хурал болж байгаа нь самбар дээр урсдаг болсон. Шүүх хурлыг хажуугийн танхимд нь ороод хардаг телевизтэй болсон. Энэ бол маш том дэвшил. Үүн шиг том дэвшил байхгүй. Ямар шийдвэр гарсныг интернэтээс шууд авдаг болсон. Шүүгчдийг хараат бус байлгах нөлөөллийн хууль хүртэл гарсан. Энэ бол их таатай юм. Үүнд бүхэнд баярлаж байгаагаа албан ёсоор илэрхийлэх гэсэн юм.

Нэгд, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анх удаа 21 аймгийн иргэдтэй очиж уулзсан нь хөдөө орон нутгийн хүмүүсийн сэтгэлд маш их хүрсэн. Цаашаа прокурорынхон, мөрдөн байцаагчид, өмгөөлөгчид орон нутгаар явж нийт хүмүүсийн үгийг сонсдог зарчим тогтоож өгөөч, үүнийг дуулгаж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнийг дуулгая.

Хоёрт,  Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж ард түмэнд хийсэн ажлаа тайлагнаж байсныг урьд өмнө харж байсангүй. Энэ бол таны хийсэн ажлын тайлан гэж би харж байна. Цаашид энэ жишиг нийт албан тушаалтанд бий болоосой гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн чихэнд хүргэх нэг зүйл байна. Би 12 жилийн турш Монгол Улсын  шүүх, прокурор, мөрдөн, цагдаа, хүний эрхийн байгууллагаар явж үзлээ. Өмнө нь ямар байсан, одоо ямар болсныг өөрийн гэсэн орчиндоо хардаг. Ганцхан шүүхийг шинэчлэх нь өрөөсгөл харагдаж байна. Шүүхийн танхимд хавтаст хэргийг мөрдөн байцаагч, цагдаа, прокурор хамтарч бүрдүүлдэг. Хавтаст хэргийг шударгаар бүрдүүлбэл шүүгч шударгаар шийдэх боломж өндөр гарна. Доод шатанд шинэчлэл яваагүй учраас шүүгч хавтаст хэрэгт бүрдсэн тэр материалаар хүний хувь заяаг шийдэхээр бас өрөөсгөл байна. Ийм учраас мөрдөн байцаагч, цагдаа, прокурор зэрэгт шүүхийн шинэчлэл бүх шатандаа явахыг хүсч байна. Монголчууд хуулийн дор хараахан амьдарч сураагүй байна. Шүүхийн шинэчлэл хийсэнд маш их баярлалаа. Шүүхийг улам сайн шинэчлэхийн тулд мөрдөн байцаагч, цагдаа, прокурорын байгууллагын шинэчлэлийг хамт хийгээч гэж хүсч байна. Баярлалаа.

“Монгаз ойл” компанийн захирал Бат: -Би 2011 оноос хойш иргэний хэргээр маргаантай явдаг байгууллагын захирал юм. Энэ хугацаанд сайн, муу олон зүйл болсон. Шүүхийн бүтэц их олон янз болж задарч, хувирсан. Анхан шат болон нийслэлийн шүүх харилцан адилгүй шийдвэр гаргадаг нь иргэдэд эргэлзээ төрүүлж байна. Таван шүүгч шийдлээ гэхэд хэн нь буруу зөв шийдсэнийг  шалгуулах боломж байдаггүй. Хүн алдаа гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч иргэдийн үгийг сонсохдоо хойрго байна.

Ц.Элбэгдорж: -Энэ хоёр хүний хэлсэн санал дээр хэлье. Аль ч оронд нийгмийн байгуулалт нь төгс төгөлдөр болоогүй байна. Манайд сонгуулийн үеэр гардаг маргаан, шүүмжлэл аль ч оронд бий. Хүний нийгэм асуудлаа хэзээ ч төгс төгөлдөр шийдэж чаддаггүй юм байна. Тэр рүү байнга эрмэлзэж байдаг. Шүүх байгууллагын хувьд өөрийнхөө уламжлалыг бодох ёстой. Монголынхоо сургамжийг аваад Үндсэн хуулийнхаа дагуу л хийгээд явж байгаа.

Өмнө нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын алба давхар хашдаг байсан. Шүүгч ямар цалинтай байх вэ, хэнийг ямар албанд томилох вэ, яаж сонгон шалгаруулах вэ гэдэг нь тэр хүний гараар гардаг байсан. Үүнийг салгах ёстой гэж олон хүн хэлдэг байсан юм. Б.Чимид гуай ч хэлдэг байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийн хараат бус байдлыг хангах ёстой байгууллага. Шүүх бол мэргэжлийн шүүн таслах байгууллага.  Мэргэжлийн шүүн таслах байгууллагатай хүмүүсийн амьдрал, цалин мөнгө, дээш доош явах, тэр бүхнийг  уях нь буруу байна гээд Шүүхийн ерөнхий зөвлөлийг тусад нь байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд 6 хууль тус тусад  нь санаачилж гаргуулсан.

Өнөөдөр Монголд 470 орчим шүүгч ажиллаж байгаагийн 145 нь сүүлийн жилүүдэд шинээр ажилд орсон. Шүүгчээс бүх шатанд дэвшихэд дандаа шалгалт авдаг. Маш их нээлттэй, асар их өрсөлдөөнтэй. Нарийн шалгууртай. Бүгдийг компьютерээр боловсруулдаг. Хувь хүний зүгээс нөлөөлөх бараг ямар ч боломжгүй. Тэр нарийн шалгуураар явсаар байгаад гарсан шүүгчдийг Ерөнхийлөгч баталгаажуулж зарлиг гаргадаг. Шалгалтад унасан хүмүүс янз бүрийн бодолтой байдаг л байх. Ингэж бид шүүхийг зохион байгуулсан. Бусад байгууллагад байхгүй нэг зүйл бол шүүхүүдэд ёс зүйн хороо гэж бий. Ёс зүйн дүрмийг нь баталж өгсөн. Буруу зөрүү шийдвэр шүүхээс гарлаа гэж үзвэл  Ёс зүйн хороонд гомдол гаргах ёстой.  

Сахилгын хороо гэж байгаа. Мэргэжлийн хороо гэдэг.  Шүүгч мэргэжлийн хувьд буруу шийдвэр гаргалаа гэвэл шүүгчийн шүүгч байх эрхийг нь хасах хүртэл эрхтэй хороо юм. Том шийтгэлтэй.  Ийм нарийн зохицуулалтууд байгаа. Хүмүүс анхан шатаар орлоо. Хэрэг шийдэгдлээ, тэгээд давдаг гэсэн ойлголттой. Уг нь анхан шатан дээр хэрэг шийдэгдээд л дуусч байх ёстой. Зарчим нь тэр. Үнэхээр анхан шатны шүүх буруу шийдлээ гэвэл давах эрхийг нь хадгалахын тулд л давах шатны шүүх байж байгаа.

Дээд шүүх рүү бүх хэрэг очих ямар ч боломжгүй. Дээд шүүх  бол уг нь хуулийн тухай тайлбараа гаргаад, Дээд шүүхэд ирж байгаа ганц нэг хэргийг шийдээд, тэр нь бусад хэрэгт жишиг болоод,  бусад шүүгчид түүнийг хараад сурч байх ёстой. Дээд шүүх  бол шүүхийн байгууллагаар карьер хийж явсаар байгаад хамгийн дээд талын албан тушаал нь Дээд шүүхийн шүүгч болж байгаа. Дээд шүүхийн шүүгчид алдаа гаргах эрхгүй байх ёстой. Тийм шаардлага уг нь тавигддаг. Ийм зохион байгуулалттай байдаг юм шүү.

Шүүхийн үйл ажиллагаа, зохион байгуулалт бол хүн төрөлхтний өөрийн нулимс, өөрийн амь нас, өөрийн цагаараа төлж байж гаргаж ирсэн хүн төрөлхтний үнэт зүйл юм.

Монгол Улсын Үндсэн хуульд шүүгч хараат бусаар ажиллах нөхцөлийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллана гэж заасан байдаг.

Бүх юм нь хаалттай, хурал нь ч хаалттай байхад шүүгч хөгждөггүй. Ялласан нь ялласан шиг яллаж, өмгөөлсөн нь өмгөөлсөн шиг өмгөөлж, тэр бүхнийг харж сууж байгаад шүүгч хуулийнхаа дагуу шийдвэрээ гаргах ёстой. Тэр тийм амар шийдвэр биш.

Одоо дээр нь бид иргэдийн төлөөлөгч гэж оролцуулж байгаа. Зарим нэг шинэчлэл ухарсан. Цэц дээр очоод унасан. Иргэдийн төлөөлөгч  гээд сууж байгаа хүн бидний гаргасан шийдвэрээр бол анхан шатан дээр гарч байгаа шүүхийн шийдвэрт оролцоно гэж байгаа.  Иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүхийн шийдвэр гарахад заавал авдаг. Биднийхээр бол иргэдийн төлөөлөгчийг шүүхийн шийдвэрт бүр оролцуулж шийддэг болгоно гэсэн.  Гурван шүүгч байна. Хоёр иргэдийн төлөөлөгч байна. Гурван шүүгч бол мэргэжлийн улсууд. Хэрэв шүүгч нар иргэдийн төлөөлөгчидтэй санал зөрөхөөргүй шийдэж чадахгүй бол тэр иргэдийн төлөөлөгчдийн саналаар шийддэг болгоё гэсэн. Гэтэл түүнийг хууль бус гээд Цэц шийдвэр гаргачихсан.

Бусад оронд иргэдийн төлөөлөгчдийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр хуульч бус шүүгч гэж нэрлэдэг. Тэгээд бүр таслах эрхтэй оролцдог. Ингэж чадах юм бол манай шүүх дээр иргэдийн оролцоо сайжирна. Иргэдийн төлөөлөгчийг бид тусад нь бэлтгэж байгаа. Энэ чиглэлд 12 мянга гаруй хүн бэлтгэсэн. Өчигдөр Төрийн ордонд тэд маш том зөвлөгөөн хийлээ шүү дээ. Ингэж та бүхний оролцоогүй, сонсоогүй, магадгүй хагас дутуу сонссон байж болох маш олон ажлууд энэ чиглэлээр явсан. Уг нь бид нар хүрсэн амжилтаа чангалаад, цаашаа алхаад байх ёстой юм. Манайд гараад байгаа нам, төрийн хагарал юунаас болоод байна гэхээр өмнө нь гарч байсан сайн ч бай, муу ч бай зүйлийг баллуурдаад, нэг нь Монголыг босгохын төлөө, нэг нь сөнөөхийн төлөө, нэг нь аврахын төлөө явж байгаа юм шиг, ийм байдлаар хандаад байдаг нь буруу юм. Адилхан л монгол хүмүүс шүү дээ. Нэг эх оронтой, нэг хувь заяатай. Амжилт гаргах юм бол түүнийгээ цааш нь аваад явдаг, алдаа дутагдал гарвал түүнээсээ сургамж аваад засаад явдаг байх, ийм л зүйл байгаа юм. Үүнийг би нэмж хэллээ.

Дээд шүүх дээр бүх зүйл шийдэгдээд дуусдаггүй юм шүү. Дээд шүүхээр ороод,  таван шүүгч хэлэлцээд дууслаа гэж бодож байгаа бол бас биш. Ерөнхий прокурор аливаа хэрэг дээр эсэргүүцэл бичих эрхтэй. Түүн дээр хугацаа заагаагүй. Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичих эрхтэй байна. Үнэхээр явсаар байгаад тэр нь болоогүй. Гэхдээ зуун хувь бодож байгаагаар, зуун хувь бидний зөв гэж асуудал шийдэгдэх ямар ч боломж байхгүй. Гэхдээ зуун хувьд дөхсөн шийдвэр гарч байгаа бол би их сайн зүйл гэж харж байгаа.

Дээр нь их том шинэчлэл хийж байгаа. Өмнө нь шүүх дээр хэрэг яваад очихоор буцаадаг. Хэрэг буцаад байна гэдэг чинь түүний цаана янз бүрийн муу зүйл байх магадлалтай. Мөрдөн байцаагч хэрэг илрүүлэхийн төлөө, түүний араас яваад, нотлох баримт цуглуулаад, жин тан болгоод, энэ хүнийг тийм зүйл ангиар яллах хэрэгтэй гээд, улсын прокурор оруулж ирэх үед шүүх хэлэлцээд нэг бол ял өгнө, нэг бол цагаатгана. Би энэ зарчмыг зөв зарчим гэж харж байгаа. Шүүх дээр очсон бол аль нэг шийдвэр нь гардаг байх ёстой.

Тэгэхгүй буцаагаад байдаг, буцаагаад байдаг. Гурав дөрвөн жил явдаг. Муугаар хэлбэл авилга, хахууль, янз бүрийн зүйл нь тохирч өгөхгүй л буцаагаад байгаа. Хэрэв тэр хэрэгт ял өгөөд ороод ирсэн, шүүх цагаатгасан бол мөрдөн байцаагч нь хариуцлага хүлээж байх ёстой. Нэг  шүүгчийн шийдэж байгаа хэрэг маргаан хэдэн удаа давж заалдах шатны шүүх рүү явж байна гэдэг тоогоор нөгөө шүүгчийн ур чадвар бас тооцогдож байдаг. Жишээлбэл, 90 хэрэг шийдвэрлэхэд 78 нь анхан шатны шүүхийн шийдвэрээр дууссан. Үүнээс 12 нь давах шатанд явсан гэдэг ч юм уу. Ингэж байгаа бол тэр шүүгчийг сайн шүүгч гэж үздэг ч юм уу. Ийм дотоод шалгууртай болж байгаа юм. Тэр шалгуурыг улам чангатгах хэрэгтэй.

Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багийн иргэн Бадарчийн Батчөдөр: -Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч таны амгаланг айлтгая. Өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцуулж байгаа Монголын Медиа Корпорацийн хамт олонд баярлалаа. Танаас нэг зүйл асууя.

Та олон хууль санаачилж УИХ-д оруулсан, түүнээс 15 хууль буцаагдсан гэж байна. Буцаасан хуулиудын цаана ямар үзэл санаа байна вэ?  Буцаагдсан хуулийг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа эргүүлэн оруулж батлуулж чадах уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баярлалаа, үүнийг шийддэг газар нь УИХ. Уг нь Улс төрийн намын тухай хуулийг буцаах ёсгүй л байсан. Улс төрийн хоёр том нам байна. Ээлжилж эрх барьж байгаа энэ хоёр байгууллага дангаараа гарахад хамгийн хариуцлагагүй байгууллага болж хувирч байна. Та бүхэн бүгдээрээ л харж байгаа, бүгдээрээ хэлж байгаа. Улс төрийн нам Монгол Улсын иргэдийн улс төрийн эрхийг булааж авсан газар болоод байгаа юм.

1990 онд сонгууль яаж явж байсныг та бүхэн санаж байна уу? Байгууллагаас нэр дэвшиж болдог байсан. Бүр их чөлөөтэй байсан. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль гэж оруулсан. Үүнд улс төрийн намаас хамааралгүйгээр иргэд суман дээрээ тодорхой асуудлаар зөвлөлдөөд санал асуулгаар шийдчихдэг. Иргэд цуглаж байгаад тодорхой хуулийг буруу гэж үзвэл, эсвэл УИХ буруу шийдвэр гаргасан бол санал асуулгаар энэ хуулийг хүчингүй болгоё гэдэг. УИХ тэр асуудлыг заавал авч хэлэлцдэг. Заавал батал гээгүй шүү. Тэгээд буцааж байгаа бол буцааж байгаа. Иргэд дэмжиж байгаа бол түүнийг батал.

УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачилна, Ерөнхийлөгч ууль санаачилна гэдэг.Мминий хууль санаачлахдаа барьдаг зарчим бол хүмүүсийн барьж авахгүй байгаа, Монголын хөгжилд хэрэгтэй, Монголын хариуцлагад хэрэгтэй, тийм хэцүү зүйлийг л би барьж авдаг. Намайг 27 жил улс төрд явж байхад харж байсан улсууд энд дүүрэн л байгаа байх. Би бол улс төрчдийн дургүй, зугтдаг зүйлийг барьж авдаг юм шүү дээ. Би Ерөнхий сайд ч хийж байсан, янз бүрийн түвшинд ажиллаж байсан. Би мэднэ. Дарга болж мөнгө хуваарилахыг хэн ч чадна шүү дээ. Төсвийн хэдэн төгрөг хуваарилах, хүнийг ажилд томилохыг хэн ч, ямар ч дарга чадна. “Чи тэг, тэр тэг” гээд сууж байхыг хэн ч чадна шүү дээ. Дарга нар юу чаддагүй вэ гэхээр дарга нар нэгнээсээ хариуцлага шаардаж чаддагүй юм. Дарга нар нэг нь ард түмний мөнгөнөөс хулгайсан байхад хулгайлсан нэгнээ хэлж чаддаггүй юм. Тийм зүйлтэй тэмцэж чаддагүй.

Шилэн дансны тухай хуулийг би УИХ-аас дөрвөн удаа буцаалгаж байж, тэмцэж байж оруулж батлуулсан. Ямар ч Засгийн газар Шилэн дансны хууль оруулж батлуулахгүй. Би нэг сая төгрөгөөс дээш зарцуулсан бүх зарлага шилэн дансанд байрших ёстой гэж оруулсан. Гэтэл түүнийг УИХ хэлэлцээд таван сая болгож байгаа юм. Тэгээд манай дарга нар арга олоод мөнгө гаргахдаа 4,999,000 төгрөг гаргаад байгаа юм. Шилэн дансан дээр тавьдаггүй учраас тэр. Уг нь нэг төгрөг ч гарсан  оруулах ёстой, түүнийг хориглоогүй шүү дээ.

Мөн хариуцлагын тухай хууль гэж оруулсан. Ерөнхийлөгчөөсөө эхлээд багийн Засаг дарга хүртэл хариуцлагатай болъё, хариуцлага шийддэг улс төрийн механизмтэй болъё. Улс төрийн хариуцлага гэж юу юм, манайд ерөөсөө мэдэхгүй байгаа. “Уучлал гуйлаа, би буруу зүйл хийжээ” гэдэг бол ёс зүйн хариуцлага юм. Дахиж ийм зүйл гаргавал улс төрийн хариуцлага хүлээнэ. Дахин буруу зүйл хийвэл төрийн албанд орохыг нь тодорхой хугацаагаар хасдаг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүд муу ажиллаж байгаа бол буцааж татна гээд сонгогчид нь санал цуглуулдаг байх ёстой. Тэр эрх нь сонгогчдод байх ёстой, сонгох эрх нь байгаа. Тэднийг сонгодог, усны шувуу шиг яваад өгдөг. Дөрвөн жилийн дараа баахан юмнууд сайхан сайхан юм яриад буцаад хүрээд ирдэг. Хэцүү шүү дээ, амьдрал. Тэгэхээр байнга тэдэн дээр хяналт байх ёстой.

Хариуцлагын хуулийг батлах хэрэгтэй байна гэж би дөрвөн жил шаардаж байна. Эхлээд үүнийг л хийе. Бүх нам хөтөлбөртөө хариуцлагатай, шударга ёс тогтооё гэж оруулсан шүү дээ. Энэ бол үгээр бий болдоггүй юм, хуулиар бий болдог юм. Нийгэмд өөрчлөлт хуулиар гардаг юм, түүнээс биш үгээр гардаггүй юм. Тэгээд гоё гоё донгосдог. Уучлаарай, ийм үг хэлчихлээ.  Заримтай нь хэрэлдмээр санагддаг. Тэгэхээр хуулиа батал гэдэг асуудал л тавих хэрэгтэй. Тэр хуулийг баталж өгөх хэрэгтэй байгаа юм.

Уг нь Шилэн дансны хуулийг зөрчсөнийг нь жирийн иргэн мэдээд гомдол гаргах юм бол, түүнийг шалгаад тогтоогдох юм бол холбогдох ажилтныг шууд албан тушаалаас нь огцруулах хариуцлагын заалтыг нь оруулаад өгсөн. УИХ дээр хэлэлцээд тэр хуулийн амин сүнс, тэр хариуцлагыг нь аваад хаячихсан. Тэгэхээр тэр хууль бүрэн хэрэгжих боломж муу болж байгаа. Манай эрх баригчид хуулийг сонгож хэрэгжүүлдэг. Шилэн дансны хуулийг Элбэгдорж санаачилж оруулсан, за, үүнийг ч яахав гэж байх жишээтэй.

Саяхан телевизээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын цэцэрлэгийн тухай гарч байсан. Би баярласан. Ямар хөөрхөн харагдаж байна аа. Сумын цэцэрлэг Шилэн дансны хуулийн дагуу ханын самбар гаргачихсан. Шилэн дансны хуулийн дагуу тэр самбар дээрээ тайлангаа тавьж байдаг. Ээж аавууд хүүхдээ авахаар ирэхдээ хараад зогсож байдаг. Нөгөө өгөх ёстой чихэрийг нь өгч байна уу, үгүй юү.  Нөгөө гамбир байна уу, үгүй юү.  Төсөв зориулалтын дагуу явж байна уу, үгүй юү.  Эсвэл захирал нь аваад Улаанбаатар руу замын зардал болгоод явчихаж уу. Сэтгэл байх юм бол хуулийг хэрэгжүүлж болж байгаа.  

Хууль хэрэгжинэ гэдэг хүний төлөө л гарч байгаа юм. Хуулиасаа буцаад байгаа нь үнэхээр болохгүй байгаа юм. Үүний төлөө л явж байна. Дараа дараачийн Ерөнхийлөгч, дараа дараачийн  төрийн улсууд энэ зүйлийн төлөө яваасай.

Сайн удирдагч бол сайн соёл  үлдээдэг. Түүнээс бус би хийсэн юм, чи хийсэн юм гээд байх ямар ч хэрэггүй юм. Одоо би хувьдаа Шилэн дансны хуулийг өөрчилж чадахгүй. Иргэдийг өмчтэй болгосныг, мал хувьчилсныг өөрчилж чадахгүй. Дахиад Монголд нэгдэл байгуулж чадахгүй. Таны гэрт давхиж ороод өмчийг тань юм уу, машиныг чинь хураагаад явж чадахгүй.

Шашин шүтэж байна гээд шоронд аваад явахгүй. Ерөнхийлөгчийн өөдөөс буруу ярилаа гээд шоронд  хийхгүй, тийм л болсон шүү дээ. Энэ нь ингээд ниймгийн соёл болоод, үлдээд, цаашаа явна. Ерөөсөө манайд нэг болохгүй зүйл юу байна гэхээр улс төр, улс төр дотор болохгүй зүйл нь хариуцлага хүлээхгүй байгаа нь л гай юм. Үүнийг ард иргэд бүгдээрээ ойлгодог, шаарддаг болох хэрэгтэй. Шаардахгүй юм бол цаашаа явахгүй.

БГД-ийн иргэн Т.Баатаржав: -Таны найман жил хийсэн нөр их хөдөлмөр гэвэл дэлхийн тавцанд Монголын нэрийг дээш гаргаж ирсэн гээд олон зүйлийг хэлэх байна. Бүгдийг хэлж амжихгүй байх. Танд талархал илэрхийлж, ажилд тань амжилт хүсч, цаашдаа хийх ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.

Ховд аймгийн иргэн Нарантуяа: -Хууль шүүхийн шинэчлэл сайн болсон.  Улаанбаатар хотын захын дүүргийн шүүх, Ховд аймгийн шүүх өнөөдөр үнэхээр их өөрчлөгдсөн. Иргэн хүний хувьд иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн чигэлэлээр шүүхийн үйл  ажиллагаанд ажиглалт хийгээд сууж байхдаа бахархаж байсан. Энэ том шинэчлэлийг хамт олонтойгоо, иргэдтэйгээ хамт хийсэн явдалд баярласнаа илэрхийлье.

Хоёрдугаарт, өглөөнөөс хойш мэдээлэл авч байхдаа өөрийнхөө нэг саналыг хэлье гэж бодлоо. Та санаачлаад УИХ-аас буцаасан болон эргүүлсэн татсан хуулиудаас Улс төрийн намуудын хууль, хариуцлагын тогтолцоо зэргээр иргэдтэй адилхан УИХ-ын 76 гишүүнтэйгээ хамтран нийтийн сонсгол хийж, хуулиа батлуулж болдоггүй юм уу?

Шүүхийн шинэчлэлтэй уялдуулаад прокурор, өмгөөлөл гэсэн хоорондоо ажлын уялдаа холбоотой байгууллагуудын шинэчлэлийг мөн хийхийг дараагийн Ерөнхийлөгчид сануулж, ийм ийм зүйл дээр анхаарч, илүү шинэчлэл хийж өгөөч гэж энэ уулзалтаас тодорхой зөвлөмж гаргах болов уу гэж хувьдаа бодож байна. Танд ажилт хүсье.

Иргэн: -Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод, нөхөн төлбөрөө авахаар шүүхийн шийдвэр гаргах гэхэд прокурор буцаасан.  Дутуу шалгасан байна гээд жилийн дараа дахин сэргээгээд долоон жил болгочих юм. Ингэж болох уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Нөхөн төлбөр, төлбөр зэрэг дээр төлбөрөө төлсөн л бол болох ёстой. Мөнгө төгрөг, банкны зээл, тусламж зэргийг цаг хугацаанд нь өгч чадахгүй зэрэг хүндрэлтэй зүйл хүмүүсийн амьдралд гарна. Үүнийг зөв шийддэг хэлбэр рүү явж байгаа байх гэж би найдаж байна. Шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэлээн сайн орсон. Өглөө манай зөвлөх үүнийг сайн танилцуулсан байх.

Жишээлбэл, эдийн засгийн хувьд татварын асуудал, аж ахуй эрхэлдэг хүмүүстэй холбоотой, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг гэж шийддэг биш. Тэр хүнтэйгээ яриад, ямар хүндрэлээс болж мөнгөө төлж чадаагүйг нь тодруулаад, шүүхийн шийдвэр гаргаад, “За, та ийм хугацаанд энэ мөнгөө төлөөрэй” гээд мөнгийг нь төлүүлдэг хэлбэр рүү орох нь зөв гэж бодож байгаа. Албан тушаалтны хэргийн асуудлыг тусад нь шийдээд, албан тушаалтны хохируулсан, учруулсан хохирлыг нь төлүүлдэг бас нэг ийм байдлаар шийдэж болж байгаа юм. Хохирлоо төлөх юм бол дахиад өөрийнхөө хэргийг магадлан шүүхээр оруулж болдог. Иймэрхүү хэлбэр рүү явуулах нь зөв байгаа юм.

Ер нь хорих ял байлгүй л яах вэ. Гэхдээ түүгээр бүхнийг шийднэ гэдэг бол их өрөөсгөл юм. Бүгдээрээ л амьдралтай болох гэж зүтгэж байгаа. Надаас нэг хүн “Та Ерөнхийлөгч байхдаа гаргасан хамгийн муу хэлүүлсэн, хамгийн их маргаан дагуулсан шийдвэр юу вэ”  гэж асууж байсан. Капла гээд нэг асуудал байдаг. Тэр бол уг нь татварын хэрэг. Татварын хэргийг манай шүүх шийдэхдээ “4-5 жилээр хорино” гээд хорих ял болгоод гаргачихсан. Монголын нэр дэлхий даяар муу хэлэгдсэн. Монголчууд гаднаас хөрөнгө оруул гэдэг. Тэгээд гаднын хүн очоод ажил хийж байтал түүнийг барьж аваад шоронд хийж гэнэ. Ингээд дэлхий даяар өдөр бүр Монголын нэр телевиз, хэвлэл мэдээллээр байнга унаж байдаг.

Түүнийг яаж шийдэх вэ гэж би бодсон. Сонсоогүй юм шиг суугаад байж болно л доо. Филиппиний Ерөнхийлөгчөөс надад хандаж захиа ирсэн. “Үүнийг ингэж шийдэж болохгүй шүү дээ. Та Ерөнхийлөгчийн хувьд эрхээ эдлээд наад хүндээ уучлал үзүүлээч” гэсэн. Та бүхэн Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчид захиа ирдэг гэж сонсоогүй байж магадгүй. Тэгж хүртэл хандаж байсан. Тэр улсын сенатор, манайхаар бол УИХ-ын гишүүнээс нь бичиг ирж байсан. Ингээд яваад байхаар өдөр өдөрт л миний Монголын нэр унаад байдаг. Монголд итгэх дэлхийн итгэл унаад байдаг. Монголчууд бид улам л ганцаардана. Улам л хэцүү болно. Би үүнийг шийдээд уучлахаар миний нэр унаад байдаг. Тэгэхээр Монголын нэр унаснаас миний нэр унах яах вэ гэж ийм л сонголтод хүрсэн. Тэр үед 7000 гаруй аж ахуйн нэгж дээр 3000 гаруй хүний хэрэг явж байсан. Ганц Каплагийн асуудал биш.

Тэгж уучлагдсанаар шүүх хүртэл татварын маргаанд эрүүгийн хэрэг үүсгэж хорих ял өгөхөө больж эхэлсэн. Энэ бол хэдэн мянган хүний хувь заяаг шийдэх сайн жишиг болж хувирч байгаа юм. Хэдийгээр Элбэгдоржийг муу хэлдэг, над руу дайрах гэсэн хүмүүсийн үгийн бай болж байгаа боловч хэдэн мянган хүний хувь заяаг шийдсэн.

Та бүхэнд бизнес хийж үзээгүй, жаахан ч болов тиймэрхүү юманд оролцоогүй хүн байхгүй. Жаахан бизнес хийх гээд, ажил хийх гэхэд тэнд янз бүрийн маргаан гарч л байгаа. Түүнийг заавал ял болгож шийдэж яах юм бэ? Гаднын ч бай, дотроо ч бай ялгаагүй.

Шинэ эрүүгийн хуульд “төлбөрөө төлсөн бол” гэдгээр явж байгаа. Төлбөрийг нь төлүүлсэн бол гэж байгаа хуульд байгаа. Тэнд төлөх ёстой төлбөрийг нь уучлаагүй шүү. Гаднын хүнийг шоронд дөрвөн жил хорилоо гээд Монгол баяжих уу? Монгол хөгжих үү?

Харин таны тэтгэвэрт дээр нэмэгдэх, таны хүүхэд ажилтай болох, тэр хөрөнгө оруулалт орж ирэх, хүн ажиллах боломж л хасагдана. Монголын нэр л улам унана. Явж явж Монгол руу орсон хүн гардаггүй юм гэнэ лээ гэсэн ийм нэр хүртэл гадаадууд өгсөн шүү дээ. Тийм муухай байж болохгүй. “Монгол буудал” гэдэг нэртэй. Түүндээ аваачаад хийчихдэг юм гэж. “Монгол буудал” гэж шоронг хэлж байгаа юм. Ийм зүйл дээр л шийдвэр гаргах гэж Ерөнхийлөгч байдаг юм.

Би Монгол Медиа корпорацид баярлаж байгаа. Албан тушаал хашаад, тодорхой хугацаанд ажиллаад дуусах гэж байгаа бол гарч ирээд ажлаа ярьдаг нүүртэй байх ёстой. Манай Б.Цэнддоо сэтгүүлч хэлж байсан. “Та сонин хүн юм. Хүмүүс өөрийг чинь 27 жил улстөрд явчихсан. Өөрийг чинь дуугарахаар бараг чихээ дардаг. Уйдчихсан, бушуухан яваасай гээд сууж байхад гарч ирээд л өмнө нь юм яриад зогсоод байх юм” гэсэн. Ярих юмтай бардам байгаа хүн л ингэнэ. Эргээд хүмүүстэй уулзах нүүртэй хүн л ингэнэ. Түүнээс биш тийм нүүргүй, баахан буруу юм хийсэн хүн бол бараг зугтаад алга болно. Тийм учраас би ард түмнийхээ дунд явах нүүртэй хүн гэж өөрөө боддог. Юмаа ярих ёстой гэж боддог.

Аймаг дээр аймгийн Засаг дарга, суман дээрээ сумын Засаг дарга ажлаа ингэж ард иргэддээ танилцуулдаг байх ёстой. УИХ-ын гишүүд, сайд дарга нар бүгдээрээ ийм болох ёстой. Тэгэхгүй бол хэн юу хийж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Та бүхэн өөрсдөө завгүй. Одоо ингээд сонсохоор ямар их ажил хийсэн юм бэ гэдэг. Нээрээ энэ чинь сонсох нь зөв юм байна гэж ойлгож хүлээж авч байгаа.

Иргэн: -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Надад ямар нэгэн асуулт байхгүй. Шүүхийн шинэтгэл манай гэр бүлд хэрхэн нөлөөлснийг товчхон хэлье. 2009 оноос өмнө манай гэр бүл хуулийн тухай ярихад маш дургүй, яагаад гэхээр “Адгийн зарга арав хоногтой шүү, хол яваарай” гэж хүмүүжүүлсэн. 2009 оноос хойш бидний энэ ойлголт их өөр болсон.

Бидний огт сонсоогүй шилэн данс ч гэх шиг, хуулийн шинэтгэл ч гэх шиг. Манай хаалттай байсан цонх нээгдээд, зурагтаар хуулийн тухай нэвтрүүлэг гарахад хаадаг байсан бол одоо хурдхан нээж байгаа.  Ерөнхийлөгч, Ч.Өнөрбаяр зөвлөх, сэтгүүлчид хуулийн тухай юу ярьж байна гэх мэтээр сонирхдог болсон. Би хуулийн хүн биш, хуулийн мэдлэг надад юу ч байхгүй. Яагаад гэхээр 20,30 жил хуулиас хол байсан. Би юу хэлэх гээд байна гэхээр манай гэр бүлд охин, хүү, хүргэн гээд 10-аад хүн байна. Энэ арван хүний цаана Монголын ард түмэн, 100 хүн гэж бодоход 50 хувь нь үүн шиг өөрчлөлтөд орсон. Би мэргэжлийн хүн хуулийн биш. Гэхдээ шүүхийн шинэчлэл гэдэг бол огт хууль сонирхдоггүй олон хүмүүс, монголын ард түмний 50 хувь нь шүүхийн шинэчлэлийг ойлгосон, мэдсэн, үр шимийг нь хүртсэн гэж би бодож байна. Тиймээс танд болон энэ хуулийн шинэтгэлийг эхлүүлсэн, одоо ажиллаж байгаа залуучууд, залуу хуульчдад улам их амжилт хүсье. Та бүхэн энэ шинэчлэлийнхээ төлөө эргэлт буцалтгүй зогсож Монголын ард түмнийг тэнгэрийн дор, хуулийн дор амьдарч, сурах боломжийг бүрэн нээж өгөөрэй. Ард түмэн ч гэсэн шүүхийн шинэтгэлээр амьдралаа өөрчлөөсэй гэж хүсч байна.

Иргэн Болор-Эрдэнэ: -Шүүхийн зарим шүүгч нар маш буруутай шийдвэр гаргадаг. Яг ижил гурван хэрэг дээр гурван өөр шийдвэр гаргадаг. Аль эсвэл нэг жижигхэн хармааны хулгайч, улс эх оронд өчнөөн тэрбум төгрөгний хохирол учруулсан хоёр хүнд яг ижилхэн ял шийддэг. Үүнийг та юу гэж боддог вэ? Өөрчлөх арга байна уу? Хоёрдугаарт, оффшорчид өөрсдөдөө маш ээлтэй хууль баталсан, үүн дээр та хориг тавих уу?

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн Бат-Очир: -Би идэр залуу насандаа Жанжин Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байхад Ерөнхийлөгч Элбэгдорж “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан. Найман жил Ерөнхийлөгчөөр ажиллаж өнөөдөр ажлын тайлангаа тавьж байгаад өвгөн би туйлын баяртай байна.

Хан-Уул дүүргийн иргэн: -Иргэд шүүхийн талаар ихэнхдээ ярьж байна. Шүүхээс илүү нэг байгууллагын талаар ерөөсөө ярихгүй байна. Энэ бол Авилгатай тэмцэх газар. Шударга ёсны асуудал ярихад  АТГ-ын үйл ажиллагааг зайлшгүй ярих ёстой. АТГ-ын үйл ажиллагаа харьцангуй сайн явж байгаа. АТГ-т улс төрийн нөлөөлөл их ирж байна. Юу гэж асуух гээд байна гэхээр шүүхийн салбарт оруулсан энэ нээлттэй байдал, санхүү, эдийн засгийн хараат бус байдал АТГ-ын хараат бус үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн нөхцөл байдалд нь маш нөлөөтэй. Энэ тал дээр та ямар ажил эхлүүлсэн бэ? Цаашдаа хараат бус үйл ажиллагаа явуулахад ямар зүйл шаардлагатай гэж үзэж байна вэ?

Дараагийн асуулт. Сүүлийн үед прокурор, цагдаагийн байгуулагад ажилладаг ажилтан албан хаагчид гэмт хэрэгт холбогдох нь ихсэж байна. Яахав, цагдаа хууль зүйн харьяа л даа. Таны мэдэлд байхгүй байж болох юм. Прокурор таны харьяалах шатны байгууллага учраас энэ асуудлыг холбогдох удирлагуудад нь хэлэх хэрэгтэй юм болов уу. Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэц дээр шийдвэрүүд нь салаа утгатай, хоёрдмол шийдвэр их гараад байх юм. Болох юм шиг, болохгүй ч юм шиг шийдвэрүүд  их гарч байна. Та энэ гурван байгууллагын эрх бүхий гурван хүнийг томилдог субьектын хувьд энэ байгууллагуудын үйл ажиллагаан дээр ямархуу дүгнэлттэй байна вэ?

БЗД-ийн 1-р хорооны иргэн Алтанцогт: -Таны ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Гурван санал хэлье. Нэгдүгээрт, тэтгэврийн насны тогтолцоон дээр ард түмэн янз бүрийн ойлголттой байна. Та холбогдох дарга даамлуудад хэлж өгөөч. Сүүлийн үед архи тамхинаас илүү мансууруулах бодисын хэрэглээ ихэслээ. Ц.Элбэгдорж хар тамхитай холбоотой хэнийг өршөөхгүй гэж сонин дээр бичсэн байна. Би БЗД-ийн 1-р хороонд амьдардаг, манай дүүрэг 27 хороотой. Иргэний танхим гэж унтаа газар байна. Үүнийг сэрээе. Заримдаа бүжиг болох юм. Заримдаа юу болж байгаа нь мэдэгдэхгүй байна. Танд амжилт хүсье.

БГД-ийн 18-р хорооны иргэн С.Гэрэлцогт: -Таныг хүрэлцэн ирсэн явдалд их баярлалаа. Би нэг зүйл асуух гэсэн юм. Түрүүний залуутай давхцах байх. АТГ-ын эрч хүчийг сайжруулж өгөөч гэж танаас хүсэх байна. Анхны даргаар нь миний хүргэн ах Дангаасүрэн ажиллаж байсан. Тэр хүний үхлийн талаар юу гэж бодож байна. Завсрын үг шүү, зөвөөр ойлгоорой. Ажлыг нь сайжруулж өгөөч. Олон тэрбумаар идсэн луйварчдыг зохих ёсны ялыг нь өгөөд явуулчих хэрэгтэй байна. Монголын ард түмнийг баярлуулах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, сая Хөгжлийн банкинд шалгалт орсон гэсэн. УИХ-ын гишүүд баахан шалгаад юу болсон юм бол. Монголын ард түмэнд хэрэгтэй юм уу, үгүй юм уу. Энэ их идэж уусан луйварчдыг замаас зайлуулахад та дэмжлэг үзүүлээч.

ЧД-ийн 11-р хорооны иргэн Дуламсүрэн: -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн засаглалтай болох тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол таны хийж чадахгүй байсан зүйлүүдийг хийх боломж байгаа юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Үндсэн хуультай холбоотой нэг асуулт гарсан. Энэ тал дээр товчхон хариулья. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай гээд их хурлаар нэг шийдвэр гарсан.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу ард иргэдээс сонгоод, хүмүүс ярилцаад, Үндсэн хуульд юу нь болохгүй байна гэдгээр зөвлөлдөх эхний шат хөдөлсөн байгаа. Миний нэг баримталдаг зарчим бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа маш болгоомжтой байх ёстой. Хуулиа баримтлах ёстой. Б.Чимэд гуай амьд сэрүүн байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж батлуулсан. Тэр журмын хуулийг заавал барих ёстой гэж бодож байна. Зарим сэрүүн толгойтой улсууд тэр хуулийг барих ёсгүй, тэр хуулийг хүчингүй болгоно гэж дураараа дургих гэж оролддог. Үндсэн хуульд өмнө орсон өөрчлөлттэй холбоотой асуудлыг заавал нэг удаа авч үзэх ёстой гэж би хувьдаа боддог.

Аливаа оронд Үндсэн хуульд яагаад ингэж болгоомжтой ханддаг вэ гэхээр Үндсэн хууль бол Монгол Улс юм. Монгол Улс гэдгийн цаана Монголын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амьдрал, нийгэм тэр чигээрээ байгаа. Тиймээс тэнд ямар нэгэн өөрчлөлт оруулахдаа маш болгоомжтой оруулах шаардлагатай юм байна лээ. Өмнөх долоон өөрчлөлтөөр оносон ч ганц нэг зүйл бий, оноогүй нь ихэнх нь байдаг.

ҮАБ-ын асуудлаар УИХ-ын гишүүдтэй уулзалт хийсэн. УИХ-ын гишүүдийн ихэнх нь шинэ. Энэ асуудлаар уулзаж бид 10 гаруй цаг ярилцсан. Хаалттай хуралдсан. Хүмүүс тэр хурлаас ямар сэтгэгдэлтэй гарч байна гэхээр, ийм л юм сонсох гэж, анхаарах гэж би УИХ-ын гишүүн болсон юм байна. Ерөнхийлөгчийн хэлж байгаа ярьж байгаа зүйл дээр маш их юм бодмоор байдаг юм байна гэж байсан.

Төрийн хар хайрцаг гэж ярьдаг. Төрийн хар хайрцаг гэдэг тэр хүн дээр, тэр уламжлал дээр бий болдог. Ерөнхийлөгч болоход хар хайрцаг хүрээд ирдэг юм байхгүй. Ерөнхийлөгчид улсын тамга л ирдэг болохоос биш, өөр зүйл ирдэггүй. Хүнтэйгээ тэр хар хайрцаг яваад өгмөөргүй байгаа юм. Би хувьдаа 27 жил энэ улс төр дотор зууралдаж явлаа. Найман жил Төрийн тэргүүнээр ажиллалаа. Монголын төлөө юм боддог хүнд энэ суудал юм бодуулдаг суудал шүү. Цаашаа улс төрд тулгамдаж байгаа ямар асуудал байна, яаж шийдэж болох вэ, хуульд тулгамдаж байгаа ямар юм байна, улсын аюулгүй байдалтай холбоотой ямар зүйл байна, эдийн засаг гээд бүгдийг дотор нь ороод гарсан юм шиг харж байгаа. Гэхдээ дандаа миний зөв байхгүй л дээ. Энэ бүхнийг хэлж үлдээх юмсан гэсэн бодол байдаг юм. Үүнийг энэ завсар хэлчихье.

Манайд бол Ерөнхийлөгчийн засаглалтай байна уу, ямар байна гээд янз бүрийн албан тушаалын хуваарилалтаа хийчих байх аа. Гурван зүйлийг л манай хэвлэлийнхэн хүртэл бодож явмаар байна. Үндсэн хуульд оруулаагүй орхисон зүйл бол эдийн засаг санхүү, сахилгатай холбоотой заалтыг оруулаагүй хаячихсан байгаа юм. Тэнд гурван маш нарийн зохицуулалт баймаар байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын төсөв алдагдалгүй байна. Улсын төсвийн орлого, зарлага хоёр тэнцэж байна гэсэн заалт бичмээр байгаа юм. Гэтэл манайд өнөөдөр юу болж байна гэхээр төсөв 15 хувийн алдагдалтай, нэг их наяд төгрөгийн алдагдалтай. Танайх жилдээ 7 сая төгрөг зарцуулдаг байснаас 10 сая төгрөг зарцуулах юм бол гурван саяар илүү зарцуулсан мөнгөнийхөө өрөнд орно шүү дээ. Улс яг адилхан. Үүнийг Үндсэн хуулийн зарчим болгож оруулж өгмөөр байна. Хэрвээ энэ алдагдах юм бол тухайн сайдтай хариуцлага тооцдог, тухайн УИХ-д ээлжит бус сонгууль зарладаг. УИХ-ыг заавал дөрвөн жил суулгаж хэрэггүй шүү дээ. Буруу шийдвэр гаргаад байгаа бол хөөж тараагаад, дахиад сонгууль хийх хэрэгтэй. Японд тэгж байгаа биз дээ. Ерөнхий сайд нь тийм эрх мэдэлтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг бол өөрийнхөө болон хэдэн сайд нарынхаа суудлыг яаж хадгалж суух вэ  гэдэг дээр л санаа зовдог Ерөнхий сайд болохоос биш хэцүү шийдвэр гаргахын төлөө явдаг Ерөнхий сайд биш шүү. Нөгөө 76 гишүүн чинь шууд дуудаж ирээд толгойг нь авах шахаад л, “Чи энэ хүнийг ажилд авахгүй бол, ийм юм хийхгүй бол, энэ асуудлыг шийдэхгүй бол чамайг огцруулна” гээд дандаа шантааж хийгээд сууж байдаг болсон шүү дээ. Ийм л төртэй болчихоод байна.

Ажилладаг гар нь саажилттай, 76 хүн улс төр ярьж, хоорондоо ингэж суудаг нэг ийм бүтэцтэй Монголын төр завхараад байна. Ерөнхий сайд бол Засгийн газрын гишүүнээр хэнийг авахаа өөрөө шийддэг. Тэр гишүүн буруу ажиллаж байгаа бол шууд хөөгөөд явуулдаг. Хамгийн мэргэжлийн, хамгийн сайн ажилладаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг, Монгол Улсын төлөө ажиллаж чадах хүнийг л тавьдаг байх ёстой. Зарим тохиолдолд намын гишүүн биш ч байж болно шүү дээ. Иймэрхүү байдлаар шийдээд хариуцлага тооцоод явах юм бол хүмүүс нь төрдөө итгээд, Монголын төр итгэлтэй төр болох гээд байгаа юм. Тэгэхээр төсөв тэнцвэртэй байдаг асуудлыг ингэж шийдмээр байна.

Хоёрдугаарт, өрийн асуудал. Нэг Засаг гарч ирээд баахан өр тавьдаг. Түүнийг бидний хүүхдүүд төлөх юм. Баахан дураараа загнаж байгаад явдаг энэ хачин үзэгдлийг болиулах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ гуравны хоёроос дээш гарч болохгүй. Гуравны хоёроос дээш гарвал тэр Засаг огцорч байх ёстой. Тэр УИХ тарж байх ёстой ч гэдэг юм уу. Эдийн засгийн болон бусад сахилга батгүйгээр энэ ажил явахгүй. Би үүнийг зөндөө ярьсан, харамсалтай нь оруулж өгөхгүй байгаа юм.

Гуравдугаарт, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн зардал гэж байдаг. Одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний төрийн зардал 60 хувьд хүрлээ. Монгол Улс жилдээ нийтдээ бүтээдэг хөрөнгө гэж байна. Бүтээдэг юмныхаа 60 хувийг нь төр идчихээр чинь ямар хэрэг байна аа. Хувийн хэвшлтийнхний, та бүхний ТҮЦ ажиллуулж олж байгаа орлогын 60 хувийг төр чинь авч идээд байна. Уг нь зарим оронд 20 хувиас хэтрэх ёсгүй гэдэг. Монголд 60-аас хэтэрнэ гэдэг юу гэсэн үг вэ? Социализмын үед ч 60-аас хэтэрч байгаагүй гэсэн шүү дээ. Би хувьдаа 40 хувь дээр тавьж өгөөд, үүнийг буулгасаар байгаад 40 хавьцаа очуулах хэрэгтэй. Сайн гүйцэтгэх Засаглал гараад ирэхэд шийдэж болно.

Монгол Улс түүхэндээ 1990 оноос хойш 2005 онд Монголын Улсын төсөв анх удаа ашигтай гарч байсан. 2005 онд би Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Гарч ирээд л гаалийн Баатар энэ тэр гээд, авлигатай, хүнд сурталтай хөөцөлдөж эхэлсэн. Тэдний халаасанд ордог байсан мөнгө төсөв рүү ороод ирсэн. Намайг огцруулж байхад, 2006 оны нэгдүгээр сард хөөгөөд явуулж байхад манай иргэд гараад гудамжинд жагсаж байсан шүү. Засаг, Ерөнхий сайд огцроход иргэд өмөөрөөд жагсаал хийдэг тохиолдол өмнө нь байгаагүй.

Тэр хүмүүс юу мэдэрсэн бэ гэхээр шударга зөв ажиллаж чадах юм бол ийм зүйлд хүрдэг юм байна гэдгийг мэдсэн. Анх удаа төрийн албан хаагчдын тоо цөөрсөн. 2005 онд 120 мянга байсан төрийн албан хаагч өнөөдөр 186 мянга болсон байна. Юу вэ, төр л улам түнтийгээд байдаг. Ард иргэдийн амьдрал ямар байна. Төр аваад л, булаагаад л, идээд байх юм бол ард иргэдэд ногдох хувь багасаад байдаг. Зарчимтай зүйл гараасай. Манай ард түмэн байнга ийм зүйлийг шаарддаг байгаасай гэж л бодож байна. ДНБ-д эзлэх төрийн зардлыг л Үндсэн хуульд суулгаж өгөхгүй бол ямар засаглал байх, 76-г 99 гишүүн болгох, хоёр танхимтай байх энэ бол ямар ч хэрэггүй зүйл. Дарга нарын тоог нэмээд Монгол сайхан болдог бол зөндөө л нэмлээ. Сайхан болж байгаа зүйл алга. Иргэддээ эрхийг нь өгөх ёстой. Орон нутгийн хөгжлийн сан энэ тэр гээд бидний яриад байгаа зүйл бол тэр шүү дээ. Миний хийх гэж зүтгэсэн юм бол тэр.

Түрүүн АТГ-ын тухай асуусан, энд бас нэг асуулт байна. Таныг АТГ-т өглөө гэсэн юу болсон бэ гэсэн байна.

Миний амьдралдаа барьсан зарчим бол над руу дайрч байгаа хүнтэй заргалдахгүй, хэдий гүтгэсэн ч байсан заргалдахгүй. Би энэ зарчмыг хатуу барьж ирсэн шүү. 27 жил шүүр шанага болтлоо би шүршүүлсэн. Зөндөө муугаар хэлүүлсэн. Аль 1990 оноос эхлээд л муугаар хэлүүлсэн. Сургуулиас хөөгдсөн юм гэнэ, хулиган гэнэ. Миний ээж аав, миний цус энэ бүхнийг хүртэл гүтгэсэн. Жинхэнэ хэдэн үеэрээ Монголын тусгаар тогтнолын төлөө явсан ээж аавын удам юм шүү. Би бол журамтай ээжийн, журамтай аавын хүү.

Би хүмүүст хэлдэг. Хүн өөртөө журамтай байхад, өөртөө үнэт зүйлтэй байхад эвдэрдэггүй юм гэж. Дандаа л гүтгэлэг байсан. Элбэгдорж байр авсан байна, Оюутолгойгоос авсан байна гэж баахан гүтгээд л байдаг. Аз болж үүнийг шалгаад өгөөч гээд АТГ-т өгчихөж. Хуулийн байгууллага яаж хариуцлагатай ажиллаж  байгааг би сая харсан. Надаас ирж тайлбар авсан. Яг тэгж ажиллах ёстой. Хуулийн байгууллага танаас тайлбар авья гэхэд өгөх л ёстой. Ерөнхийлөгч ч байсан тэгэх ёстой.

Манайд бол янз бүр болдог. Зугтаж бариад л, телевиз дуудаад л, би ямар ч телевиз дуудаагүй. Явсаар байгаад юун тэр Оюутолгой нээгдэхээс өмнө Элбэгдоржийн өмч байсан байна. 2001 онд баригдаж дууссан юм байна. Байраа түрээслээд, түрээсийнхээ мөнгөөр үлдсэн мөнгөө төлж дуусчээ. Түрээслэгч нь ийм улсууд байж гээд, тэр бүхэнтэй очиж уулзсан байгаа юм. Яагаад Оюутолгойтой холбоод байдаг юм бол гэсэн, түүнийг ч тогтоосон. Тэнд ажиллаж байсан нэг хүн хоёр жил миний байрыг түрээсэлсэн байгаа юм. Тэгээд л Оюутолгойгоос мөнгө авсан гэдэг. Түрээсэлдэг компани чинь тусдаа шүү дээ, би байрны түрээстэй  хөөцөлдөх ямар ч боломж байхгүй.

Эрхээ шилжүүлсэн. Тэр эрх шилжүүлсэн хүн түрээслээд, мөнгө нь орж ирэхээр түрээсэлсэн компани шимтгэлээ аваад над дээр орж ирэхээр орлого орсон бол би орлогоосоо татвараа төлөөд, хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлээд л явж байгаа. Ингэж үнэн мөнийг ялгаж өгч байгаа. Энэ чинь бас болж байна шүү дээ. Манай хуулийн байгууллага ийм хариуцлагатай ажилладаг юм байна.

Гэр бүлийнх нь хүн Америкт очсон, баахан хандив босгосон, сандаа авсан гээд баахан гүтгэдэг юм. Уг нь бол Денвэрт байгаа монголчууд нэгдээд, тэнд байгаа Монголын Ерөнхий консул нийлээд л санал тавьсан. Хөгжилтэй орнуудад бол  дараагийн үеийн бүтээгдэхүүн гараад ирэхээр өмнө нь эмнэлэгт хэрэглэж байсан бүтээгдэхүүнээ бусад орон руу явуулдаг. Зарим нь шинээрээ ч байдаг. Америкийн хотуудаас 130 гаруй орон руу эмнэлгийн бүтээгдэхүүн явуулдаг юм байна. Тэрийг явуулахад ганц асуудал гардаг. Замын зардал гардаг. Тэр замын зардлыг босгоход нь очиж тусалдаг. Тэгээд Тэргүүн хатагтай гэдэг улсууд нь очоод манай Монголд энэ хэрэгтэй байгаа юм. Та бүхэн замын зардал дээр туславал сайн байна гэдэг үгийг л хэлүүлсэн. Тэгсэн чинь тэрнээс мөнгө авсан гэсэн, тэрнээс нэг ч төгрөг авсан юм байхгүй. Хамгийн гол нь тэрийг тогтоосон. Гаднаас хүртэл тайлбар авсан. Хуулийн байгууллага үүнийг тогтоосон.

Элбэгдорж шашны байгууллагуудтай холбоотой гээд баахан гүтгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр видео гаргачихаад, тасдаад над руу дайраад байсныг санаж л байгаа байх. Намайг БНСУ-д явж байхад Солонгосын сонины газар Монголд зудтай байна гээд, Улаан загалмай нийгэмлэгийнхээ анхаарлыг хандуулахын тулд нэг уулзалт хийгээд оролцоод өгөөч л гэсэн. Түүн дээр гараад би зудны талаар ярьсан. Тэрний хэсгээс монтажлаад, түүнд нь бүр Солонгос хүмүүс хүртэл оролцсон байгаа юм. Манайхан Солонгос кино үзсээр байгаад улс төр энэ тэр яаж явагддаг гэдгийг бүгд мэддэг болсон гэсэн. Бүр тийм онигоо байгаа шүү дээ. Хоёр хүн хоорондоо ярьж байна гэсэн. Би ч хорыг чаж бол яаж хийнэ ээ. Арав гаруй жил Солонгос кино үзсэн юм чинь гэж. Тэгэхээр хуулийн байгууллага гэдэг ажилладаг юм байна. Үнэхээр гишгэсэн мөр нь цагаан байхын тулд өөртөө л зарчимтай бол асуудалд ордоггүй юм.

Оффшорын хууль дээр хоёр гурван зүйл хэлье. Хориг тавих хугацаа нь өнгөрч байгаа. Тавихгүй. Миний нэг боддог зүйл бол бүх Ерөнхийлөгч нараас УИХ-ын шийдвэрт хамгийн бага хориг тавьсан Ерөнхийлөгч бол би. Найман жил ажиллахад 10 дотор л багтаж байгаа. Зарим Ерөнхийлөгч 4 жил ажиллахдаа 20 хэдэн хориг тавьсан байдаг.

УИХ-ын гишүүд ярилцлаа. Шийдлээ. Үнэхээр хориг тавихаас аргагүй, Монголын нийгэмд таарахгүй бол маргааш нь засах л ёстой. Ард түмний шударга шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Өмнөх Засгийн газар хууль гаргаад, баахан авлигын хэргүүдийг чөлөөлөх болсон. Би түүн дээр хориг тавьсан. Миний хамгийн сүүлчийн хориг тэр байгаа юм.

Уг нь шийддэг газраа юмаа шийдээд явахад асуудал байхгүй. Буруу байгаа бол байнгын ажиллагаатай парламент байгаа. Тэнд сууж байгаа 76 хүний нэг нь хууль санаачлаад түүнийг өөрчлөх боломжтой. Ерөнхийлөгч рүү биш, өөрийнхөө сонгосон УИХ-ын гишүүн рүү хандаад асуудал тавих юм бол бүрэн шийдвэрлэх боломжтой зүйл. АТГ дээр ахиад нэг зүйл хэлэхэд тэнд олон нийтийн зөвлөл гэж байгаа. Олон нийтийн зөвлөл л АТГ-ын бие даасан байдлыг хадгалах, хангахад маш их анхаарч ажиллах ёстой. Ер нь Монгол Улс ч адилхан, хүн ч адилхан, ажлаа дүгнүүлэхдээ хөндлөнгийн байгууллагаар дүгнүүлж баймаар байна.

2011 онд Монгол Улсын авлигын индекс дэлхийн бүх улстай харьцуулахад 120 дээр байсан. 2015 оны сүүлчээр Монгол улс 72 дээр очсон. Та бүхэн бод доо. Дөрвөн жилийн дотор 48 улсаар ахисан байна. Манай морь 120 дээр ирж байсан бол 72 дээр ирдэг болсон. Энэ бол их амжилт байсан. Өнгөрсөн жил УИХ-ын сонгууль болсон. 2016 оны дүнгээр Монгол Улсын авлигын индекс муудаж гарсан байгаа. Би энэ УИХ-ын гишүүдэд хэлээд байгаа, энэ бол 65 суудлтай намд, та бүхэнд өгч байгаа сануулга шүү. Тэр байгууллага Монголыг байнга судалж байгаа, хэн гараад ирэв. Авлига ер нь ихсэж магадгүй боллоо шүү гэж харж байгаа юм байна. Тиймээс та бүхэн бууруулна шүү. 2017 оны дүнгээр тэр авлигын дүн буурахгүй бол та бүхэнд би л хувьдаа муу дүн тавина. Энэ дээр АТГ онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн. Хүмүүс авлигатай тэмцээд өг, аваачаад шоронд хий гээд зөндөө юм ярьдаг. Яг асуудлыг шийдээд, тодорхой албан тушаалтныг шалгаад эхлэхэд нөгөөх нь авсан мөнгөөрөө хүмүүсийн тархийг угаадаг. Ингээд ирэхээр “Хөөх, ямар сайн хүн байсан юм бэ. Энэ хүнийг барьж аваад хэлмэгдүүлэх гэж байгаа юм байна” гээд гэртээ уйлалдаад суугаад байдаг. Тэгэхээр яаж авлигатай тэмцэх юм бэ? Тэмц гэж шаарддаг мөртлөө тэмцэхээр боль гээд байдаг чинь юу гэсэн үг вэ?

Би та бүхэнд нэг үнэн юм хэлье. Ерөнхийлөгч юм уу, хэн нэгэн дарга үүнийг шалга гэж хэлээд шалгадаг тийм хуулийн байгууллагын гэнэ ажилтан гэж байхгүй. Тэр хүний өөрийнх нь амьдрал шүү дээ. Авлигыг хэн гаргадаг вэ гэхээр жирийн иргэн гаргадаггүй. Авлигын хэн хийдэг вэ? Албан тушаалтай, хууль надад ямар хамаатай юм, би энэ албанд байхад намайг хэн гэх юм. Би ийм ахтай, дүүтэй байхад, би ийм арын баталгаатай байхад хэн яах юм бэ гэсэн тийм бардсан хүмүүс л албан тушаалаа худалдаж, ард түмний хөрөнгөөс хулгайлдаг. Ах дүүдээ өгдөг. Хэдэн тэрбумаар нь завшдаг. Хэдэн тэрбумаар завшсан мөнгөнийхөө жаахан, өчүүхэн хэсгийг хаяад, хүмүүсийн тархийг угаагаад, фейсбүүкт зураг тавиад,  янз бүр болохоор л хүмүүс дагаж өмөөрдөг. “Хөөрхий зайлуул, үүнийг ингээд байх юм” гэдэг. Тэгдэггүй, ард түмэн яг байр суурь дээр байдаг бол өөр. Уг нь ард түмнийхээ аяыг хардаг төр болчихсон шүү дээ.

Надад хууль ямар хамаатай юм бэ. Энэ албан тушаал дээр байгаа цагт авч л таараа, завшиж л таараа гэсэн сэтгэхүйтэй хүмүүс байдаг. Тийм буруу бодолтой. Би дээрээ долоон ахтай, маш олон төрөл садантай. Надаар дамжуулж ямар нэгэн албан тушаалд хүрсэн, ямар нэгэн тендэрт оролцсон хүн миний төрөл саданд нэг ч байхгүй. Би 27 жил болоход тийм юм гарч ирж болно шүү дээ. Би ийм л амьдарсан. Бүх хүн ингэж ажиллах ёстой.

Би 2009 онд Ерөнхийлөгч болж гарч ирээд Өршөөлийн хууль гаргасан. Энэ цаг мөчөөс эхлээд авлигын асуудалд орооцолдох юм бол нам, найз нөхөд ямар ч хамаагүй гэж анхааруулсан. Үүнээс хойш битгий авлига аваарай. Одоо болно, зогс. Авлигыг Монголд таслах ёстой гэж байгаад ажилдаа орж байсан. Та бүхэн санаж байгаа байх. Би зөндөө анхааруулсан, дуудаж ирүүлээд ч анхааруулж байсан.

Ерөнхийлөгчийн төсөв 2011 онд 21 тэрбум төгрөг байсан. Одоо хэд гэж бодож байна. Дөрвөн тэрбум төгрөг. Жил бүр манай ЕТГ, Ерөнхийлөгч төсвөө 60 хувиар бууруулж ирсэн. Ингэж ажиллаж болж байгаа. 21 тэрбум төгрөг байснаа 4 тэрбум болсон. Би гадагшаа яваад хоол унд, идэх бүх зүйлээ халааснаасаа гаргадаг. Хажуудаа яваа хүмүүстээ ч тэгж шаарддаг. Ингэж чадсан бол Монгол өнөөдөр өрөнд ороогүй л байх байсан.

Сая  би УИХ дээр үг хэлсэн. Та нар төрийнхөө зардлыг багасга. Сайд дарга нар чинь бүгдээрээ барилгачин болж хувирлаа. Боль. Барилга барьдаг ажлаа бизнесийнхэнд өг. Ийм байдлаар байх юм бол цөөнх болно. Эргээд хууль, шүүхийн байгууллагаар явна гэдгийг хэлсэн. Бүгдийг засах боломж байгаа.

Нэг зовлонтой юм байдаг юм. Ихэнх зүйлийг 76 гишүүн баталдаг учраас тэдний эрх ашигт нийцэхгүй бол, намынх нь эрх ашигт нийцэхгүй бол, тодорхой эсэргүүцэл байгаа бол дуусдаг, хууль унадаг. Яг ингэж сууж байгаад ард иргэдээр батлуулдаг  бол дор нь тэр хуулиудыг батлуулаад хэрэгжүүлээд явж болно. Ерөнхийлөгчийн засаглалтай бол хууль нь батлагдаад явдаг улс байна л даа. Гэхдээ би парламентын засаглал нь дээр гэж боддог. Үүнийг чангатгаад, Ерөнхий сайддаа илүү эрх мэдэл өгөөд, Засгийн газраа чадвартай, хариуцлагатай болгоод явах нь зөв гэж боддог. Ерөнхийлөгчийн ажил бол хуулиар тодорхой бичигдчихсэн байдаг. Миний бодол бол ажил минь тодорхой бичигдсэн байдаг юм байна. Иргэдийнхээ сайн санаачилгыг дэмжие гэдэг бодол. Түүнийгээ ажил болгохоор зорьж ажилласан.

Хар тамхины тухай асуусан. Сая УИХ-ын чуулган дээр төрийн зардал, хүнд суртлыг яаж шийдэх талаар яриад, дээр нь хоёр зүйл дээр үргэлж анхаараарай гэсэн.

Нэгдүгээрт, хар тамхи аюул боллоо шүү. Хар тамхи гэдэг зүйлийг нэг татаад, хоёр татаад, гуравдахиасаа донтоод, сар хэрэглээд ирэх юм бол тэрнээсээ гарч чадахаа байгаад таны цэцэг цэврүү шиг хүүхэд чинь нэг өдөр л эмнэлгийн ор сахисан, хэзээ ч эдгэхгүй тийм хүн болчихсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс монголчууд тийм зүйлийг хаяа хатавчиндаа ойртуулж болохгүй.

Хар тамхиар дамжуулаад бүхэл бүтэн улс орныг суйрүүлж байсан, бүхэл бүтэн үндэстнийг доройтуулж байсан, мөхөөж байсан туршлага бий. Үүнийг тойроод дайн хүртэл гарч байсан. Монголчууд дэндүү цөөхөн. Өмнө нь Иргэний танхимд би хэлж байсан. Энэ дээр Монгол хатуу бодлоготой байх хэрэгтэй. Шүүх дээр очоод яагаад энэ хэргийн зарим нь унаад байна гэдэг. Хар тамхи гэхээр явж явж бас хангалуун амьдралтай айлын хүүхдүүд холбогдсон гээд янз бүрийн юм сонсогдоод байгаа юм.

Дээр нь үр хөндөлтийн асуудал байна. Цөөхөн Монголчууд сүүлийн 30 жилд нэг сая хүүхдээ үр хөндөлтөөр дамжуулж хөнөөсөн байна. Энэ юу гэсэн үг вэ? Бид нэг саяар илүү, 4 сая гаруй хүнтэй байж болохоор л байсан.

Хамгийн харамсалтай нь эм, янз бүрийн юм хэрэглээд залуу эмэгтэйчүүд, охид дахиж хүүхэд төрүүлж чадахгүй, дээрээс нь амь насаа алдаад байгаа шүү дээ. Зарим нэг хүн хэлж байна. Эх нялхсын эрүүл мэндийн төвд өдөрт 4-5 хүн ирж нас барж байна. Аливаа үндэстэн цаашаа оршин тогтнож явъя гэвэл охид, эмэгтэйчүүдээ хайрлах ёстой гэсэн үг байдаг юм. Ээжийн амь насанд, хүүхдийн амь насанд  аюул учраагүй бол үр хөндөлтийг зогсоох хэрэгтэй. Эмнэлгийн хэдэн янзын дүгнэлтээр үүнийг шийдэж байхгүй л бол Монголд энэ хэцүү боллоо шүү. Эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлдэг нь алга болчихвол энэ үндэстэн чинь хэцүү болно шүү дээ. Би энэ хоёр зүйлийг УИХ дээр анх удаа хэлсэн.

Хөгжлийн банк гэж асуусан. Улсын зээлийн дээд хэмжээг  нэг Засгийн газрын үед хүрч болох тодорхой хувь, 66 хувь ч гэдэг юм уу, хувь тогтоож өгөх хэрэгтэй. Одоо бол төрийн өр 86 хувь болчихсон байгаа. Зарим тооцоогоор бүр 100 хувиас ч давчихсан байгаа.

Тийм болоод, түүнээс дээш гарвал Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч огцорч байдаг, УИХ-ын ээлжит бус сонгууль хийгээд тарж байдаг болмоор байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгаад юу хийх вэ гэж асуусан. Яах вэ, Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд харь гариг руу яваад өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс идэвхтэй иргэн байна. Үүнийгээ ярина. Ард түмэндээ ойлгуулна. Нэлээд хэнхэг иргэн байна байх л гэж би өөрийгөө бодоод байгаа юм. Баярлалаа” гэв.