Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны ээлжит хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор боллоо

Administrator 2017-04-19 19:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвийн дор өнөөдөр МҮЭСТО-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, нар зөвлөлдөх хэлэлцүүлэгт урилгаар оролцлоо.

Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Хууль, шүүхийн салбарын шинэчлэл, шударга ёс сэдвийн хүрээнд илтгэл тавьж ирэдийн асуултад хариулсан юм.

Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, иргэдийн байр суурийг сонсон тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Шударга ёсыг тогтоох чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Авлигын эсрэг  хуулийн засаглал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэрэг санаачилга гаргаж, үндэсний хэмжээний аян болгон өрнүүлсэн билээ. Мөн Монгол Улс цаазын ялгүй болсныг зарлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан, хар тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хийсэн юм. Шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээсээ ярьж, “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.

Зөвлөлдөх хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлт гаргахаар болов.