ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Administrator 2017-03-15 19:05:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл (ХБҮЗ) Монгол хэлний хуулийн 21.7.10-д Хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнана гэж заасны дагуу 2016 онд хийсэн ажлынхаа тайланг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр танилцууллаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, ХБҮЗ-ийн дарга БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХБҮЗ-ийн гишүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч О.Самбуудорж, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан, Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.  

ХБҮЗ-ийн дарга БСШУС-ын сайд Ж.Батсуурийн танилцуулснаар Зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөлийг 21 аймаг, 329 сум, нийслэлийн 9 дүүрэгт байгуулсан бөгөөд Засаг дарга нар нь ахалдаг байна. Салбар зөвлөл байгуулснаар Монгол Улсын бүх шатны нэгжүүдэд хүрч, иргэдийн оролцоог нэмэгдүүлсний дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн цар хүрээтэйгээр Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх  боломж бүрджээ.

Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл 1984 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын боловсруулан зохиосон үсгийн дүрмийг үргэлжлүүлэн мөрдөх тогтоол шийдвэрийг гаргаж, үсгийн дүрмийн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд нийтдээ 60,000 гаруй толгой үгтэй зөв бичгийн журамласан толийг ирэх есдүгээр сард эцэслэн гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн хуулийн “бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулах, оноон тогтоох, эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зөвлөлийн 2016 оны 02 дугаар тогтоолоор “Улсын нэр томьёоны комисс”-ыг сэргээн байгуулжээ. Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулснаар Монгол Улсад дагаж мөрдөх нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон баталж мөрдүүлэх, нэг мөр болгон жигдлэх ажил цэгцэрч, цаашид нэр томьёо судлал хөгжих боломжтой болох юм.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын сорилгыг баталж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс монгол хэлний шалгалтын сорилгыг хэвлүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Монгол хэлний хуульд заасны дагуу уг сорилгын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг шалгах сорилгоос бүрджээ. Монгол хэлний хуульд 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар заасан бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулж, Монгол бичгийн үндэсний стандарттай болохоор зорьж байгаа юм байна. Мөн гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэний үр хүүхдэд монгол хэл бичгээ эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулжээ.

Гадаад хэлний үгийг монгол хэлэнд галиглан буулгах журмыг тодорхой болгох үүднээс “Хятад хэлний үеийн галиглах журам”-ыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, цаашид, бусад хэлний үгийг галиглах журмыг боловсруулах ажлыг хийж эхлэхээр төлөвлөжээ.

ХБҮЗ бүх нийтийн эх хэлний боловсролд зориулсан www.nairuulga.mn болон www.nclp.mn  цахим хуудас ажиллуулж байна.

            Зөвлөлийн гишүүд монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, нутгийн аялгууг хадгалан үлдээх талаар бүрэн толь хийх, газар усны нэрийг өөрчлөлгүй хадгалан уламжлуулах, орчин үеийн нийгмийн хөгжилтэй холбоотойгоор орж ирсэн гадаад үгийг монголчилж, нэр томьёо судлалыг тогтвортой хөгжүүлэх зэрэг цаашид хэрэгжүүлэх ажил их байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайланг сонсоод төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авч эхлэх хугацааг тодорхой болгох, монгол судлалд төрийн зүгээс байнга анхаарч явах, ХБҮЗ-ийн зүгээс хийж байгаа ажлаа олон нийтэд танилцуулж байх, монгол хэлний багш нарт монгол бичгийн сургалт явуулахад нь тусалж дэмжих, газар усны уугуул нэр өөрчлөгдөж болзошгүй асуудлуудад анхаарч байх, мөн гадаад үгийг монгол үгээр нэрлэж байх талаар анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм.