МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Administrator 2016-03-22 16:00:00

                                                                                                                                                    Төсөл

                                                                     МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны ... дугаар                                                                                              Улаанбаатар  хот

сарын ...-ны өдөр                                                                                     

                                                       МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ

                                                                     /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хууль нь Монгол Улсын төр, хувь хүн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог тодорхойлж, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа алдах, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Монгол Улсын иргэн

3.1.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр Монгол Улсын иргэний харьяалалтай байгаа болон энэ хуулийн дагуу Монгол Улсын харьяат болсон хүнийг Монгол Улсын иргэн гэнэ.

4 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын зарчим

4.1.Монгол улс нь иргэний харьяаллын асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн зарчмаас гадна дараах тусгайлсан зарчмыг баримтална:

4.1.1.Монгол Улс давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй;

4.1.2.Монгол Улсын иргэн өөр улсад оршин суух нь иргэний харьяаллаа алдах үндэслэл болохгүй;

4.1.3.давхар харьяалал үүсгэсэн Монгол Улсын иргэнийг төрийн албанд ажиллуулахгүй;

4.1.4.гэрлэгчдийн хэн нэг нь иргэний харьяаллаа өөрчлөх нь гэр бүлийн бусад гишүүдийн иргэний харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй;

4.1.5.энэ хуульд тусгайлан заасан тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх.

5 дугаар зүйл.Төрийн хамгаалалт

5.1.Монгол Улсын иргэн хаана оршин суухаас үл хамааран төрийн ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулна.

5.2.Монгол Улсын төрийн байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, түүний албан тушаалтан нь Монгол Улсын иргэнд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, Монгол Улсын олон улсын гэрээ, тухайн иргэний оршин суугаа улсын хууль тогтоомжид заасан эрхийг эдлэх боломжоор хангахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

 6 дугаар зүйл.Давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх

6.1.Монгол Улсын иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

6.2.Монгол Улсын иргэн давхар харьяалалтай болсон бол тухайн гадаад улсын иргэний харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй.

6.3.Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа иргэний харьяаллаас гарсан байна. Тухайн улсын хууль тогтоомжид өөр улсын харьяалалтай болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяаллаас гарсан байхыг шаардахгүй.

6.4.Монгол Улсын иргэн нь гадаад улсын иргэний харьяалалтай болохоор хүсэлт гаргасан, гадаад улсын иргэний харьяалалтай болсон бол иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

6.5.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  энэ хуулийн 6.4-т заасан иргэнд тухайн мэдэгдлийг бүртгэсэн тухай хариуг бичгээр өгнө.

7 дугаар зүйл.Иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг

7.1.Монгол Улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол Улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд Монгол Улсын регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ байна.

7.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд олгосон төрсөн тухай иргэний улсын бүртгэлийн лавлагааг зөвхөн түүний төрснийг нотлох баримт бичиг гэж үзнэ.

8 дугаар зүйл.Монгол Улсын иргэний тангараг

8.1.Энэ хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын харьяат болсон хүнд тус улсын иргэний харьяалалтай болсныг гэрчлэн Монгол Улсын иргэний үнэмлэхийг олгож, тангараг өргүүлнэ. Тангараг өргүүлэх ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

8.2.Монгол Улсын иргэн “Монгол Улсын иргэн би улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлын уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжийг сахин биелүүлэхээ тангараглая” хэмээн тангараг өргөж, бичгээр баталгаажуулна.

8.3.Монгол Улсын харьяат болсон 16 хүртэлх насны хүүхэд тангараг өргөхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ

9 дүгээр зүйл.Монгол Улсын харьяат болох үндэслэл

9.1.Доор дурдсан үндэслэлээр Монгол Улсын харьяат болно:

9.1.1.төрснөөр;

9.1.2.харьяат болгосноор;

9.1.3.иргэний харьяаллыг сэргээн тогтоосноор.

10 дугаар зүйл.Төрснөөр харьяат болох

10.1.Төрснөөр харьяат болох асуудлыг энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар зохицуулна.

11 дүгээр зүйл.Монгол Улсын харьяат болгох

11.1.Дараах нөхцөлийг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болохоор хүсэлт гаргана:

11.1.1.төрийн албан ёсны хэл, бичгийн мэдлэгтэй байх;

11.1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монголын ард түмний ёс заншлын талаар мэдлэгтэй байх;

11.1.3.амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;

11.1.4.хүсэлт гаргах хүртэл таваас доошгүй жил, үүнээс нэг жилд есөн сараас доошгүй хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт оршин суусан, уг хугацаанд  хуульд заасны дагуу татвар төлсөн байх;

11.1.5.Монгол Улсын харьяат болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх;

11.1.6.энэ зүйлийн 11.1.4-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх.

11.2.Дараах нөхцөлийг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгоход энэ зүйлийн 11.1.1-11.1.4-т заасан шаардлагыг харгалзахгүй байж болно:

11.2.1.Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан;

         11.2.2.Хөх үнэмлэх эзэмшигч нь тус улсад таваас доошгүй жил амьдарсан.

11.3.Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ зүйлийн  11.1-д заасан шаардлагыг харгалзахгүйгээр Монгол Улсын харьяат болгож болно.

12 дугаар зүйл.Иргэний харьяаллыг сэргээн тогтоох

12.1.Хуульд заасан журмын дагуу Монгол Улсын харьяаллаас гарсан, энэ хуулийн 11.1.5, 11.1.6-д заасан шалгуурыг хангасан хүн иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан бол Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хүний иргэний харьяаллыг сэргээн тогтоох асуудлыг шийдвэрлэнэ.

            13 дугаар зүйл.Монгол Улсын харьяат болгох, иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзах үндэслэл

13.1.Доор дурдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох, иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзана:

13.1.1.олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, алан хядах байгууллагын гишүүн, хамсаатан гэж зарлагдсан;

13.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа;

13.1.3.Монголын ард түмний ёс заншилд харш, хүмүүнлэг бус шашны урсгалыг сурталчилсан болон санхүүжүүлсэн;

13.1.4.гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ялтай байгаа;

13.1.5.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;

13.1.6.Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэний тус улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссанаас хойш 10 жил өнгөрөөгүй;

13.1.7.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;

13.1.8.Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд гадаад улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллаж байгаа;

13.1.9.хуульд заасан бусад үндэслэл.

13.2. Доор дурдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсын иргэн болох тухай хүсэлтийг хүлээн авахаас түдгэлзэнэ:

13.2.1.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан нөхцөл, 26 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах хүртэл;

13.2.2.гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл;

13.2.3.сэтгэл мэдрэлийн болон гоц халдварт өвчтэй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх донтой нь тогтоогдсон

 13.3.Энэ зүйлийн 13.1-д заасан этгээдийн гаргасан хүсэлтийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзаж, хүсэлтийг буцаана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын харьяатаас гарах

14 дүгээр зүйл.Монгол Улсын харьяатаас гарах

14.1. Монгол Улсын иргэн энэ хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

15 дугаар зүйл.Монгол Улсын харьяатаас гаргахаас татгалзах

15.1.Монгол Улсын иргэнийг доор дурдсан үндэслэлээр харьяатаас гаргахаас татгалзана:

15.1.1.Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй;

15.1.2.гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа;

15.1.3.Монгол Улсын харьяатаас гаргах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар бол;

15.1.4.хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан, уг ажлаас халагдсан буюу чөлөөлөгдсөн өдрөөс хойш таван жил өнгөрөөгүй бол.

            16 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллыг алдах

16.1.Монгол Улсын иргэн доор дурдсан үндэслэлээр иргэний харьяаллаа алдана:

16.1.1.энэ хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын харьяатаас гарсан;

16.1.2. хуурамч бичиг баримт, худал мэдээлэл бүрдүүлж Монгол Улсын харьяат болсон нь тогтоогдсон;

16.1.3.хуульд заасан бусад үндэслэлээр.

            16.2.Энэ зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэний харьяаллыг алдах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Монгол Улсын харьяат болгосон шийдвэрээ хүчингүй болгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хүүхдийн Иргэний харьяалал

17 дугаар зүйл.Хүүхэд Монгол Улсын харьяат болох

17.1.Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бол тэдний хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол Улсын харьяат байна.

17.2.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэнэ.

17.3.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь харьяалалгүй хүн бол тэдний хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол Улсын харьяат байна.

17.4.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй эцэг, эх хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө хүсвэл Монгол Улсын харьяат болж болно.

17.5.Эцэг, эх нь тогтоогдоогүй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүүхэд Монгол Улсын харьяат байна.

17.6.Эцэг, эх нь хоёулаа эсхүл эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат болсноор тэдний 18 хүртэлх насны хүүхэд эцэг, эхийн хүсэлтээр Монгол Улсын харьяат болж болно.

17.7.Монгол Улсын иргэн эхнэр, нөхөр эсхүл эхнэр, нөхрийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний үрчлэн авсан гадаад улсын иргэний харьяалалтай хүүхэд эцэг, эхийн хүсэлтээр Монгол Улсын харьяат болж болно.

            18 дугаар зүйл.Хүүхдийн иргэний харьяалал өөрчлөгдөх

18.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 18 насанд хүрээгүй хүүхдийн иргэний харьяаллын асуудлыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсон хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. 

18.2.Энэ хуульд заасан хориглох нөхцөл үүсээгүй тохиолдолд эцэг, эх нь хоёул болон хэн нэг нь Монгол Улсын иргэний харьяаллаас гарахад тэдний бичгээр тохиролцсон хүсэлтээр 18 хүртэлх насны хүүхдийг Монгол Улсын иргэний харьяаллаас гаргахыг зөвшөөрч болно.

18.3.Хүүхэд Монгол Улсын харьяатаас гарснаар харьяалалгүй хүн болохоор бол түүнийг харьяатаас гаргахгүй.

18.4.16-18 хүртэлх насны хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргахад өөрийнх нь саналыг бичгээр авна.

18.5.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний иргэний харьяалал өөрчлөгдөхөд хүүхдийн иргэний харьяалал өөрчлөгдөхгүй ба хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөхөд тэдний саналыг авахгүй.

19 дүгээр зүйл.Үрчлэгдсэн хүүхдийн иргэний харьяалал

19.1.Гадаадын иргэний үрчлэн авсан Монгол Улсын иргэний харьяалалтай 18 насанд хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна.

19.2.Хэрэв гадаадын иргэн Монгол Улсын иргэний харьяалалтай хүүхэд үрчлэн авахдаа түүний иргэний харьяаллыг өөрчлөх хүсэлт гаргавал үрчлүүлж буй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр тухайн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

20 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

20.1.Монгол Улсын Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох;

20.1.2.Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох;

20.1.3.Монгол Улсын харьяатаас гаргах;

20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

21.1.Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.иргэний харьяалалтай холбоотой харилцааг зохицуулсан тусгайлсан журмыг батлах;

21.1.2.иргэний харьяаллын асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах;

21.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

22 дугаар зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

22.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргахад шаардагдах баримт бичгийн жагсаалт батлах;

22.1.2.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гаргах, харьяаллыг сэргээн тогтоолгох талаар гаргасан хүсэлт, харьяаллаа алдаж буй иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

22.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

23 дугаар зүйл.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

23.1.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хилийн чанадад суугаа тус улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан иргэний харьяаллын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэл болон мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

23.1.2.давхар харьяалал үүсгэсэн Монгол Улсын иргэний талаар тухайн улсын эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, лавлагаа авах, бүртгэл хөтлөн иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

23.1.3.Монгол Улсын харьяатаас гарсан гадаад улсад оршин суугаа хүний баримт бичгийг хураан авч иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

23.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

24 дүгээр зүйл.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

24.1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг нягтлан шалгах, холбогдох байгууллагаас санал авах, шаардлагатай тохиолдолд нэмэлт лавлагаа, тодорхойлолт гаргуулах, ярилцлага хийх, санал, дүгнэлт гаргах;

24.1.2.Монгол Улсын иргэний харьяаллыг алдаж буй иргэний асуудлаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн санал гаргах;

24.1.3.харьяаллын асуудлаар гаргасан Монгол Улсын иргэний хүсэлт, түүнийг үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг шийдвэрлүүлэхээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

24.1.4.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, харьяаллаа алдсан иргэдийн талаарх нэгдсэн бүртгэл хөтөлж, иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран Монгол Улсын иргэний бүртгэлтэй тулгах, хяналт тавих;

24.1.5.иргэний харьяаллын асуудлаар лавлагаа, тодорхойлолт гаргах;

24.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

25 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

25.1.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ олгох;

25.1.2.Монгол Улсын харьяатаас гарсан, харьяаллаа алдсан хүний иргэний үнэмлэх, гадаад паспортыг хүчингүй болгох;

25.1.3.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, харьяаллаа алдсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, давхар харьяалал үүсгэсэн болон гадаад улсын харьяалалтай болох хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг хөтлөх, мэдээллийн санд оруулах;

25.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар

хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх

26 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах

26.1.Энэ хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах эрхтэй.

26.2.Энэ зүйлийн 26.1-д заасан хүсэлт гаргагч нь хүсэлтээ иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.

26.3.Хүсэлт гаргагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бол иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүний орон нутаг дахь нэгжид, хилийн чанадад оршин суугаа бол Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ биечлэн гаргана.

26.3.Хэрэв хүсэлт гаргагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлтээ биечлэн гаргах боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргах ба энэ талаарх итгэмжлэлийг хавсаргана.

26.4.Гэрлэгчид Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаарх хүсэлтийг хамтран гаргаж болно.

26.5.Хүсэлт гаргагч нь хүсэлтдээ хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар дурдана.

26.6.Хүсэлтийг төрийн албан ёсны хэлээр үйлдэж, энэ хуульд заасан баримт бичгийг хавсаргана. Баримт бичиг нь гадаад хэл дээр үйлдэгдсэн бол түүний нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулгыг хавсаргана.

26.7.Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар хүсэлтийг баримт бичгийн бүрдлийн хамт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

27 дугаар зүйл.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, дүгнэлт

27.1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-т заасан хүнтэй холбоотой асуудлаар санал, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хүсэлттэй холбоотой асуудлаар дүгнэлт гаргахдаа холбогдох байгууллагын тодорхойлолт, санал, лавлагаа болон уг асуудлаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий бусад баримт бичгийг нягтлан үзэж, үндэслэлээ тодорхой заасан байна.

27.2.Иргэний харьяаллын асуудлаарх иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт нь дараах төрөлтэй байна:

27.2.1.Монгол Улсын харьяат болгох тухай;

27.2.2.Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох тухай;

27.2.3.Монгол Улсын харьяатаас гаргах тухай;

27.2.4.Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзах тухай.

28 дугаар зүйл.Иргэний харьяаллын асуудлаар төрийн байгууллагаас гаргах санал, лавлагаа

28.1.Дараах байгууллага иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн холбогдох санал, лавлагааг гаргана:

28.1.1.тагнуулын байгууллага нь Монгол Улсын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолд харшлах эсэх асуудлаар;

28.1.2.цагдаагийн төв байгууллага гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан болон эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа эсэх, ял эдэлж байгаа эсэх асуудлаар;

28.1.3.иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний бүртгэлийн асуудлаар;

28.1.4.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага татварын асуудлаар.

28.2.Энэ зүйлд заасан байгууллага, албан тушаалтан нь холбогдох санал, лавлагааг ажлын 15 хоногийн дотор гаргаж өгөх үүрэгтэй.

28.3.Эцэг, эхээ даган Монгол Улсын харьяат болох 16 хүртэлх насны, харьяатаас гарах 14 хүртэлх насны хүүхдийн асуудлаар холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг авах шаардлагагүй.

30 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих

30.1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох тухай асуудлаар гаргасан хүсэлт хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан талаарх дүгнэлт, харьяаллаа алдаж буй иргэний асуудлаарх өөрийн байгууллагын саналыг холбогдох баримт бичгийн хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

31 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гарах шийдвэр

31.1.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, иргэний харьяаллыг алдах асуудлаар зарлиг гаргана.

31.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.

31.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахаас татгалзсан тохиолдолд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ тухай хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

32 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хугацаа

32.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 3 сараар 2 удаа сунгаж болно.

33 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх

33.1.Энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан байгууллага Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг хүсэлт гаргагчид мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд лавлагаа гаргаж өгнө.

33.2.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг Монгол Улсын иргэний бүртгэлийн мэдээллийн санд оруулж, холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

34 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах

34.1.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаарх энэ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тухай гомдлыг холбогдох дээд шатны байгууллага болон шүүхэд гаргаж болно.

35 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

35.1.Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

            35.1.1.иргэний харьяаллын асуудлыг хууль бусаар шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн болон бусад этгээдийн талаар холбогдох эрх бүхий байгууллагад хуурамч баримт бичиг, худал мэдээлэл бүрдүүлсэн этгээдийг таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

35.1.2.иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг энэ хуульд заасны дагуу хүлээн авч, хянах, санал, дүгнэлт гаргаж зохих журмын дагуу уламжлах үүрэг бүхий албан тушаалтан санаатайгаар хуурамч тодорхойлолт, дүгнэлт гаргасан бол буруутай этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

            35.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн, 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан нөхцөл тогтоогдсон хүнд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэсэн эсэхээс үл хамааран олгосон дипломат болон цэргийн цол, төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүчингүй болгоно.

36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

36.1.Энэ хуулийг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар          сарын ...-ны өдөр                                                           Улаанбаатар      хот

                                                                                                         

 

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН тухай

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах бүлэг, хэсэг нэмсүгэй:

            1/5 дугаар зүйлийн 5.1.14 дэх заалт:

            “5.1.14.“Монгол Улсын Хөх үнэмлэх” /цаашид “Хөх үнэмлэх” гэх/ гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан болзол шалгуурыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус улсад оршин суух, улсын хилээр визгүйгээр нэвтрэх эрх олгосон баримт бичгийг;”

            2/22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг:

“22.2.Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн, түүний хүүхэд болон гарал үүсэл нэг, төрийн хэл, бичгийн мэдлэгтэй Монгол үндэс, угсаатан энэ хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11-д заасан визийн ангиллаар Монгол Улсад орох бол буцах тийзийг үндэслэн энэ хуулийн 22.1.6-д заасан нөхцөлийг шаардахгүй.”

3/Долдугаар бүлэг:

ДОЛДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ХӨХ ҮНЭМЛЭХ

34 дүгээр зүйл.Хөх үнэмлэх олгох

34.1.Монгол Улсад оршин суух хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хөх үнэмлэх олгоно:

34.1.1.гарал үүсэл нэг, төрийн хэл, бичгийн мэдлэгтэй Монгол үндэс, угсаатан;

34.1.2.Монгол Улсад нэн шаардлагатай шинжлэх ухаан, техник, технологийг эзэмшсэн, урлаг, спортын авьяастан болон онцгой шаардлагатай чадвар бүхий хүн;

34.1.3.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн.

 

            34.2.Хөх үнэмлэх эзэмшигчийн хүсэлтээр эхнэр, нөхөр, хамт амьдарч байгаа хүүхдэд хөх үнэмлэхийг олгож болно. Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүний үнэмлэхэд үндсэн үнэмлэх эзэмшигчийн дугаар бүхий мэдээллийг нэмж оруулна.

34.3.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөх үнэмлэхийг 5 жилийн хугацаагаар олгож, тухай бүр 10 жилийн хугацаагаар сунгаж болно.

34.4.Хөх үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, энэ хуульд хөрөнгө оруулалтыг хийсэн нь тус үнэмлэхийн хугацааг сунгах үндэслэл болно.

34.5.Хөх үнэмлэх нь хөх дэвсгэр өнгөтэй, төв хэсэгтээ соёмбо тэмдэг байрлуулсан, энэ хуулийн 33.2.1-33.2.4, 33.2.6, 33.2.10-33.2.12, 33.2.14, 33.2.15-д заасан мэдээллийг тусгасан байна.

34.6.Хөх үнэмлэх нь Монгол Улсын өмч байх бөгөөд түүний загварыг Монгол Улсын Засгийн газар батална.

35 дугаар зүйл.Хөх үнэмлэх авах хүсэлт гаргах

35.1.Хөх үнэмлэх хүсэгч нь батлагдсан загварын дагуу гаргасан өргөдлийг гурван үеийн намтар болон энэ хуулийн 34.1-д заасан шаардлагыг хангасан тухайгаа нотолсон баримтын хамт иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Өргөдлийг цахим хэлбэрээр гаргаж баталгаат шуудангаар ирүүлж болно.

35.2.Хөх үнэмлэх эзэмшигч нь уг үнэмлэхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

35.3.Хөх үнэмлэх хүсэгч нь хөх үнэмлэхийг анх удаа болон шинэчлэн авахдаа биометрик мэдээллээ энэ хуулийн 34.3-т заасан байгууллагад өөрийн биеэр өгнө.

35.4.Хөх үнэмлэх хүсэгч нь энэ хуулийн 35.1-д заасны дагуу цахим хэлбэрээр өргөдөл гаргасан бол эрх бүхий байгууллагаас тогтоосон цагт ирж, биометрик мэдээллээ өгнө.

35.5.Хөх үнэмлэх эзэмшигчийн 12 хүртэлх насны хүүхдээс биометрик мэдээлэл авах шаардлагагүй.

36 дугаар зүйл.Хүсэлт хянан шийдвэрлэх

36.1.Энэ хуулийн 35.1-д заасан хүсэлтийг холбогдох төрийн байгууллага 60 хоногийн дотор, үнэмлэхийн хугацаа сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

36.2.Энэ хуулийн 34.1.2-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хөх үнэмлэхийг олгоно.

36.3.Хөх үнэмлэх эзэмшигчийн тус улсад суралцсан 1 жилийг 2 жилээр, Монгол Улсын Засгийн газраас зарласан бүтээн байгуулалтын бүсэд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эрхлэн оршин суусан 1 жилийг 1,5 жилээр, цэргийн алба хаасан 1 жилийг 2 жилээр тус улсад оршин суусан хугацаагаар тус тус дүйцүүлэн тооцно.

            37 дугаар зүйл.Хөх үнэмлэх олгох, хугацаа сунгахаас татгалзах, хүчингүй болгох

37.1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 27.3.1, 27.3.3-т заасан үндэслэл тогтоогдвол хөх үнэмлэх олгох, хугацаа сунгахаас татгалзаж, хүчингүй болгоно.

38 дугаар зүйл.Хөх үнэмлэх эзэмшигчийн эрх, үүрэг

38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөх үнэмлэх эзэмшигч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн хэвээр байж, хуулиар тогтоосон эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

 

39 дүгээр зүйл.Төрийн байгууллагын үүрэг

39.1.Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хөх үнэмлэх эзэмшигчдэд хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах үүрэгтэй.

39.2.Монгол Улсын Засгийн газар хөх үнэмлэх эзэмшигчийн мэдлэг ур чадварыг улс эх орныхоо хөгжлийн төлөө ашиглах, тус улсад оршин суух, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, баталж хэрэгжүүлнэ.

39.3.Энэ хуулийн 36.3-т заасан хугацааг тооцохтой холбоотой нарийвчилсан журам, энэ хуулийн 34.1.3-т заасан хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар батална.

39.4.Энэ хуулийн 35.1-д заасан өргөдлийн загвар, гурван үеийн намтар бичих зааврыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

39.5.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.3-т заасан төрийн хэл, бичгийн мэдлэгийг бичгээр шалгалт авч тогтооно. Шалгалтын сорилыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

39.6.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөх үнэмлэх эзэмшигчийн бүртгэл хөтөлж, мэдээллийн санд оруулна.

2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх заалтын “овог” гэсний дараа “эцэг /эх/-ийн нэр,” гэж, 33.2.11 дэх заалтын “сунгалт” гэсний дараа “, дахин олгосон тэмдэглэл;” гэж, 33.2.15 дахь заалтын “хурууны хээ” гэсний дараа “биометрик мэдээлэл.” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн Долдугаар бүлгийн дугаарыг “НАЙМДУГААР БҮЛЭГ” гэж, Наймдугаар бүлгийн дугаарыг “ЕСДҮГЭЭР БҮЛЭГ” гэж, Есдүгээр бүлгийн дугаарыг “АРАВДУГААР БҮЛЭГ” гэж, мөн хуулийн 34-44 дүгээр зүйлийн дугаарыг “43-53” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

 

 

 

Төсөл

 

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“58.9.Үрчлэгдсэн хүүхэд иргэний харьяаллаа сонгох эрхийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуульд заасны дагуу эдэлнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн “Харьяатын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” гэснийг “Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “харьяат” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн “Монгол Улсын харьяат” гэснийг “Монгол Улсын иргэн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, 12.15, 12.16, 12.18 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэг:

“12.14.Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн эцэг, эхээс төрсөн хүүхдийг хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ.”

2/12 дугаар зүйлийн 12.15 дахь хэсэг:

“12.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаад улсын иргэн бол тэдний хүүхдийн иргэний харьяаллыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эсхүл түүний гадна төрснөөс үл хамааран эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны дагуу бүртгэнэ.”

3/12 дугаар зүйлийн 12.16 дахь хэсэг:

“12.16.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь харьяалалгүй хүн бол тэдний хүүхдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт эсхүл түүний гадна төрснөөс үл хамааран энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ.”

4/12 дугаар зүйлийн 12.18 дахь хэсэг:

“12.18.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэнээс төрсөн хүүхдийг энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэж төрсөн тухай иргэний улсын бүртгэлийн лавлагааголгож болно. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт эсхүл түүний гадна төрснөөс үл хамааран энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ.”

5/13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг:

“13.11.Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй гэрлэсэн бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 30 хоногийн дотор бүртгэж болно.”

2 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийн “харьяат гэснийг “иргэн” гэж, 13.12 дахь хэсгийн “гадаад улсын харьяат” гэснийг “гадаад улсын иргэн” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 16.3 дахь хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 16.4 дэх хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 16.5 дахь хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 18 дугаар зүйлийн 18.4.7 дахь заалтын “харьяат” гэснийг “иргэний харьяалалтай” гэж, 18.6 дахь хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 22 дугаар зүйлийн 22.4.2 дахь заалтын “харьяат” гэснийг “иргэний харьяалалтай” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.12 дахь заалтын “харьяат болсон” гэснийг “иргэний харьяалалтай болсон” гэж тус тус өөрчилсүгэй.

            3 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгийн “харьяат” гэснийг, 13.12 дахь хэсгийн “Гэрлэгчдийн хэн нэг нь Монгол Улсын” гэсний дараа “харьяат” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсгийн “Гэрлэгчдийн хэн нэг нь Монгол Улсын” гэсний дараа “харьяат” гэснийг, “гадаад улсын” гэсний дараа “харьяат” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн “харьяат” гэснийг, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “харьяат” гэснийг, 22.5 дахь хэсгийн “харьяат” гэснийг, 22.6 дахь хэсгийн “харьяат” гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн “харьяат гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1.1 дэх заалтын “харьяат” гэснийг, 192 дугаар зүйлийн 192.1.1 дэх заалтын “иргэн” гэсний өмнөх “харьяат” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.14 дэх заалтын “харьяалал сэргээсний” гэснийг “харьяаллаа алдсан, иргэний харьяалал сэргээн тогтоосны” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

                        1/10 дугаар зүйлийн 10.6.30-10.6.32 дахь заалт:

“10.6.30.хөх үнэмлэх анх удаа авах хүсэлт гаргахад 500,000-1,000,000 төгрөг;

 10.6.31.хөх үнэмлэхийн хугацааг сунгуулахад 200,000-500,000

10.6.32.хөх соёмбо үнэмлэхийг алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд шинээр буюу дахин олгоход 400,000-700,000 төгрөг;

10.6.33.хөх үнэмлэх хүсэгчийн биометрик мэдээллийг авахад 100,000-300,000 төгрөг.”

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх заалтын “Монгол Улсын харьяат бус” гэснийг “гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүн” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5 дахь заалтын “харьяат” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “харьяат” гэснийг хассугай.

            2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн “харьяат эрдэмтэн, түүнчлэн” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 400.2 дахь хэсгийн “харьяат” гэснийг “иргэн” гэж, 410 дугаар зүйлийн 410.2 дахь хэсгийн “харьяат” гэснийг “харьяалах” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын иргэний харьяаллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.4 дэх хэсэг нэмсүгэй:

                        “14.4.Хөх үнэмлэх эзэмшигч гадаад иргэн, харьяалалгүй хүний паспортод хилээр орсон, гарсан тэмдэглэл хийхгүй.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 201... оны .... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

Төсөл

Монгол улсын хууль

20... оны ... дугаар                                                                                                      Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                                      хот

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 16 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 16.2.6 дахь заалт нэмсүгэй:

            “16.2.6.Давхар харьяалал үүсгэсэн Монгол Улсын иргэн;”

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн “16.2.6” гэсэн дугаарыг “16.2.7” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 201... оны .... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

ГАРЫН ҮСЭГ