Засгийн газарт чиглэл өгөх тухай

Administrator 2016-12-02 12:01:00

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр               Дугаар 158                                      Улаанбаатар хот

                                                                                                                 

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т чиглэл болгосугай:

  1. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль болон  холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа хийж хуулиудын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, шинэчлэх;
  2. Суурьшлын бүс, тариалангийн болон бэлчээрийн хөрсний доройтолд дүгнэлт гаргаж хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх богино, дунд, урт хугацааны бодлогын нэгдсэн хөтөлбөр боловсруулан батлах, хэрэгжүүлэх;
  3. Хөрс, бэлчээрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, жил бүр бүртгэх;
  4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр ашиглах уламжлалт арга ажиллагааны дэвшилтэт хэлбэрийг хэрэгжүүлж, хөрс бэлчээр сайжруулах дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх;
  5. Хөрс, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулах зардлыг 2019 оноос эхлэн жил бүр орон нутгийн төсөвт тусгаж хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих;
  6. Хөрс хамгаалах үндэсний өдөртэй болох.

Хоёр. “Хөрс хамгаалах өдөр” уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагатай хамтран хөрс хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажил зохион байгуулж, тэдгээрт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг нийт иргэд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалсугай.

Гурав.    Зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд тайлагнаж байхыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН                                                           МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                             ЕРӨНХИЙ САЙД

 

         ЦАХИАГИЙН                                                                 ЖАРГАЛТУЛГЫН
ЭЛБЭГДОРЖ                                                                  ЭРДЭНЭБАТ