“Иргэний мэдэх эрх” сэдвээр орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт болов

Administrator 2017-04-13 17:55:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт “Иргэний мэдэх эрх” сэдвээр сэтгүүлчдийн уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтад аймгуудын телевиз, радио, сонин, сайтын сэтгүүлчид, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нараас бүрдсэн нийт 100 хүн оролцож байгаа юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гадаад бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол дархлаа-Монгол бахархал”, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол хүн-Монголын баялаг”, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн засаглал ба шүүхийн шинэтгэл”, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Баялаг бүтээгчид, ногоон хөгжил”, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр “Батлан хамгаалах бодлого, хэрэгжилт”, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж "Иргэдийн оролцоо, шилэн дансны хэрэгжилт, эдийн засгийн бодлого" сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Орон нутгийн сэтгүүлчид мөн Монголтоль.мн (Монгол хэлний их тайлбар толь, Монголын түүхийн цахим тайлбар толь)-ийн тухай, Үндэсний аюулгүй байдлыг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо сэдвүүдээр мэдээлэл сонсч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгүүлчдийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхний амар мэндийг айлтгаж мэндчилье.

Монгол Улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон сэтгүүлчдэд зориулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалт эхэлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалт бол Та бүхнээр дамжуулан орон нутагт ажиллаж буй бүх сэтгүүлчидтэй хийж буй уулзалт юм.

“Иргэний мэдэх эрх” уулзалтын үдээс өмнөх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд биечлэн оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 онд Гадаад бодлого, аюулгүй байдал; Хүний эрх, хуулийн бодлого; Байгаль орчин, ногоон хөгжил; Хүний хөгжил, нийгмийн бодлого; Олон нийтийн харилцаа зэрэг салбарт санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр хийгээд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, мэдээлэл солилцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэхүү уулзалтад хүрэлцэн ирж оролцоно. Та бүхэн Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс сонирхсон асуултаа асууж, мэдээллээ нягталж, баталгаажуулж авч болно.

Үдээс хойших хэсэг буюу хоёрдугаар хэсэгт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ба иргэний оролцоо асуудал, Та бүхний мэргэжил, мэдлэгт шууд хамаарах “Монгол хэлний их тайлбар толь”-ийн тухай мэдээллийг мэргэжилтэн, судлаачид хүргэнэ. Үүний дараа Орон нутгийн сэтгүүлчдийн байгууллагын дотоод асуудлаар Та бүхэн өөр хоорондоо ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр мэдээлэл, танилцуулга, илтгэл нийлээд Монголын төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын тоймыг мэдэх нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй сэтгүүлчдийн оролцоо, боломж, эрх үүргийн тухай ярилцах цогц уулзалт болно гэж үзэж байна.

Сэтгүүлчид бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэний мэдэх эрх”-ийг хангахад тусалдаг өвөрмөц мэргэжилтэй хүмүүс. Та бүхэн бидний хүргэсэн мэдээ, мэдээллийг мэргэжил нэгтнүүддээ дамжуулж, орон нутгийн иргэддээ шуурхай хүргээрэй. Орон нутгийнхны сонсох чих, харах нүд болсон сэтгүүлчид Та бүхний ажилд амжилт хүсье.

Монгол Улсын иргэн бүрийн мэдэх эрх цагийн цагт нээлттэй байж, сэтгүүлчид Та бүхний үзэг хурц, үг сэцэн байхын ерөөл өргөн өнөөдрийн уулзалтыг эхлүүлж байна.

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой 12+3 заалт байдаг. Дотроо задрах боломжтой. Энэ дундаас хүмүүсийн хамгийн сайн мэддэг заалт бол УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавих гэсэн заалт байгаа. Өмнөх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс  үүнийг нэлээд сайн хэрэгжүүлж байсан байдаг. Миний барьсан бодлого бол нэгэнт ард түмний төлөөлөл болж сонгогдоод орж ирсэн хүмүүс асуудал шийдэж байхад тэр бүр хориг тавиад байх шаардлагагүй гэсэн байр суурь баримталдаг. Нэг удаа авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой тодорхой хэргийг Өршөөлийн хуульд оруулах гэхэд түүн дээр хориг тавьж нэлээд шуугиан болж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөрсөн 8 жилээр аваад үзвэл энэ эрх мэдлийг хамгийн бага хэрэглэсэн тоо гардаг.

Засгийн газар руу хандсан бас нэг ажил бол Ерөнхийлөгч хуульд нийцүүлж зарлиг гаргах эрхтэй. Гэхдээ Засгийн газартай холбоотой гэдэг юм уу, төрийн захиргааны байгууллагатай холбоотой ямар нэгэн оролцоо шаардсан ямар нэг үг, өгүүлбэр орсон л байх юм бол түүн дээр заавал Ерөнхий сайд гарын үсэг зурдаг. Засгийн газрын хуралд танилцуулдаг. Засгийн газар дэмжвэл Ерөнхий сайд гарын үсэг зурж зарлиг гардаг.

Хүмүүсийн сайн мэддэг бас нэг зүйл бол УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч тааллаараа оролцдог. Мэдээлэл хийдэг. Санал оруулдаг гэсэн ойлголт бий. Хуучин бол Үндсэн хуулиар олонхи болсон нам юм уу, олуулаа хэлэлцээд Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд ирэхэд оруулах уу, үгүй юү, эсвэл Засгийн газрын гишүүнийг оруулах уу, үгүй юү, ийм яамтай байх уу гэж бүрэлдэхүүний асуудлыг шийдэхэд Ерөнхийлөгч шууд буцаадаг эрх мэдэлтэй байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ эрх мэдэл алга болсон. Одоо бол Ерөнхий сайдаар ямар ч хүн гарч ирсэн, 5 хоног дотор УИХ-д оруулна гэж байгаа. Хэрэв оруулахгүй бол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн болно.

Та бүхэн сайн мэдэж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэдэг асуудлыг үргэлж тавьдаг. Тийм учраас дэмжихгүй гэсэн цаас өгдөг. Энэ цаасыг харсан ч “Ерөнхийлөгчөөс бичиг ирсэн. Оруулж ир” гээд сайдыг шууд оруулаад баталдаг. Тэгэхээр энэ бол эрх мэдэл гэхээсээ дамжлагын хэлбэртэй болж хувирсан.

Хэнээс ч хамааралгүй хэрэгжүүлдэг 3 эрх мэдэл, чиглэл бол улсын цол, одон, медаль олгодог, уучлал үзүүлдэг, хэрэв гаднын иргэн Монгол Улсын иргэн, харьяат болъё гэвэл болгодог. Харьяатаас хасдаг. Гэхдээ л цол, одон, медаль бол ИТХ, бусад газраар дамжиж орж ирдэг. Цэргийн цол гэхэд Засгийн газар хуралдаанаараа яриагүй бол Ерөнхийлөгч олгож чадахаа больсон.

Элчин сайд томилж, гадаадын Элчин сайдын жуух бичгийг хүлээж авна гэдэг.  Яг үнэндээ Үндсэн хууль дээр Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилно гэж байгаа. Хууль дээр Гадаад харилцааны сайд эхэлж санал гаргаад, Засгийн газрын хурлаар оруулаад, дэмжих юм бол Ерөнхийлөгчид авчирч өгдөг. Ерөнхийлөгч бол УИХ руу оруулдаг л үүрэгтэй. Дамжуулах хэлбэртэй, ёслолын чанартай үйл ажиллагаа болж байгаа юм.  

ҮАБЗ-ийг тэргүүлнэ гэдэг. ҮАБЗ хурлаараа зөвлөмж гаргадаг. Зарим хүний ойлголтоор тэр зөвлөмжийг хэрэгжүүлж ч болно, хэрэгжүүлэхгүй ч байж болно гэсэн ойлголттой байдаг. Уг нь хуулиар ҮАБЗ-ийн зөвлөмжийг бүх шатанд хэрэгжүүлэх ёстой.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг. Энэ нь нөгөө талаасаа үүрэг болж хувирдаг. Цэрэг, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын холбогдолтой бүх хууль тогтоомжийг санаачилж оруулах, хуулийн төслүүд дээр ажиллах үүрэг болж хувирч байх жишээтэй.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор нэр төрийн хэрэг гэж үзэж болох хоёр заалт бий. Монгол Улсын Төрийн тэргүүн, улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй гэдэг. Энэ бол хүн бүхэнд олдоод байхгүй ховор хувь тавилан. Их өндөр үүрэг, хариуцлага байгаа юм.

Энэ бүгдээс ерөөсөө эдлээгүй, хэрэгжүүлээгүй гурван эрх байна. Онц байдал зарлана гэдэг. Найман жилийн хугацаанд ийм зүйл гарсангүй. Ерөнхийлөгч дайны байдал зарлана гэдэг. Гараагүй. Цэрэг хөдөлгөнө гэдэг. Ийм зүйл гараагүй. Мөн гаднын иргэнд орогнох эрх олгоно гэсэн зүйл байдаг. Энэ гараагүй. Ерөнхийлөгч ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг хүн бэ гэдэг талаас нь та бүхэн эндээс ойлголт авсан байх аа.

Өнгөрсөн хугацаанд 5 чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллагаас бидэнд санал тавиад, Ерөнхийлөгчийн тайланг зөвхөн УИХ дээр сонсдог биш, ард нийтээрээ сонсоё. Хүмүүс сонсоод дүнгээ тавья гэсэн үйл ажиллагаа явж байгаа. Хүмүүс “Сонсоод байхад үнэхээр их ажил хийсэн юм байна. Бид нар мэддэггүй юм байна” гэсэн хандлага нэлээд илэрч гарч ирж байна.

Миний баримталдаг бодлого бол асуудлыг өөрөө санаачлахаас гадна ард иргэдээс ажлын сайн санал гарч байгаа бол түүнд нь дэмжлэг үзүүлье гэж байгаа. Нэгэнт Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тодорхой хязгаарлалт байдаг учраас хүмүүсийн гаргаж байгаа санаачилгад дэмжлэг үзүүлж ажиллах  нь чухал юм гэж боддог.

Нэг хүн “Та гадаад бодлого дээр хамгийн онцлох, хамгийн амжилттай болсон хэдэн зүйлийг хэлж өгөөч” гэж өмнө нь болсон уулзалт дээр хэлж байсан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 5 орон байдаг. Хоёр хөрш орон, Англи, Франц, АНУ багтдаг. Энэ 5 орноор Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс, аюулгүй байдлын баталгааг гаргуулж гарын үсэг зуруулж авсан. Бид бүгдээрээ эх орондоо хайртай. Бүгдээрээ эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалдаа хайртай шүү дээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэмжээнд ийм баталгаа гаргуулна гэдэг бол асар их чухал байсан. П.Очирбат гуай үүнийг сонсоод надад хэлж байсан. “Элбэг ээ, чи энэ л ажлыг хийсэн байхад өөр ажил хийж яах юм бэ. Үнэхээр энэ бүтэх үү, үгүй юү гэж яригддаг байсан. Үүнийг хийлээ шүү дээ” гэж байсан.

Өөр нэг зүйл их шуугиантай байсан. Одоо ч мартаад эхэллээ л дээ. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэнэ, булшлахгүй гэнэ гээд хэвлэлийнхэн ярьдаг, цуглаан жагсаал болдог байсан. 2012 онд зарлиг гаргаад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар  нэгэн гаднын цөмийн хог хаягдлыг булшлахгүй, байрлуулахгүй, тээвэрлэж өнгөрүүлэхгүй гээд олон нийтэд мэдээлсэн. Түүнийгээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр дэлхий нийтэд зарласан. Одоо энэ асуудлаар Монгол Улсыг шахдаг, дарамталдаг, хүнд байдалд оруулдаг зүйл алга болж байгаа юм. “Манай улсын Ерөнхийлөгч дэлхий дахинд зарласан. Бид ийм бодлоготой болсон” гэдэг. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдалд чухал зүйл. Би цөмийн хог хаягдал, янз бүрийн зүйлийг Монголоос хол байсан нь дээр гэж боддог. Ийм хатуу үзэл баримтлалтай хүн. Орж ирлээ гэхэд Монгол Улсын оршин тогтнох, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж болох ийм айхавтар зүйл л дээ.

ЕАБХАБ гэж Европын улсуудын байгууллага байдаг. Бусад тивээс түүнд элсүүлж болдог. Тэгэх юм бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн орнууд тухайн орны аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээдэг. Монгол Улс 2012 онд санаачилж гүйсээр байгаад 52 дахь гишүүн нь болсон. Одоо Европын 51 орон, түүнд оролцсон бүх улсууд  Монголын аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээж байгаа.

Зуун жилийн өмнө, 1911 онд Богд хаан тусгаар тогтнолоо тунхаглаад, Манжаас Монгол салж, тусгаар тогтнолоо олж аваад цаашаа алхахад хамгийн түрүүнд 8-9 орны жагсаалт гаргаад “Бидний бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөөч. Бидэнтэй холбоо тогтоогооч” гэж захиа явуулж байсан шүү дээ. Үүнийг бодоход Монгол өнөөдөр гайхамшигтай амжилтад хүрлээ.

Бидний бас нэг амбицтай зорилго байдаг. НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтооно гэж. Ийм зорилго тавиад асар өндөр түвшинд хүрсэн улс цөөхөн шүү. Одоо 186, 187 дахь улс руугаа явж байна. Нэг үе манайх 60 оронтой, 100 оронтой дипломат харилцаатай байсан бол одоо 186, болж байна. Дэлхий дээр НҮБ-ын гишүүн орон 205 байгаа байх. Энэ бүхнийг эргэж харахад Монголын ард түмний нэр хүнд, Монгол Улсын явуулж байгаа бодлогыг хүлээн зөвшөөрөх нэр хүнд өндөр байгаа.

Монгол Улсын хувьд гадаад бодлого бол аюулгүй байдлын бодлого юм. Монголын бүрэн эрхт байдлыг яаж бэхжүүлэх вэ, Монголын жин нөлөөг яаж нэмэх вэ гэсэн бодлого. Зүүн хойд Азийн 6 орон байдаг. ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон байна. Тэгээд Монгол ороод явдаг. Энэ дээр аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилга гаргасан. Япон, Хойд Солонгосын талаас уулзалт, яриа, хэлэлцээгээ хийж чадахгүй байхад бид Улаанбаатарт уулзалтыг нь хийлгээд, гурав дөрөв хоног уулзуулж яриулаад буцааж л байсан. Энэ асуудлаар тухайн улс орны болоод сонирхсон орны том хэмжээний судлаач, төлөөлөгчид Улаанбаатарт жил бүхэн ирж хуралддаг болсон. Бид хамаарлаа л нэмж авмаар байгаа юм.

Дээр үед нэг онигоо байдаг байсан. “Монгол бол хамгийн их бие даасан, тусгаар тогтносон орон. Яагаад гэвэл Монголоос юу ч хамаардаггүй” гэж. Энэ бол хамгийн аюултай. Юу ч хамаардаггүй л байх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал 100 хувь баталгаагүй байна гэсэн үг. Монголын оролцоо, хувь нэмрийг хүн хүндэтгэдэг байх л юм бол чухал үйлс юм.

Би бол Монгол Улсыг жижиг улс гэж боддоггүй. Монгол Улс бол том орон. Зарим нь гэхдээ жижиг улс гэж хардаг. Тийм учраас бид том бодлого гаргаж, том тоглогч болохын төлөө нэлээд том, бараг боломжгүй саналуудыг хэрэгжүүлэхийн төлөө явах л ёстой.

Хэдэн мянга, хэдэн зуун жилээр Орос, Хятад хоёр хөрштэй явахад 3 орны Төрийн тэргүүн нэг ширээний ард уулзсан түүх ерөөсөө байгаагүй.  Энэ асуудлыг санаачлаад явсан. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гурвуулаа яг нэг ширээний хажууд суугаад 3 талынхаа асуудлыг ярьдаг. Энэ хоёр том орны дунд дэлхий дээр ганцхан орон оршдог. Тэр нь Монгол Улс. Наад зах нь төмөр зам, наад зах нь дамжин өнгөрөх тээврийн асуудал гээд 3 талаараа ярих зүйл байна гэсээр байгаад хамгийн сүүлийн уулзалтаар гайхамшигтай амжилтад хүрсэн шүү дээ. Гурван орныг гурвууланг нь холбосон эдийн засгийн коридор байгуулъя гээд 3 орны төлөөлөл оролцуулаад 32 төсөл ярьсан. Ингээд Монгол хамааралтай болоод, Монгол бүс нутгийн дэд бүтцэд холбогдвол Монгол орхигдохгүй, Монгол ганцаардахгүй. Энэ бол Монгол Улсын бодлого. Үүнийг заавал хэн нэг хүний нэртэй холбох хэрэггүй. Хэн нэг хүний нэртэй холбох юм бол тэр бодлогыг унагах, улстөржүүлэх, буруу зөрүү хандлагууд гардаг. Энэ бол соёл, бодлого болоод тогтох ёстой.

Дараагийн асуудал бол Монголын дархлааг бэхжүүлэх тухай юм. Энд монгол хэл бичиг, өв соёл, монгол хүн, монгол судлал, Монголын түүх зэрэг орно. Яг хэрэгжиж үр дүн нь гарсан 120 гаруй ажлын 30 гаруй нь үүнтэй холбоотой. Монгол бол өөрийн бүтээсэн гайхамшигтай түүхтэй, гайхамшигтай соёлтой орон. Үүнийгээ бид ард түмэндээ, үр хүүхэддээ, хойч үедээ ойлгуулах хэрэгтэй. Монгол гэдгээрээ бид бахархах ёстой. Монгол газар нутаг хүртэл гайхамшигтай. Байж болох газарзүйн онцлог бүхнийг тасдаад авчраад байгуулсан юм шиг. Говьтой бол гавьтой, талтай бол талтай, өндөр Алтайн уултай бол уултай, модтой бол модтой, гол, мөрөн, уул устай. Тэнд амьдарч байгаа хүмүүс нь гайхамшигтай соёлтой. Гайхамшигтай өв уламжлалтай. Гайхамшигтай түүхтэй. Эхний зорилго бол монгол хүнийг Монголдоо хайртай болгох. Монголд хайртай болно гэдэг бол зүгээр гарч ирээд улс төрийн өнгөөр юм уу, янз бүрийн өнгөөр янз бүрийн зүйл ярихын нэр биш. Үр хүүхэддээ, хойч үедээ төр нь хүртэл өвлүүлэх бодлого явуулах ёстой.

Монгол судлаачид 5 жилд нэг удаа Монголд ирж хуралддаг. 400-500 гадаадын эрдэмтэн ирээд бүгдээрээ монголоор ярьж байгаа. Гайхамшигтай биз. Монголын нууц товчоо, монгол бахархал, судалдаг зүйлийнхээ тухай монголоор ярьж байгаа. Монгол судлалын гол төв Монголд биш, манай энд бий гэж хэлдэг, тийм бодлого явуулах гэж оролддог улс бий л дээ. Бид бол Монголд байгаа шүү, гал голомт нь Монгол юм. Бие даасан, тусгаар тогтносон Монгол Улс юм гэдэг бодлогыг үргэлж барьж байх ёстой.

Барих ёстой бодлого, зогсох ёстой байр суурин дээрээ зогсож байж чадах хэрэгтэй. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулахгүй бол өөр ямар зүйлд анхаарал хандуулах вэ.

Гурав дахь чиглэл бол хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл юм. Ямар нэг зүйл хөндлөнгөөс харагдаж байж дүн нь гардаг. Монгол Улсын авлигын индекс 2011 онд 120 байсан. Энэ явсаар байгаад 2012 оноос хойш 72 болж буусан. Харамсалтай нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа, 2016 оны эцсээр Монголын авлигын индекс муудаж гарсан. Энэ нэг юм хэлээд байгаа юм.

Авлига гэдэг хэцүү юм. Өдөр бүхэн анхаарч байхгүй бол хогийн ургамал шиг, хаданд ургадаг хөгц шиг барзайгаад л гараад ирдэг. Түүндээ дасдаг. Нэг зовлон бий. Шударга ёс гээд манайхан бүгд л гараа өргөөд, цуглаан хийгээд, асуудал тавиад байдаг. Яг үнэндээ авлигатай тэмцэнэ, шударга ёс тогтооно гэдэг хамгийн хэцүү ажил. Би хэлдэг. Төрийн албан хаагч болж шалгалт өгөх гэж байгаа бол чи авлигатай тэмцэж чадаж л байгаа бол шалгалтаа давж байна гэсэн үг. Түүнээс биш хэн ч нэг сандал бөглөөд сууж чадна. Хэн ч хүмүүсийн төлсөн татварыг хуваагаад аймгууд руу явуулж чадна. Үүнийг хэн ч хийнэ. Хэн ч өөрийн намаараа томилгоо хийж чадна.

Харин ард түмний мөнгөнөөс хулгайлсан байх юм бол хэний ч өөдөөс хараад “Чи боль, зогсоо, наадахаа. Шалга” гэж хэлж чаддаг чадвар ер нь байдаггүй юм. Улстөрчдийн дуртай сэдэв гэж байдаг, дургүй, тойрдог сэдэв гэж байдаг. Миний онцлог бол улстөрчдийн барьж авах дургүй сэдэв рүү л явах гэж үздэг. Төр чинь том байна. Шилэн данстай байх хэрэгтэй. Та нар Шилэн дансны хуулийг Засгийн газар санаачилж оруулна гэж бодож байна уу? Хэзээ ч оруулахгүй. Гурван жил үзэж байж, 4 удаа буцаж байж тэр хууль гарсан. Гарахдаа бас муутгаж гаргасан л даа. Одоо бол хуулийг сонголтоор хэрэгжүүлж байгаа. Ийм адгийн байж болохгүй.

Хамгийн хэцүү нь ард иргэд маань нөгөө хэрэг нь сөхөгдөж байгаа улсын тархи угаалтад ороод эргээд бүгдээрээ өрөвдөж эхэлдэг. Тэнд явж байгаа хуулийнхан, бүх хүний зүрх, зориг нь мохдог. Ийм байдлаараа Монгол Улсын сайхан хөгжил дэвшлийн тухай ярих ямар ч боломжгүй.

Уг нь Ерөнхийлөгч тэнд явж байгаа хуулийн байгууллага, тэр хэцүү ажлыг хийж байгаа улсыг зоригжуулж, түүнд нь улс төрийн баталгаа болгож урагш зүтгэх л ёстой л доо. Хүндрэлтэй байдаг юм. Тэгж байгаад л нэг буцдаг. Сошиалд бүгдээрээ л сэтгүүлч болчихлоо шүү дээ.

Социализмын үед 30 сэтгүүлчтэй л орон байсан биз дээ. Одоо 3 сая сэтгүүлчтэй орон боллоо шүү дээ. Ийм орныг удирдана, ийм оронд амьдарна, ажил хийнэ, нийтийн дэмжлэг авна гэдэг хэцүү. Амаргүй шүү. Цаашаа энэ байдал улам явна. Би энэ байдлыг хадгалах ёстой л гэж боддог. Зарим оронд энэ бүхэн бүр хаалттай. Тодорхой үг оруулахад л бүх интернэт нь хаагдаж байдаг. Түүнийг хэрэглэсэн хүн шууд шоронд явдаг. Хэрэг хүлээдэг. Тийм л байгаа шүү дээ.

Монгол Улсын нэг давуу тал бол ганц Ерөнхийлөгчтэй, ганц мундаг удирдагчтай байх биш, 3 сая иргэн нь чадвартай сайн нь байх нь чухал гэж боддог.

Нэг хүн гарч ирээд бүх юмыг бэхжүүлээд сайхан болгоно гэж хэзээ ч байхгүй. Шинэ улстөрчид дахиад өмнөх улсынхаа алдааг давтдаг.

Ардчилал бол миний ойлгож байгаагаар нийгмээ яаж амжилттай сайн зохион байгуулах вэ л гэдэг систем юм шиг байгаа юм.

Энд бичгээр асуулт ирсэн байна. Таны хамгийн их хэл амтай шийдсэн асуудал юу вэ гэсэн байна.

Капла нарын 2 хүнийг уучилсан гэдэг маш их хэл ам дагуулсан. Надад уучлахгүй байх бүрэн боломж байсан. Гэтэл Монголд хөрөнгө оруулаад, тэнд ажиллаж байсан хоёр ажилтныг татварын маргаанаар барьж аваад шоронд хийсэн. Ийм улс руу юун хөрөнгө оруулалт, юун Валютын сан ирэх. Ямар гадаад харилцаа хөгжүүлэх юм. Дэлхий нийтээр Монголын тухай хамгийн муу муухай мэдээ гарсан. Үүнийг шийдэх үү, үгүй юү гэдэг л байсан. Ийм хэцүү асуулт, хэцүү сонголтын өмнө гарч байж шийдэхээс аргагүй. Энэ дээр эр зориг үзүүлэх гэж, Монголын төлөө зодуулдаг бол зодуулах гэж, муу хэлүүлдэг бол муу хэлүүлэх гэж явсан. Одоо энэ жишиг боллоо. Үүнийг би маш сайн зүйл гэж бодож байгаа. Татварын асуудлаар бизнес эрхлэгчдийг Эрүүгийн хуулиар шийтгэдгийг одоо шинэ Эрүүгийн хуулиар хүртэл больж байгаа шүү дээ. Төлүүлэхийн төлөө л явна. Ойлголцохын төлөө явна. Энэ хэдэн жилд татвараа төлөх нь байтугай, цалингаа тавих боломжгүй байгааг та нар мэдэж байгаа шүү дээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ яая даа гэж байгаа. Гэтэл татварын хэдэн төгрөг төлсөнгүй гээд тэнд ажиллаж байгаа сэтгүүлчийг хүртэл барьж аваад шоронд хийгээд байвал яах вэ. Үүний цаана ямар жишиг тогтож байгаа вэ гэхээр Монголын мянга мянган бизнес эрхлэгчид, амь амьдралаа авч яваа хүмүүсийг шорон руу авч явдаггүй жишиг тогтож байгаа. Хууль, шүүхийнхэн ч гэсэн тэр жишгийг ойлгож авч байгаа. Ийм хэцүү байдаг.

Эрдэнэтийн 49 хувийн талаар асуусан байна.

Би УИХ дээр орж үг хэлсэн. Зүгээр сууж байж болох л байсан. Би үүний цаана сайн юм байна уу гэдгийг л харах гэж оролдсон. Тэртэй тэргүй муу юм байна уу гэдгийг харах гэж оролдсон бүхэл бүтэн хүчин, бүхэл бүтэн нийгмийн давхарга, бүхэл бүтэн олон хүн байж байхад тэр тал руу ороод байх ямар ч шаардлага байхгүй. Сайн юм юу байна?

49 хувийг Монголдоо аваад ирнэ гэдэг бодол зарим улстөрчийн толгойд орох ч үгүй. Багтах ч үгүй. Гэтэл зарим бизнесмэн 49 хувийг аваад ирж болно. Би аваад ирвэл яадаг юм бэ гэж л бодсон. Ийм монгол амбицийг, ийм монгол зоригийг л дэмжих хэрэгтэй. Хүн хүний нутгаас шороо атгаад ирж байгаа бол, хүн хүний нутгаас банкны хувь аваад ирж байгаа бол, хүн хүний нутгаас тодорхой хувь оруулаад байгаа бол сайн. Бид дандаа гадныхныг, гаднын мөнгө харж, гаднын заавар зөвлөгөө харж суух юм уу? Өөрсдийнхөө чаддаг улсуудыг дэмжих хэрэгтэй шүү дээ.

Зарим хүн хэлдэг. Авчирсан нь зөв л гэж байна шүү дээ. Хамгийн гол нь санхүүгийн асуудал байна гэдэг. Ингээд асуухаар тэнд зарцуулсан төсвийн, төрийн нэг ч төгрөг байхгүй шүү, бид 100 хувь хариуцна гэж байгаа. Тэр хүмүүс 100 хувь хариуцаг л дээ. 400 саяа олж авна уу, авахгүй байна уу, төр тэр рүү орох ямар хэрэг байна. Би бол тэгж л боддог.

Улстөрчид ажлын хэсэг байгуулаад үнэнийг тогтооно гэж хэзээ ч байдаггүй. Улсын Бага Хуралд байхдаа л би түүнийг ойлгож авч байсан. ХХБ 5 удаа бонд босгосон байна шүү дээ. Түүнийхээ 4-ийг буцаагаад төлчихсөн. Монголд ийм банк байна. Монголд ийм санхүүгийн байгууллага байна гэдэг чинь Монголын асар том нэр хүнд байхгүй юү. Гэтэл Монгол Улс зээл аваад өрийг өрөөр, зээлийг зээлээр төлж байгаа шүү дээ. Улс чадваргүй байгаа биз. Гэтэл тэр банк чадаж байгаа юм. Тэгнэ гэдэг бол тэр банкны, хувцсаар бол оёдол бүхнийг олон улсын байгууллага шалгасан л байгаа. Юун манай улстөрчид шалгах. Би түүнд л илүү итгэж байгаа. Түүнээс биш тэнд нэг төгрөгийн сонирхолтой, нэг төгрөгийн оролцоотой болоод тэгээд байгаа юм байхгүй. Надад тийм ямар ч шаардлага байхгүй.

Хэрэгтэй үед хэрэгтэй үг гэж байдаг. Монголын хувьд дарлагдсан ард болж яваа бизнесүүдэд хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг ганц удаа хэлж чадах л хэрэгтэй. Би үүнийг л бүтээгчдээ дэмжих бодлого гэж хэлж байгаа. Хууль зөрчсөн эсэхийг УИХ шийддэг байх юм бол энэ 1937 он. Ямар ч шаардлага байхгүй. Шүүх байна, прокурор байна, цагдаа байна, мөрдөгч нь байна. Тэд л шийдэх ёстой. Боллоо. Үүнийг үргэлж ухааруулж байх ёстой. Манайхан нэг тийшээ л ханардаг. 49 хувь ороод ирсэн, тэнд шавж шахаа хийдэг нөхөд бүгд үргээд алга болсон шүү дээ. Одоо эргээд арзайтал тойроод шавж байна гэнэ лээ. Уг нь тэдэнтэйгээ ярьж байгаад л 33 хувийг нь иргэддээ Хөрөнгийн биржээрээ дамжуулаад заръя. 34 хувь нь төрдөө байг. 33 хувь нь хаанаа ч байдаг юм. Ингэж шийдээд л тэр 33 хувиас олж байгаа мөнгөнийхөө 33-д нь ногдох худалдаж авсан мөнгийг нь тэр улсууддаа өгөөд, бүгдээрээ 3 тал болоод хяналт тавиад явах нь хамгийн зөв шийдэл. Ингэж хэлж ярьж чаддаг байх нь чухал юм уу л гэж би боддог юм.

Өөр миний нэг урамшуулж зүтгүүлэх гэсэн зүйл бол иргэдийн оролцоо, шууд ардчилал. Би Ерөнхийлөгч болоод анх удаа Чингисийн талбай дээр гадаа тангараг өргөөд өрөөндөө орсон. Тэр бараг Х.Чойбалсан гуайгаас хойш Ю.Цэдэнбал гуай, Ж.Батмөнх гуай гээд суусан өрөө. Тэр өрөөгөө Иргэний танхим болгохоор шийдсэн. Эндээс ажлаа эхэлсэн. Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд би шилжиж орсон. Тэнд 8 жил сууж байна. Одоо аймаг, сум болгон, Улаанбаатарын хороо бүр  Иргэний танхимтай болсон. Тэндээ сарын 30 хоногийн 27-д нь график гаргаад ажиллаж байна. Энэ талаар хэн ч хууль гаргаагүй. Одоо үүнийг буцаахад хэцүү.

1990 оноос өмнө Монголд хамгийн том дарга хэн байхыг Москвад, Кремльд шийддэг байсан. Тэр эрхийг бид Улаанбаатарт авчирсан. Байшингаар яривал Төрийн ордонд авчирсан. Одоо Төрийн ордонд шийддэг тэр эрхийг иргэд, ард түмэнд өгье. Иргэдийн санаачлагаар анх орон нутгийн сангийн хөрөнгийг шийдэх гэхэд дарга нар “Иргэдэд мөнгө өгөхөөр буруу ашиглана, завхруулна” гээд дургүй байсан. Иргэдийг дандаа нэгдүгээр ангийн хүүхэд, цэцэрлэгийнхэн гэж боддог. Дарга нар өөрсдийгөө насанд хүрсэн хүмүүс гэж боддог. Төвд байгаа дарга нарын мөнгө зөв ашиглана гэж юу байсан юм.

Орон нутгийн сангаас зарим аймагт 5 тэрбум, зарим суманд 200 сая, нэг баг дээр 40 сая төгрөг очиж байсан. Та нар мэдэж байгаа. Хүмүүс цуглаад юунд санхүүжүүлэхээ шийддэг. Ингэхээр нэгд, хямд. Хоёрт, орон нутагт ажлын байр бий болдог. Та нарт л хэрэгтэй. Дээр нь хяналттай болж байгаа. Бүх аймаг нүүрээ угаасан юм шиг болсон. Сум наад зах нь хогны асуудлаа яаж шийдэхээ мэддэг, явган хүний зам, гэрэлтүүлэг тавиад эхэлсэн. Бүх сум сайхан бол Монгол Улс сайхан болно. Би үүнийг үргэлж зүтгүүлдэг. Харамсалтай нь орон нутгийн сангийн мөнгө жил бүр доошоо бууж байгаа. Хэд дахин шүү.

Монгол Улсын иргэн мөнгөө мэддэггүй байх юм бол ямар ч эрхгүйтэй адилхан. Энэ эрхийг шаарддаг, энэ ойлголтыг орон нутагт өгдөг хүмүүс бол та нар. Энэ хувьсгалыг хийх хүмүүс бол та нар. Хамтдаа хийе л дээ. Хүрсэн амжилтаасаа хэдүүлээ ухармааргүй байгаа юм.

Таны ажлаас хамгийн их хүрсэн зүйл юу вэ гэсэн байна.

Би нэрлэчихье. “Оюутан цэрэг” гэдэг санаачилгыг манай иргэдийн 70-80 хувь нь үргэлж дэмждэг. Манай монголчууд гайхамшигтай ард түмэн. Цэргээр дамжихаар хүн өөр болдог гэдгийг эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч мэддэг. Одоо жилд 1000 цэргээр хязгаарламааргүй байна. Бүх МСҮТ дээр хэрэгжүүлмээр байна. МСҮТ-ийн захирлыг цэрэгжлийн сургалтад нэг сар, гурван сар суулгаад цол өгөөд, бэлтгэл дэд хурандаа, бэлтгэл хошууч болгоод, МСҮТ нь дотуур байртай, үдээс хойш нь цэрэгжлийн хичээл заагаад, 6 сар болгоод цэргийн алба хаасан гэж тооцъё. Энэ маш чухал. Цэргийн зохион байгуулалтад орсноор муудах юм байхгүй. Дунд сургуулиуд дээр цэрэгжлийн багш ажиллуулмаар байна. Дээр үед иргэний хамгаалалтын багш гэж байдаг байсан.

Өнгөрсөн жил би энд, Их тэнгэрт Төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг цуглуулж уулзаад нэг санаа хэлсэн. Цэрэг хүнийг 1000 өдөр тэжээж нэг өдөр хэрэглэнэ гэдэг. Энэ буруу ойлголт. Цэргийн анги, байгууллагууд нээлттэй болмоор байна. Манай аймгийн төвд цэргийн ангитай бол, өглөө надад гүйх газар байхгүй бол, би шууд цэргийн анги руу ороод гүйлтийн талбайд нь гүйж болно. Цэргийн анги фитнесс төв болчих. Гүйгээд, бэлтгэлээ хийгээд, цэргийн хоол идээд төлбөрөө төлөөд гарахад сайхан шүү дээ.

Манайхан бүгдээрээ гэртээ буутай. Цэргийн ангиуд бүгд тир нээчих. Сумаа авч очоод, буугаа тусгалд оруулаад явж болно. Сумгүй бол тэндээс сум худалдаж авна.

Швейцарь төвийг сахисан улс. Гэтэл хамгийн хүчирхэг армитай. Цэргийн алба хаасан хүнээ цэрэг хувцастай нь халдаг. Буутай нь цуг явуулдаг. Түргэн авахад цэрэг хувцсаа өмсөөд, буугаа үүрээд гардаг. Үүн шиг байж л Монгол Улс өөрийгөө хамгаална шүү дээ.

Гэрээсээ хол байхад хүн гэр бүл, эх орныхоо үнэ цэнийг мэдэрдэг. Гэр бүлийнхээ төлөө босоод тэмцэж чаддаг л байх юм бол чи эх орноо хамгаална. Чи эх оронч үзэлтэй болно. Түүнийг цэргийн байгууллага суулгаж өгөх ёстой. Энэ бол бүр хувьсгалын шинжтэй зүйл. Би үүнийг шаардана, ярина. Офицерийн эхнэрүүд энд ирж сургалтад суугаад, очоод аймгийнхаа хүүхнүүдэд зөв хооллох, зөв алхалт, балетын хөдөлгөөн зааж болно. Тэнд сан бий болгоод өгчих. Тэгж ажиллаж байгаа цэргийн ангиуд эргээд түүгээрээ хөрөнгө оруулалт хийгээд явна. Цэргийн албан хаагчдад цэргийн дүрэм, энгийн хүндээ энгийн хууль дүрэм нь үйлчилдэг байя.

Ажил хийх хүн ажлынхаа учир утгыг, хувьсгал хийх хүн хувьсгалынхаа учир утгыг ойлгох ёстой. Ойлгоогүй хүн юм хийж чадахгүй.

Бас нэг ажил бол шүүхийн шинэчлэл. Шүүхийн шинэчлэлийг хамгийн их дэмждэг хүмүүс бол шүүхээр үйлчлүүлсэн иргэд байдаг. Үйлчилгээний байгууллага болсон. Эвлэрүүлэн зуучлах гэж хууль гаргасан. Монголд шийтгэгддэг байсан хэргийн бараг 18-20 хувь, 30-аад хувь нь эвлэрүүлэн зуучлахаар орж байгаа. Эвлэрүүлэхэд хамгийн хэцүү нь гэр бүлийн маргаан, салалт байдаг. Гэхдээ л “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”  шийдвэрийг шүүх гаргаад өгөхөөр 12 хувь нь эргээд суудаг.

Хөдөлмөрийн маргаан, өр зээл, газар, хашааны маргаан гээд зөндөө зүйл байдаг. Эдгээрийн 40-өөд хувийг эвлэрүүлэн зуучлахаар шийддэг болсон. Энэ бол гайхамшиг. Энэ хүний төлөө хийж байгаа ажил биш үү?

Өөр нэг их дэмжлэг хүлээсэн зүйл бол архины эсрэг уриалга. Тэр их сайн явсан. Арга хэмжээнд төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөгийн архи авахыг болиулсан. Энэ бол маш том соёл шүү. Архи шиг гамшиг дагуулсан муухай соёлыг сайн соёлоор солих л ёстой. Энд удирдагч, манлайлагч хүний үүрэг хэрэгтэй.

Шилэн дансны хууль байна. Морио уная гэсэн уриалгыг хөдөөгийнхөн их дэмжсэн.

Ашигт малтмалын лицензийг хүмүүс мартчихсан байдаг юм. Намайг анх Ерөнхийлөгч болж байхад Монгол Улсын нутаг дэвсгэрийн 46 хувь хайгуулын лицензэд орсон байсан. Түүнийг зогсоогоод, хориод, 8 хувь хүртэл буулгаж чадсан.

Таны хамгийн шуугиан тарьсан шийдвэр юу вэ гэжээ.

Хоёр гурван шинэ жилийн мэндчилгээг эс тооцвол байхгүй. “Аяны шувуу”-г дуулаад хашгирч байгаа нэг мэндчилгээ бий. Үсчин болж байгаа нэг мэндчилгээ бий. Шилэн түрийвч гаргаж ирээд л. Шилэн дансыг ойлгуулж байгаа юм. Хамгийн сүүлд дөрвөн Ерөнхийлөгч хамтдаа уулзсан. Гэр доторх таваг руу харж сүрхий шуугиан тарьсан. Юм тавьдаггүй л таваг байсан байна. Мэдсэн бол хэдэн ааруул тавьчих л байж.

Хамгийн шуугиулсан нь туг тойрч дэвсэн байгаа. Бөхчүүд маш их дэмждэг. Ерөнхийлөгч түрүүлсэн уяачийн уяан дээр очихоороо морь унадаг. Харваан дээр очихоороо харвадаг. Бөх дээр яах юм бэ. Бодож бодож 8 жил наадам нээлээ, цагаан тугаа тойроод нэг дэвчихвэл яасан юм гэж бодсон. Сая гавьяат болсон жүжигчин Золбоот би дэвмээр санагдсан гэсэн байна лээ. Тэр бол монгол хүнд байдаг л омогшил юм байна шүү дээ.

Ерөнхийлөгчөөс буугаад та ямар ажил хийх вэ гэсэн байна.

Төвлөрч бодоход байгаль орчин, иргэний гэх зэрэг 5-6 чиглэл гарч байгаа юм. Миний фейсбүүк, твиттерээр хамтарч ажиллах олон санал ирж байна. Таны багт ормоор байна гэсэн хандлага их байна. Иргэн гэдэг бол хамгийн бахархалтай, хамгийн  том ажил шүү. Сайн иргэн, идэвхтэй иргэн байна гэдэг бол хамгийн чухал гэж би боддог.

Та гаргасан шийдвэртээ хамгийн бахархсан зүйл юу вэ гэжээ.

АСЕМ байна. Ази, Европын 53 орны удирдагч Монголд ирээд, тэр чуулганыг анх авч байхад бидний хүртэл зүрх савлаж байсан. Хийгээд, тэр хүмүүс үнэхээр бишрээд, “Монгол гэдэг чинь ямар гайхамшигтай орон бэ. Монгол Үнэхээр сайн зохион байгуулжээ. Үзүүлэх ямар их юмтай юм бэ, заавал би эргэж ирнэ” гээд явахад ёстой огшоосон. Бид хийж чадсан.

Одоо Монголд ямар ч том олон улсын арга хэмжээ авах боломжтой болсон. Ийм авьяас, чадвар манай хүмүүст байна. Монгол гэдэг нэр АСЕМ-ийн 2 өдөр давхацсан тоогоор 5 тэрбум удаа дэлхийд дуурссан.

ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарт монголчуудын дэлхийн II дайн, чөлөөлөх дайнд оруулсан хувь нэмрийг эргэн сануулж, ялалтын 70 жилийн ойгоор Улаан талбай, Тянь Ан-Мэний талбайд монгол цэрэг алхуулсан.

Монголынхоо гайхамшиг, үнэ цэнийг хамгийн их мэдэрсэн хүмүүс бол энхийг сахиулагчид байдаг. Тэднээр аймаг, орон нутагтаа лекц уншуулмаар байгаа юм. Би Өмнөд Суданд өөрөө очиж байсан. Миний хүү энхийг сахиулахад явж ирсэн. Овгийг нь солиод есөн сар явуулаад ирсэн. Ерөнхийлөгчийн хүү байгаа гэдгийг мэдвэл халдлага болж, барьцаалах гэж оролдож магадгүй. Хамгийн сүүлийн өдөр л хамт явсан дайчид нь Элбэгдоржийн хүү гэж мэдсэн.

Оффшорын асуудал сонгуулийн өмнө гарч ирээд сонгуулийн дараа алга болоод байдаг юм. Уг нь өнгөрсөн жил 4 дүгээр сард их хүчтэй гарч ирсэн. Тэр үед л би шалгах хэрэгтэй. Төрийн албан хаагчид ийм данстай байхыг хориглох хэрэгтэй гээд хэлж байсан. Сая УИХ-аас шийдвэр гарсан байна. Энэ дээр анхаарал хандуулж явах ёстой.

Өнөөдрийн уулзалт “Иргэний мэдэх эрх” гэсэн нэртэй. Иргэний мэдэх эрх маш чухал. Аймгийн томилгоо буруу хийгдэж, төсөв буруу болж гэвэл аймгийн Хурал, сумын Хурал дээрээ шууд нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Эрх мэдэлтэн сонсгол дээр худлаа хэлэх юм бол хариуцлага хүлээх ёстой. Энэ амилбал Монголын ардчилал, иргэдийн мэдэх эрх шууд өснө. Харамсалтай нь хууль нь гарсан ч сурталчилгаа тааруу юм уу, сайн явж өгөхгүй л байна.  

Зөвлөлдөх санал асуулгын хууль гэж сая гарсан. Маш чухал хууль. Үндсэн хуулийн өөрчлөлт гэж орон нутагт хэлэлцүүлэг явж байгаа юм байна. Гэхдээ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хуулиар л хийх ёстой. Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль гэж гаргасан. Түүнийг хатуу баримтлах хэрэгтэй. Нэг удаа өөрчлөлт хийхдээ нэг харилцааг өөрчилбөл яасан юм бэ гэж би бодож байгаа. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалыг чадвартай, чадалтай болгох хэрэгтэй гэж би боддог. УИХ дээр би сая үг хэлэхдээ юу юу хийх шаардлагатай байгааг хэлсэн.

Таны хөндөж тавьсан хар тамхины асуудал чухал шүү гэжээ.

Тийм. Аль ч улсад 50 жилийн дараа, 100 жилийн дараа яригдаж байж магадгүй хоёр сэдвийг би сая хөндөж ярьсан. Хар тамхийг айл өрх хаяа хатавчиндаа ч ойртуулж болохгүй. Энэ бол улс үндэстнийг балладаг айхавтар үр дагавартай зүйл шүү дээ. Монгол бол дээгүүр нь зөөж өнгөрдөг байснаа одоо хэрэглэдэг улс болоод, нэгэнт үүнд орохоор хүн нь хүн биш болоод, ирээдүй ирээдүй биш болоод, өвчин, зовлон, тахал болоод, ямар ч ирээдүйгүй болж байгаа. Бид үр хүүхдээ тийм болгомооргүй байна. Хэнийх нь ч гэсэн бидний л үр хүүхэд.

Үр хөндөлт мөн л ноцтой түвшинд хүрсэн. Янз бүрийн эм уудаг. Тэр нь дахиад ээж болох, дахиад жирэмслэх ямар ч боломжгүй болгодог. Улс үндэстэн оршиё гэвэл охидоо хамгаалах ёстой гэсэн үг байдаг юм шүү. Тэр яг үнэн. Үнэхээр цаашаа оршиё гэвэл Монголын хойч үеийг бий болгож авч явах охид, эмэгтэйчүүд маань чухал байгаа юм. Энэ дээр бид их сайн бодмоор юм байна лээ.

“Ардын үг” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ дээр та юу хэлэх вэ гэсэн байна.

Сэтгүүлч Б.Цэнддоо надад сая хэлж байна лээ. “Чи их сонин хүн юм. Хүмүүс өөрөөс чинь уйдчихсан. Тэгэхэд чи ажлаа ярих юм. Хийсэн юмтай, үнэхээр чи бардам байгаа юм байна” гэсэн. Эргэж уулзах нүүртэй байх хэрэгтэй гэж би боддог. Ерөнхийлөгч нь тайлангаа тавиад, орон нутгийнхаа сэтгүүлчдийг цуглуулаад, манай зөвлөхүүд ажил төрлөө ярьж байна гэдэг бол ийм жишиг үлдэх ёстой. Аймагтаа аймгийн Засаг дарга нар ингэж хийх ёстой. Суман дээр сумынхан, УИХ дээр УИХ-ынхан хийвэл сайн.

Сонгууль болохоор бөөн юм пижигнэж ирээд л усны шувуу шиг Улаанбаатар руу явчихаад, дөрвөн жилийн дараа буцаж ирээд байвал энэ бол биш. Энэ бол соёл, уламжлал болж үлдээсэй л гэж бодож байгаа. Тийм учраас би энэ урилгыг хүлээж авсан” гэлээ.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариуллаа.

Сэтгүүлч Мөнхдалай:- Бид дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Би Монголын хамгийн анхны хээгүй Ерөнхийлөгчдөө их хайртай хүн. Хийгүй Ерөнхийлөгч ч бас хийтэй байхыг үзсэн. Дараагийн Ерөнхийлөгч хэл амтай байсан. Хэлэмгий сайхан Ерөнхийлөгч маань энд байж байна. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоогүй байхдаа 2004 онд хэлсэн нэг сайхан үг байдаг  юм. Бидний сөрөг хүч бол аль нэг нам биш, бидний сөрөг хүч бол ажилгүйдэл, ядуурал гэж хэлж Өвөрхангай аймгийн театрт нижигнэтэл  алга ташуулж байсан удаатай юм.

Гадаад бодлогын хувьд та болон танай хамт олон үнэхээр сайн ажил хийсэн гэж би бодож байна. Би их баярлаж явсан. Хөрш хоёр том гүрний Ерөнхийлөгчийг дундаа авчирчихаад уулзалт хийдэг Ерөнхийлөгч Монголын түүхэнд байгаагүй. Улс орны дотоод асуудал дээр олон зүйл санаачилсан. Онцгойлж хэлэхэд цэрэг, сүү өргөх, мод ногоо тарих, оффшор гээд олон зүйл байна. Гэхдээ бүх талаар өөгүй байсан гэж яаж хэлэх вэ, та бүхний дотоод хэргийг би сайн мэдэхгүй.

Цааш нь нэг зүйл хэлэх гэсэн зүйл бол сэтгүүлчдийн зовлон. Манай зарим томчууд орон нутагт очихдоо орон нутгийн сэтгүүлчдийг их ялгаварладаг. Том том баяр наадам болоод та бүхэн морилоход орон нутгийн томчууд орон нутгийн сэтгүүлчдээ тоохгүй, төвөөс ирсэн сэтгүүлчдийг дагаж гүйдэг. Тэд нар нь хэсэг бусаг баримтгүй зүйл энд тэнд цацчихдаг. Үүнийг болиоч гэдгийг олон хэлсэн. Өвөрхангай аймаг үүнийг сайн хүлээж авч бидэнд арай нааштай хандлагатай болсон.

Найман жил сайн ажилласан танд баяр хүргэе.

Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэтийн өнгө сэтгүүлийн сэтгүүлч Мөнхтөр: -“Оюутан цэрэг” хөтөлбөр үнэхээр ард түмний хүсэн хүлээж байсан хөтөлбөр мөн. Өнөөдөр Эрдэнэтэд  Дархан-Уултай нийлээд 100 оюутан цэрэг хамрагдаж байгаа. Тэгэхэд Эрдэнэтийн 70 гаруй хүүхэд багтах гэж жаахан будлиантай л юм болж байна.

Хоёрдугаарт, та Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг санаачлаад тодорхой шалтгааны улмаас эргүүлэн татсан. Энэ хуулиа та дахиад оруулах боломж байгаа юу?

Орон нутгийн сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгуулллагын зовлон үнэхээр  их байгаа. Өнөөдөр орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд худалдагддаг, тэдний далласан газар ил гарч, далайсан газар далд орж байгаа. Бид хуультай болбол үүнээс салмаар байна. Өөрсдөө хэвлэл мэдээллийнхээ төлөө явах гэтэл бидний эрх ашгийг хамгаалсан хууль байхгүй учраас хажуу талаас эрх мэдэлтэй мундаг том улс төрчид бидний амьдралд хөндлөнгөөс гай болж байна. Тиймээс энэ хуулийг дахин санаачилж оруулах боломж байна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Мөнхдалай гуайд миний “Нүүх үү, үлдэх үү?” лекцийг аймгийнхаа радио, хэвлэлээр явуулж байсанд үнэхээр их баярлалаа. Манай орон нутгийнхан тухайн үед маш их дэмжлэг үзүүлж байсан. Мөнхтөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилж дахиж оруулах уу гэж асууж байна. Одоо энэ хугацаанд амжихгүй. Үлдсэн хугацаанд миний түлхэх гэж байгаа хууль бол Улс төрийн намын тухай хууль. Намын тухай хуулиа оруулж намын асуудлыг Монголд цэгцэлмээр байна. Хариуцлагын тухай хууль байна. Сонгогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох тухай, Төрийн албаны хууль гээд энэ гурав, дөрвөн хуулиа явуулах гэж оролдож байна. Хүндрэлтэй байгааг та бүхэн мэдэж байгаа.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг буцаан татсаны гол шалтгаан нь эхлээд миний барьсан бодлого бол эрх чөлөө талаа хамгийн сайн баталгаажуулах, ямар ч төр, засаг хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах, хаах янз бүрийн шалтгаанаар шалтаг тавьж тээг хийхийг багасгая гэсэн.  Тиймээс эрх чөлөө тал дээр нь 100 хувь оруулъя гэсэн. УИХ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль биш, эрх чөлөөгүй хууль болж хувиргах тал руугаа явж эхэлсэн. Ер нь манай өндөр албан тушаалтнууд, сонгогдсон хүмүүс хэвлэлд их харшилтай байдаг. Сэтгүүлчид гүтгэдэг, нэр төр унагаадаг гэдэг. Ер нь бол хүний сайн муу явах хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Хардах эрх хэвлэл дээр энэ байх ёстой гэж боддог. Тиймээс энгийн иргэн болсон ч гэсэн өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явж болно. Цаашдаа бүгдээрээ холбоотой байя гэж бодож байна.

Би сэтгүүлчид та бүхэнд болон өөртөө ч хэлдэг. Зарчимтай хүн, үнэт зүйлтэй хүн эвдэрдэггүй. Тэр хүн өөртөө чухал зарчим бий болгоод, өөртөө үнэт зүйл би болгоод, хийх хийхгүй юмыг ялгаж чаддаг. Ийм хүн янз бүрийн нөлөөнд ороод байддаггүй. Тиймээс өөртөө итгэлтэй зарчимтай үнэт зүйлтэй байх хэрэгтэй.

Хөвсгөл ТВ-ийн захирал Эрдэнэцэцэг: -Та бол гурван сая иргэнтэй Монгол Улсын эцэг. Гурван хүүхэдтэй эцэг юм гэж багасгаад үзвэл таны гурван хүүхдийн нэг нь мөнгөгүй, нэг нь ядуу, нэг нь усаа авч чадахгүй уйлаад сууж байна. Тийм байтал та гурван хүүхдийнхээ хэнийг эрхлүүлээд, хэнийг нь хойш алгадаж хаях вэ? Дундах нь “Ааваа би хаачих вэ” гээд ангайгаад сууж байна. Хүүхдүүдээ бүгдийн жигд сайхан амьдралтай болгохын тулд та эрхийнхээ хугацаанд тодорхой нэг арга хэмжээг өөрийнхөө хэмжээнд гаргаж өгөөч. Ард түмэн чинь ядуурч байна, хэцүү байна.

Дорноговь аймгийн сэтгүүлч Энхцэцэг: -Эрхэм Ерөнихийлөгч таны энэ өдрийн амгаланг эрье. Хийсэн ажилтай хүн ажлаа тайлагнадаг юм байна. Энэ хариуцлагын жишгийг цаашид манай Монгол Улсын Ерөнхийлөгч нар хэвшүүлж хэрэгжүүлээсэй. Орон нутгийн сэтгүүлчид чадавхижих боломж хомс байдаг. Ерөнхийлөгч гадагшаа томилолтоор явдаг. Ерөнхийлөгчийн гадаад томилолт, бусад арга хэмжээ, тэтгэлэгт сургалтад орон нутгийн сэтгүүлчдийг хамруулах боломж байдаг уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Эрдэнэцэцэгийн хэлсэнтэй санал нэг байна. Ийм хүндрэл байгаа. Би өөрөө долоон ахтай, айлын найман эрэгтэй хүүхдийн нэг, яг ийм нөхцөлд өссөн. Ээж хоол гаргахаар наймуулаа аягаа бариад зүтгэдэг. Ах нарын аяганд эхэлж хоол ороод, надад бага нь үлдэж байдаг. Ийм амьдрал дундуур явж байсан жирийн малчин айлын хүүхэд. Би нэг зүйлд их итгэдэг. Өнөөдөр дутуу хүнд амьдралтай байгаа, усаа авч чадахгүй уйлаад сууж байгаа тэр хүүхдүүдийн дундаас Монголын жинхэнэ сайн ирээдүй тодорно доо гэж би хувьдаа боддог.

Өнөөдөр олон өрөө байртай, орчин үеийн гоё машин унасан, брэнд хөөцөлдсөн, хөлөөсөө толгой хүртэл тийм юмаар бүрсэн, идэх уухаа цамаархаж хаясан, тэр хүүхдүүдийн дундаас юу гарч ирэх бол. Хэцүү л байх. Лав л тийм хүүхдүүдийн дундаас тэмцэлтэй, эрмэлзэлтэй хүн гарах уу? Үнэхээр бүх юм бэлэн биш гэр хорооллын хүүхдүүд дотроос Монголын өнгө болсон хүүхдүүд гарч ирнэ гэж би боддог. Өөр хүнд байхгүй нэг давуу тал тэр хүүхдүүдэд байгаа, яагаад гэхээр хэцүү хатууг давсан байдаг.

Энхцэцэгийн асуусан асуултад хариулахад “Элбэгдорж институт” гэж байгаа. Бид дэлхийн сэтгүүлчдийн байгууллагатай холбоо тогтоон төвийн хэвлэл мэдээллийн 70 гаруй сэтгүүлчийг Америкт сургалтад хамруулсан. Тэгээд санхүүгийн хүндрэл гараад хаагдсан. Цаашдаа өөрийнхөө институтын журмаар орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Улаанбаатарт, мөн хилийн чинадад тодорхой хугацааны сургалтад явуулах чиглэл байгаа. Ер нь орон нутгийн сэтгүүчдэд дэмжлэг үзүүлэх, тэдний ажил, хөдөлмөрийг ойлгодог болох тал дээр анхаарах ёстой.

Өмнөговь аймаг, сэтгүүлч Энхцэцэг: Өмнөговь аймаг бол улсын төсвийг бүрдүүлдэг хоёр аймгийн нэг. Өмнөговь аймагт уул уурхай их хөгжсөн. Уул уурхай мэдээж сайн сайхан зүйл. Бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох гэх мэт олон зүйл хийгдсэн нь сайшаалтай боловч нөгөө талаараа иргэд,малчид усгүй болж байна. Байгаль орчны хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Жишээ нь, Тост, Тосон бумбын бүс байна. Нэг өдөр хамгаалалтад аваад, хуульчлаад, гаднын ямар нэг компани байлгахгүй гээд хориглочихсон байхад дараа нь өөр Засгийн газар гарч ирээд түүнийг үгүйсгээд, хэн мөнгөтэй хүмүүс дураараа үйл ажиллагаа явуулж байна. Тухайн сумын иргэдийн амьд явах, байгаль орчин гээд олон асуудалд сөрөг нөлөө үзүүлж байна. “Тавантолгой энержи” Цогтцэций суманд байрладаг. Сумын иргэд уул уурхайгаас болоод 10 хүн тутмын зургаа нь уушгины өвчтэй, ялангуяа бага насны хүүхдүүд өвчилж байна. Энэ бол аюултай. Иргэдийн амьд явах баталгаа байхгүй болж байна. Өмнөговийн иргэд хэлэхдээ алтыг нь аваад авдрыг нь хаяж байна гэдэг. Энэ дээр таны байр суурь ямар байна вэ? Магадгүй, хэдэн жилийн дараа Өмнөговь аймагт хүн амьдрах боломжгүй болчихсон байх асуудал үүсээд байгаа гэдгийг танд хэлье.

Архангай аймаг, Амарзаяа: -Орон нутгийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг нэг дор цуглуулж тэднийг сонсох хэрэгцээ шаардлага байгааг харсан танд талархал дэвшүүлье. Монголын сэтгүүл зүйн томоохон масс болсон орон нутгийн сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадууд Монголын өнцөг булан бүрт ажилласаар байгаа. Тэдний оюуныг үнэлж шагнах асуудал дээр та анхаарч дэмжиж өгөөрэй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Үнэхээр манай орон нутгийнхан орхигдоод байдаг. Манайхны нэг хүндрэлтэй асуудал бол нэгдүгээрт, давуулж тодорхойлдог. Хөдөлмөрийн хүндэт медаль авчих хүнийг Алтангадас дээр тодорхойлдог. Алтангадас авах хүнийг гавьяат дээр тавьдаг. Гавьяатад 6000-7000 хүний тодорхойлолт Ерөнхийлөгчийн Тамгын газарт байна. Бүгд л 100 хувь дэмжив гэсэн материал ирдэг. Бид ажилласан жил, өмнөх шагнал авсан хугацаа, нас гээд олон зүйлийг харж үзэх гэж оролддог юм. Ний нуугүй хэлэхэд одоо үлдэж байгаа хугацаанд нэг л удаа зарлиг гарах байх. Энэ хугацаанд хамтарч ажиллая.

-Зориг агсны хэргийг Монголын шүүх шүүлээ. Энэ шударга уу гэсэн асуулт ирсэн байна. Үүн дээр би товчхон хариулья.

Шүүхийн эцсийн шатны шүүн таслах ажиллагаа дуусаагүй байгаа. Түүнд оролцож байгаа хүмүүс анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Дээд шүүх дээр эрхээ хамгаалуулж асуудлаа тавьж шийдүүлэх боломж байгаа. Манай хууль, хяналтын байгууллагууд С.Зоригийн амь насыг хөнөөсөн шиг ийм хэцүү асуудалд хайнга хандана гэж хэзээ ч байхгүй. Үүний цаана хүн хэлмэгдүүлэх гэдэг ойлголт байхгүй. Эдгээр хүмүүс нь цаашаа гурван шатны шүүхээр ороод, эцсийн шийдвэр гаргадаг газар нь Монгол Улсын Үндсэн хууль. Дэлхийн соёлжсон бүх л улс оронд шүүхээр л асуудал шийдэгддэг. Түүнээс биш тодорхой хүмүүс янз бүрийн зорилгоор асуудал шийдэх гэж, үнэнийг тогтоох гэж, ялангуяа албан тушаалтанууд, улс төрчид ингэж оролдох юм бол энэ утга учиргүй болно. Тиймээс энэ бол шүүхээр яваад бүрэн шийдэгдэх ёстой.

Шүүхээр эцсийн шийдвэр гарсны дараагаар шүүхийн шийдвэртэй холбоотойгоор гүйцэтгэх ажил, улсын онц чухал нууцтай холбоотой асуудлыг үлдээгээд, шүүхийн бүх шийдвэрийг ил болгох тухай шийдвэр гаргасан байгаа. Манай нууцын тухай хууль дээр бичсэн байдаг. Улсын нууцаас гарах асуудлыг УИХ шийднэ. Хэрвээ онцгой тохиолдолд Ерөнхийлөгч шийдвэрлэнэ гэсэн тэр утгаар нь шийдсэн юм. Үүнийг хэлэх нь зөв байх гэж бодож байна.

Өмнөговьтой холбогдсон асуудал дээр үнэхээр санаа зовоох ч асуудал байна. Оруулж байгаа асар их хувь нэмэр байгаа. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бүх сумаар орж чадаагүй, гэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд хоёр сумаар очиж хүмүүстэй уулзаж ярилцаж байсан. Тэнд очихдоо Оюутолгой, Тавантолгойн удирдлагуудтай хамт очиж байсан. “Говийнхны тавьдаг асуудал маш их байгаа. Наад зах нь та бүхэн сардаа нэг удаа ирээд сумын ард иргэдтэй уулздаг байгаач. Энэ бол Ерөнхийлөгчийн өгч байгаа үүрэг” гэж хэлж байсан. Дараа нь асуухад хоёр гурван удаа очсон. Сүүлдээ алга болсон юм шиг байна лээ. Тэнд ажиллаж байгаа компани орон нутгийн иргэдийн зүгээс гарч байгаа санал гомдол, ирээдүйд гээд санаа зовж байгаа зүйлийг яаж шийдэх, яаж хамтарч ажиллах, үүн дээр төрийн байгууллагууд яаж оролцох вэ гэдэг дээр заавал шийдэл ярьж байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь усны асуудал манай Өмнөговь ч биш ерөөсөө дэлхий нийтийн хамгийн хэцүү асуудал байгаа.

Өвөрхангай аймаг, Чимэддорж: - Өвөрхангай аймаг бол Монголын эдийн засгийг бүрдүүлж байгаа уул уурхайн асуудалтай газруудын нэг. Монголоос өөр уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагшаа гаргадаг дэлхийн жишиг ховор байдаг байх. Монгол Улс түүхийгээр нь бүтээгдэхүүнээ гаргаад байдаг, байгалийн баялаг шавхагдашгүй зүйл биш, нэг өдөр дуусна. Эргээд бид эрчим хүчээ хангаж чадахгүй, нүүрсээ гаднаас худалдаж авах асуудал тохиолдох вий. Урагшаа хил гаргаад цаана нь баахан хар уул үүсчихээд байгаа. Боловсруулах үйлдвэр Монголдоо барих боломж нөхцөл байдаггүй юм уу? Маш олон ажлын байр бий болох болов уу?

Хоёрдугаарт, би оффшорыг бас асуумаар байна. Монгол Улс гадаадад их өртэй байдаг. Оффшорт 17 тэрбум ам.долларын хөрөнгө цугларчихсан байна гэж яригдаад байдаг, энэ үнэн эсэх талаар та хэлж өгөөч. Хариуцлагын тогтолцоо гэж ярьсан. Хариуцлагын тогтолцоо төрд ажиллаж байгаа, улс төрийн албан хаагчдад ерөөсөө хэрэгжихгүй байгаа. Архины асуудал дээр Өвөрхангай аймаг архигүй хөтөлбөр гээд хэрэгжүүлсэн, тодорхой хэмжээгээр хэрэгжээд явж байдаг. Гэхдээ архины үйлдвэрлэлтэй тэмцээч гэж хэлмээр байна.

Шагналыг УИХ-ын гишүүн халааснаасаа гаргаад өгч байна гэж яригддаг. Энэ дээр юу хэлэх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Би 2005 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхад анхны гаргасан шийдвэр байдаг юм. Архины үйлдвэрийн лицензын зөвшөөрлийг Монгол Улсад дахин олгохгүй гэсэн. Засгийн газрын тогтоол гаргаад явж байсан. Үүнийг цааш нь хэрэгжүүлээд явсан бол их зөв л болох байлаа. Архины үйлдвэр нь арьс ширний үйлдвэр болоод явж байгаа жишээ хүртэл байдаг.

Социализмын үед гаднаас 30 хувийн татаас авдаг, нийт төсвийнхөө  бараг 50 хувийг архины үйлдвэрээс авдаг байсан. Тэр үе өнгөрсөн.

Монгол Улсад хуучин системээс өөрчлөгдөөгүй байгаа нэг зүйл бол шагнал. Бид 1990-ээд оны үед өөрчилж чадаагүй учраас энэ ингээд яваад байгаа юм. Би шагналын шинэ хуулийн санал оруулсан. Шагналын хуулийн амин сүнс юу вэ гэхээр жилдээ олгох шагналыг төрөл төрлөөр нь тоотой болгож өгье гэж байгаа. Жилдээ гавьяат гэхэд 50-иас илүү хүнд өгөхгүй. Тэгээд хуульчилчихвал шалгуур нь маш сайн болно. Чингис хааны одонг жилд нэг удаа нэг хүнд олгоно гэж байдаг шиг.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр  нь гаргаад байна, боловсруулах хэрэгтэй гэдгийг бүрэн дүүрэн дэмжиж байна. 100 хувь түүхийгээр нь гаргавал 100 хувь хямралд өртөнө. 50 хувь боловсруулаад гаргах юм бол 50 хувь бага өртөнө. 100 хувь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах юм бол 100 хувь хямрал, хэцүү зүйлд өртөхгүй гэсэн ойлголт байгаа. Энэ тал дээр бид үргэлж ярьж ирсэн. Хийхээр төлөвлөж байгаа ажлууд байгаа байх.

Монгол Улсын хувьд нэг бодитой хүндрэл байдаг. Бид дэлхийн хамгийн их хүнтэй, хамгийн том газар нутагтай хоёр улстай хиллэдэг. ОХУ бол дэлхийн ашигт малтмал, уул уурхайн үүц газар шүү дээ. Энэ утгаараа ОХУ бол Монголын асар том өрсөлдөгч. Гаргах гол зах зээл нь Хятад. Бид Монголдоо юм хийхээр ямар хүндрэл байдаг вэ гэхээр БНХАУ-д хийхгүй юм байхгүй. Сансрын пуужингаас авахуулаад сам, шүдний оо гээд бүгдийг хийж байгаа. Маш их хүнтэй учраас асар олноор хийдэг. Тэр нь хямд төсөр гардаг. Монголд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэхэд яг ийм сорилтын өмнө тулгардаг.

Ийм хүндрэл байдаг учраас хоёр талтай ярилцаж, хоёр талын тариф, татварын хөнгөлөлтүүдийг авах чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлж хийх хэрэгтэй. Бид бодит байдлыг сайн ойлгох хэрэгтэй. Оффшор гэдгийг нэг хүн орчуулсан байна лээ. “Овт шаар” гэж. Ер нь би “овт шаар” гэдгээр нь нэрлэх нь зөв юм байна гэж ойлгож байгаа.

Олон тэрбум төгрөг, ам. доллар гадагш гараад явчихсан юм байна, тэнд хадгалагдагддаг юм байна гэдэг тэр үндэслэл нь хэр байдаг юм бол. Үүнийг тогтоодог хүмүүс тогтоохын тулд оролцох хэрэгтэй. Тал талын байр суурийг нээлттэй нийгэм учраас сонсоод явж байгаа байх.

Би нэг зүйл дээр санал нэг байгаа. Төрийн ажил хийж байгаад, ялангуяа, авлигын асуудалд орооцолдоод шүүхээс ял авсан бол эргэж төрийн албанд ордоггүй. Ордог юм гэхэд наад зах нь нэлээн хэдэн жилийн хугацаа тавьж өгдөг, ийм хуультай болмоор байгаа юм.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт яг энэ өгүүлбэрээрээ байж байгаа. Гэтэл сая Авлигын Үндэсний хөтөлбөр батлагдахад тэр өгүүлбэр орж ирсэн, хасаад л хаячихаж байна лээ. Ийм байж болохгүй л байгаа юм. Хариуцлага явж явж мөнгөөр, эдийн засгаар үнэлэгдэх юм.

Зарим хүмүүс ерөөсөө итгэдэггүй. 2011 онд Ерөнхийлөгчийн төсөв 21 тэрбум төгрөг байсан. Одоо дөрвөн тэрбум төгрөг байна. Жил бүр манай ЕТГ, Ерөнхийлөгч төсвөө 60 хувиар бууруулж ирсэн. 240 хувиар буурч байгаа юм. Ингэж ажиллаж болж байна.

Хэмнэж болдог юм байна. Та бүхэн манай төсөв рүү ороод хараарай , 21 тэрбум төгрөг байснаа 4 тэрбум төгрөг болсон. Хүмүүс итгэдэггүй юм. Ингэж өөрөө өөрсдөө санаачилж, Ерөнхийлөгч нь ингэж чадаж байгаа юм чинь бүх албан тушаал, захиргааны байгууллагууд дээр ингэж хийж чадах л ёстой. Төр нь бүсээ суллаад, ард түмнийхээ бүсийг чангалах гээд байна гэдэг бас л сонсогдож л байгаа зүйл” гэв.