Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын гадаад бодлого бол Монголын аюулгүй байдлын асуудал юм

Administrator 2017-03-13 11:01:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас зохион байгуулж байгаа “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг энэ гуравдугаар сарны 6-ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Л.Бадамдаш нар урилгаар оролцов.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа, дээрх салбаруудад ямар санал санаачилга гаргав гэдгийг ярилцсан юм.

Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн 2 удаагийн бүрэн эрхийн 8 жилийн хугацаанд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Мөн иргэд өөрсдийн байр суурь, санал дүгнэлтийг танилцуулав.

Үдээс хойших хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлж, иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Цагаан сар дөнгөж сая болсон. Та бүхэнд цагаан сарын шинийн мэндийг дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж энэ танхимд байгаа бүх хүнтэй золгож байна. /Алга ташив/

Тахиа жил гарлаа. Ахмадуудын ярьж байгаагаар тахиа жил зүтгэлтэй, ажилч хичээнгүй хүмүүст үр дүнгээ өгдөг жил гэж ярьж байгаад би хувьдаа бэлгэшээж байгаа юм. Бүгдээрээ зүтгэж, дор бүртээ ажлаа сайн хийвэл Монгол Улс хөгжинө. Нэг хүнээс, нэг даргаас Монгол Улсын амьдрал шалтгаалахаа больсон.

Би нэгэнт та бүхнээр дүнгээ тавиулж байгаа хүн учраас та бүхэн мэдэх гэсэн зүйлээ тодруулж ярилцвал зүгээр байх гэж бодож байна.

Монголын медиа корпорациас ийм аян эхэллээ. Eagle телевиз оролцож байна гэж  би сонсож байсан. Би хүмүүсийн өмнө хийсэн ажлаа ярих, тайлагнах, танилцуулах, хэлэх, миний явуулж байгаа үйл ажиллагаа, бидний хамт олны хийж байгаа үйл ажиллагааны талаар хүмүүс ярих, шүүмжлэх нь нээлттэй байдаг. Тэр бүү хэл харлуулах, гутаах, гүтгэхэд ч хариу үйлдэл үзүүлээд байдаггүй.

Монголын нийгмийн давуу тал энд л байгаа юм. Энэ бол Монголд улс төрийн зам сонгосон хүн бүхний туулах ёстой зам. “Чи улс төр сонгосон бол чиний холгосон хуруун дээр чинь хүн заавал гишгэнэ” гэж би олон жилийн өмнө, бүр анх улс төрд орж байхдаа хэлж байсан. Үүнийг чи хүлээж авах л ёстой. Шарх хүртэл нээлттэй байхдаа зөв эдгэдэг шиг санагддаг. Албан тушаалтны үйл ажиллагаа нээлттэй байх тусмаа сайн гэж боддог. Энэ нь эргээд албан тушаалтандаа сайн байдаг.

1990 онд, 10 жилийн өмнө ч намайг гарч ирээд ярьж байхад шууд утсаа гаргаад бичээд сууж байдаг хүн байгаагүй. Ганц ММ-ийн камер байвал байдаг. Орой нь мэдээгээр цухас харуулбал харуулдаг, ийм л байсан. Одоо мэдээллийн технолгиор дамжад хүнйи амьдрах хэв маяг бүрэн өөрчлөгдсөн. Үүнд нь улс орон, нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээж ажиллаж байгаа этгээдүүд, сонгогдсон хүмүүс зохицож ажиллах ёстой. Энд зохицож чадахгүйгээс маш олон хүндрэлтэй асуудал дэлхий даяар бий болж байгаа. Үүнийгээ мэдэрдэг, мэддэг байх ёстой. Бидний хувьд энэ дундуур яваад гарсан учраас энэ бол давуу тал. Байгаа давуу тал, ололтдоо хэн ч ханадаггүй. Монгол яг тийм нийгэм сонгосон. Бид амжилтдаа ханадаггүй нийгэм сонгосон. Бид өмнө нь ямар их амжилт гарч байгаа тухай дэлгэц дээр, хөшигний цаанаас харуулдаг, тайзан дээр тоглож үзүүлдэг, амьдрал дээрээ өөр байсан тийм нийгэм дундуур туулж ирсэн. Тэр нийгмийн хүүхдүүд.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн ажлыг дүгнэх гээд иргэд цуглаад ярьж байна гэдэг бол Монголын том ололт гэж би бодож байгаа. Би энэ үйл ажиллагааг ямар ч хэлбэрээр явсан дэмжинэ. Тийм учраас намайг ир гэсэн зар өгсөн. Та нарт ч тийм зар өгсөн байх.

Монголд албан тушаал эрхэлж байгаа, ажил хийж байгаа хүн бүхэн ийм байдлаар ажлаа дүгнүүлж байх ёстой гэж би хувьдаа боддог. Аймгийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, бүх газар ард түмнийхээ өмнө нээлттэй, салбар салбарт ажиллаж байгаа иргэдээр ажлаа дүгнүүлээд, дээд шатны дарга нь тэр дүн дээр түшиглээд болохгүй бол хариуцлага тооцдог байдал руу ормоор байгаа юм.

Ардчилал гэдэг үгийн цаана туг, далбаа болгоод явах шаардлага байхгүй. Ардчилал гоё учраас бид сонгож аваагүй. Хүний юм учраас бид аваагүй. Зүгээр л миний юм. Миний хөгшин ээж бурханд итгэдэг. Бурхандаа залбираад, зулаа өргөх эрх л миний ээжийн эрх. Түүнээс биш би хэн нэгнээс зээлдээгүй. 500 хоньтой бол түүнийгээ хувьдаа аваад, маллаад, ашиг шимээр нь амьдралаа аваад явах бол малчны л эрх. Төр, засагт дургүйцлээ илэрхийлэх бол таны л эрх.

Монголын уламжлал ийм байсан. Монголчууд ингэж хэлэлцдэг, хаанаа хүртэл ард түмнээсээ сонгоод яваад ирсэн улс. Энэ эрхийг л бий болгох гэж яваа. Чөлөөт нийгмийг би ингэж нэг тайлбарладаг. Таны хүссэн бүхнийг хийх гэж бид ийм нийгэм байгуулаагүй. Тийм юм ч амлаагүй. Бүх хүний амьдралыг тэгш сайхан болгох гэж амлаагүй. Уучлаарай. Амлаж байсан гэж зарим нь хэлж магадгүй, тийм биш. Буруу ойлгосон байна. Таны төр, засагтаа дургүй байх эрхийг хадгалах гэж л энэ нийгмийг бий болгосон. Дургүйцлээ илэрхийлэх эрхийг, сонголтоо хийх эрхийг, өөрөөрөө байх эрхийг чинь л хадгалах гэж энэ нийгмийг бий болгосон. Бид хүн болж төрсөн. Хүн шиг амьдрах гэж л сонгосон.  Энэ нийгмийг зохион байгуулах аргыг л магадгүй, ардчилал гэж хэлээд байх шиг байгаа юм. Өнөөдрийн нийгэмд ямар нэгэн нэр өгье гэж бодож байгаа бол нийгмийнхээ амьдралыг хамгийн сайнаар зохион байгуулах замыг л монголчууд сонгож авсан. Энэ дотроо засвар, өөрчлөлт хийж болно. Засч болдоггүй зүйл биш. Нээлттэй байх тусмаа, Монгол Улсын иргэд оролцож байх тусмаа, энэ асуудалд оролцдог эрхтэй байх тусмаа, монголчуудад бүтээх боломж нээгдэх тусмаа Монголын нийгэм сайн явна гэж боддог.

Зарим улс орны хөгжлийн философи өөр. Төвд байгаа эрх мэдэл нь хүчтэй. Төв эрх мэдэл хүчтэй байж манай улс орон амар амгалан байна. Манай улс оронд хөгжил дэвшил ирнэ гэдэг. Ингээд хоорондоо талцаад, задраад, бие биеэ доош хийгээд үзээд байх юм бол энэ улс орон сүйрнэ гэж үздэг улс орнууд бий. Тэр бол тэдний эрх.

Монголынх бол арай өөр. Монголынх бол иргэд нь эрхтэй, бүтээх чадамжтай, боломжтой л байх юм бол Монгол Улс явна. Түүнээс биш Монгол нэг том даргатай, тэр дарга нь унаад өгөхөөр улсаараа унадаг байж болохгүй. Ц.Элбэгдорж ажлаа хийж чадахгүй бол бүх хүн ажлаа хийж чадахгүй болдог тогтолцоо байж болохгүй. Элбэгдоржтой доржгүй Монгол Улсын амьдрал урагшаа явах л ёстой. Энэ тогтолцоо, соёл, суурийг л тавих ёстой. Бидний зам арай өөр юм.

Их хүн амтай, том газар нутагтай, дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцдог, өөрийн дэг жаягаа авч яваа нь тэр улсын зам. Бид тэднийг хүндэлдэг. Бидний зам арай өөр.

1990 оноос л би энэ тухай ярьж байсан. Одоо яриад л зогсож байгаа. Нэг л зангаараа байгаа. Имй зүйл хэлье.

Өнөөдөр гадаад бодлогын асуудлаар ярьж байна. Одоо би та бүхний асуултад нээлттэй хариулъя. Энэ индэр дээрээ зогсож байя. Гурав гурваараа асуугаад хариулаад явъя.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Хашмаа: - Өглөөний хэлэлцүүлгээс таны гадаад бодлого маш сайн явж байгаа гэдгийг ойлгосон. АСЕМ-ийн талаар та өөрийнхөө үгээр юу хэлэх вэ?

МУИС-ийн ОУХДС-ийн оюутан Оюунбилэг: -Нэгд, төвийг сахих бодлогын талаар асууя. Хоёрт, НҮБ-ын гишүүн оронтой харилцаа тогтоох талаар асууя.

БЗД-ийн иргэн Сарангоо: -Үнэнийг хэлэхэд энэ танхимд анх орж ирэхдээ би таны тухай зөв бодолтой байгаагүй. Өнөөдрийн хэлэлцүүлгээс их зүйл сонслоо. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж Монгол ардын үг байдаг. АСЕМ-д хэрэггүй их мөнгө үрлээ гэж ярилцдаг байсан. Тэгвэл мөнгөөр хэмжигдэхгүй үр дүн гэж байдаг юм байна. Таны сүү өргөж амьдаръя гэсэн уриалга байдаг. Нээрээ сар шинээр монголчуд архи уухаа болилоо. Аливаа зүйлийг санаачилна гэдэг чухал юм. Монголд намын ажил явахаас биш төрийн ажил явах нь бага болоод байна. Монгол төрийн залгамж халаа алдагдаад байна. Халаа сэлгээний асуудал хэрээс хэтэрч байна. Байгууллагын нэр солигдож байна. Үүдний хаяг, албан бланк солигдоход татвар төлөгчдийн мөнгө түүнд гарч байдаг. Монгол төрийн залгамж халаа, нэг нь гарч ирээд нөгөөгөө үгүйсгэдэг байдлыг та юу гэж боддог вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -За баярлалаа. АСЕМ-аас миний санаанд нэг тохиолдол тодорхой үлдсэн байдаг. АСЕМ-д ирсэн төрийн тэргүүнүүд машинаас бууж ирээд гар бариад дотогш орж байхад Европын холбооны дарга надтай гар барингуутаа Францын Ницце хотод маш том террорист халдлага болж ачааны том машинаар гудамжаар явж байсан олон хүнийг дайрч амь насыг нь хөнөөлөө. Үүнийг сонссон уу гэж асуусан. Би замдаа ВВС-гээр сонссон байсан. Европын холбооны дарга надад “Та суудалдаа суугаад АСЕМ-ийг нээхдээ бид бүхний өмнөөс дэлхий дахинд хандаж эмгэнэл илэрхийлээрэй. Ази, Европын бүх удирдагчид энд цуглачихсан байдаг. Үүнээс манай уулзалтыг эхлэхгүй бол болохгүй шүү” гэсэн. Түүнд зориулсан үг надад байгаагүй. Юм төлөвлөснөөр болдоггүй. 50-иад хүний сүүлийн хүнтэй гар бариад л, орж ирээд хурлаа нээгээд, бэлдсэн үгийнхээ өмнө өнөө өглөө ийм эмгэнэлтэй мэдээ сонслоо гээд үгээ эхэлж байсан. АСЕМ-д Европын холбооны удирдлага, Европ, Азийн улс орнуудын тэргүүнүүд, олон улсын байгууллагын удирдлага оролцсон, олон сэтгүүлч ирсэн учраас хүмүүс их анхаарсан. Энэ талаар Монголд явж байгаа А.Меркель юу хэлэх нь вэ, Ш.Абэ юу хэлэх нь вэ гэдэг асуудал гардаг юм байна. АСЕМ-ийн 3 хоногт Монгол гэдэг нэр дэлхийн нийт хэвлэл, мэдээллээр 5 тэрбум удаа давтагдсан гэж шүүлтүүрээр гарч ирж байсан.

Үдээс хойш нь урлагийн тоглолтоо үзүүлж хүлээн авалт хийхээр төлөөлөгчдийн тэргүүн бүрт нэг гэр барьж, гэрт орохоор сонгосон өнгөөр нь дээл хийгээд бэлдсэн байсан. Дээлээ өмсөөд урлагийн тоглолт үзнэ гэж протоколоор тохирсон байсан. Тэгсэн Германы канцлер над дээр хүрч ирээд “Ерөнхийлөгч өө, дээл өмсөх нь биш байна. Бид хоорондоо ярилцлаа. Өнөөдөр ийм аймшигтай юм болсон байхад бид дэл өмсөөд, наадам үзээд суухад хэцүү байна” гэсэн. Үнэхээр хүнд байдалд тэд орсон байсан. Тэгэхэд нь “Наадам болно. Би дээлээ өмсье. Та нарын дээлийг гэрт чинь тавья. Явахдаа дээлээ аваад яваарай” гэсэн.

Маргааш нь том гэрт хаалтын хуралдаан хийх гэж байхад бас л Туркэд төрийн эргэлт гарлаа гэсэн. Би бас л ВВС-гээр сонссон. Европынхон цуглаад хуралдсан байсан. Та хурал даргалагч учраас тэр улсын төр, засгийг, төр, засгийн хэлбэрийг, удирдагчийг дэмжинэ гэсэн бидний байр суурийг дэмжиж хэлээрэй гэсэн. Ингээд дахиад л Монголоос бөөн мэдээлэл гарсан. Ийм хоёр зүйл миний санаанд үлдсэн.

Гурав дахь нэг сайхан зүйл гэвэл бид өмнө нь Монголд болон дэлхий нийтэд байдаг хадны зургийн талаар хурал хийгээд байсан. Хадны зураг бол гайхамшигтай зүйл. Бидний өвөг дээдэс мессеж маягаар бидэнд үлдээсэн юм шиг байгаа юм. Үүнийг гайхамшигтай өв гэж боддог. Хонь хариулж явахдаа анх хадны зураг гэдэг зүйлээс бид урлаг соёл, өвөг дээдсийнхээ тухай мессеж авч байсан байх. Яг тэр хад хаднаас олдсон зургийг дор нь тайлбар бичүүлээд, хэмжээгээр нь өнгөтөөр зуруулаад 53 ширхгийг том гэрт тавьсан. Хурлын завсарлагаар сонирхож байгаа зураг дээрээ өнгийн цаасан дээр нэрээ бичээд наагаарай гэсэн.  Хурал өндөрлөөд гарахдаа тэр том дарга нар бүх зургийг аваад явсан.

Ройтерийн том сурвалжлагч надаас юм асууж байхдаа Монголын хоол ямар сайхан юм бэ гэж сэтгэгдлээ хэлж байсан. Италийн Милан хотод АСЕМ-аар бидэнд бургер зарж байсан. Монголд тэгэхэд иддэг уудаг бүх зүйл үнэгүй байна гэж хэлж байсан. Бид тэгж зохион байгуулсан. Хүн гадаад дотоод явахдаа буудлынх нь орыг санадаг. Идсэн ууснаа санадаг. Мундаг хурлын тухай нэг их санадаггүй гэж байгаа.

Гадаад бодлого дээр нэг сонин юм байдаг. Монголын гадаад бодлого их өөр шүү. Монголын гадаад бодлого бол зөвхөн гадаад бодлого биш. Монголын гадаад бодлого бол Монголын аюулгүй байдлын асуудал. Хуучин ЗХУ-д сурч байхад гаднынхан “Хаанахын Монгол вэ” гэж гайхаж асуудаг байсан. 1990 оноос хойш тэгж асуухаа байсан. Монгол гээд гараад яриахд наад зах нь Чингис хааны тухай, АСЕМ-ийн хурал сайхан болсон тухай ярьдаг болсон. Сая Давосын хуралд очиход Европын холбооны Гадаад хэргийн сайд надтай гар бариад л “Миний морь сайн уу” гэж шууд асуусан. Ерөнхий сайдынхаа орлогчийн зэрэгтэй эмэгтэй хүн л дээ. “Би нөхөр, хүүхдээ дагуулж очино шүү. Миний морийг сайн харж байгаарай” гэж байна лээ. Ерөөсөө л энэ.

Бид АСЕМ-ийг авчихаад яадаг билээ гэж бодож байсан. Миланд АСЕМ-ийг аваад суухад Италийн Ерөнхийлөгчийн өөдөөс харуулаад миний сандлыг тавьчихсан байсан. Би маш их гайхсан. В.Путины сандлыг миний хажууд тавьчихсан байсан. Дараагийн хурлыг Монгол авах гэж байгаа учраас Монголын Ерөнхийлөгчид үзүүлж байгаа хүндэтгэл суудлаар хүртэл тэгж илэрч байсан. В.Путин хоцорсхийгээд ороод ирсэн. Гар барих гээд босох гэтэл “Сууж бай, сууж бай” гэсэн. “АСЕМ гэдгийг зориглоод авчихлаа даа. Манай их хөрш та нар л тусална даа. Үүн дээр мэдэхгүй, чадахгүй юм их байгаа шүү дээ” гэхэд В.Путин гуай “Байгаагаараа л бай л даа. Гэр бариад өгчихгүй юү” гэж байсан. Түүний хэлснээр бид гэр барьсан л даа. Үнэхээр байгаагаараа дайлахад Монгол гайхамшигтай л байсан. Байгаагаа үзүүлэхэд л Монгол гайхамшигтай. Урлагаа үзүүлэхэд, соёлоо үзүүлэхэд, тэмээн ачаа явж байгааг үзүүлэхэд л гайхамшигтай.

Анх БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин ирэхэд наадам хийх газар битүү тайз засах гэж байсан. Тэгэхэд нь ерөөсөө тайз хэрэггүй. Тайзаа нээлттэй болгоод уулын энгэрт мал бэлчээе гэсэн. Си Зиньпин гуайн гэргий соёлын их мэдлэгтэй, өндөр мэдрэмжтэй эмэгтэй. Тэгэхэд тэр “Ийм  тайзыг дэлхийд хэн ч засч чадахгүй. Танайд л харууллаа” гэсэн. Дараа нь тэр тайзыг АСЕМ-д хэрэглэсэн. Тэмээн жин явуулсан. Тэр их учиртай. Тэмээ бүр дээр тухайн улсын нэртэй тэгнээ байсан. Авдар дээрээ тэр улсын далбааг тавьчихсан. Нэг талаас Азийн хорин хэдэн улсын тэмээтэй ачаа, нөгөө талаас Европын хорин хэдэн тэмээтэй ачаа яваад уулын энгэр дээр уулзаж суусан. Наад талаас нь хоёр хүүхэд дагуулсан эмэгтэй цай, идээ хоолоо барьж очиж цай, хоолоо өгсөн. Манай нутагт л лав тэгдэг юм.

Манайх түрүүлээд буусан байхад айлын ачаа нүүгээд ирж явахад “За, миний хүү тэмээтэй ачаа ирж явна. За гаръя” гээд ээжтэйгээ цуг домботой цайгаа бариад л, жижгхэн тавагтай ааруулаа бариад л явдаг байсан шүү дээ. Угтаж очоод цайлдаг. Түүнийгээ харуулсан. Цайгаа уугаад хоёр тэмээн ачаа буюу Европ, Ази уулзаад зөрөөд явж байгаа. Бүх юмыг бодож хийсэн л дээ. Ийм гайхамшгийг монголчууд өөрөө олон мянган жилийн хугацаанд өөрийнхөө соёлоор бүтээсэн. Ийм аугаа уламжлалтай ард түмэн.

Үүнийгээ сэргээх гэж л бид чөлөөт нийгмийг сонгосон шүү дээ. Чингисээ магтах гэж сонгосон биз дээ. Монгол том байсан гэдгээ ярих гэж сонгосон шүү дээ. Янз бүрийн үзэл суртлаар дарангуйлуулахгүй, байгаагаа үзүүлэх гэж л сонгосон биз дээ. Хүн амьдралаа өөрөө аваад явах гэж сонгосон. /Алга ташив/

Оюунбилэгийн асуусан төвийг сахихтай холбоотой зүйл дээр товчхон хариулъя. Энэ асуудлаар өмнө нь Их тэнгэрт Монголын хэвлэлийнхнийг цуглуулаад төвийг сахих бодлогын тухай хоёр цагийн уулзалт хийсэн. Эхлээд ирэхдээ яг тэр Баянзүрхийн Сарангоо шиг л байсан. Энэ төвийг сахих бодлого гэж Элбэгдорж юу зарлачихав аа. Энэ лав л биш ээ. Буруу. Энэ дотор болохгүй юм байна гэж 200 гаруй сэтгүүлчээс 90 хувь нь тийм бодолтой байсан.

Цаг гучин минут уулзсаны дараа 70 хувь нь энэ бол зайлшгүй сонгох зам юм байна. Ёстой ойлголоо гэсэн. Бид компьютерийн цаанаас, сэтгэгдлээр юм дүгнэх гээд байна л даа. Надтай насандаа уулзаж гар бариагүй, ганц үг сольж үзээгүй мөртлөө намайг дүгнэх гээд байгаа юм.

Би заримдаа боддог юм. Чиний бодож байгаа хулгайч, худалч, хамгийн муу Элбэгдорж тусдаа явж байгаа. Би бол ээжээс төрснөөрөө энд байна. Чиний тэр бүх хараал ерөөл тэр Элбэгдорж руу очино. Би тэгээд тийш нь явуулчихдаг юм. Тэр нь надад амар байдаг. Жинхэнэ Элбэгдорж тэр бүхэнд хариулаад л, өөрийгөө өмөрөөд байх шаардлагагүй. Өнөдөр муу хэлүүлж байхад маргааш сайн хэлүүлэх юм нь үлдэж л байдаг. Юм эргэж ирдэг. Салхи эргэхийг монголчууд мэднэ. 100 жилийн дараа ч эргэж магадгүй, 10 жилийн дараа ч эргэж магадгүй. Тэгэхээр би тийм зүйлд эмзэглэдэггүй.

Хүмүүст тайлбарлахаар төвийг сахихыг чухал бодлого байна гэдэг. Төвийг сахих дээр хоёрхон зүйлийг л та бүхэнд хэлье. Өөрийн газар нутгаа дайнд ашиглуулахгүй. Өөрийн газар нутаг дээрээ дайн хийлгэхгүй. Манай тэнгэрийг дайнд ашиглахгүй. Манай газрыг дайнд ашиглахгүй. Ингээд боллоо. Гаднаас дайсан ирвэл бид хамгаална. Бид армитайгаа, цэрэгтэйгээ байна. Төвийг сахихын хамгийн мундаг жишээ Швейцарь яг тийм л байдаг. Дэлхийд, Европт хамгийн хүчирхэг армитай улсын нэг шүү, Швейцарь.

Өөр нэг зарчим байгаа. Бид гэр дотроо өөрийнхөө хуулиар тоглоно. Өөрийнхөө бодлогоор явна. Монгол Улс өөрийнхөө бодлогоор явна. Гэрээсээ гарвал НҮБ-ын бодлогоор явна. Монгол Улс бол НҮБ-ын гишүүн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юу гэж шийднэ, түүгээр явна. Ерөөсөө л энэ.

Манайхан ерөөсөө их хэрцүү. Энэ талаар сонсоогүй мөртлөө сая нэг хүн энэ телевизээр “Зөв юм шиг санагдаад байгаа юм даа” гэж байна. Би тэр хүнтэй уулзаагүй, энэ тухай тайлбарлаагүй. Бид бүгдээрээ тусгаар тогтнолдоо хайртай. Улсынхаа бүрэн эрхт байдалд хайртай. Монголын тусгаар тогтнолыг уядаг гадас гэж байдаг бол энэ Төвийг сахих бодлого байгаа юм. Өөр гадас байхгүй.

Бид нэг статустай болж байгаа юм. Янз бүрийн юм болж болно. Биднийг том улсууд орж ирээд дээрэлхэхэд, янз бүрийн юм болоход дэлхий нийт нэг шалтагтай болчихож байгаа юм. ”Тэр Монгол төвийг сахисан улс гээ биз дээ. Юу болж байгаа юм бэ” гэнэ. Хүний аманд Монгол гэхээс гадна манай статус, нэр орж ирнэ. Түүний цаана төвийг сахисан улсыг дээрэлхэж болдоггүй гэсэн бодлого байдаг. Төвийг сахисан улсын хамгийн гоё юм нь тэр статусыг бид л зарлана. Монгол зарлана. Түүнээс биш хэн нэгэн надад тулгаагүй. Хэн нэгэн надад хэлээгүй. Аль 1920-иод оны үед Жамсрангийн Цэвээн гэдэг аугаа хүн “Монгол төвийг сахисан Швейцарь Улс лугаа хөгжвөл яасан юм бэ” гэж, манай өвөг дээдэс тэгж ярьж байсан. Тэр үед Чингисийн алтан ургийнхан амьд байсан. 1930 хэдэн он шиг бүгдийг нь хядаж дуусаагүй байсан. 1990 онд хүртэл бид иймэрхүү чиглэл авбал яасан юм бэ гэж ярьдаг л байсан. Зүгээр л үүнийгээ л сэргээж ярьж байгаа юм.

Энхтайванч, хэзээ ч бид дайсан болохгүй. Гэхдээ бид бүгдтэй нь сйахан харилцаатай байхыг хичээнэ. Энэ л Төвийг сахих бодлого байгаа юм. Нэртэй юмыг зүгээр нэрээр нь нэрлэе л гэж байгаа.

Би үүнийг хоёр хөршийнхөө Ерөнхийлөгчид хэлж байсан. Надад тэдний албаны хүмүүс хандаад, гурван талаараа нийлээд энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлж дэмжсэн хэвлэлийн мэдээлэл гаргах уу, үүн дээр хамтарч ажиллая гээд ярьж байгаа.

Манхйан л болсон хойно УИХ дээр очоод, гацаад, хоорондоо үзэлцээд, Элбэгдоржийн санаачилсан юмны цаана муу л юм байж таарна гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг ойлгоно. 30-40 жилийн дараа магадгүй, Монгол Улс ийм статустай болоход Элбэгдоржийн ярьж байсан зүйл Жамсрангийн Цэвээн гуайн ярьж байсан шиг яригдана. Хэзээ нэг цагт бий болно гэж бодож байгаа.

Харин Монгол энэ дэлхийн дэг журам өөрчлөгдөж байхад эхнээсээ энэ байр сууриа тодорхойлоод, Засгийн газар шийдсэний дараа НҮБ дээр Монголын энэ бодлогыг ярих байх. Би НҮБ-ын чуулган дээр энэ бодлогын талаар хоёр өгүүлбэр хэлэхэд 12 орон Монголын Төвийг сахих бодлого дээр санаачлагч болж оръё гээд, Ерөнхий ассамблейгаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод явж байгаа шүү дээ. Парламент дээрээс хуулийн өтсөл буцсан нь яагаад вэ гэхээр УИХ, Засгийн газар шинээр бүрдсэн учраас манай хуулиар шинэ Засгийн газраас санал авах ёстой байдаг юм. Түүнээс биш буцсан юм биш. Засгийн газраас санал аваад дахин өргөн барих л асуудал. Засгийн газар, ҮАБЗ-ийн бодлого гарчихсан. Монголчууд бас түргэн түүхий юм бодож, хурдан шийддэг улс биш.

Сая Узбекистанд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзахад надтай гар бариад өөр ямар бодлого танайд хэрэгтэй юм бэ. Би бүрэн дүүрэн дэмжиж байгаа гэж байсан. Ойлгомжтой. Манай өмнөд хөрш бид ОХУ-тай бас ярья. Тэгээд гурван талаараа ярья гэж байгаа.

Бидний оюуны бохирдол монголчуудын хамгийн том гамшиг болчихоод байгаа. Нэгийгээ дандаа буруугаар хардаг, дандаа доош хийдэг. Монголчуудын задрал бидний гамшиг болоод байна. Энэ бол чөлөөт нийгмийн муу тал нь. Нэгэнт хараад бухимдаж байгаа бол түүнийгээ засъя.

Чингис хааны хийсэн ажил тэр л гэж боддог шүү дээ, би. XIII зуунд гарч ирээд л харсан. Овог аймгууд хоорондоо орондоо орох завгүй тулалдаж тэмцэлдэж байсан. Ингэх юм бол монгол үндэстэн дуусах юм байна. Ерөөсөө үүнийг нэгтгэе, нийлүүлье. Тэгээд том зорилго тавьсан. “Тангууд Улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай” гэсэн Чингисийн захиас бол “Өшөө ав” гэсэн үг биш юм. Энэ бол том зорилго. Тэдэнтэй тэмцэж, өөрийн эрхшээлд оруулах нь манай улсын зорилго гэж харж байсан.

Монголын 1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилго, агуулга нь үүнд байгаа. Бид том харах хэрэгтэй. Саяхан УИХ-д Эрдэнэтийн 49 хувийн талаар хэлэлцсэн шүү дээ. Заримынх нь толгойд багтахгүй дээ, яаж багтах вэ дээ? Эрдэнэтийн 49 хувийг аваад ирнэ гэдэг та бүхний санаанд хүртэл орох уу? Зарим нь одоо бүр айчихсан сууж байгаа. Монгол Улс тийм бодол төрүүлэх гэж л зах зээлд шилжсэн, хувийн хэвшлийнхнийг бий болгосон. Сингапураас банк худалдаж аваад ирье гэх жишээний. Хүний газраас шороо атгаад ирж байгаа хүнийг дэмжих ёстой. Би энэ талаас нь дэмжээд байгаа юм. Би өөрөө оролцсон учраас дэмжээд байгаа юм биш. Би энэ асуудалд нэг ч төгрөгний ашиг сонирхол байхгүй.

Монголын зоригийг мохоож болохгүй шүү дээ. Нийт 7000 гаруй эзгүй арал байдаг юм гэнэ лээ, эдгээрээс нэгийг Монголын нэр дээр авах гээд явж байг л дээ. Яадаг юм. Хамгийн мундаг сургууль хаана байна, би хүүхдээ оруулъя гээд бид ярих хэрэгтэй. Үүний төлөө л ардчиллыг өрнүүлж, боломжийг нь нээж өгсөн шүү дээ. Гэрээсээ гарахдаа харсан хүнтэйгээ барьцалдаж аваад байвал яаж танайх хөгжих юм. Тэгээд энэ муу зүйлээ хаяад цааш явах хэрэгтэй. Төвийг сахих гэдэг бол ийм л учиртай.

Европт нэг зүйл тохиолдсон. Югославын дайн болоход НАТО-гийн бөмбөгдөгч онгоц нисэх гэтэл Швейцарийн Ерөнхийлөгч хориглосон. Тэгээд НҮБ тэргүүтэй байгууллагууд хуралдаад байж байтал гэнэт зөвшөөрсөн. Яагаад зөвшөөрснийг асуутал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр гарсан гэж тайлбарласан. Энэ л гоё байхгүй юу. Бор гэртээ Богд, хар гэртээ хаан гэсэн энэ бодлогыг л төвийг сахих бодлого гэж байгаа юм шүү дээ. Үүнийг зөвхөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгч, төр л тайлбарладаг. Өөр хэн ч тайлбарлахгүй.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь төвийг сахих бодлогод бүрэн нийцнэ. Өөрийн удирдагчийн, Ерөнхийлөгчийн үгийг сонсоод тийм байжээ гэж боддог байх сайхан биз дээ. Ийм бодолгүй, байр суурьгүй сууж байж болохгүй. Монгол хүний ухаан ямар гайхамшигтай билээ.

Бид төвийг сахих бодлогын тухай ярихад Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев гуай “Би 1990-ээд онд энэ бодлогыг зарлах гэж байсан юм. Гэтэл нөхцөл байдал бүрдээгүй учраас больсон. Одоо бид зарлахаасаа өнгөрсөн. Харин танай улс ямар мундаг юм бэ” гэсэн. Яах вэ, уг нь үүнийг хүн бүр ойлготол удна.

Сүү өргөж хэвшиж байна. Энэ дээр нэг гоё юм надад таалагддаг юм. Би Ерөнхий сайд байхдаа Дундговь руу явж байхад л наанаас нь Төв аймгийн Засаг дарга, цаанаас нь Дундговийн Засаг дарга аймгийн хилийн уулзвар дээр ирчихсэн идээ ундаа бэлдээд байдаг байсан. Тэр идээ ундаа дотор архи заавал байдаг.

Харин одоо бүх аймгийн Засаг дарга нар мэднэ. Ерөнхийлөгчид архи харуулах бүү хэл ярьдаггүй. Одоо бүр “Та сүү өргөдөг гэсэн байх аа” гэх маягаар тоглоом хийгээд, сүү барьчихсан зогсож байгаа. Одоо миний ямар ч хүлээн авалтад нэг ч архи, нэг шил пиво ч байдаггүй. Төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг архинд зарцуулдаггүй.

Би 2005 онд Ерөнхий сайд байхдаа анх удаа Засгийн газрын захирамж гаргаж, архины үйлдвэрт шинээр зөвшөөрөл өгөхийг зогсоож байсан. Би энэ бодлогоо баримталж ирсэн. Одоо архигүй төгсөлт, хурим болдог сайхан жишиг тогтсон. Ямар гоё болж байна. Одоо бүр “Цагаан сараар ширээн дээр архи гаргасан нь задалсангүй” гэж ярилцдаг боллоо. Өмнө нь архийг авдар авдраар нь уудаг байсан шүү дээ. Хаалгаа ч олохгүй, орон дээрээ ч олж унтаж чадахаа байтлаа согтдог байсан биз дээ.

Мундаг удирдагч хүн ард түмнээ захиргаадаж, даргалдаггүй. Харин сайн удирдагч сайн соёл үлдээдэг. Хүмүүсийн ухамсар дээшилсэн байна. Энэ бол үнэхээр сайн зүйл. Хэн нэг нь архи нэхэхэд “Манай Ерөнхийлөгч архи битгий гарга гэсэн. Ерөнхийлөгч баяраа архигүй тэмдэглэ гэсэн” гээд хэлдэг болсон. Манай ээжүүдэд хүртэл ийм сайхан шалтаг олддог болжээ. Аливаа байгууллагын дарга нар баяр тэмдэглэх болохоор мөнгөгүйдээд баяраа архигүй хийдэг болсон. Баярын зардлын 70 хувь нь архинд зарцуулагддаг байсан учраас энэ сайн зүйл болсон. Заавал архи ууж мансуурч байж нэгэндээ юм хэлдэг ярьдаг байдал ард хоцорсон. Өнөөдөр бид цайгаа ууж, хөөргөө зөрүүлж сууж байгаад ярих гэсэн зүйлээ ярьдаг болоод байна. Хуучин нийгэмд архины муухай соёл бүр нэвтэрчихсэн байсан шүү дээ. Гэхдээ л архины хэрэглээ тодорхой хэмжээнд байсаар байна. Үүнийг бид улам багасгах хэрэгтэй.

Тамхины эсрэг олон улсын конвенци гэж байдаг юм. Бид одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ярилцаад Архины эсрэг конвенци гаргая гээд хэдэн жил болж байна. Манай УИХ-д байдаг шиг дэлхийн архины томоохон үйлдвэрүүд лоббидоод энэ ажил урагш төдийлөн явахгүй байна. Манайд байдаг шиг ийм буруу тогтолцоо дэлхийд хүртэл байна шүү дээ. Гэвч энэ ажлыг бид урагш явуулахын төлөө ажиллана.

Монголын төрийн залгамж чанарын асуудал бол чухал. Төр, засгийн эрх солигдоход төрийн албан хаагчдыг халж солих асуудал байж болохгүй. Бид Улс төрийн намын тухай хууль санаачилсан. Одоо аливаа нам засгийн эрхэнд гарсан бол ямар ч хариуцлага хүлээдэггүй, дээрэмчдийн бүлэг гэж яригдаад байгаа энэ бүхэн бодит үнэн болчихоод байна шүү дээ.

Монголчууд бид 1990 онд гайхамшигтай сонгууль хийж байсан. Намууд, хороо хэсгийнхэн, бүр байгууллага нэр дэвшүүлж байсныг та бүхэн мэдэх үү? Харин дараа нь нэр дэвшүүлэх эрхийг нам булааж авсан. Тэгээд тэр намын гурав дөрвөн зуухан хүнд л засгийн эрх шилжчихээд байна шүү дээ.

Би хамгийн сүүлд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль санаачилж, УИХ-д оруулсан. Гэтэл энэ хуулийг олонхиороо унагасан. Энэ бүхнийг хуультай болгоод оруулсан шүү дээ. Гэтэл чи юм хийхгүй байна гээд л шүүмжлээд байна. Миний санаачилсан энэ хуулийг дэмжсэн бол иргэд ингэж суугаад ярилцаж байгаад асуудлаа шийддэг болох байсан. Тухайлбал, иргэд оффшорын эсрэг хууль санаачлаад, өөрийн тойргоос дэвшсэн УИХ-ын гишүүнд өргөн бариад батлуулахыг нь шаардаад сууж байх эрхийг нь нээж өгөх гэсэн юм.

Сумын асуудлыг аймаг, УИХ-д шийдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би Орон нутгийн хөгжлийн санг санаачлаад явж байтал УИХ мөнгийг нь хассаар байгаад юу ч үгүй болгосон. Та бүхэн сумуудаар явсан байх. Сүүлийн хэдэн жилийн дотор үнэхээр сайхан хөгжсөн шүү дээ. Цагаан тоос манарсан газар байсан бол одоо засмал замтай, гэрэлтүүлэгтэй болсон.

Ардчилал гээд ард түмэнд эрх өглөө гэж яриад байх юм. Худлаа шүү дээ. Мөнгийг нь өгөөгүй бол ямар эрх байдаг юм бэ? Мөнгө зарцуулах эрхийг нь өгчих л дөө. УИХ жилдээ гурван их наяд зургаан зуун тэрбум төгрөг ярьж байгаа бол тэрнээсээ гурван зуун тэрбумыг нь ард түмний мэдэлд өгье гэж байгаа юм. Гэтэл энэ мөнгө хоёр зуун далан тэрбум болоод, одоо бүр ерэн тэрбум болсон. Ийм арчаагүй байхгүй юү.

Малчин, олон хүүхэдтэй айлд өссөн болохоор надад шунал байдаггүй. Би зүгээр энгийн иргэдийг дээрэлхсэн хүнд дургүй. Тийм хэцүү ажлыг л би барьж авдаг. Иргэд бол авлигалтай тэмцээд өг, түүнийг бариад ав л гээд орилолдоод байдаг. Тэгээд яг асуудал шийдэх гээд хуулийнхан явж байхад хүн хэлмэгдүүллээ гээд орилоод байдаг. Тэр авлигач этгээдийн зохион байгуулсан хэвлэлийн суртал ухуулгад автчихсан л байж байдаг. Хэцүү шүү дээ. Надад нэг хүн “Чамайг хараад байхад үнэхээр шантармаар юм” гэж хэлж байсан. Одоо авлигатай тэмцэх үү гэхээр та бүхэн тэмц гэж шаардана. Аягүй бол тодорхой хүмүүсийн нэр хэлнэ. Тэгээд баривчлаад байтал тэр хэдэн тэрбумын авлига авсан этгээд хэдхэн сая төгрөгийн ухуулга хийхэд л иргэд маань энэ ухуулгад автдаг.

Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийг бид хэзээ нэгэн цагт батлуулж л таарна. Бид хариуцлагын тухай хуулийг таван жилийн турш батлуулах гэж явсан. УИХ-ын гишүүд хариуцлага гэж их ярьдаг. Тэгвэл хариуцлагатай болмоор байвал хуулиа л батал л даа. Бурхан бүтээж байгаа бол дотор нь бас шүншиг хий л дээ. Гэр барьж байгаа бол тулгаа тавь. Тэгэхийн оронд гэрийнхээ ханыг нийлүүлж бүрээс тавьчихаад тулгагүй суугаад байгаатай адил. Хэрэв ардчилсан нийгэмд хариуцлага байхгүй бол ямар ч утга учиргүй. Энэ нийгэм хоосон хонгио мэт байна. Сонгосон албан тушаалтнаа иргэд буцаагаад татаж чадахгүй байна шүү дээ. Хариуцлагын хуульд Ерөнхийлөгчөөс эхлээд эргүүлэн татах эрхийг нь оруулж өгсөн юм. Энэ хууль байснаар нөгөө улстөрчдийн маань чих соргог болно. Тухайн улстөрчийг эргүүлэн татах гээд гарын үсэг цуглуулж байна гэхэд л нүд нь орой дээрээ гараад хүрээд ирнэ шүү дээ.

Тэгээд нөгөө гишүүн чинь баахан тайлбар тавина биз дээ. Тэгэхээр манай иргэд уяхан сэтгэлтэй болохоороо гарын үсэг зурах гэж байсан 100 хүний 70 нь татгалзаад ирнэ. Тэгэхээр бид энэ хуулиараа энэ улстөрчдийг таныг тоодог, таныг сонгогч гэж үздэг, хүн гэж үздэг, тойрогтоо эргэж ирдэг тогтолцоог бүрдүүлэх гээд байгаа юм. Сонгуулийн хэд хоногт баахан зүйл донгосч байдгийг болиулъя гэж байгаа юм. Ард түмнээс сонгогдчихоод нүүдлийн шувуу шиг зөвхөн сонгуулийн үеэр ирж, бусад үед нь Төрийн ордонд суудаг байдлыг болиулъя гэж байна. Иргэд та бүхэнд л эрхийг нь өгье гэсэн шүү дээ.

Хүмүүс ээ, үүнийг шаард л даа. Ц.Элбэгдорж Засгийн газрын өмнүүр орж юм хийгээд байна гэнэ. Үүнийг санаачлах УИХ-ын гишүүн олддоггүй байхгүй юү. Би санаачлаад өгөөч гэж гуйгаад олдоогүй. Ямар ч Засгийн газар үүнийг санаачилдаггүй. Нөгөө муу нэрт л санаачлахгүй бол болдоггүй. Одоо таван жил өнгөрлөө, баталж өгөхгүй байна.

Би тэр хуульд хийж өгсөн шүү дээ. Нэг яамны сайд солигдоход 3-5 хүнийг л солихыг зөвшөөрнө гэж байгаа. Сайд туслах, жолооч, хэвлэлийн ажилтнаа авах эрхтэй. Тэгээд боллоо. Тийм хуультай болъё л доо. Яамны ажилтнуудыг бүгдийг нь солих ямар хэрэг байна. Сонгуулийн дараа төрийн бүх албан хаагчдыг сольж, шинээр томилдог. Тэгээд дараагийн ээлжийнхэн бараг хоолондоо орж байна гэж тайлбарладаг. Ийм муухай сэтгэлгээ тогтчихоод байна шүү дээ. Мөн дээрээс нь 1-10 хүнд жил бүр аттестат явуулж байя. Үүний дагуу хэрэв шаардлага хангахгүй бол солих боломж гарч байдаг. Нөгөө талаас төрийн албанд орох иргэдээс шалгалт аваад нөөцөд оруулдаг. Тэгээд аттестатын шалгалтад муу дүн авсан хүнийг нөөцөд бүртгүүлсэн хүнээр сольж байдаг. Япон Улсад ийм л байдаг шүү дээ.

Шилдэг сургууль төгссөн дипломат мэргэжилтэн 20-иод жилийн дараа нэг улсад Элчин сайдаар томилогдон ажиллахаа мэдэж байдаг. Тэрнээс биш та бүхний ярьдгаар өнөөдөр цүнх барьж явснаа маргааш тамга барьдаг тийм юм байхгүй. Үүнийг өнөөдөр тогтоохгүй бол хэн тогтоох юм? Үүнийг та бүхэн шаардахгүй бол хэн шаардах юм? Засгийн газар ийм хууль санаачилж оруулахгүй байна шүү дээ. Одоо миний оруулсан хуулийн хажуугаар өөр хууль санаачлаад бантан болгох гээд л сууж байна.

Би Шилэн дансны хуулийг санаачлаад гурван жил зүтгүүлж орилсоор байгаад нэг юм батлуулсан. Тэгтэл хамаг сүнс, чухал зүйл заалтыг нь авч хаяад баталж байгаа юм. Шилэн дансны хуулийг тухайн албан тушаалтан мөрдөхгүй байгаа бол, тухайн албан тушаалтан 72 цагийн дотор мөнгөтэй холбоотой зардлаа сүлжээндээ оруулахгүй бол шууд ажлаас нь халдаг тийм хуулийн заалт байсан юм. Тэр чинь амин сүнс нь байхгүй юу даа. За дараагийн 3 хүний асуулт. Одоо товчхон хариулъя.

Хөтлөгч Б.Жаргалмаа: -Бидний өнөөдрийн сэдэв аюулгүй байдал, гадаад бодлого шүү дээ. Одоо Улаанбаатарт 15:32 цаг болж байна.

Хан-Уул дүүргийн иргэн М.Алтанцэцэг: -Танаас асуух гурван асуулт байна. Та удахгүй чөлөөт иргэн болно. Юу хийе гэж бодож байна вэ? Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? Монголчуудын хувьд АСЕМ-ын чуулган түүхэн үйл явдал байсан. Энэ танхимд сууж байгаа бид нар дахин эх орондоо АСЕМ зохион байгуулагдахыг үзэхгүй байх. Манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын чуулганаас чухал ач холбогдолтой нэг зүйлийг хэлж өгөөч. Баярлалаа.

Баянзүрх дүүргийн иргэн Отгонбат: -Өдрийн мэнд. Тарган сайхан хаваржиж байна уу? Асуулт тавихын өмнө хоёр зүйл хэлье гэж бодлоо. Ерөнхийлөгч таны хийсэн ажил дундаас спортын салбарт тэтгэмж олгох шийдвэрийг дэмжиж байна. Гэмтэл бэртэл авах зэрэг эрсдэл гарган байж улс орныхоо нүүр царайг тамирчид л олон улсад гаргадаг.

Манайханд нэг буруу жишиг байна. Төрийн өндөрлөгт болон төрийн удирдах дээд шатанд гарч ирээд дарга нар болон намын хүмүүс бие биенийхээ ажлыг үгүйсгэж байгаа байдал байна. Төрийн залгамж халаа алдагдаж байна. Мэргэжил сургалт үйлчилгээний төвүүдэд /МСҮТ / суралцаж байгаа суралцагчдад тэтгэлэг олгосон, тэр бас сайн зөв ажил болсон гэж боддог. Дээд боловсролын салбарт бодлого алдагдаж байгаа тал бий. Нэг дарга, эсвэл нэг инженертэй 20-30 хүний баг бүрдэж ажлын баг болдог байсан бол одоо бүгдээрээ инженер болсон байна. Хэн нь гүйцэтгэл хийж, хэн нь даргалах нь тодорхойгүй болж байна. Ялангуяа МСҮТ-дэд суралцаж байгаа хүүхдүүдийн тэтгэлэгийг хасна гэдэг бол буруу. Зорилтот бүлэгт хамрагдаж ажил мэргэжилд суралцах гэж байгаа амьдрал хэцүү айлын хүүхдүүдэд тусалж байгаа таны оруулсан хамгийн зөв дэмжлэгийн нэг энэ байсан. 

Одоо асуух асуулт байна. Нэгд, Монгол Улс бол эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй улс төр, засаглалын хямралд орсон байх талтай байна. Бид засаглалын хямралаас гарч байж дараа нь эдийн засгийн хямралаас гарах болов уу. Тэгэхээр засаглалын хувьд таны бодлыг сонирхох гэсэн юм. Одоогийн УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон юм уу. Олонхи болсон эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт оруулах тохиолдолд гуравны хоёр нь дэмжиж байж өөрчлөлт орно. Хоёрт, энэ дээр эрдэмтдийнхээ санаа бодлыг авах ёстой юу? Мөн таны бодлоор Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу? Ерөнхий сайдын эрх үүргийг нэмж өгөх ёстой юу? Төрийн удирдлагуудын ажлын уялдаа жаахан тааруу байна. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

Хоёр дахь асуулт бол Та Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөөд цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Л.Ганболд: -Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Энэ талаар тодруулж хэлж өгнө үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -За би товчхон хариулъя. Нэг удаа хэвлэлийн хурал дээр би ажлаа өгөөд ийм юм хийнэ, тийм зүйл хийнэ гээд ярьсан чинь маш олон хүмүүс намайг загнасан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуйгаас эхлээд л загнасан. Би очиж золгосон чинь толгой авах шахсан. “Чи юу ярьж байна. Дахиад улс төрд ажиллахгүй ч гэх шиг. Энэ 27 жилийн турш дундуур нь чи ганцаараа яваагүй, бид бүгдээрээ явсан шүү дээ. Энэ ололт амжилт, сайн мууг үзсэн нь бид. Хэнийг улсын төлөө, яаж ашиглах нь бидний асуудал, чиний асуудал биш” гээд загнуулсан. Тэгээд би дахин ингэж ярихгүй, миний буруу гээд бодлоо.

Тэгээд ч Монгол хүн хэлдэг дээ, давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг гэдэг үг байдаг. Би тийм зүйл хийхгүй гэхээр нэг өдөр хийх болдог, иймээс ойлгоорой. Хэдүүлээ хамтраад хийх ажил зөндөө олон байгаа шүү дээ.

Хан-Уул дүүргийн иргэн М.Алтанцэцэг асуулаа АСЕМ-аас олсон ололт амжилтыг товчоор хэлнэ үү гэлээ. Товчхондоо Монголын нэрийг дэлхийд сайнаар, тодоор, томруунаар, дуурсгаж Монголын жинг нэмэгдүүлж, Монголын хамаарлыг нэмэгдүүлж чадсан. Энэ бол их чухал зүйл.  Зарим улсууд ярьдаг. Монгол бол бие даасан орон, бид бусдаас нэг их хамаараад байдаггүй орон гэж ярьдаг. Гэтэл энэ бол тийм биш. Ийм байж болохгүй.

Жишээлбэл, дэлхийн ноолуурын зах зээлд үнийн тухай ярих тохиолдолд Монгол ноолуурын зах зээлд ноолуураа нийлүүлдэг хоёр дахь том нийлүүлэгчийн хувьд бид хамааралтай байх ёстой. Энэ бүс нутагтаа зэсийн үнэ яригдаж байхад бид хамааралтай байх ёстой, наад зах нь өнөөдөр Хойд Солонгос 4 пуужин харвалаа гээд Зүүн хойд Азийн аюулгүй байдал яригдаад, хамтдаа талууд уулзах гэтэл нээрээ л Монголд уулзахад хамгийн зөв улс гээд хамааралтай л байх хэрэгтэй. Түүнээс биш биднийг хаана ч байдгийг мэдэхгүй, бүгдээрээ мартсан байх юм бол үүн шиг хүндрэлтэй, үүн шиг гарз Монголд байхгүй гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр Монголын гадаад бодлогын бас нэгэн гол чиглэл чинь энэ байгаа юм. Тэр АСЕМ-ийн арга хэмжээгээр Монгол гэдэг нэр 5 тэрбум удаа давхардсан тоогоор давтагджээ. Энэ бол том ололт. Энд ирээд явсан тэр улсууд Монголд дахин ирнэ гэсэн сэтгэгдэл, морио очоод харна шүү гэдэг бодол бол энгийн атлаа том ололт. Монгол Улсыг бүс нутгийн зүгээр л нэг байдаг энгийн хурал авах гэж байхад танайх авч чадах болов уу даа гэдэг байсан байдал одоо өөрчлөгдсөн. Онцгой байдлын сайд нарын бүсийн хурал болно гэхээр Монгол чадна гээд бидний өмнөөс бидэнд итгэж байна. Бид чадна гэдгээ харуулсан учир дэлхий бидэнд итгэдэг болсон шүү дээ. Бид чадна, тийм чадвартай ард түмэнтэй, тийм чадвартай залуу үетэй улс. Үүнийгээ харуулах нь гол байсан юм. Түүнийгээ дотроо хадгалаад яваад байсан бол болохгүй байсан юм.

Спортын тэтгэлгийг зарим нэг УИХ-ын гишүүн гарч ирээд энэ буруу байна энэ тэр гэж хэлж харагдсан. Спорт, АСЕМ хоёрт төстэй тал бий. Монголд Олимпийн аврага төрж байж тэр спортыг сонирходог бүх хүний давалгаа явдаг. Миний охин тэр олимпоос нэг хүрэл медаль авах юм бол насныхаа хоолтой болох юм байна шүү дээ гэж эцэг эх боддог. Тэгвэл тэтгэлгийг тэр охинд нь өгөх гээд байгаа юм биш, цаана нь түүнийг дагасан бүхэл бүтэн залуу үеийг тэр спорт руу татан оруулах гэж байгаа юм. Үүний төлөө мөнгө зарж байгаа юм. Бид нар байшинд мөнгө зарж үзлээ, дарга нарт зарж үзлээ, төсөвт зарж үзлээ, дарга нарын бензин, давхар өрөөнд зарж үзлээ. Тэгвэл тэр мөнгөө хүнд нь зарах хэрэгтэй гэдэг дээр ингэж ажиллаж байгаа юм.

Техник мэргэжил сургалтын төв, одоогийн МСҮТ-ийн тэтгэлэг бол 2005 онд намайг Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байх үед тэднийхэнтэй уулзахад хамгийн түрүүн тавьж байсан асуудал. Тэр үед МСҮТ-ийг тоож суралцдаг хүн маш цөөхөн болсон байсан. Монголд хуучин социалист нийгмийг үед 51 ТМС байсан. Одоо хүүхдүүдээ бараг бүгдийг нь дээд сургууль оруулах гээд явдаг болсон. Тэгвэл хэн ажил хийх юм бэ.  МСҮТ 2 жилд ажил хийх мэргэжил олгодог. Тэгэхээр Монголын төр энд суралцаж байгаа, суралцах хүмүүст тэтгэлэг өгчих юм бол болох гээд байна гэсэн. Би дэмжсэн. 2005 оны сүүлээр яваад очих 51 МСҮТ бүгд сэргэсэн байсан. Өмнө нь 500 хүүхэд авч чаддагүй байсан, одоо 3000 хүүхэд элсэн суралцаж байна гээд багш нар нь нүд нь гялалзаад явж байсан. Тэр үед суралцагчдад тавин мянган төгрөг өгч дэмжсэн юм. Би энэ тэтгэлгийг хадгалах хэрэгтэй гээд Боловсорлын сайд, Засгийн газраас гуйж байгаа.

Дээд сургуульд сурч байгааг нь ч дэмжиж байсан. Монголд Улсын төсвөөс боловсролын салбарт зарцуулж байгаа хувь хэмжээ 9 хувь хүрэхгүй байна. Гэтэл өндөр хөгжсөн улс орнууд 48 хувийг зарцуулж байна. Монголын боловсролын тогтолцоо бол хүүхдийн сургуулийн төлбөр дээр явж байгаа юм. Ийм л тогтолцоо. Одоо зээл энэ тэр болгосон гэсэн, зээл хэнд олддог билээ дээ. Танилтай талтай янз бүрийн юм болоод явчихдаг шүү дээ. Тэгэхээр хүнд нь тэр мөнгийг олж өгөх юм бол хамгийн зөв юм.

Дээр нь би зарлиг гаргаад, Ерөнхий сайдтай ярьж байгаад мөнгө тавиад, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах юм бол дэмжих хөтөлбөр гаргасан. Дэлхийн их дээд сургуулиуд чансаагаа тогтоодог. Монголын зарим их сургууль 9000 дээр явж байх жишээтэй. Тэгвэл дэлхийд эхнээсээ 20 хүртэл эрэмбэлэгдсэн сургуульд монгол аав, ээжийн хүү хэн нь ч байсан шаардлага хангаад тэнцэж байвал төсвөөс мөнгө өгдөг болъё гэж шийдсэн шүү дээ. Тэгсэн сая тэр төсвийг хасч байгаа юм. Энэ бол муухай.

Мөнгийг яаманд нь өгчихөөр дандаа арын хаалгаар яваад байгаа юм. Гадаад дотоодын Засгийн газрын тэтгэлэг чинь дандаа тийм болсон. Дарга нарын хүүхэд гээд дандаа лобби орчихдог. Би бодохдоо гэр хорооллын утаан дотор сууж байгаа ядуу айлын хүүхэд гүйсээр байгаад тэр сургуульд орчих юм бол шаардлагтай тэтгэлгийг нь өгчихье гэсэн. Тэгээд энэ жил сүүлдсээр байж, чаргууцалдсаар байж, Их Хурал дээр хэлнэ шүү гэсэн юм болж байж өмнө нь өгч байсан тэтгэлгээ өгч байя л гэж ам хаасан. Одоо тэгээд юу болж байгаа юм. Харин эрэмбээрээ 20-100  дотор сургуульд орох юм бол  Засгийн газраас мэргэжил зарлачихъя.

Ийм инженерийн чиглэлээр, ийм салбарын чиглэлээр манайд мэргэжилтэн хэрэгтэй байна. Хөдөө аж ахуй, био технологи, химийн чиглэлээр хориос зуу доторх сургуульд орох юм бол шаардлагатай мөнгийг нь засгаас өгье. Ийм шийдвэр гаргасан. Үүний төлөө сүүлийн 3 жилд 140-өөд хүүхэд дэлхийн эхний 10-т ордог сургуулиудад  орсон. Гайхалтай. Монголчууд чинь тийм авъяастай сортоотой. Жаахан дэмжээд өгвөл болдог. Ялгамааргүй л байгаа юм. Намаар нь ялгамааргүй байгаа юм. Баян ядуугаар нь ялгамааргүй байна. Уг нь ингээд шийдчихвэл юм явах л гээд байгаа юм. Тэрэнтэй л адил тэр мөнгө яваад байгаа юм.

Тэр улс төрийн хямрал, засаглалын хямрал болоод байгааг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Би маш товчхон ганцхан юм хэлье. Үндсэн хууль өөрчлөх үү, болих уу, Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна гэлээ. Би ингэж бодож байгаа юм.

Энэ УИХ-д талархаж байгаа. УИХ-ын  сонгууль болох бүрт, 2008 оны сонгуулиар орж ирсэн Их Хуралд мэдээлэл хийсэн. Би 2009 онд анх Ерөнхийлөгч болоод 2010 онд УИХ-д улс орны аюулгүй байдлын маш чухал асуудлаар мэдээлэл хийж байсан. 2013 онд мэдээлэл хийж байсан.  2012 оны бүрэлдэхүүнд, бас шинээр бүрэлдсэн 2016 оны  УИХ-ын бүрэлдэхүүнд саяхан би орж мэдээлэл хийсэн. Тэгээд 10 цаг ярьсан. УИХ-ын гишүүн бүхэн асуулт асуусан. Тэгээд дараа нь тэд нар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ гэхээр яг саяын хүний хэлдэг шиг  Ерөнхийлөгчийн тухай  би их өөр ойлголттой явжээ гэж УИХ-ын гишүүд хэлж байсан шүү дээ. Их өөр ойлголттой явж байжээ.

Үнэхээр бас 8 жил Ерөнхийлөгч хийнэ. 27 жил улс төрийн тогоонд чанагдана гэдэг  чинь огцорч, унаж, босч, шороонд гөвүүлж, шанага шүүр болтлоо шүршүүлж, зодуулж, нүдүүлж, гүтгүүлж, хараалгаж, ингэж явж байгаа боловч хүн чинь өас боддог юм байна. Би хэлсэн. Энэ Ерөнхийлөгчийн суудал гэдэг бол Монголын төлөө юм боддог хүнд бол юм бодуулдаг суудал юм шүү. Би энэ 27 жилд олон зүйлийг ойлгосон. Ард түмнийхээ ач буянаар би үүнийг л та нарт хэлэх гэсэн юм. Шийдвэр гаргахдаа ийм ийм юм бодоорой. Энэ улс ингэж хэлэлцдэг юм. Энэ улс ингэдэг юм. Энэ даргатай  уулзахад тийм байдаг, тэр даргатай уулзахад ийм байдаг гээд маш нарийн юмнууд бий. Бид нар ярилцаж байх хэрэгтэй гэсэн.

Үнэхээр надад нэг л эрх ашиг байгаа. Монголын ард түмний эрх ашиг байгаа. Үнэхээр Монголын сайн сайхны эрх ашиг байгаа. Миний ард миний улс үлдэнэ. Миний ард түмэн үлдэнэ. Монголын хойч үе үлдэнэ. Монголын төр үлдэнэ. Гэхдээ би 100 жилд та нар ийм юм бодож яваарай. Ойрын 5 жилд нэг ийм юм шийдвэл зүгээр шүү. Ойрын 3 жилд нэг ийм асуудал шийдвэл зүгээр шүү. Энэ чинь ийм учиртай шүү. Тэдэн онд ингэж унаж босч явсаар байгаад одоо ийм болсон шүү. Би үүнийг шууд хэлж өгч чадна. Уг нь үүнийг хэлье гэж бодож байгаа гэсэн.

Нэг зовлон байх юм. Улс төрд ороод ирэхээр хүмүүс уйдаж эхэлдэг юм байна. Үг хөрдөг үе гэж байдаг юм байна. Цуглаан дээр гараад, Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн болоод 5 цаг ярьж байхад цугласан хүмүүс явдаггүй л байсан. Хөвсгөлийн өлсгөлөн дээр очоод 7 цаг ярихад, 7 хоног орой бүхэн 7 цаг ярихад зогсч л байдаг байсан. Шөнө 12 цагт тардаг л байсан. Ямар гайхамшигтай байсан юм бэ. Манай ард түмэн чинь тэгж сонсдог байсан. Хамгийн гол нь одоо сонсохгүй байгаа. Сонсдог уур амьсгал байхгүй болчихоод байгаа учраас юм ярих бол жаахан хэцүү болоод байгаа.

Би парламентын засаглалыг дэмждэг. Ер нь бол парламентын засаглал чухал, парламентын засаглалаа сайжруулсан нь дээр. Монголд өнөөдөр үнэхээр хүчтэй Засгийн газаргүй байна. Манай том хөршүүдийн том дарга нар намайг очиход хэлдэг, бусад орныхон ч  уулзаад тэгж байна шүү дээ. Танай төрд залгамж чанар алга. Танайх хэлснээ хийдэггүй. Хэлснээсээ буцдаг, хийнэ гэж тохирсноосоо бултдаг. Хэн та нартай юм ярьдаг юм бэ гэдэг. Энэ бол Элбэгдоржийг шүүмжилж байгаа юм биш. Өнөөдрийн Ерөнхий сайдыг хэлж байгаа юм биш. Би Их Хуралд хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэвэл энэ бол Монголын Үндсэн хуулийг шүүмжилж байгаа юм. Манайтай харилцдаг бүх орон мэднэ.

Одоо та нар алтан хууль гаргаад, гоё хууль гаргаад, ёстой гадаадын хөрөнгө оруулагчдыг нохойн гуяар даллана гэдэг шиг, нохойн биш юм аа гэхэд өөрийнхөө гуяар даллаад ч наашаа харахгүй. Засгийн газар нь хэдэн сайдаа томилуулах гэж, аль ч нам нь адилхан. Дотроо тав зургаан фракц болчихсон, энэ фракцад энэ сайд очино, тэрний фракцид тэр сайд очино гээд, юун тэр Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах. Юун тэр мэргэжлийн сайд. Юун тэр Монгол Улсын сайдын хэмжээнд ажиллах вэ. Тэр шалгуур юу ч байхгүй. Чи сайд болоод надад яаж үйлчилэх бэ  гэдэг л шалгуур байгаа. Тэр фракцын дарга л тэгж шаардаж байгаа шүү дээ.

Тийм адгийн сэтгэхгүй энэ төрд ороод иржээ. Чи тийм болгосон гэж надад хэлж болно. Би тийм болголцсон хүний нэг л дээ. Би түүнийг засах л гэж явж байгаа. Би түүнийг өөрөө шүүмжлээд, өөрөө мэдрээд, засъя л гэж явж байгаа. Энэ бол болохоо байлаа л гэж хэлж байгаа юм.

Тэгэхээр Үндсэн хуульд 2 л юм оруулж ирмээр байна. Монголын Үндсэн хууль ийм учраас тийм гүйцэтгэх засаглалд хэн ч итгэхгүй. Үнэхээр Ерөнхий сайд нь хүрч ирээд асуудлаа шийддэг. Засгийн газар,  гишүүд нь асуудлаа шийддэг байя. Би хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хоёр удаа огцорч байсан.  Хоёр удаа намайг хөөж явуулж байсан. Намайг огцорч байхад Сүхбаатарын талбай дээр жагсаж байсан шүү, хүмүүс. Ерөнхий сайдаа огцруулахгүй гээд. Би тэдэнд хайртай байдаг юм. Тийм байсан шүү. Би тэгж ажиллаж байсан юм.

Намайг Ерөнхий сайд байхад 2005 онд Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарч байсан. Юун тэр Оюутолгойн үнэр ч үгүй байсан. Юун Оюутолгой, 2005 оныг бод доо. Монгол Улсын төсөв өөр хэдийд ашигтай гарсан бэ? Социализмын үед 70 жил алдагдалтай байсан. Тэр 30-аас 60 хувийг нь Зөвлөлтөөс нөхдөг байсан. Нэг их сайхан юм байгаагүй. Ардчилал руу орлоо, дандаа алдагдалтай. Анх удаа Монгол Улс түүхэндээ 2005 онд ашигтай төсөвтэй гарсан. 2004 оны 8 дугаар сард би Ерөнхий сайд болсон, ганцхан жил ажиллахад Монголын төсөв ашигтай гарсан. 128 тэрбум төгрөгний ашигтай гарсан. Одоо юу вэ. Нэг их наядаар алдагдалтай гарч байна. Өртэй гарч байна шүү дээ, бүгдээрээ. 

Би гарч ирээд авилгатай тэмцэнэ гэхэд гаалийн авилга гээд зөндөө юм болж байсан. Санаж байна уу, та нар? Тэр үед бас ард түмэн дэмждэг, ойлгодог байсан. Хатуу юмыг сөрөхөд болдог байсан.

Тэгэхэд төсөв яагаад ашигтай гарав гээд хүн бүхэн надаас асуугаад, би ч гэсэн гайхаад, дараа нь үзсэн чинь зүгээр  л нэг хулгайгаар явдаг крантыг нь л хаачихсан юм байна лээ. Чи хулгай хийх юм бол баригдана. Чи хулгай хийх юм бол шоронд явуулна аа. Чи хулгай хийх юм бол чамайг шүүхэд өгнө өө. Чамайг Ерөнхий сайд өмөөрөхгүй ээ. Ямар ч сайд байсан өмөөрөхгүй. Ямар ч газрын дарга байсан өмөөрөхгүй гээд би тэгж л зарласан.

Надад бүр өнөөдрийн Ардын намын олон жил улс төрд явсан хүн хэлж байсан. “Ерөнхийлөгч өө, та ерөөсөө ард түмэн намайг ойлгохгүй байна, загнаад байна гээд л түрүүн надад хэлж байх юм. 2009 онд таныг гарч ирснээс хойш ялангуяа энэ төрийн албанд юм завших юм бол асуудалд орох юм байна гээд нөгөө архи уудаггүй гэдэгтэй адилхан тийм соёл бий болсон шүү” гэсэн. Одоо үүнийг эргүүлчих гээд байна. Авилгал гэдэг юмыг ганц Ерөнхий сайд гарч ирээд шийддэг юм биш ээ. Хадан дээр ургадаг хаг, янз бүрийн муу юм байдаг шүү дээ. Түүн шиг авлига дандаа ургаж байдаг. Өдөр бүхэн, өглөө бүр босч хусч байх хэрэгтэй. Ааруулан дээр гарч ирдэг хөгц шиг юм байхгүй юу. Дандаа л хусч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол арзайгаад л гараад ирнэ. Тэгэхээр бүх УИХ-ын гишүүд, бүх Ерөнхий сайд, бүх Ерөнхийлөгч, бүх сайд авлигын эсрэг байр суурьтай байж чадах юм бол  бид түүнээс сална, ингэж чадвал салж чадна.

Монголын авлигын индекс жил бүр буурч байсан, энэ жил дахиад өслөө шүү дээ. Тэр дүгнэдэг олон улсын байгуулалгууд чинь нүдээ боочихсон улс биш. Хэн гэдэг нөхөд гарч ирсэн гэдгийг ерөнхийдөө мэдэж байгаа. УИХ-д хэн олонхи болов, шүүхийн шийдвэрийг яаж биелүүлж байна. Заримдаа хууль ямар хамаатай юм гэж ярьдаг улсууд байдаг юм шүү дээ, Монголд. Тийм албан тушаалтнууд, тийм улстай, тийм төртэй, тийм удирдагчтай улс орнууд хөгжихгүй. Энэ нь олонхи болчихоод байгаа юм аа, хүмүүс ээ. Эд нар нь  эз дийлээд байгаа юм. Би үүнийг үнэнээр нь, нүүрэн дээр нь хэлснийхээ төлөө ад болдог юм. Тэгэхээр парламентын засаглалаа сонгоё, парламентын засаглал дээр Ерөнхий сайдаа томилъё.

Ерөнхий сайд томилогдоход УИХ-аар ороод санал хураадаг. Зарим газруудад тэр Төрийн тэргүүн, хаан гэх мэт төлөөлсөн  улсуудын зарлигаар Ерөнхий сайдыг томилчихдог. Тэгж Ерөнхий сайдад эрх өгдөг. Нөгөө УИХ-аас салгаж өгч байгаа юм. Нам нь олонхиороо дэвшүүлээд ороод ирсэн байхад буцаах эрх байдаггүй. Зүгээр л шууд зарлигаа гаргах л үүрэгтэй. Тэгээд л боллоо. Үндсэн хуулиндаа тэгээд биччих л дээ. Зарлиг гаргаж Ерөнхий сайдыг томилно. Орж ирсэн тохиолдолд гурван хоногийн дотор шууд томилно гээд л боллоо.

Тэр Ерөнхий сайд хэнийг сайд болгож  ажиллуулах вэ гэдгийг Ерөнхий сайд л мэддэг. Одоо ёстой шалгуур гаргаж байгаад, ард түмний дотор хэлэлцүүлэг явуулж байгаад, нам нь сонгуульд орох гэж байхдаа бэлдэж байгаад сайдаа гаргая. Боловсролын салбарт, Сангийн сайдаар, хууль зүй дээр энэ гэх мэтээр хүмүүсээ гаргаж ирж томилдог. Асуудал гаргах юм бол шууд халаад хөөгөөд явуулах хэрэгтэй гээд байгаа шүү дээ. Тийм биз дээ. Ингэхээр л хариуцлага босох юм байгаа биз дээ. Тэгэхгүй, тэр фракцын дарга, энэ фракцын дарга гээд барьцаалагдсан байж таарахгүй.

Сая УИХ дээр хэлсэн. Та нар энэ Эрдэнэтийн 49 хувийн тухай ярихгүй шүү гэж. УИХ-ын гишүүд шуугилдаад, уурлаад сүйд болж байна лээ. “Би та нарт үнэнийг хэлье. Хөөрхий, энэ Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, М.Энхболд даргад та нар зөндөө хүн шахах гэж оролдсон. Та нар олуулаа сонгогдсон. 65 гишүүн сонгогдсон.. Олны олон зовлон байгаа.  Нэг нь наад зах нь гурван хүн шахаж байгаа. Наадуул чинь хэн юм бэ? Алтан загасны эмгэн юм уу? Бүгдийг хэрэгжүүлэх юм уу, чадах уу, чадахгүй шүү дээ.

Нэгийг авсан, хоёрын авсан, шүдэндээ зуучихсан л явж байгаа. 49 хувь гэж байгаад нэг тогтоол гаргая. Дараа нь хэрэгжүүлж чадсангүй гэж байгаад чамайг огцруулъя. Дараа нь би сайд болно гээд чи явж байгаа шүү дээ. Өнөөдөр өөрийгөө Сангийн сайд гээд бодчихсон. Маргааш өөрийгөө Хууль зүйн сайд гээд бодчихсон УИХ хурал дотор ингэж зүүдлээд хонож байгаа гишүүд зөндөө байгаа” гээд, би энэ байдлыг хэлсэн. Та нар 49 хувийг буруутгахыг шударга ёс гэж бодож байна уу, тэгж шударга ёс тогтдоггүй юм. Ажлын хэсэг байгуулаад шударга ёс тогтохгүй.

Би үнэн юм хэлье. Нэг мэнгэ нь голлосон, нүд нь  эргэлдсэн алаг нүдтэй хоёр нөхөр  хоорондоо тэр 49 хувийг шидэлцэж улс төрийн тоглоом болгож л байгаа байхгүй юү. Та бүхэн шударга яваасай гэж бодож байна уу, яг үнэндээ? Юу ч байхгүй, юу ч тогтохгүй. Би дээрээ долоон ахтай, миний дөрвөн ах Эрдэнэтэд ажилладаг.

Сая сар шинээр очоод золгоод ирлээ. Зүгээр л тэр айлд цугласан хүмүүс ярьж байна. За нөгөө шавьжнууд чинь буцаад цуглаж байгаа сураг байна. 49 хувийг хурааж авсан. Бөөн шахаа ирдэг. Үгүй ерөөсөө тэр хүмүүс бүгдийг мэдэх юм. Усан онгоцны сэлбэг хүртэл шахсан шүү гэж ярьж байгаа юм. Ямар хөгийн юм шахдаг юм бэ? Нэг шахаанаас тав дахин их ашиг олдог. Нөгөө Эрдэнэтийнхэн чинь бүгд мэдэх юм.

Үйлдвэрийн дэд дарга түүнд нь ажилладаг, 20 жил тэрийг тэр шахсан гээд бүх л зүйлийг мэдэх юм. Нууц биш ээ. Сая нөгөө 49 хувь нь хувийн хэвшилд очлоо гэхэд хяналт чангараад, тэр шахаа энэ тэр байхгүй болно гэхээр хүн бөөс хуурснаасаа сална гэдэг шиг Эрдэнэт шимэгч нараасаа салаад, нөгөөдүүл нь дайжаад гоё болж байсан юм байна. Одоо зүгээр буцаад арзайтал арзайтал ороод ирж байгаа юм байна. Одоо сороод ч юм гарахаа больчихсон гэж би хэлээд байгаа шүү. 30 жил ажиллана гэсэн үйлдвэр 39 жил ажиллаж байна шүү дээ. Бод доо, та бүхэн.

Одоо харин Эрдэнэт үйлдвэрийн оронд ямар үйлдвэр байгуулах вэ, ямар хөрөнгө оруулалт хийх вэ, яаж үүнийг өөд нь татах вэ гэдэг юмаа уг нь бодмоор доо. Өөр юм шаардах ёстой байхгүй юу, дансаа шилэн болго. Тэр худалдаж авсан бүх юмаа интернэтэд ил тод тавь.

Эрдэнэт үйлдвэрт юу хэрэгтэй юм. Тэр бүгдийгээ литрлэж болдог бол лиртээр нь, килограммлаж болдог бол кг-аар нь тоолдог бол. Тоогоор нь тавьчих. Одоо дэлхий нээлттэй болчихсон. Тэр сэлбэг ямар үнэтэй гэдгийг манайхан бүгд мэднэ. Энд наймаа хийдэг залуу орж ирээд хамгийн хямд үнээр нийлүүлж чадна. Хамгийн сайн чанартайг нь нийлүүлж чадаж байгааг нь ав. Ингэж нээлттэй бол, шилэн бол. Олон улсын стандартад ор гэдгийг шаардах ёстой, уг нь бол. Тэр 49, 51 хувиас ч тэгж шаардах ёстой. Гэтэл нохойн замаар оруулж байгаа.

УИХ дээр ажлын хэсэг байгуулаад юм шийддэг гэнэ. Бид нар Бага Хурлын гишүүн байхдаа ингэж эхлүүлж байсан юм. 20 жилийн өмнө татгалзсан муу практик руу дахиад орж байгаа юм. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байна гэвэл нохойн замаар оржээ гэж л бод, өөр юм бодох хэрэггүй.

Дайн хэзээ ч гарахгүй. Улстөрчид өлсөж цангасан, өөрийгөө нэг их миний сектор хаана байна гэсэн улс. Сектор, сектороор нь хувааж авах гэж байгаа юм уу. Тийм хачин сэтгэхүйтэй явж байгаа. Тийм юм байдаг юм. Сайд болчихвол ар талд нь гурван том сейфтэй, дүүрэн мөнгөтэй хүн сууж байдаг гэж бодоод байдаг. Үгүй, тэр Шилэн дансны хууль, нягтлан бодох бүртгэл, төсөв энэ тэр их нарийн болчихсон шүү дээ, Монголд чинь бас. Хэцүү шүү дээ. Тийм юм байхгүй. Яг тийм сэтгэхүйгээр сонгогдсон хүмүүс яг тэр сэтгэхүйгээрээ л юманд хандаад байгаа юм.

Тиймээс та бүхэн улстөрчдийн ярианд дургүй. Харин улстөрчид та нарын мөнгийг яаж зарцуулж байна гэдгийг хянах эрхтэй шүү. Түүнийг батлуулж хэрэгжүүлж эхлэх гэж оролдсон юм. Гэтэл одоо бүр хуулийг сонгож хэрэгжүүлж байна. Нийт төрийн байгууллагын 60 хувь нь одоо Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу. Өмнө нь муу ч, сайн ч 90 хувь нь хэрэгжүүлж байсан юм. Одоо бол алга болж байгаа юм. Ийм утгагүй байх юм бол Монгол төрийн залгамж чанар, хууль ёсны тухай яриад яах юм бэ, хөгжил дэвшил яриад яах юм бэ? Тэгээд ахмадын тэтгэврийн мөнгө нэмлээ гэх мэтээр аргалдаг. Аргалаад л, тэгэхээр нь манай эгч босоод л “Үгүй чи минь мөн сайн юм хийжээ” гээд л. Уг нь бол  өөр юм нэхэх ёстой.

Өөр нэг зүйл нь манайд парламентын засаглалын хоёр шинж нь алга байна. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглал хүчтэй байхын тулд гүйцэтгэх засаглалынхаа гишүүдийг өөрөө сонгож авдаг байх ёстой.Тэр парламент өөрийнх нь шийдвэрийг явуулахгүй байх юм бол парламентаа тараах саналыг, нэг үгээр хэлбэл УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах саналыг Ерөнхий сайд шууд өөрөө гаргаад, УИХ-ын ээлжит бус сонгууль зарладаг байх ёстой. Манайд нэг буруу юмыг ойлгочихож. Хүмүүс УИХ нь тогтвортой ,Засаг нь унаж байвал сайн гэж ойлгочихож.

Үгүй ээ, бусад улс оронд өөр байгаа. Сая Шинзо Абэгийн бүрэн эрхийн хугацааг зургаасаас есөн жилээр сунгачихлаа. Өнөөдөр тийм мэдээ CNN-ээр гарч байна. Энэ юу гэж байна гэхээр Засаг нь тогтвортой ажиллаад, парламент нь улстөрчдийн цуглаан болж байгаа бол тэднийг харин хөөж явуулаад дахиад сонгууль зарлаад байж болно. Парламентын гишүүнийг  хоёр жил, жил зургаан сар болгоод, болохгүй бол гишүүнийг татдаг эрх та бүхэнд байж болно. Гишүүн солигдож болно, гүйцэтгэх засаглалаа тогтвортой байлгах хэрэгтэйг л яриад байгаа юм. Түүнийг хэрэгжүүлдэг хууль нь тогтвортой байх тухай яриад байгаа юм. Ийм болчихвол хэрэгтэй байна. Одоо бол яг цус харвачихсан юм шиг л салгалсан, ямар ч ажил хийх, гүйцэтгэх чадваргүй, хэнтэй юу ч яриад тохирсон түүнийг хэрэгжүүлэх баталгаа байхгүй байна.

Би Монгол Улсын Ерөнхийлөгч, гаднын хүмүүстэй яриад, за манайх ийм аятайхан гоё болж байгаа гээд, яг буцаад Чингис хаан буудал дээр буугаад маргааш нь ажилдаа ирэхэд л өдөр нь Засгийн газрын хурал болоод миний ярьсны эсрэг шийдвэр гаргачихаж байгаа юм. Та нарыг хадагтай угтана гэсэн чинь өөр юмтай угтана гэсэн шийдвэр гаргачихсан байгаа юм. Яах юм бэ? Энэ ерөөсөө байж болохгүй. Тийм учраас гүйцэтгэх засаглалаа чанаржуулья. Гүйцэтгэх засаглалын бүтцийг Засгийн газар эхлээд оруулж ирье.

Манайхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэхээр бүх юмыг барьж аваад байгаа юм. Бүгдээрээ дутагдалтай гээд. Нэг хүн хэлсэн байдаг юм. Танай Үндсэн хуулийг хүмүүс их шүүмжилж байна. Улстөрчид их шүүмжилж байна гэсэн. Танай Үндсэн хууль маш сайн хууль юм байна шүү дээ. Шүүмжлэхгүй л бол муу хууль шүү дээ. Шүүмжлэхгүй ганц хоёр орон байгаа. Аймаар шүүмжилж байгаа бол сайжруулах боломж чамд байна гэсэн.

Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм бол нэг нэгээр нь засъя. Эхлээд гүйцэтгэх засаглалаа сайн болгоё. Гүйцэтгэх засаглалаа засаглал шиг болгоё. Хоёр жилийн дотор сайд нар ажил хийхгүй бол 70 хувийг нь хөөгөөд явуулдаг тийм Ерөнхий сайдтай л болъё. Тэр сум аймгийн Засаг дарга нар муу ажиллаж байгаа бол 60 хувийг нь хөөгөөд явуулдаг тийм Ерөнхий сайдтай л болчихъё. Тэгэх юм бол Монгол босох гээд байна. Тэгэх юм бол Монголын төрийн нэр хүнд босно. Үүнийг хуулиар хийдэг юм. Нэг харамсалтай юм байна, үүнийг тэнд сууж байгаад нөгөө 76 хүн л шийднэ.

Баянзүрх дүүргийн иргэн: -Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүүхийн шийдвэрээс давсан шийдвэр гаргаад байгаад болиулж өгөөч ээ. Баянзүрх дүүргийн асуудлыг ярьж байна.

Уул уурхайн загвар гэрээтэй болсон гэх юм. Олон улсаар хэлэлцүүлж байгаад гаргасан гэрээ гэж сонссон. Энэ гэрээг Эрдэнэс Тавантолгой дээр ашиглах уу? Цаашаа үүгээр явах уу?

Чингэлтэй дүүргийн иргэн Яруу: -Долоон тэрбум хүнтэй дэлхийд эх орноо таниулсан танд баяр хүргэе. Ард түмнийхээ итгэлийг авч найман жил Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Ардчилсан Ерөнхийлөгч, Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байж чадсан гэж өөрийнхөө хувьд үзэж байна. Миний Монголын хөх тэнгэрт шонхор шувуу зоригтой, миний Монголын ард түмэнд Элбэгдорж зоригтой гээд танд амжилт хүсье.

Хөтлөгч Б.Жаргалмаа: -Хэдэн хүнээс асуулт ирсэн, би бичгээр өгсөн байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жиргээ энэ тэрээр яваад байгаа асуултуудыг ирүүлсэн байна. Саяын тэр морины уралдаантай холбоотой асуултууд ирсэн байна. Шүүхийн шийдвэр гарсан энэ Засаг хэрэгжүүлсэнгүй. Энэ талаар би сонирхож үзсэн. Та бүхэнд нэг юм хэлье.

Захиргааны хууль гэж гарсан. Захиргааны шүүх гэж Монголд байгуулагдсан. Энэ ямар учиртай хууль вэ гэхээр Засгийн газраас авахуулаад бүх Засаг дарга нарын шийдвэр, энэ төрд ажиллаж байгаа албан тушаалтнуудын шийдвэр хуульд нийцэхгүй, иргэдийн эрх ашигт нийцэхгүй бол түүнийг хүчингүй болгуулах, түүний үйлчлэлийг зогсоохын тулд өгдөг. Хэлэлцээд шийдвэр гаргаад зогсоодог, ийм шүүхтэй болсон.

Өвлийн морин уралдааны асуудлаар тодорхой байгууллагад хандаад, үүнийг зогсоож өгье гэсэн. Хүүхдийн эрүүл мэнд, уралдаж байгаа нөхцөл нь буруу байна. Зун морио уралдуулаад явахыг хэн ч хориглоогүй. Монголчууд морио унаад, зун наадам уралдаанаа хийхийг хэн ч хориглоогүй. Цагийн сайханд, аюулгүй байдлын нөхцөлийг хангаад наадмаа хийхийг хэн ч хориглоогүй. Гэтэл өвөл ингэж байгаа нь буруу байна гэсэн ийм утгаар шүүхэд өгсөн байна.

Шүүхийн ийм нэг хууль байдаг юм. Нэг шүүгч асуудлыг аваад, хэрвээ тэнд асуудал байвал захирамж гаргадаг. Хэрэв Засгийн газрын хуралдаан болоод, уралдаан явуулах шаардлагатай гэж үзсэн бол тийм шийдвэрийг түдгэлзүүлэх нь зөв байна гэж, тэр хооронд давж заалдах юм бол шүүх хурлаа хийгээд, шүүх эцсийн шийдвэрээ гаргадаг, ийм хэлбэр байгаа юм. Захиргааны шинэ хууль гарсан хэрэгжиж эхэлж байгаа.

Өмнө цэцийн дүгнэлт энэ тэр гээд буруу ойлголттой яваад байдаг. Энэ хуулийн дагуу явах ёстой. Яг үнэндээ бол тэр морин уралдаан болох ёсгүй байсан гэдгийг энд хэлье. Дээрээс нь нэг юм хэлье. Тэр шүүхийн шийдвэр гарахад зарим улсууд юу гэж хэлж байна гэхээр шүүхийн шийдвэр гарсныг бид мэдээгүй гэдэг. Тал талдаа л байгаа юм. Цаг хугацааны асуудал байна.

Үнэхээр хүүхдийн эрүүл мэндэд санаа зовж байгаа бол тэр байгууллага аль ноднин ч энэ асуудлыг шийдэж болно. Сарын өмнө асуудал болгож тавиад шүүхийн шийдвэр гаргуулснаа олон нийтэд мэдээлчих хэрэгтэй л байсан. Манай олон нийтийн байгууллага шүүхийн харилцааны дутагдал байгааг харуулж байгаа юм. Өмнөх өдөр нь шийдлээ, маргааш нь баахан хүмүүс, морь цуглуулсан. Явлаа, уралдаан боллоо. Маргааш нь баахан бухимдал үүсгэчихсэн. Энэ захирамжийг биелүүлээгүй бол хариуцлага тооцдог журам байгаа. Та бүхэнд нэг юм хэлье.

Надад нэг хүн хэлж байсан. Би уул уурхайн компанитай маргалдаад заргаа авлаа гэж малчин хүн хэлж байсан. Монголын шүүхийг ийм болгох гэж л бид яваад байгаа юм. Энд дутагдалтай юм их бий. Жирийн хүн уул уурхайн компанитай заргалдаад заргаа авч байгаа шүү. Дандаа мөнгөтэй албан тушаалтай хүн ялаад байгаа юм байхгүй. Монголын жирийн иргэн Засгийн газрыг ялах боломжтой шүү. Засгийн газрын шийдвэр буруу байгаа бол, та тэгж үзэж байгаа бол, хууль үнэхээр буруу байгаа бол, иргэдийн нийтлэг эрх ашигтай зөрчилдөж байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд аймаг нь аймагтаа, Улаанбаатарынх нь Захиргааны хэргийн шүүхэд өгөөд асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой.

Одоо тэр захирамжийг хэрэгжүүлээгүй гэдэг хэргээр дахиад нэг иргэн шүүхэд хандах хэрэгтэй. Захирамж хэрэгжүүлээгүйд хариуцлага тооцож өгнө гээд тэр хуулин дээр нь байж байгаа. Захиргааны хэргийн шүүх бүх шүүхтэй давж заалдах шаттай байгаа. Давж заалдах шат нь яваад Дээд шүүхийн Захиргааны танхимаар ороод шийдүүлж чадах юм бол тэр эцсийн шийдвэр болно.

Магадгүй, энэ асуудал явсаар байгаад өвөл морь уралдуулахгүй, хүүхдийн эрүүл мэнд, бусад зүйлс дээр хохиролтой, аюулгүй байдал нь баталгаатай биш байгаа бол Захиргааны хэргийн хамгийн дээд шат шийдэхэд энэ бол эцсийн шийдвэр болох боломжтой. Тэгэхээр зөвхөн Засаг шийдчихсэн байна, дарга нар ингэж байна гэж зүгээр шүүмжлээд  суух биш ээ. Зүгээр л иргэн шүүхтэй харилцаад эрхээ хамгаалуулах боломж байгаа.

Түүний төлөө хуруугаа хөдөлгөөд, үйлдэлээ хийгээд, түүний төлөө хуулиа уншаад, шүүх дээр очоод, өөрийнхөө заргыг хамгаалаад, эрхээ хамгаалаад явах л хэрэгтэй. Манайд тэгдэггүй юм. Шүүмжлээд л, хоёр тийшээ туйлшраад л суугаад байх юм. Тэгэхээр энэ институц, энэ бүх юм чинь байгаа. Хоёр тийшээ ерөөсөө туйлшрах хэрэггүй. Үүнийг бий болгосон. Энэ бол шүүхийн шинэтгэлийн их том зүйл шүү.

Засаг дарга буруу шийдсэн бол шүүх шийдвэр гаргаад шууд шийдэх хэрэгтэй. Баянзүрх дүүрэг дээр АН зургаан хүнээр илүү гарсан ард түмний сонголтыг шууд шийдэх ёстой. Та нар мэдэж байгаа, би зөндөө л муу хэлүүлсэн. 2016 оны УИХ-ын сонгууль болсон. Оройноос нь эхлээд л над руу өргөдөл бичээд, утасдаад, заналхийлээд, янз бүрийн юм болоод, “Бос, наад УИХ-ынхаа анхдугаар чуулганыг битгий хуралдуул” гээд бүгд дайрсан. Ордонд хүртэл орж ирээд хэвлэлийн бага хурал хийгээд явж байсныг санаж байгаа биз дээ.

Би ганцхан эрх ашиг баримталсан. Би үлгэр үзүүлье гэж бодсон юм. Бүх газар ингэх хэрэгтэй. Ард түмний олонхийн сонголтоор тэр сонголт гараад, СЕХ, сонгуулийн байгууллага нь баталгаажуулсан л бол чи түүнийг маш хурдан шийдэх хэрэгтэй. Төрийн үйл ажиллагааг, шинэтгэлийг хурдан хийж өгөх хэрэгтэй. 2016 онд бүрэлдсэн УИХ бол Монгол Улсын түүхэнд 1990 оноос хойш хамгийн хурдан хугацаанд 76 гишүүний бүрэн эрх бүтнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн шүү.

Тэгээд дараа нь Ерөнхий сайдаа аваад ороод ирэхэд нь би нэг ч өдөр зогсоолгүйгээр шууд гарын үсэг зураад Ерөнхий сайдыг УИХ руу оруулж байсан. Ийм үг байдаг юм. Төр тодорхойгүй байдлаар нэг хоновол иргэдийн эрх ашиг хоёр хувиар хохирдог. Улс орны аюулгүй байдал хоёр хувиар буурч байдаг гэсэн үг байдаг. Төр гэдэг бол байнга л ажиллаж байх ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй дөрвөн сар болж байгаа.

Ийм байж болохгүй ээ. Тэгээд сонгуулийн хороо гээд өөрийнхөө хэдэн улс төрийн хүмүүсийг оруулчихаад, тэндээс гарсан шийдвэр гээд үнэн, худлаа юм хэлээд, мөнгө хаяад, хүмүүсийн тархийг угаагаад зогсож байх. Одоо Монголд шүүх энэ асуудлыг шийддэг болсон. Шүүх шийдсэн л бол чи дагах ёстой. Шүүх буруу шийдэж болно. Буруу хууль байж болно, муу хууль байж болно, муу шүүгч байж болно. Гэхдээ үүнийг л дагая л даа. Үүнийг л хууль даргалдаг орон гэж яриад байгаа юм. Үүнийг л хууль цаазат төр гээд байгаа юм. Ц.Элбэгдорж мэддэг юм биш.Тэр Ерөнхий сайд мэддэг биш, Засаг дарга мэддэг биш. Хуулийн дагуу шийдвэрээ гаргасан бол боллоо.

Чамд ганц эрх байгаа. Давж заалдах эрхтэй шүү дээ. Тэр шийдвэрийг дараагийн шатны шүүх дээр нь очиж тайлбарлаад л буруу зөвийг нь ол л доо. Тийм боломжийг бас хуулиар олгосон шүү дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй шүү. Ийм бүтэц байгаагүй юм шиг, хоосон цагаан цаасан дээр гараад ирсэн юм шиг баймааргүй байгаа юм.

Валютын сангийн талаар асуулт асуусан байна. Ер нь бол мөнгө хүнийг сахилгажуулдаг. 2005 онд Монголын төсөв анх удаа ашигтай гарсан ч манай Засгийн газрыг 2006 оны 1 дүгээр сард огцруулж байсан. Дараа нь гарч ирсэн нөхөр тэтгэвэрийнхний тэтгэврийг 3 дахин нэмж байсан юм. 300 дахин, бод доо. Тийм их мөнгө, тийм их боломж үлдээсэн байгаа юм шүү дээ. Тэгж тансаглаж болохгүй байхгүй юу.

Уг нь тэрийг фонд болгоод тусад нь хадгалаад явсан бол шал өөр байх байсан юм. Гаднаас орж ирж байгаа бонд, эдийн засгийн өсөлт өндөр байх үед Монголын өв сангийн хууль гэж гаргаад Их Хурлаар би батлуулсан, нөгөө Норвегийн сантай адилхан сан. Түүнийг би батлуулчихсан шүү дээ. Манай хүмүүс мэддэггүй. Тэр хууль 2018 онд хэрэгжиж эхлэх ёстой. Түүний дагуу явах юм бол бид нар маш зөв орон болох юм.

Тэгэхээр ямар ч Засгийн газар, юу ч гарч ирж байсан дарга нар мөнгөнд дуртай. Мөнгө харахаараа ямарч зохион байгуулалт, юу ч алга болж байна шүү дээ. Үүнээсээ л болж байгаа юм. Ард түмнээсээ болсон юм юу ч байхгүй.

Аюулгүйн зөвлөл хуралдуулаад Чингис бонд орж ирж байхад би хэлж байсан шүү дээ. Чингис бондын 1 ам.доллар орж ирж байгаа бол нөгөө талд нь 2 ам.долларыг нь босго гэж. Тэгээд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хэрэгжих нь тодорхой болсон төслийг л Чингис бондоор санхүүжүүл. Боллоо.

Тэр тэтгэвэр тэтгэмж, янз бүрийн зам харгуй гэх зэрэг юманд битгий зарцуул гэж шийдвэр гарсан шүү дээ. Зөндөө л ярьсан. 2009 онд Ерөнхийлөгч болоод би Өршөөлийн хууль гаргаж ирсэн. Хүмүү ярьдаг юм. Өнөөдрөөс эхлээд авилга авахаа больё. Та нэг хууль гаргаад өгөөч. Энэ цаг мөчөөс эхлээд авилга авах юм бол толгойг чинь авна. Хариуцлага тооцоод өгнө гэсэн хууль л гаргаад өгөөч гэсэн. 2009 оны 6 дугаар сарын 18-д гарч ирээд би үүнийг зарлаж байсан юм.

“Энэ бүх төрийн албан хаагчдад би хэлье. Та нар үүнээс хойш албан тушаалаа урвуулан ашиглавал, үүнээс хойш авлига авах юм бол,  янз бүрийн асуудалд оролцох юм бол өршөөл байхгүй. Би энэ өршөөлийн хуулийг өргөн барилаа. үүнээс өмнөхийг цагаатгалаа. Өршөөлийн хууль орлоо” гэж зарлаж байгаад, улаан шугам татаж байгаад эхлүүлсэн шүү дээ. Би бүгдэд нь л хэлсэн. Чи дарга болоод битгий ард түмний мөнгөн дээр ажиллаад бай. Битгий авилга авч, албан тушаалаа буруу ашиглаач дээ. Чадахгүй бол албан тушаалаа өгөөд яв л даа гэсэн.

Нэг юм байдаг юм. НҮБ дээр аюулгүйн зөвлөл гээд байгаа. Аюулгүйн зөвлөл хуралдлаа гэдэг. Олон улсын Валютын сан түүнтэй ойролцоо байгууллага. НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл гэдэг дэлхийн аюулгүй байдал, улс төрийн асуудлыг хэлэлцдэг. Улс төр, дэлхийн аюулгүй байдалд асуудал гарвал хэлэлцэж шийдвэрлэдэг газар. Олон улсын Валютын сан гэдэг бол дэлхийн улс орон, гишүүн орнуудынх нь эдийн засаг, санхүүд хүндрэл учирвал бас ярьдаг ийм л газар.

Монгол гишүүн нь. Тийм учраас энд оролцоод хамтарч ярих тухай л асуудал байгаа юм. Гэхдээ 2 талаас нь ярих юм бол зөндөө юм бий. Энэ хүмүүсийн тавьж байгаа шаардлагад би нэг зүйлд санал нийлдэг. Төрийнхөө зардлыг хасъя гээд байгаа. Төрийн албанаас 2 хүн хасагдвал чи нэг хүн авах эрхтэй болно. Наад зах нь тийм л юм тогтооё л доо. Нэг сайд 5 өрөөндөө төөрч явах ямар хэрэг байна аа. Манай урд хөрш гаргасан шүү дээ. Агентлагийн дарга 16 м.кв-аас дээш өрөөнд суухгүй гээд, болж л байна шүү дээ. Албаны машиныг оршуулгад юм уу, баяр ёслолд авч явж болохгүй гээд шийдвэр гаргачихсан хэрэгжиж байна шүү дээ.

Манайд тэгээд л гарга л даа. Хоёр, гурван яамдаас бусад нь, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамнаас бусдыг нь нэг байранд оруул гэж би зарлиг хүртэл гаргасан шүү дээ. Тэгээд Засгийн газраар дэмжүүлсэн. Энэ ажил хийдэхгүй л байгаа. Бүх яамны ажилтнуудыг нэг яамны байр бүтэн багтаана шүү дээ. Зүгээр л ширээ сандал тавиад л, дунд нь шилэн тусгаарлагчтай байж байдаг шүү дээ. Дарга нь арай өндөр ширээн дээрээс бусдыгаа хараад байж байдаг. Ийм зүйл рүү орчихъё л доо. Ингэх юм бол Монгол хичнээн зардал хэмнэх вэ?

Ерөөсөө асуудлыг дор нь шийдэж болно. Боломж байгаа юм. Харамсалтай нь төсвөө танахгүй байна. Өөр тийшээ яваад байна. Одоо Валютын сангийн ташуур дор нэлээд юм хийх юм байгаа биз.

Би та бүхэнд нэг тоо хэлье. Үүнийг бичиж авбал зүгээр байх. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 11 тэрбум 500 сая төгрөг байсан. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 4 тэрбум 500 сая төгрөг болсон. Энэ хүн надаас асууж байна. Үнэн үү гэж. Үнэн. Дөрвөн жилийн өмнө 11 тэрбум 500 сая төгрөг байсныг 4 тэрбум 500 сая болгож болж байна.

Би Их Хурал дээр үг хэлж байсан. Би жил бүхэн өөрийнхөө төсвийг доод тал нь 10 хувиар хасъя, 30 хувиар хасъя гэж. Та нар хар даа, би 240 хувиар хасч чадсан. Би ийм учраас бусад төрийн байгууллагад, төрийн албан хаагчид, сайд дарга нарт шаардах эрхтэй байгаа юм. Ингэж ард түмний мөнгийг хэмнэх хэрэгтэй. Ингэж хэмнэж болж байгаа юм. Ингээд бид нар үүргээ хэрэгжүүлээд явж байна шүү дээ. 4,5 тэрбум төгрөг бол зарим сумын төсвөөс ч бага байгаа. Болдог юм шүү. Ингэж 240 хувиар хасч болно. Ингэж танаж чадсан бол Монгол  хямралд орохгүй л байсан.

Арван жилийн өмнө ИТХ нэг хүнийг, нарийн бичиг гэж ганц хүнийг орон тоогоор цалинжуулдаг байсан бол одоо 70 хүн цалинжуулж байгаа гэж байна шүү дээ. Юу вэ?. 10,20 жилийн өмнө ганц хүн байсан. Одоо 70 хүн. Бод доо. Энэ юу вэ?  Би бол ийм зүйлийг үзэж чаддагүй. Тэвчиж чаддаггүй. Ярихаар тэгээд ярьсны буруу болдог. Үүнийг хэн хийх ёстой юм? Засгийн газар хийх ёстой.

Миний эрх өөрийн хязгаартай. Үндсэн хуулийг аваад үзээрэй, 12-хон заалт байгаа. Засгийн газарт чиглэл өгнө. Түүн дээр нь Ерөнхий сайд гарын үзэг зурна гэж байгаа юм. УИХ-аас шийдвэр гарвал түүн дээр нь хориг тавина гэж байгаа юм. Гавьяа шагнал олгоно гэж байгаа юм. Элчин сайдуудыг томилно гэж байгаа юм. Яг үнэндээ санаа зовж, санаачилга гаргаж, эд нарын барьж авахгүй зүйлийг урагшлуулах гэж л явдаг.

Ийм зүйлүүдийг хэлье. Энэ ажилд оролцож байгаа, цаг заваа гаргаад ирсэн та бүхэнд баярлалаа. Монголд ямар ч албан тушаал эрхэлж байгаа, хэн ч гэсэн ард иргэдтэйгээ уулзаад, өөрийнхөө хийж байгаа, ярьж байгааг танилцуулаад ярих нь маш зөв юм гэж би боддог. Би бол facebook, twitter гэдэг зүйлд маш их идэвхтэй байдаг. Хэрвээ та нар миний ажлыг мэдэж, намайг ойрхон харж явъя гэвэл миний facebook рүү ороод бүгдийг үзэж болно. Асуугаагүй асуулт байвал түүн дотор миний 3 жил оруулсан зүйлүүд байгаа. Бүгдийг нь уншаад, үзээд, хараад үзээрэй. Түүн дээр олон янзын буруу зөрүү хэлэлцүүлгүүд зөндөө байдаг.

Нүүрээ нуусан, өндөгний араас юм уу, аль эсвэл тодорхой хүмүүс мөнгөө зараад ийм зүйл хийлгэдэг. Ер нь мөнгөө зараад, цаг зав заруулаад, гүтгээд, гутаагаад сууж байдаг 2-3 зохион байгуулалттай бүлэглэл байдаг. Үнэхээр тийм. Би тэр хүмүүс надад цаг заваа зарцуулдагт баярладаг. Тэдгээр хүмүүс намайг өглөө эрт босгодог. Намайг илүү ажил хийхийг шаарддаг. Надад эрч хүч өгч байгаа.

Намайг дэмжиж, магтаж байгаа хүн биш, намайг шүүлжилж байгаа, газар доор ортол муулж байгаа тэр бүгдээс би илүүтэй шүдээ зууж босдог. Тэр боломжийг надад өгдөг, ийм нээлттэй нийгэм байгуулж, ийм эрх чөлөөтэй болсон та бүхэндээ баяр хүргэе. Үүнийгээ хамгаалж хадгалж яваарай гэдгийг хэлье” гэлээ.