Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ази, Европыг нэг дор цуглуулсан түүх 800 жилийн дараа Монгол Улсад дахин давтагдах гэж байна

Administrator 2016-03-01 22:10:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Корпорэйт-2 төвд “АСЕМ-ын өдөр”-т зориулан 1000 иргэнд лекц, танилцуулга хийлээ. Лекцийг “Mongol HD” телевизийн сувгаар болон Ерөнхийлөгчийн  твиттер, фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын гишүүд, хамрах хүрээ, ач холбогдол, ирэх долдугаар сард болох АСЕМ-ын чуулганы бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Лекцэнд  Зэвсэгт хүчин, Хууль сахиулах байгууллагын албан хаагчид, оюутан сурагчид, Нийслэлийн төр захиргааны албан хаагчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчид, сэтгүүлчид, АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр ажиллахаар бүртгүүлсэн иргэд, АСЕМ-ын ажлын хэсэг, Гадаад хэргийн яамны ажилтнууд зэрэг 1000 гаруй хүн оролцов. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “АСЕМ-ын өдөр”-т зориулан хийсэн танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Ази, Европыг нэг дор цуглуулсан түүх 800 жилийн дараа Монгол Улсад дахин давтагдах гэж байна

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монгол Улсад Эх орончдын өдрийг тэмдэглэж байгаа. Өнөөдөр бас Монгол Улсад АСЕМ-ын өдрийг тэмдэглэж байна. АСЕМ-ын өдрийг тэмдэглэх тухай 2015 онд АСЕМ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзахад ярилцаж, ийм шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөдөр Та бүхэнд би Эх орончдын өдөр болон АСЕМ-ын өдрийн халуун мэндийг хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Энэ хоёр өдөр өнөөдөр давхцаж байгаа нь их билэгдэлтэй гэж би бодож байгаа. Эх оронч байна гэдэг бол эх орныхоо нэр төрийг өндөрт гаргахад хувь нэмэр оруулна гэсэн үг. Эх оронч байна гэдэг эх орныхоо нэрийг, эх орныхоо жинг нэмэхэд хувь нэмэр оруулна гэсэн үг. Эх оронч байна гэдэг бол эх орныхоо сайн сайхан, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэсэн үг. Эх оронч байна гэдэг бол зүгээр л өөрийнхөө амьдрал,гэр бүл, өөрийнхөө эргэн тойронд нөлөөтэй, тэднийг сайн хамт олон, сайн гэр бүл байхад нь тусална л гэсэн үг. Жирийн иргэний үүрэг бол энэ. Сайхан сэтгэлтэй, зөв сэтгэлтэй байхад хүний амьдрал цаашид цэгцрээд явчих юм аа гэж хэлж болох юм.

Энэ АСЕМ-ын өдөрт зориулсан танилцуулга лекцийг хийхийн өмнө би  АСЕМ гэдэг энэ үйл ажиллагааны тухай монголчууд ярьж эхлээд, түүнээс хойш АСЕМ-ын арваннэгдүгээр дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад хийнэ гээд дэлхий даяар зарлагдсаны дараа хүн бүрээс гарсан асуулт, гарч байгаа санал, бас шүүмжлэл бүрийг тоймлож, ерөнхийд нь авсан байгаа. Тийм учраас асуулт тавиад, хариулах байдлаар явъя гэж бодож байна. Тэр нь хүмүүст илүү сонирхолтой, мэдээлэлтэй, ойлгомжтой болох байх аа гэж бодож байна.

-АСЕМ (ASEM) гэж ер нь юу гэсэн үг вэ?

-АСЕМ гээд л дөрвөн үсэг харагдаад байдаг, энэ ер нь юу гэсэн үг вэ гэдэгт тайлбар өгье гэж бодож байна.AS гэдэг нь Ази гэсэн үгийг тодорхойлж байгаа, E нь Европ, тэгээд M нь meeting буюу уулзалт гэсэн утгатай. Тэгэхээр Ази, Европын уулзалт гэсэн утгатай үг юм.

-АСЕМ байгуулагдсан учир шалтгаан юу юм бэ? Ер нь ямар учраас АСЕМ бий болсон юм бэ?

-1990-ээд оны эхээр дэлхийд Хүйтэн дайн дуусаж, XX зууны үйл явцыг тодорхойлж байсан дэлхийн дэг журамд нэлээд өөрчлөлт орсон. Тэр үед улс орон бүхэн, тив, улс бүхэн өөр өөрийнхөө байр суурийг тодорхойлж ярьж эхэлсэн. Тэгээд 1990-ээд оны эхнээс Ази, Европ гээд хоёр тив байна, хоёулаа бие биеэсээ суралцах зүйл их байна, ярилцах зүйл зөндөө бий, ер нь Ази, Европын хооронд уулзалт хийвэл ямар вэ гээд ярьж эхэлсэн байдаг. Энэ яриа явсаар байгаад 1994 онд Европоос Франц, Азиас Сингапур улс анх санаачлага гаргасан байдаг юм. Улмаар 1996 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Тайландын Бангкок хотод Ази, Европын дээд хэмжээний анхны уулзалтыг хийсэн. Гуравдугаар сарын нэгэн. 20 жилийн өмнөх яг энэ өдөр, манай хоёр тивийн дээд хэмжээний төлөөллүүд Бангкок хотноо уулзаж байжээ. Европоос 15 орон оролцсон, Азиас 10 орон оролцож, уулзсан байдаг юм. Ингэж АСЕМ-ын уулзалт эхэлж, АСЕМбайгуулагдсан түүхтэй.

-АСЕМ хаана, хэдэн удаа болсон бэ?

-Одоо Монголд болох гэж байгаа АСЕМ-ын хурал 1998 оноос хойш Европ тивд таван удаа, Ази тивд таван удаа болсон. Одоо Монголд 11 дэх нь болох гэж байна. Дээд хэмжээний уулзалт буюу нэг үгээр хэлбэл, Төр, засгийн тэргүүн нарын түвшинд хоёр жилд нэг удаа уулзаж байя гэж тохирсон байдаг. Монгол Улсын хувьд 2008 онд Бээжин хотод болсон АСЕМ-ын уулзалтын үеэр гишүүн болсон. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод, АСЕМ-ын 8,9,10 дахь уулзалтуудад оролцсон. Энэ уулзалтуудад оролцож, Монгол Улсын байр суурь, хэлэлцэж байгаа асуудлаар манай дипломатчид маш их идэвхтэй ажиллаж ирсэн. Мэдээж энэ бүхэн АСЕМ-ын 11 дэх уулзалтыг Монголд авах боломжийг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж хэлж болох юм.

-АСЕМ хэдэн гишүүнтэй вэ?
 

-Та бүхэн бүгдээрээ харж байгаа. Хөхөөр тэмдэглэгдсэн газрын зураг бол АСЕМ-ын нийт гишүүн орнуудыг харуулж байгаа юм. Европын 30, Азийн 21, нийт 51 улс АСЕМ-ын гишүүн байдаг. Улаанаар тэмдэглэсэн байгаа нь Ази тивд хамаарагддаг улсууд, хөхөөр тэмдэглэгдсэн нь Европ тивд харьяалагдах улсууд. Дээрээс нь АСЕМ-д олон улсын хоёр байгууллага гишүүнчлэлтэй. Нэг нь Европын холбоо, нөгөө нь АСЕАН.


 

-АСЕМ-д Монгол ямар хамаатай юм бэ?

-Монгол Улс бол нээлттэй, энхийг эрхэмлэсэн бодлоготой улс орон. Дээрээс нь Монгол Улс өөрийнхөө оршин буй Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр идэвх санаачлагатай ажилладаг, энд байгаа улс орнуудтайгаа найрсаг харилцаатай улс юм. Ийм учраас Монгол Улс АСЕМ-д гишүүнээр элссэнээр энэ нээлттэй бодлого нь, энэ найрсаг хамтын ажиллагааны чиглэлд явуулдаг үйл ажиллагаа нь, улс түмнүүдийн эв найртай, сайн сайхан байхад нөлөө үзүүлэх юм. Түүхээсээ авч үзвэл Ази, Европ хоёр тивийн ард түмэн, улс орнуудын хувьд Монгол Улс бол нөлөөтэй явж ирсэн улс. Энэ жил 2016 онд Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойгоо бид тэмдэглэх гэж байгаа. 1206 онд Их Монгол Улс байгуулагдаж байсан. 1206 оноос Европын улс орнууд Монгол гэж гүрэн байдаг юм байна, Монгол гэж улс байдаг, хуультай, дүрэмтэй, дэгтэй, журамтай, соёлтой ийм хүмүүс байдаг юм байна гэдэгтэй танилцаж эхэлж байсан. Тэр үед Ази, Европыг нэгтгэсэн агуу гүрнийг Монголын эзэнт гүрэн гэж нэрлэдэг байсан. Азийн талд мэдээж Ойрхи Дорнодын орнуудыг бас ордог байсныг Та бүхэн мэдэж байгаа. Өнөөгийн Сириэс авахуулаад Иран Ирак, Афганистан гээд бүгдийг нь ярьж болно л доо. Тэгэхээр энэ хоёр тивийн дунд Монгол оршдог. Тэр үеийн Монголын нийслэл Хархорум бол тэр хоёр тивийн хүмүүс уулздаг, чөлөөт худалдаа хийдэг,  тулгамдаж байгаа асуудлуудаа ярьдаг, тэр бүү хэл манай Хархорум хотод дэлхийн зонхилох шашнуудын бага хурал хүртэл болж байсан түүхтэй юм. 800 жилийн өмнө бидний өвөг дээдэс энэ газар нутаг дээр энэ хоёр тивийн одоогийнхоор бол бодлого тодорхойлогчдыг цуглуулж, ярьж байсан түүхтэй. 800 жилийн дараа энэ түүх Монгол Улсад дахин давтагдах гэж байна. Энэ бол сайхан үйл явдал гэдгийг би энд хэлье гэж бодсон юм.

            Бид хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгөө нийгэм, эдийн засаг, соёл гээд бүх талаар харилцдаг. Хоёр хөрш маань дэлхийн улс гүрнүүдийн бодлогод нөлөөтэй хоёр том орон. Тэгэхээр бид хоёр тивийнхээ улс орнуудтай бас ийм хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад энэ уулзалт их тус, дөхөм болох байх гэж итгэж байгаа.

-АСЕМ ямар бүтэцтэй вэ?

-АСЕМ-ын бүтцийг бүгдээрээ харж авах хэрэгтэй. Энд ногооноор зурагдсан байгаа EU гэсэн бичигтэй байгаа нь бол Европын холбоо юм. Та, бид бүгдээрээ мэднэ, Европын холбоо 28 гишүүн оронтой. Энэ 28 гишүүн АСЕМ-д орж байгаа. OSCE гэж бий. Энэ бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага. Ингээд энэ 28 дээр тэр таван орон нэмэгдэж байгаа. ОХУ, Казахстан, Монгол, Европоос Швейцарь, Норвеги. Энэ таван орон нэмэгдээд, нийт 33 улсболж явдаг. Хажуу тал руугаа харвал Та бүхэн олон удаа сонссон, APEC гэж байгууллага бий. Энэ APEC бол Asia Pacific Economic Cooperation гэсэн үгнээс гаралтай, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн байгууллага байгаа юм. Энэ байгууллага 13 гишүүнтэй. 13 гишүүдээс энд оролцдог. ASEAN буюу Association South East Asian Nations гээд байгууллагаас 11 орон оролцдог. МөнNESA гэж байгууллага бий. Энэ бүс нутагт Монгол Улс ордог юм. Энэ бол Азийн гурван хэсгийг төлөөлсөн үг байгаа. North East South Asia буюу Хойд, зүүн, өмнөд Ази гэсэн. Эдгээр байгууллага АСЕМ-ын үйл ажиллагаанд оролцохдоо бас зохион байгулалттай оролцоно. Европын холбоо өөрийн даргалагчтай. Европын холбоог одоо даргалж буй улс нь Нидерланд. Монголд АСЕМ-ын 11 дүгээр хурал болоход долдугаар сарын 1-нээс Словак улс даргалах гэж байгаа.

            ASEAN-ыг Малайз даргалж байсан, одоо Мьянмар даргална.NESA гэдэг байгууллагыг Монгол Улс олон жил даргалсан. Одоо Монголд хурал болоход Шинэ Зеланд даргаар хүрэлцэн ирэх юм. Тэгэхээр АСЕМ энэ бүтцээрээ дамжуулж уулзалтаа хийдэг, энэ бүтцээрээ дамжуулж төлөөллөө явуулдаг ийм учиртай юм.


 

-АСЕМ-ын уулзалтыг ямар учраас Улс төрийн олимп гэж нэрлэдэг юм бэ?

-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад ингэж их бичдэг. Эндээс нэг зүйл маш тодорхой харагдаж байгаа. Нэгдүгээрт, цар хүрээ, хэмжээ. Дэлхийн нийт хүн амын 63 хувь нь АСЕМ-ын гишүүн орнуудад амьдарч байна. Ази, Европ тивд. Дэлхийн нийт эдийн засгийн 58 хувь нь АСЕМ-ын гишүүн орнуудад ногдож байгаа. Хүн амынх нь, эдийн засгийнх нь, бий болж байгаа үйлдвэрлэл, нээлт гээд бүх л зүйлийнх нь дийлэнх хувь нь АСЕМ-ын хоёр тивд харьяалагддаг. Ийм учраас хэмжээг нь авч үзвэлэнэ бол үнэхээр Олимп юм гэж харж болно.

-АСЕМ ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Үйл ажиллагаа нь асар өргөн цар хүрээтэй. Би энд нэг зүйлийг бүр онцолж хэлэх гэсэн юм. Олон улсын байгууллагууд нэг хэв загвартай байдаг. Харин АСЕМ бол нэг хэв загварт баригддаггүй. Үүгээрээ АСЕМ-ын үйл ажиллагаа их онцлог.

-АСЕМ-ын үйл ажиллагааны онцлог юу вэ?

-Би түрүүн хэлсэн. Албан бус, хэв загварт баригддаггүй юм аа. Олон төрөл чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Өөр нэг зүйл нь, АСЕМ-ын гишүүн орнууд дэлхийн хамгийн олон хүнтэй оронч байна, дэлхий дээр хамгийн өргөн нутагтай орон ч байна, энд орохдоо энд оролцож байгаа хүмүүс төлөөлөгчид тухайн орныхоо нэг л төлөөлөл байдаг. Энэ жижиг орноос ирсэн байна, ийм орноос ирсэн байна, буурай орны төлөөлөгч, эсвэл өндөр хөгжилтэй орноос ирсэн байна гэсэн ийм ойлголт байдаггүй. АСЕМ-ын өөрийнх нь бүтэц, зохион байнгуулалт, зохицуулалт нь их уян хатан байдаг. Түүнчлэн Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, яам, Засгийн газар, иргэд, парламент гээд ер нь бүх түвшний хамтын ажиллагааг АСЕМ эрчимтэй явуулдаг байгууллага гэдгийг энд хэлье.

            АСЕМ-ын онцлог дээр нэмж хэлэхэд, жишээлбэл, Европын холбоо, Европын улс орнууд энэ үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж байгаа нь Азийн бидэнд их сонин байдаг.Та бүхэн харж байгаа байх, Европын 28 улс нэг холбоонд нэгдээд, Европын холбооны Парламент гэж байгуулагдаад, Европын комисс гэж Засгийн газар нь бий болоод, Европын зөвлөл гээд бүр ч өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий. Нэг ийм байгууллагын хүрээнд асуудлуудаа шийдэж ярилцдаг, зарим нь бүр нэгдсэн мөнгөн тэмдэгттэй явж байгаа. Европын ард түмэн ингэж асуудлаа шийдэж байна.

Тэгвэл Азид ийм бүтэц байна уу? НҮБ-ын гишүүн 48 улс орон Азид байдаг. Монгол Улсаас нэг санаачлага гарсан. Энэ 48 орон цуглаад ярьдаг нэг механизмтай болох юмсан гэж. Өнгөрсөн жил бид ярьж байгаад гаргасан энэ санаачлагаа цаашид үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Энэ санаачлагаа Азийн форум буюу “Asia forum”гэж нэрлэсэн. Монгол хэл рүү хөрвүүлбэл Азийн чуулган гэж байгаа. Ази яаж үйл ажиллагаа явуулж байна вэ гэхээр нэг бол газарзүйн байрлалаар, Хойд, өмнөд, баруун, төв Ази гэх жишгээр явдаг. Эсвэл тодорхой салбараар, Азийн хөгжлийн банк ч гэдэг юм уу, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ч гэдэг юм уу иймэрхүү чиглэлээр, салбараар ажилладаг. Бүхэлд нь энэ тивийг нэгтгэсэн ийм зохион байгуулалт байхгүй байгаа юм. Үүнийгээ мэргэжилтнүүдийн түвшинд ярилцах боломж гараасай гэсэн ийм бодол бидэнд байдаг юм аа. Манай Азийн нэг онцлог бол улс орнууд нь, хүмүүс нь хэдийгээр ойролцоо царайтай хүмүүс байдаг боловч тэнд түүхэн асуудлууд байна, зөрөлдөөн маргаан бий, нэг ширээний хоёр талд суухад хэцүү тийм улс орнууд хүртэл байдаг. Тийм учраас тэдгээрийг хамтарч суулгаж ярилцдаг механизм хэрэгтэй байж болох юм. Мэдээж эрх тэгш байх ёстой, бие биеийнхээ тусгаар тогтнол, бие даасан байдлыг үргэлж хүндэтгэж байх ёстой, энэ бол гол зүйл.

АСЕМ нь НҮБ юм уу, бусад улс оронтой харьцуулахад тийм олон төлөөлөлтэй биш. 53 гишүүнтэй, 51 улс орон, хоёр байгууллага гишүүнээр элсээд, төлөөлөл нь хэт их ч биш, бага ч биш. Би бол гишүүнчлэл нь 60 орноос хэтрээд нэг их хэрэггүй байж магадгүй гэж боддог. Монголд хурал болоход тодорхой хэмжээний шинэ улс орон гишүүнээр элсэх тухай асуудал яригдах байх. Цаашид мэдээж үүн дээр тодорхой шалгуурууд тавигдаж эхлэх байх гэж бодож байна. Их олон болоод эхлэхээр уулзалт үр дүнтэй болж чадахгүй хандлагатай байдаг.

АСЕМ-ын хамгийн гол онцлог бол албан бус. Ер нь олон улсын хуралд яваад очиход Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр засгаа төлөөлж байгаа улсуудад бүгдэд нь нэг төлөвлөгөө байдаг. За энэ орны Ерөнхийлөгч ирж байгаа юм байна, би нэг уулзаад авъя, тэр орны Ерөнхий сайд ирж байгаа юм байна надад ярих асуудал бий. Тэгээд хоёр талаараа яриад, хэрэв бүтэхгүй бол тааралдмагцаа шууд гар бариад л ярьж эхэлдэг. За нэг ийм асуудал, ийм зүйл байна гээд ярьж байх жишээтэй. Яг үүгээрээ бол ямар нэг цаас гаргадаг, өндөр индэр дээрээс үг хэлдэг хурал төдийлэн үр дүнтэй байж чаддаггүй. Дэлхий дээр ямар ч орны Ерөнхийлөгч байсан түүнийг ярих ёстой улстайгаа, ярих ёстой улсынхаа төлөөлөлтэй яриад авах юмсан, нүүр тулаад үг хэлээ солилцчих юмсан, наад зах нь шинээр Ерөнхийлөгч болсон, шинээр Ерөнхий сайд болсон юм гэнэ тэр хүнтэй гар барьчих юмсан гэсэн хандлага байдаг. Үүнийг АСЕМ бүрэн хангаж өгдөг. Үүгээрээ л АСЕМ онцлог байгаа юм. Хувь хүмүүсийн хоорондын ойлголцлоор, тэр удирдагчдын ойлголцлоос тухайн улс орон, тухайн ард түмний харилцаа маш их шалтгаалдаг гэдгийг Та бүхэн мэдэж байгаа байх.


 

-АСЕМ-ын гол үйл ажиллагаа юу вэ?

-Мэдээж АСЕМ гэдэг энэ байгууллага улс төрийн салбарт, эдийн засгийн салбарт, тэгээд нийгэм, соёлын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Та бүхэн бүгдээрээ харж байгаа, улс төрийн салбарт 14 төрлийн үйл ажиллагаа, санаачлага байнга явдаг, эдийн засгийн салбарт 51, нийгэм, соёлын салбарт 41 байна. Бүхий л салбар орж байгааг харж байна. Хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, био түлш, харилцаа холбоо, хүүхдийн халамж, хамтын ажиллагаа, насжилт, терроризм, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, цахим худалдаа, гамшиг, дипломатын бодлого, яриа хэлэлцээ, бүтээн байгуулалт, соёл, гааль, компанийн хариуцлага, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, санхүү, хүрээлэн буй орчин, ойжуулалт, хүйсийн тэгш эрх, глобал засаглал, ногоон хөгжил, өв уламжлал гээд ингээд яривал ийм олон салбарт АСЕМ үйл ажиллагаа явуулдаг юм. Дэлхий дээр ийм олон салбарт хүмүүс бие биетэйгээ ярилцах, ойлголцох боломж гардаг. Энэ бол зөвхөн эхний хуудас нь. Дараагийн хуудас нь үргэлжилнэ. Цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдал, далайн гэмт хэрэг, худалдан авалт, нийгмийн эрүүл мэнд, технологи, тогтвортой байдал, Транс-Европын сүлжээ, тээвэр, усны асуудал, залуусын асуудал, ажил хөдөлмөр, оюуны өмч, хөрөнгө оруулалт гээд ийм олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.

АСЕМ бидэнд ямар хамаатай юм бэ, бид АСЕМ-д ямар хамаатай юм бэ гэх биш энэ үйл ажиллагаануудад бид идэвхтэй оролцож байж эндээс бид авах юмаа авна, ойлгуулах юмаа ойлгуулна. Ерөөсөө энэ дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтөн бид нэг гэр бүл юм. Бид өөр өнгө зүстэй, өөр улс орон, зохион байгуулалтад харьяалагддаг ч энэ дэлхийн хувь заяа гэдэг бол энэ долоон тэрбум хүнээс шалтгаална. Тэр дотроо манай хоёр тивийн улс орнуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна.

Дараагийн нэг зүйл бол энэ цувралаар болдог арга хэмжээ. Дээд хэмжээний уулзалтууд, Парламентын түвшний уулзалтууд. Мөн Сайд нарын түвшний уулзалтууд гэхэд дэлхийн улсуудын Засгийн газарт байдаг бүх чиглэлийн сайд нарын уулзалт байдаг. Албаны төлөөлөгчдийн уулзалт, албан бус төлөөлөгчдийн уулзалтууд ч гэж бий. Сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт, залуусын уулзалт, худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалт, бизнесийн уулзалт гээд үргэлжилнэ. Энэ цувралаар явдаг үйл ажиллагаанууд байнгын үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй. Энд манай бизнесийнхэн, манай залуучууд, ард иргэд, олон улсын бодлогыг сонирхдог, үнэхээр нутгийнхаа хилээс гараад, наад зах нь бүс нутгийнхаа хэмжээнд, цаашилбал дэлхийн хэмжээнд гараад сэтгэе гэж бодож байгаа хүмүүс үүн рүү л орж байх хэрэгтэй. Үүгээрээ бас чухал үйл ажиллагаа гэдгийг хэлье гэж бодсон юм.



 

-Монголд АСЕМ ямар хамаатай юм бэ? АСЕМ гээд л яриад байх юм, Монголд ямар ашигтай юм бэ?

-Би энд нэг түүхэн гэж хэлж болох баримт авчирсан, үүнийг Та бүхэнд харуулъя. 2005 онд би Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэр үед л АСЕМ-ын тухай манай гадаадад суудаг Элчин сайдууд мэдээлж байсан. АСЕМ гэж ийм байгууллага бий гэж. Монгол Улс ер нь энэ байгууллага руу орох хэрэгтэй гэж тэр үеэс ярилцаж эхэлсэн. Нэг сонирхолтой түүх дурдахад 2006 онд Финландын нийслэл Хельсинк хотноо “Чингис хаанаас АСЕМ хүртэл” гэсэн сэдэвтэй олон улсын хурал болж байсан. Зарим нь итгэхгүй байх. Гарсан товхимол нь миний гарт байна. Үнэхээр Монгол бол АСЕМ гэдэг зүйлд хамааралтай юмаа, бүр түүхийн үүднээс, 800 жилийн өмнөөс хамааралтай, бид шинэ улсууд биш ээ гэдгийг харуулж байгаа юм. Манай судлаачид, манай дипломатчид очиж, мөн олон улсын эрдэмтэд очиж ингэж ярьж байсан. Тэр үед бид Их гүрэн байгуулагдсаны 800 жилийнхээ ойг тэмдэглэж байлаа. Тэр ойн бас нэгэн арга хэмжээ болж байсныг энд дурдах хэрэгтэй болов уу.

Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй гээд яривал Монголд АСЕМ бол туйлын чухал хамааралтай. Дээрээс нь миний хэлэх гэсэн хоёр дахь зүйл бол ер нь Монгол Улс газар зүйн байрлалаасаа болоод дэлхийн, олон улсын, хүн төрөлхтний үйл ажиллагаанд байнга оролцоод байж чаддаггүй. Үнэхээр зарим улс орон хэлдэг, хамгийн алс, хамгийн түгжигдмэл улс гэж. Тийм шүү дээ. Энэ хоёр том, нэг нь дэлхийн хамгийн том газар нутагтай, нөгөөх нь маш том газар нутагтайн дээр хамгийн хүн ам ихтэй хөршөөр хүрээлэгдсэн. Хүн, олон улсын байгууллага ирэх нь байтугай бараг байгалийн салхи, үйл явц яваад ирэхэд хүч нь тамирдаж орж ирдэг, замдаа Уралын нуруу давалгүй бороо нь ороод, цас нь тогтоод явдаг ийм газар байхгүй юу. Тийм учраас бид НҮБ-ын гишүүн болсон.

Одоо та нарыг босгоод асуувал голдуу эдийн засгийн байгууллагуудын нэрийг хэлэх байх. Монгол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, Монгол Азийн хөгжлийн банкны гишүүн, Монгол Дэлхийн банкны гишүүн, Монгол Олон улсын валютын сангийн гишүүн гээд л. Тэгээд цаашаа юу байна вэ? Ер нь улс төр, эдийн засаг гээд олон салбарт хамтарч ажиллахнэг гол байгууллага бол НҮБ-ын дараа АСЕМ юм. Сая та бүхэн миний танилцуулгаас АСЕМ ямар өргөн хүрээтэй байгууллага болохыг харлаа. Ази, Европын энэ үйл ажиллагаанд, Ази, Европ хоёр тивийн яг дунд нь байгаа Монгол Улсын хувьд энэ үнэхээр чухал байгууллага. Бид хаягдаж, үлдэх ёсгүй. Монголоос дэлхийд хамаардаг зүйл байх ёстой. Бидний үйл ажиллагаа, бидний дуу хоолой хаа нэгэн газар дутагдаж байх ёстой. Тийм учраас бид ийм болохын төлөө өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Ийм болохын төлөө ажиллаж байгаа ийм улс юм. Энэ утгаараа маш чухал.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 196 орон бий. Одоо Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд дунд ярьдаг. Намайг Давост очиход ярьж байсан. Чөлөөт худалдааны хэлэлэцээргүй ганцхан орон дэлхий дээр байдаг юм байна. Тэр нь аль вэ гэсэн Монгол. “Үгүй, та нар чинь тэгээд ямар ч улстай худалдаа хийдэггүй юм уу, ямар сонин орон бэ” гээд. Хоёр, гурван жилявсаар байгаад бид Япон улстай анхны чөлөөт худалдааны хэлэлцээрээ байгуулж байна. Энэ бол том амжилт шүү дээ, Японы талаас ч, Монголын талаас ч энэ чиглэлд ажиллаж байгаа олон хүмүүсийн. Одоо бид цаашид өөр орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр ямар хүрээнд, яаж хийх вэ гэдгээ ярих бололцоотой болж байна л даа. Хамгийн гол нь дэлхийд Монголын хамаарлыг нэмэгдүүлэхл хэрэгтэй. Ингэж байж Монголын жин нэмэгддэг юм. Спортоор бол бид аль болох олон төрөлд л оролцох хэрэгтэй. Болж өгвөл амжилт гаргах хэрэгтэй. Энэ утгаараа их чухал байгууллага.

НҮБ-ын хүрээнд Монгол Улсбүсээр нь ялгасан бүлэгт ордоггүй. Тэгээд 77-гийн бүлэг дотор л явдаг. Хуучин социализмын үед Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэж байдаг байсан. Одоо ч яах вэ, хуучин инерцээрээ явж л байгаа. Гэхдээ л Монгол Улс аль болох олон хурал, чуулганд оролцоод л явж байгаа. Тэгэхээр гадаад нэр хүнд, гадаад харилцаа, ойлголт гэдэг нь улс орон, тухайн ард түмэнд ямар чухал юм бэ гэдгийг бидний өвөг дээдэс 800 жил, түүнээс бүүр өмнө Хүннүгийн үед ч маш сайн ойлгож байсан. 100 гаруй жилийн өмнө тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авч байхдаа хамгийн түрүүнд л эрх чөлөө, тусгаар тогтнолыг зөвшөөрч өгөөч ээ гэж тэр үед дэлхийн өндөр хөгжилтэй гэж нэр төр нь дуулддаг найман улсад Богд хаан захидал бичиж байсан. Монгол гэж ийм орон гараад ирлээ, бид өмнө нь байсан, эрх чөлөөгөө сэргээн тогтоогоод авлаа, хүлээн зөвшөөрөөч, харилцаа тогтоогооч, худалдаа хийе, хүн явуулж сургая, хүмүүсээ ирүүлээч гэж. Тэгэхээр энэ бол ямар чухал үйл ажиллагаа вэ гэдгийг Та бүхэн харж байгаа байх аа. АСЕМ-аар дамжуулж холыг ойртуулна, хоёрыг уулзуулна гэдэг шиг энэ арваннэгдүгээр уулзалт бол ийм л зүйл болох байх. Тэгэхээр энэ чиглэлд бид идэвхтэй ажиллах ёстой гэж бодож байгаа.

-АСЕМ-ыг, улс төрийн олимпийг Монголд хэн ав гэсэн юм бэ?

-Би нэг сониноос үүнийг уншиж байсан юм. Хэн ав гэсэн юм бэ? Хэн ч ав гээгүй гэж. Зүгээр л бидний үйл ажиллагаа, Монгол Улсын гадаад бодлого, нэр төр олон улсын энэ хурлыг Монголд зохион байгуулах хэмжээнд хүрсэн байхгүй юу. Бидний жин тэнцсэн юм. Бидний олон улсын үйл ажиллагаанд оролцож байгаа оролцоо, бидэнд итгэх итгэл.

Бид ардчилал, олон ургальч үзэл гээд л заавал хуваагдаж, заавал бие биеийгээ доош нь хийж, заавал бие биеийгээ шүүмжилж амьдрах ёстой юм шиг бодох юм. Тэгэхгүйгээр нэгдэж, нийлээд, болж, бүтэж байгаа зүйлээ тал талаас нь дэмжээд хийдэг ажил гэж байдаг юм. Улс орны ажил ихэнх нь тэгэж явах ёстой шүү. Би бол АСЕМ тэгэж явах ёстой ажил гэж боддог. Гадаад бодлого бол тэгэж явах ёстой ажил гэж би боддог.Монголын нэр төр, жинг нэмэх үйл ажиллагаа тэгэж л явах ёстой гэж боддог. Хүн шүүмжилье гэвэл юунаас ч өө олж харж болно. Нарнаас ч шүүмжлэл олж болно, халуун байна, хэт шарж байна гэж. Гэхдээ нөгөө талаас нь харвал, тэр ямар гайхамшигтай юм бэ, түүний ач холбогдлыг олж харж болно. Бүтээе гэвэл, сайн талаас нь харъя гэвэл бүх зүйлийг сайн талаас нь харж болно. Юмыг сайн талаас нь хардаг, бүх зүйлийг бүтээх талаас нь хардаг, юмыг дэмжиж, өөрийн хувь нэмрийг оруулах талаас нь явдагзалуучууд одоо дэлхий дээр үнэлэгдэж байна. Ийм залуус, ийм улс төрийн бодлоготнуудыг дэлхий үнэлдэг болсон. Босоод л нэг шүүмжлэл хэлдэг, босоод л хашгирдаг, өнөөдөр манайд популизм гэж нэрлэдэг ийм зүйл бол дэлхийн түүхээс хаягдаж байна, улам холдон алсарч байна. Түүнийг үнэт зүйл гэж үзэхээ больсон. Хүүхэд хүртэл шүүмжлэл хэлж чаддаг юм шүү дээ. Хамгийн гол нь энэ явж байгаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах бол их чухал зүйл юм.

Нэг үгээр хэлбэл, мориор яривал, Монгол Улс АСЕМ-ын хүрээнд айрагддаг морь. Бөхөөр яривал шөвгөрөх чадалтай бөх л болсон байхгүй юу. Тийм учраас Монгол Улс Та нар яагаад АСЕМ-ыг авч байгаа юм бэ гэж нэг ч гадаад хүн надаас асуугаагүй. Энэ л гайхамшиг. Хэн ч гайхаагүй байхгүй юу. Монгол авах ёстой, Монгол чадна, бид итгэж байна, Та нар сайхан зохион байгуулж чадна гэж бидэнд итгэсэн. Та нар яах гэж авч байгаа юм бэ, ямар учраас авч байгаа юм бэ гэж хүний хүн биднээс асуугаагүй. Тэгэхэд манай хүмүүс яагаад авсан юм бэ, хэн үүнийг ав гэсэн юм бэ гэнэ. Тэгэхээр ер нь Монголыг харахаараа Монголыг хүндэтгэх хүндлэл бол энэ хэмжээнд хүрсэн юм шүү гэдгийг энд хэлэх нь зөв байх.

-Бэлтгэл ажил юу болж байна вэ?

-Үүнд хариулахын тулд би нэг түүх ярья гэж бодож байна. 2014 онд Италийн Милан хотоос 51 улс, дээрээс нь хоёр байгууллагын далбаа хүлээж аваад зогсож байхад, тэр мэдээгээ нааш нь Монгол руу дуулгахад, ер нь тэгье ч гэж бодоогүй, манай УИХ-ын дарга, Ерөнхий сайд гараад хэвлэлээр шууд мэдэгдэл хийж байсан. АСЕМ-ын эрхийг Монгол авлаа гэж. Нөгөө олимпийн эрхийг авлаа гэдэг шиг зарлаж, баярлаж байсан. АСЕМ, хөөх тийм том хурал авсан юм уу? гэж. Би шүүмжлэгчдийг, өөрөөр харж байгаа хүмүүст хүндэтгэлтэй ханддаг. Бид чадах болов уу? Бид хийх болов уу? Наад зах нь хийхдээ Монголынхоо нэр хүндийг зөвөөр гаргаад, сайнаар гаргаад хийчих юмсан гэсэн тэр сэтгэлийн үүднээс л тэгэж хандаж байгаа юм. Үүнийг улам сайн зохион байгуулаасай гэсэн тэр сэтгэл цаад талд нь байгаа гэж итгэдэг. Монгол хүний сэтгэл уужим шүү дээ. Тийм учраас тийм байдаг гэж би хувьдаа харж байгаа. Тэгээд түүний дараа ҮАБЗ хуралдсан. Тэгээд эндээс манай Үндэсний хороо байгуулагдаж, одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалж байна. Үндэсний хороо өөрийн ажлын албатай, ажлын зургаан хэсэгтэй.

Мэдээж томоохон хурал хийхэд хурлын байр сууц, дээр нь зочид төлөөлөгч ирэхэд зочид буудал гэхчлэн зохицуулах маш том ажил байдаг. Үүнийг П.Цагаан дарга хариуцдаг. Д.Дорлигжав сайд хил, аюулгүй байдал, хамгаалалттай холбогдсон асуудлыг хариуцаж байгаа. Зам, тээврийн сайд М.Зоригт тээвэр, зам харилцаа, технологи, харилцаа холбооны бүх асуудлыг хариуцаж ажиллаж байгаа. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дээд хэмжээний уулзалтаас гарах баримт бичиг, хурлын үеэр явагдах үйл ажиллагаа, яригддаг, хэлэлцдэг, улс орнуудад болж буй үйл ажиллагаа, бүх л яриа хэлэлцээрийг хариуцаад оролцож байгаа. Соёл, урлаг, нийгмийн шинжтэй арга хэмжээний чиглэлийн бүх ажил Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн нуруун дээр байгаа. Дээрээс нь олон нийттэй харилцана, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцана гэж маш их ажил бий. Үүнийг А.Ганбаатар зөвлөх хариуцаж буй. Хэрэв энд ийм чиглэлээр би ажиллая, ийм чиглэлээр би хувь нэмэр оруулмаар байна, одоо л нэг Монгол хүн болсных энэ үйл ажиллагаанд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулъя, хариу нэхээгүй тус гэдэг шиг тусалъя гэж бодож байгаа бол Ажлын энэ зургаан хэсэг рүү Та бүхэн холбоо барихад хангалттай.

Дээрээс нь бас нэг зүйлийг энд нэмж хэлэхэд, АСЕМ гэдэг энэ байгууллага өөрийн нарийн бичгийн дарга нарын газаргүй юм. Нэг үгээр хэлбэл, албан ёсны хуралдаан тарсны дараа албан ёсны нэг улсын нийслэлд байж байдаг ийм газар байхгүй. Тийм учраас даргалж байгаа улс орон, хурал хүлээж авч байгаа улс орны нуруун дээр гол ачаа нь ирдэг юм. Тиймээс бид онцгой анхаарах ёстой. Монголчууд чадна, МонголУлс бол үүнийг хийх чадвартай улс орон юм гэж би хувьдаа ардтүмэндээ, энд байгаа нийт хүмүүстээ итгэдэг юм.

-Зочдоо яаж угтаж авах гэж байна вэ? Бэлэн байна уу?

-Ер нь асуулт асуух, шүүмжлэхийн оронд би юу хийх вэ, чи бэлэн үү гэж асуухын оронд үүнийг бэлэн болгоход би яаж оролцох вэ гэж асуувал би хувьдаа баярлана. Ер нь миний нэг хэлдэг хариулт бол байгаагаараа л угтаж ав, бид байгаагаараа л байя. Ер нь айл ч  гэсэн. Цагаан сараар бие биенийдээ очдог биз дээ. Цагаан сараар хүмүүс ирнэ, аливхөшгөө угаая, шалаа цэвэрлэегээд л наад зах нь тоос шороогоо арчих гээд гүйдэг. Ирэхэд нь буузаа бэлтгэе гээд л, долоо найм хоногийн өмнөөс буузаа хийгээд хөлдөөж эхэлдэг биз дээ. Тэгээд л хүнээ тоолоод л, энэ жил 70 хүн ирсэн, ирэх жил 200 гарч магадгүй, манайд бол 500 гаруй хүн ирсэн. Яг иймэрхүү маягаар л зохион байгуулалт хийдэг шүү дээ. Хоол ундаа бодоод л, юугаа үзүүлж харуулах вэ гэдгээ төлөвлөөд л. Монголчууд монгол айлдаа зочлоход ийм байдаг байж. Одоо Монголд анх удаа ирж үзэж байгаа, Монголд очих юмсан гэж бодож байсан тэр хүмүүс ирэхэд бид юугаа үзүүлэх вэ?

Монголд үзүүлэх юм их бий. Монгол соёл гэдэг бол гайхамшиг. Ерөөсөө Монгол үндэстэн гэдэг бол үүгээр ялгардаг. Агуу их соёлтой, агуу их уламжлалтай, агуу их түүхтэй, агуу их эрх чөлөөтэй, ийм боломжтой орон байхгүй юу. Бид үүнийгээ л харуулна. Бид байгаагаа л харуулна. Бид хүмүүсээ угтаж авна. Бид боломжтой газрууддаа байрлуулна, тэр хурлыг зохион байгуулахын төлөө явна. Тэр хурлын дундуур хоол унд, бүх чиглэлийн үйл ажиллагаанд онцгой анхаарах ёстой. Үзүүлбэр, хувцас хунар, концерт, дуу, ардын урлаг, бид юу чаддаг вэ? Нөгөө л морь, тэмээ унуулдаг, нөгөө л айраг уулгадаг, сайхан гэж бодсон зүйлээ, монголчуудын дурладаг зүйлээ өгнө, харуулна. Бид яагаад юманд дурладаг вэ? Хүн л дурладаг юманд бид дурладаг байхгүй юу. Хүн л сайхан гэж үздэг зүйлийг бид сайхан гэж үздэг. Тийм учраас байгаагаараа л угтаж авъя. Сая ажлын хэсгийн мэргэжилтэн ирээд явахдаа хэлсэн “АСЕМ бол сорилт шүү. Аль ч оронд сорилт учирдаг. Гэхдээ бид хамтарч ажиллана аа” гэж. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж үг байдаг даа. Бидэнд шийдвэрлэх шаардлагатай, хүндрэлтэй, хэцүү асуудлууд бий. Эдийн засгийн хүндрэл, санхүүгийн хүндрэл, ямар хүнд нөхцөлд бид байгаа билээ, бид сайн мэдэж байгаа. Энэ тухай би дараа дараагийн асуултад хариулна.

-Иргэд байгууллага, олон нийтийн зүгээс оролцъё гэвэл ер нь яах вэ?

-Энд би нэг зүйлийг онцолж хэлье гэж бодсон юм. АСЕМ-ын арга хэмжээ бол Монгол Улсад 100 жилд нэг удаа болох арга хэмжээ шүү. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл гишүүн 51 оронтой учраас хоёр жил тутамд гишүүн орнууддаа тойроод хийхээр 100 жилийн дараа л Монголын дараагийн үед АСЕМ-ын хурлыг авах байх. Ийм хариуцлагатай, 100 жилд нэг болох гэж байгаа энэ арга хэмжээг бид хүлээж авч байгаа. Тийм учраас энэ бол том хариуцлага юм гэж бодож байна.

            Энд оюутан залуучууд байна. Би ийм сайн хэлтэй, би ийм олон хэл мэднэ, би ийм чадвартай гэвэл бүртгүүлэх хэрэгтэй, манай залуучууд. Оюутнууд бүртгүүлээд эхэлсэн, сайн байна. Би тэр улсуудад орчуулагч хийе, би тэр хүмүүсийг дагуулж явъя, хөдөө явбал би тийм газарт аваачъя, ийм газарт манай амралтын газар, жуулчны бааз бий. Хөдөө явахад ийм үйлчилгээний газар, жийп сервис байна, аюулгүй байдлыг нь хангадаг улсууд нь байна гээд ханд л даа. Магадгүй энэ үйл ажиллагаанд олон хүн оролцож байгаа учраас за энэ боломжтой, за үүн дээр бол болно, үүн дээр асуудал байгаа гээд та бүхэнтэй ярилцах зүйл гарах байх л даа. Тэгэхээр энд хамгийн гол бидний тулгуурлах багана бол манай олон нийт. Олон нийт, сайн дурынхан, дараа нь манай бизнесийнхэн. Мэдээж манай төрийн байгууллага бий. Энэ гурван тулгуур багана дээр л тулгуурлаж бид ажлаа хийнэ дээ гэж бодож байгаа. Бас манай хэвлэл мэдээллийнхэн. АСЕМ-д очоод л тэр эрхийг авч байхад намайг дагаж явж байсан хэвлэлийн сэтгүүлчид хэлэх үгээ олохгүй байсан, ямар сайхан юм бэ гэж. Тэр заал дүүрэн 600 гаруй сэтгүүлчийн өмнө гараад Монгол Улс эрхийг авлаа гээд мэдэгдэл хийгээд алга ташуулаад, Монголд ирээрэй, ийм ийм соёлтой, боломжтой орон шүү гээд хэлэх ямар гоё байдаг юм бэ. Тэр сэтгэл мэдээж Монголд ямар нэгэн маягаар, дусал төдий ч мэдрэгдсэн л байх гэж бодож байна. Ирсний дараа манай хэвлэл мэдээллийнхэн нэгдээд, “АСЕМ-д хамтдаа” гэдэг уриа дэвшүүлээд, ерөөсөө бид АСЕМ-ын үйл ажиллагааг сурталчлахын төлөө явъя, үүн дээр хамтарч ажиллая гээд бүх чиглэлээрээ ажиллаж байгаа. Би үүнд нь баярлаж байгаа.

Манай ялангуяа технологийн чиглэлийн компаниуд маш идэвхтэй ажиллаж байгаа. Би заримынх нь нэрийг хэлж болно, заримынх нь нэрийг магадгүй би энд бичиж аваагүй ч байж болно. “Жем нэт”, “Скай”, “IT Zone”, “Sound of Mongolia”, “Айсатком”, “Call Pro”гээд дурдаж болно. Одоо фэйсбүүк, твиттерээр миний яриа шууд дамжиж байгаа. Ингээд бүгдээрээ үйлчилгээгээ хандивлаад, эсвэл хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлээд орж байгаа. Би бодож байгаа юм. АСЕМ-ын хэвлэлийн төв гээд гарна. Энэ улсуудын нэрийг, энэ аж ахуйн нэгжүүдийн нэрийг тэр хэвлэлийн төвүүдийн ханан дээр жирийтэл бичээд дэлхий нийтэд харуулах хэрэгтэй.

51 улс, олон улсын хоёр байгууллагын  өндөр дээд хэмжээний төлөөлөгч Монгол Улсад, жишээлбэл, ОХУ-ын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Канцлер, Японы Ерөнхий сайд ирж байна гэдэг бол дэлхийн мэдээ л болно. Энд, тэнд болж байгаа нэг хурал, нэг үйл ажиллагаа, тэнд болж байгаа нэг мэдэгдлийг л манай хэвлэлүүд бичдэг шүү дээ. Яг түүнтэй л ижил. Дэлхийгээр нэг Монгол, Монгол, Монгол гэдэг нэр явах болно. Түүний цаана ийм чадвартай юм байна, ийм хүмүүс байдаг юм байна, ингэж Монгол зохион байгуулдаг юм байна, ингэж Монгол хамтарч ажиллаж чаддаг юм байна гэж ярина. Үзүүлэх гэснийг л хүн хардаг байхгүй юу. Бид сайн юмаа л үзүүлье. Мэдээж өө харсан хүнд өө харагдах л байх.

Би нэг зүйл харуулъя. AIRBNB гэж. Энэ жишээлбэл, бид зочид буудлын тухай Ажлын хэсгийн хурал хийгээд ярьж байхад л, маш олон хүн ирэх юм байна шүү дээ, 4000-5000 хүн ирэх юм байна, манай стандартад нийцэх хэмжээний зочид буудал бол сайжруулаад, сайжруулаад 3000 хүн хавьцаа байна шүү дээ. Та бүхэн гэртээ харихаараа сонирхоод үзээрэй,AIRBNB гээд дэлхий даяар байдаг хүн амьдрах сүлжээ бий. Би энэ сүлжээ рүү ороод харахад надад хамгийн сайхан сэтгэгдэл төрсөн зүйл бол нэлээд хэдэн гэр, айл хаягаа оруулчихсан байна шүү дээ. Таван ам.доллараар гэртээ байлгана гээд. Бид энд, тэндхийн хурал чуулганд явж байхад үнэ мөнгөнөөс шалтгаалаад зарим төлөөлөгчидайлын байранд  очиж буудалладаг шүү дээ. Эсвэл Та бүхэнАСЕМ-ын үеэр долоо хоног манайх хөдөө яваад өгнө, ийм юмтай гээд бичиж болно. Зочид буудалд биш айлд ирээд байрлах гаднынханд маш сонин байдаг байхгүй юу. Хэвлэл мэдээлийн байгууллагын таван хүн ирлээ, тавуулаа нэг байшинд, эсвэл гэрт. Болно шүү дээ. Мэдээж тодорхой тойрог, тодорхой хэсэг зарлагдах байх л даа. Зөвхөн та нар энэ дэлхийн хэмжээний энэ сүлжээнд орчиход л Монгол руу гэж явж байгаа жуулчин орно. Та нараас ганцхан зүйл асууж байгаа. Одоо зарим нь интернэтэд орж шалгаж байх шиг байна. Ороход и-мэйл хаягийг чинь л асууна, тэгээд л боллоо. И-мэйл хаягаа оруул. Энэ амьдрал, шинэ санаачлага, бизнес, харилцаа холбоо гэдэг зүйл бол гар утсан дээр чинь, таны алган дээр хүрээд ирсэн байна. Үүнийг ашиглаж чадахгүй, би, миний амьдрал муу байна, алив энэ төр юу хийж байгаа юм бэ гэж орилж суугаа бол одоо юу гэж хэлэх вэ дээ!

Ийм боломж Та бүхэнд байгаа. Бүгдээрээ л оролцоод хийе. Энд бүртгүүлчих. Машин унаа гээд л ярьж байгаа. Тодорхой загвар, чиглэл, өнгө гээд тодорхой шаардлага хэлэхэд л бид төдийг явуулна, ерөөсөө үнэгүй явуулчихъя, хөнгөлсөн түрээсээр явуулъя. Мэдээж төр засаг авах ёстой улсуудаа аваад явна л даа. Гэхдээ тодорхой хэмжээний ажлууд гарна. Үүн дээр ингэж л хамтарч ажиллах хэрэгтэй. Ингээд бүгдээрээ мэрийгээд ажиллавал хийж чадна аа гэж би хувьдаа бодож байгаа.

-Монголд хэн тусалж байна вэ?

-Би түрүүнд хэлсэн. АСЕМ-ыг даргалж байгаа улс гол ачаагаа үүрдэг. АСЕМ-ын гишүүн орнууд тусалдаг. Бид АСЕМ-ыг авсан тэр үеэс эхлээд л би тодорхой улсын төр, засгийн тэргүүн нартай ярьж байгаа. Миланд эрх авахдаа л тэнд таарсан төр, засгийн тэргүүн нарт АСЕМ-ын эрхийг авлаа, танай туршлага, туслалцаа хэрэгтэй байна гээд яриад эхэлсэн. Олон орон, дээрээс нь АСЕАН, Европын холбоо гээд байгууллагууд бидэнд тусалж байгаа. Тийм учраас эдгээр байгууллагад бид баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Үргэлжилсэн яриа хэлэлцээнүүд хийж байгаа. Ингээд олны хүчээр бид ажлаа сайн зохион байгуулж чадна гэж бодож байна.

-АСЕМ яаж санхүүждэг вэ?

-Яг үнэндээ АСЕМ-д санхүүжилт байхгүй. Гишүүнчлэлийн мөнгө гэж байхгүй. Тийм албан ёсоор төлдөг санхүүжилт огт байхгүй. Хариуцаж байгаа орон нь хариуцсан ажлаа хийгээд л явдаг бүтэц. Үүгээрээ л АСЕМ онцгой. Үүгээрээ л АСЕМ чухал байгууллага. Энэ хэлбэрээр нь байлгая гэж үздэг. АСЕМ-д сан гэж байдаг л даа. Сингапурт байрладаг юм. Тэгээд энд бол улс орнууд хандив л өгдөг. A, B, C гэхчлэн хандивын хэмжээ, чиглэлийг нь ерөнхийд нь гаргаад өгчихсөн байдаг. Монголыг бол A гэсэн хэсэгт нь оруулчихсан байдаг юм. Ази, Европын сан ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэвэл иргэдийн хоорондын солилцоо, оюуны, соёлын, боловсролын солилцооны чиглэлээр ажилладаг.

АСЕМ-ыг зохион байгуулахад манайх төсвөөсөө хэчнээн хөрөнгө зарж байна вэ?

Гадаад хэргийн яамны төсөвт тусгаж өгсөн, ярьсаар байгаад. Бид уг нь 2010 онд яриад, аваад, төлөвлөөд хийе гэж бодож байсан. 2010 онд л 50 тэрбум төгрөг гаргаад зохион байгуулъя гэж бодож байсан улс шүү дээ. Түүн дээр нэг ч тэрбум төгрөг гаргаж чадаагүй. АСЕМ гэдгийг авснаас хойш, би Гадаад хэргийн яамнаас мэдээ авсан Монгол Улс 700 сая төгрөг л зарсан байна. Бод доо. Энэ жил, энэ долдугаар сард АСЕМ-ын хамгийн гол зардлууд гарна. Өндөр дээд хэмжээний төлөөлөгч ирэхэд наад зах нь 1+3, 1+5 гээд бид тэр хүмүүсийг хүлээж авна, зардлыг нь даана. Аль ч улс оронд тэгдэг юм аа. Бид бас тэр зардалдаа зохицуулж явахыг хичээдэг. Машин унаа, хоол унд, үзнэ харна гээд зөндөө олон зүйл бий.

Гадаад хэргийн яамны дансан дээр бид 21 тэрбум төгрөг л суулгаж өгсөн. Та нар мэдэж байгаа байх. Одоо сонгууль болох гэж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа нэг нам л 20, 30 гаруй тэрбум төгрөг зарцуулчихсан байдаг шүү дээ. Зөвхөн Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн дүн нь шүү. Цаана нь хэчнээн тэрбум нь үлдсэн байдаг юм, бүү мэд. Хэвлэх үйлдвэрийн газар гээд л дуудлага худалдаагаар худалдахад 23 тэрбум гаруй төгрөг болсон шүү дээ. Түүнийг л зарахад бид АСЕМ-ыг зохион байгуулах боломжтой байхгүй юу уг нь. Тэгэхээр манайхан ийм хардамтгай. Мөнгөнөөс нэг муу яриа гардаг юм л даа. Бид мэднэ ээ. Бид мөнгийг хариуцлагатай зарцуулах ёстой. Мөнгийг ил тод зарцуулах ёстой. Бид энэ чиглэлийг өгч байгаа. Данс нь шилэн байх ёстой. Зарлага, орлого нь тодорхой байх ёстой. Мэдээж улс орнуудтай аюулгүй байдлын чиглэлээр ярьж, хийж байгаа зүйл бий. Энэ бүхэн зарлагадаад байдаггүй, ийм салбар.

Гадаад хэргийн яамны дансан дээр байгаа 21 тэрбум төгрөг, улс орнуудаас авч байгаа тусламж энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа энэ бүх үйл ажиллагаа бол явна аа гэдгийг энд хэлчих нь зөв байх гэж бодож байна.

-Зочид буудал, байр, энэ бүхнийг барихад төсвөөс мөнгө орсон уу?

-Төсвөөс нэг ч төгрөг ороогүй. Бид ярьж байгаад л, жишээлбэл, байр барья гэвэл төсвийн буудал гэж цөөхөн байдаг. Тэгээд бид байгаагаа өөд нь татъя, дахиад байр, зочид буудал барья, бусад улс орнууд хүртэл тосгоноор бариад АСЕМ-ыг зохион байгуулсан газар бий. Монголд ингэх шаардлага байхгүй ээ л гэж үзсэн. Монгол Улс бол ард түмнээрээ, нийтээрээ бүтээдэг улс. Түүнээс биш Ерөнхийлөгч нь хамгийн том зочид буудлын архитектор болоод, зургийг нь гаргаад, 17 удаа очиж үзээд, шалгаад бариулдаг биш. Монголын ард түмэн тэр сайн сайхныг өөрсдөө бүтээдэг. Тэр бизнес, тэр хөрөнгө, юмаа аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө бүтээдэг, бий болгодог юм. Тийм учраас бид бизнестээ итгэх ёстой. Өөрийнхөө бий болгож байгаа дэд бүтэцдээ итгэх ёстой.

            Тэгээд ярьж байгаад, дэмжлэг үзүүлье гэсэн. Дэмжлэг нь юу байх вэ? Мэдээж зээл. Зээлээ мэдээж банкнаасаа л авна. Тэртэй тэргүй төр дэмжсэн дэмжээгүй тэр буудлууд зээлээ аваад л явж байгаа. Тэгээд төрөөс уг нь ярьж байгаад тэр зээлийнх нь хүүг бууруулъя, Хөгжлийн банкнаас дөрвөн хувийн хүүтэй зээл гарч байна, тэр түвшинд хүртэл бууруулъя л даа гэж ярьж байгаад нөгөө арилжааны банкууд нь зээл өгье гээд яриад эхэлсэн. Гэхдээ дөрвөн хувиар биш, эрсдэлээ тооцоод ирэхээр тэр хүү нь гурав дахин нэмэгдсэн. Одоо зочид буудлуудын авчихсан байгаа хэдэн төгрөг бол зөвхөн зээл. Буцаагаад  төлнө, бүгдийг нь. Тэр банк, харилцагчийн л асуудал. Тэр хүмүүс нэмэгдэл ачаа л үүрч байгаа. Харин бид хүмүүсийг сургахад туслахаар Хөдөлмөрийн яаман дээр бүртгэж аваад, энэ ажил явж байгаа л даа. Олон зуун тэрбум төгрөг төсвөөс гаргаад, эргэж авахгүй цацаж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Бүр доод талын зээлийн хүү нь 14 хувь байна шүү дээ. Зарим зочид буудал нь зээлийн хугацаа чинь хэцүү байна, зургаан жил болгож өгөөч гэж гуйсан. Гэтэл зээлийг нь гурван жилээр л олгосон шүү дээ. Хугацаа нь хоёр жилээр багассан, ярьж байснаас, хүү нь гурав дахин нэмэгдсэн. Бид энэ бизнес эрхэлж байгаа, юм хийж байгаа, үүний төлөө зүтгэж байгаа хүмүүсээ шүүмжлэх биш, энэ хүмүүст бид баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Монголын нэр төр, энэ бүхнийг авч гарах гэж байгаа хүмүүст бид баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Юм хийж, бүтээх гэж хичээж байгаа хүмүүсээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш Ерөнхийлөгч нь улс орныхоо бүх өмч хөрөнгийг эзэмшдэг ийм улс Монгол биш. Манайх бол зүгээр л нэг айл, би Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтай жирийн нэг иргэн нь.

             Тийм учраас бид энэ чиглэлээр ажиллаж байгаа шүү гэдгийг хэлье. Үнэхээр энэ чиглэлд хамтарч ажиллаж, ачааны хүндийг үүрч байгаа хүмүүст бид талархлын үгээ хэлэхээс л өөр аргагүй юм гэж бодож байна.


 

-Удахгүй Монголд АСЕМ-ын ямар арга хэмжээнүүд болох вэ?

-Өмнө нь зөндөө олон арга хэмжээ гадаад, дотоодод болчихсон байгаа. Одоо зөвхөн энэ цаг мөчөөс хойш зохион байгуулагдахыг нь би харуулъя. Ази, Европын Парламентын түншлэл энэ дөрөвдүгээр сарын 21-22-нд болно. АСЕМ-ын гишүүн улс орнуудын Парламентынхан ирнэ. Манай хойд хөршид мөн Парламентын уулзалттай гээд зарлачихсан байна билээ. Тэнд байгаа төлөөлөгчид бас Монголд ирэх болов уу гэж харж байна. Хууль тогтоогчид ирж, тэдэнд тулгамддаг асуудал, улс орнуудынхаа асуудлыг энд ярилцана.

            Ахлах албан тушаалтнуудын уулзалт гэж байдаг. Баримт бичиг боловсруулж ажиллаж байгаа энэ ахлах албан тушаалтнуудын цаана сайд байгаа, сайд нарын цаана хариуцсан Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд л байгаа шүү дээ. АСЕМ-аас гарах гэж байгаа тэр тунхаглалд манайх ийм асуудал оруулмаар байна, түүнийг оруулаад ир, үүнийг гаргана, үүнийг ярина гээд л сууж байгаа. Үүнийг хийдэг улсууд бол ахлах албан тушаалтнууд.

            АСЕМ-ын гишүүн орнуудын Сангийн сайд нарын уулзалт Монголд бас болно. Зургадугаар сарын 9-10-нд. Мөн Хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зургадугаар сарын 20-21-нд болно. Хөдөө аж ахуй гэдэг ямар чухал салбар вэ?! Та бүхэн мэдэж байгаа. Үнэхээр Монголд байгаа 50 гаруй сая мал бол 50 гаруй, 60 орчим сая био үйлдвэр явж байгаа шүү дээ. Бидл мал гэж хараад байна. Яг үнэндээ +50 хэм, -50 хэм, цельсийн 100 хэмийн хэлбэлзэл дунд амьдраад явж байгаа мал, түүний арьс шир, үс ноос, тос, мах, яс, чөмөг, энэ малаас гарч байгаа эхэс нь хүртэл дэлхий дээр өдгөө үнэтэй зүйл болж байна л даа. Та бүхэн сонссон байх. Гүүний эхэсээр Японд маш өндөр чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна. Тэнд нь хийгээд, Монголоос зөөгөөд үйлдвэрийн хүчин чадал нь болохгүй болонгуут одоо Монголд ирж үйлдвэрлэхээр болж байна. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач л даа. Тэмээний сүү уухад л чихрийн шижин өвчнийг эмчлэх бүрэн боломжтой байна шүү дээ. Тэмээний сүүгээр хийсэн хоолны бэлдмэл. Ямар гайхамшигтай байна вэ. Адууны ясны кальц байна. Чихрийн шижин өвчин гэдэг бол дэлхийн гурван хүн тутмын нэгэнд л тохиолддог зүйл биз дээ. Ямар том зах зээл байна вэ. Ийм агуу боломж бидэнд байгаа юм. Би хэлж байгаа юм, хөдөө аж ахуйн салбарынхан ирэх үед энэ сэдвүүдээ Та бүхэн яриарай гэж. Ийм учраас АСЕМ Монголд чухал болоод байгаа юм.

            Иргэний чуулга уулзалт. АСЕМ бол дарга нарын байгууллага биш ээ, хүмүүс ээ. АСЕМ бол улс орнуудын байгууллага, иргэдийн байгууллага. Монголд олон нийтийн байгууллага, идэвхтэй иргэд бий. Яг түүн шиг хүмүүс Монголд ирж чуулна. Чуулах чуулахдаа бүр их сонирхолтой нь, иргэний байгууллагаас гаргасан мэдэгдэл, дээр нь Парламентын хурлаас гаргасан мэдэгдэл, бизнесийн чуулганаас гаргасан мэдэгдлийг АСЕМ-ын дээд түвшний уулзалт дээр тодорхой төлөөлөл орж ирж уншдаг юм шүү дээ. Тэр 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт сонсгодог. Иргэний байгууллага ингэж үзэж байна, ийм ийм зүйлд шүүмжлэлтэй хандаж байна, ийм зүйлийг хийх хэрэгтэй, бизнесийнхэн ингэж хэлж байна гэх мэтчилэн.

            Залуучуудын уулзалт. АСЕМ модель гээд санаачлага явж байгаа, үүнд Монгол Улс идэвхтэй оролцож буй. АСЕМ-ын энэ бүтцийг дэлхий дээр энэ хоёр тивд, залуучуудынхаа дунд бий болгоё гэж байгаа юм. Одоо манай залуучуудын дунд үүн рүү орох хэрэгтэй. Та нар фэйсбүүк, твиттер, харилцаа холбоо байна. 25 жилийн өмнө гадагшаа ярихдаа бид Төв шуудан дээр очиж ярьдаг байсан юм. Таван номертой утастай айлаас гуйж нэг найз руугаа ярьдаг байсан юм. Даанч үүнийг мэдэхгүй л дээ, 25-хан жилийн хугацаанд шүү дээ. Өнөөдөр ийм гайхамшигтай боломжийн дэргэд та байна.

            Сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт гэж болно. Ази, Европын бизнесийн форум болно. Тэгээд дээд хэмжээний уулзалт маань долдугаар сарын 15-16-нд болно. Эхний төлөөлөгчид 14-нд ирнэ. Ахлах албан тушаалтнууд, сэтгүүлчид долдугаар сарын 9,10-наас ирж эхэлнэ. Ерөөсөө АСЕМ-ын хамгийн гол ажлууд долдугаар сарын 1-нээс эхлээд ундарч өгнө дөө. Чадна аа, болно. Ийм олон ажил биднийг хүлээж байна. Тийм учраас бидэнд маш их хэмжээний дэмжлэг, маш их хэмжээний хамтын ажиллагаа хэрэгтэй.

-Энэ үйл ажиллагаанд нийт хэдэн хүн хамрагдах вэ?

-Нийт бидний тооцож байгаагаар 4000-5000 хүн. Бид гадаад улс орнуудаас ирэх зөвхөн зочдоо хэлж байгаа юм шүү. Ирье гэж байгаа, сонирхож буй, шууд сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага 1000 гаруй байна. Тэгээд 50 гаруй орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид, сайд дарга нар, парламентчид, бизнесийн төлөөлөл гээд л бүгд ирнэ дээ.

-Хоёр хөршөөс ямар түвшний төлөөлөгч ирэх вэ? Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын дээд хэмжээний уулзалт болох уу?

-Өмнө нь намайг Миланд очиход ОХУ-аас Ерөнхийлөгч В.В.Путин оролцож байсан. БНХАУ-аас Ерөнхий сайд нь оролцож байсан. Энэ түвшинд л ирэх болов уу. Ер нь л Миланд ирсэн тэр түвшнээс буурахгүй болов уу гэж найдаж байгаа. Хоёр талаас ер нь ирвэл Монголд гурван талт уулзалтаа хийж болох юм гэж ярьж байгаа. Гэхдээ энэ жил Ташкентад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. Тэр үеэр энэ гурван улсын Төрийн тэргүүн нар уулзах боломжтой гэж бид харж байгаа.


 

-Улаанбаатарт болох АСЕМ-ын хурлын сэдэв юу вэ?

-Олон улсын аливаа хурал сэдэвтэй байдаг. Энэ сэдэв дороо хуралддаг. Тэгэхээр Улаанбаатарт болох АСЕМ-ын хурлын бас нэг онцлог байгаа. Би сая хэлсэн. Энэ бол 20 жилийн ойн хурал. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр хурал, 20 жилийн ой. Монголд очиж АСЕМ 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. 20 жил байгуулагдаад ажиллалаа, одоо дараагийн 10, 20 жилийн үйл ажиллагааныхаа талаар Монголд ярина. Шинэчлэлийн тухай монголчууд дотроо ярьдаг. Одоо дэлхий нийт, хоёр тивийн дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ямар шинэчлэл, үйл явц болох вэ гэдгийг Монголд ирж ярилцах гэж байна. Энэ ярилцаж байгаа үйл явц хоёр жил үргэлжилж л байна л даа. Гэхдээ шийдэл нь энд гарах юм. Тэгэхээр энэ бол их чухал. Тиймээс бид ярьсан, 20 years of ASEM: The partnership for future. АСЕМ-ын 20 жил: Ирээдүйн түншлэл гэсэн сэдвийг сонгож авч байгаа. Бид түншүүдтэйгээ ярьж байна. Ерөнхийдөө энэ сэдвийг дэмжих байх гэж бодож байгаа. Манай энэ сэдэв бол боломжтой бүх асуудлыг хамарсан сэдэв гэж харж байгаа.

-Энэ хурлаас ямар баримт бичиг гарах вэ?

-Даргын мэдэгдэл гэж гардаг. Монгол Улс бол дарга нь. АСЕМ гэдэг энэ байгууллагыг хүлээж авснаас хойш Монгол юу хийв, ямар ямар үйл ажиллагаа явуулав, хаана ямар хурал уулзалтууд болов, ямар шийдвэр гаргав гээд бүх л зүйлээ ярина. Дараа нь хамгийн чухал баримт бичиг бол АСЕМ-ын хэтийн зорилгыг тодорхойлох баримт бичиг “Улаанбаатарын тунхаглал” нэртэй гарна. Түүнд бүх улсын тавьж байгаа асуудал, ярьж байгаа зүйл нь орж ирэх юм.

-Маргаантай, хүндрэлтэй асуудал бий юү?

-Улс орнуудын хооронд байтугай айл гэрт ч асуудал байдаг. Аяга, таваг хүртэл хангир жингэр гэж дуугардаг. Асуудал бий. Та бүхэн ч мэдэж байгаа, дэлхий нийтэд ямар асуудал тулгамдаж байгааг. Энэ чиглэлээр бид яриа хэлцэл хийнэ. Манай бүс нутагт, Европын хэмжээнд маш тодорхой асуудлууд бий. Тэдгээр асуудлуудыг яриад авах юмсан, хоёр талаасаа мэдэгдэл хийгээд яваад байна, Монголд, Улаанбаатарт уулзаад ярилцана даа гээд л яваад байгаа. Энэ чиглэлээр манай дипломатчид, ажил хариуцсан хүмүүс ажиллаж байгаа. Хэнийг урих вэ, хэнтэй уулзуулах вэ гээд бүх чиглэлийн ажиллагааг даргалагч орны хувьд Монгол Улс шийдэж байгаа. Энэ бол Монгол Улсын хувьд асар их боломж, Монгол Улсын бусдадаа үзүүлж байгаа асар том үйлчилгээ, их хүндэтгэл, хамтын ажиллагаа байгаа юм.

-Баримт бичигт Монголоос юу санал болгож байна вэ?

-Санал болгож буй зүйл мэдээж олон бий. Тэдгээрээс гурван асуудал ерөнхийд нь ярьж байгаа. Нэгдүгээрт, хуулийн засаглал ба авлигатай тэмцэх. Энэ асуудлаар манай хоёр хөршийн удирдагч маш идэвхтэй ажиллаж байгаа. Манай Монгол Улсын хувьд ч бидний байнгын зорилго, ажил байх ёстой нэг асуудал бол үүнийг тусгаж ярилцъя гэдэг санал байгаа. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бий. Гуравдугаарт, шинийг дэмжье гэсэн санаачлага. Support start-ups гэж үг бий. Start-up гээд дөнгөж эхэлж байгаа бизнесийн бүр хөдөлгөөн дэлхий дээр өрнөөд байна шүү дээ.Дэлхийгээр хэдэн мянган төрлийн бизнес байна. НҮБ өнгөрсөн жил уриалга гаргасан. Дэлхий дээр нийт долоон тэрбум хүн байна. Тийм учраас дэлхийд НҮБ-ын оролцоотойгоор нийт 70 мянган бизнесийг дэмжье гэсэн. Монголд жишээлбэл, 3000 шинэ санаачлага, бизнес эхэлж байх ёстой. Би хувьдаа энэ талаар Засгийн газар шийдвэр гаргаасай гэж хүсэж байгаа. Энэ чиглэл рүү хүн бүхэн анхаарах хэрэгтэй. Бизнесийг шинээр эхлүүлэх, шинээр харилцах, шинээр баялаг бүтээх хэдэн мянган боломж байна вэ. Монголын залуучууд, Монголын ард түмэн бол хэнээс ч дутахгүй оюун ухаантай, хэнээс ч дутахгүй авъяастай, хэнээс ч дутахгүй боломжтой. Тиймээс энэ асуудлыг оруулъя гэж шийдсэн юм.

Үүнээс гадна нэг асуудал байдаг. Ер нь зарим улс АСЕМ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай болъя гэж санал тавьж байгаа. Зарим улс одоо байгаагаараа, хэв загварт баригдаагүй, албан бус хэлбэрээ хадгалъя, үүгээрээ л АСЕМ онцлогтой гэж байгаа. Бид харин ярьж байгаад, дундуур нь нэг шийдэл оруулбал яасан юм бэ гэж ярьсан. Наад зах нь ASEM center буюу АСЕМ-ын төв гэж байгуулбал яасан юм бэ. Түүнд хоёр өрөө л хэрэгтэй болно биз дээ. Энэ хоёр өрөөг Монголд гаргая. Би нэг олон нийтийн байгууллагатай ярьж байгаад дэмжээд гаргачихаж болно. Тэнд нэг их олон биш, хоёр, гурван хүн л ажиллах хэрэгтэй болно. Хоёр, гурван хүний цалинг Монголын жишгээр гаргачихаж болно. Энэ бол бүрэн боломжтой асуудал. Эхний дөрвөн жилийнх нь зардлыг Монгол Улс даая л даа. Дөрвөн жилийн зардал бол тийм их мөнгө биш ээ, хоёр гурван бизнес эрхлэгчтэй яриад л шийдчихэж болно. Манай ард иргэд бол өгвөл өгдөг, үүнийг сайн мэддэг улс шүү дээ. ASEM center гэж байгуулаад, түүний зорилго нь харилцаа холбоо тогтоодог, яриа, хэлэлцээ, зуучлалыг хийдэг, тэр ажлуудыг хийвэл яасан юм бэ гэж бодож байгаа юм л даа. Дээр нь миний нэг бодож байгаа зүйл бол Caring and Sharing гэж нэрлээд байгаа, туслах болон хуваалцах гэсэн утгатай үг. Өөр нэг оронд АСЕМ-ын хурал хийх гэж байна, бас л бидэнд тулгамдсан асуудал. Тэр болгон л тухайн улсад тулгамдах байх. Тэр бүрт нь тусалъя, ярилцъя, сайн туршлага, сайн боломжуудыг түгээе л дээ. Эдгээрийг Монгол Улсад ярья л даа. Өөр Монгол Улсад төвлөрч байгаа олон улсын ямар байгууллага байгаа юм бэ? НҮБ-ын Далайд гарцгүй орнуудын тинк-танк (think tank) гэж байгууллага төвлөрөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэхдээ нэг зарлаад л явсан, түүнээс өөр байгууллага байсангүй шүү дээ. Ингэж идэвх гаргаж байж Монгол Улс дэлхийн төв, ингэж байж харилцаа, бүс нутгийн олон хүмүүс ирж байдаг болно оо. Үүнийгээ одоо эхэлье, хийе, энэ чинь боломж шүү дээ. Хамгийн гол нь боломжийг хүлээгээд залхуураад суух биш, боломж харагдвал бариад авч чаддаг, түүнийг хүнд хүргээд итгүүлж чаддаг, түүнийгээ хийж чаддаг ийм л итгэл, хүндэтгэл бидэнд хэрэгтэй байна. Энэ чиглэлээр бид Гадаад хэргийн яамандаа чиглэлд өгөөд ажиллаж байгаа.

-АСЕМ-ыг Монголд зохион байгуулж байгааг шүүмжилдэг. Та юу гэж бодож байна вэ?

-Би шүүмжлэлийн тухай түрүүнд ярьсан. Шүүмжлэлд Монгол Улс нээлттэй улс учраас энэ талаар яриад байх хэрэггүй ээ, Монгол бол нэрээ боддог ард түмэн. Нийтээрээ хийх ёстой энэ ажил дээр бол монголчууд нэрээ бодно оо. Монголчууд нэгдэж, бүтээх чадвартай ажил гэж байдаг энэ бол АСЕМ юм. Ер нь би хэлдэг, дандаа эвэр хошуулах хэрэггүй, юмны өөг хайгаад хэрэггүй, наад зан чинь биед чинь муу, даралт чинь ихэснэ, ямар хэрэг байна вэ. Аливааг сайн талаас нь харж явбал тархины чинь сайн тал нь илүү хөгжинө шүү дээ. Монгол зөв сэтгэлтэй үндэстэн байх ёстой. Эерэг мэдээллийн үндэстэн байх ёстой. Бидний тухай хүмүүс муу хэлнэ, бид хоорондоо өөр өөрсдийгөө муу хэлнэ. Тэгээд биднийг хэн сайн хэлэх юм бэ? Бид л бүтэж байгаа, сайн байгаа юмаа эхлээд хоорондоо ярих хэрэгтэй шүү дээ. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ, ямар ч найран дээр очсон, эрүүл ч байсан, согтуу ч байсан найр тараадаг хүмүүс. Монголд тийм улсууд бий л дээ. Амжилт гаргах гэж байгаа үйл ажиллагаанд атаархдаг, жөтөөрхдөг, түүний л нэр, тэрний л юм гэж ярьдаг. Гэвч АСЕМ бол монголчуудын нийтийн ололт болно. Монголын ард түмний, хүн бүрийн ололт болно. Монголын нэр хүндэд хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр үүний төлөө явъя, бүгдээрээ хариуцлагатай байя.

            Дээрээс нь би бас нэг зүйл хэлье. Бид АСЕМ-д бэлтгэж байгаа энэ үйл ажиллагааг субботник гэж харахгүй байгаа. Нүд хуурах ажил гэж бид үзэхгүй байгаа. Хотын төлөвлөлт, хотын энэ ажил хэдэн арван жилдээ хотдоо л үлдэнэ. Энэ хөрөнгө оруулалт, энэ бүх юмыг, зочид буудал, нисэх буудлын өргөтгөл, энэ олон онгоц хүлээж авч байгаа энэ боломж бүхэн үлдэнэ. Наад зах нь Улаанбаатар хотын эвгүй үнэр гээд л ярьдаг биз дээ. Энэ үнэрээ дараад, цаашилбал Улаанбаатарын цэвэрлэх байгууламжаа одоо хурдан өргөтгөөд, орчин үеийн стандартад хүргэе л дээ. Нэг хүн энэ тухай бичсэн байсан чинь дор нь сэтгэгдэл хэсэгт нь “АСЕМ-д баярлалаа” гэж бичсэн байсан. АСЕМ-д баярлалаа гэж улам олон хэлүүлэх тэр боломж улам олон гараасай гэж бодож байна. АСЕМ-д баярлаж болно, гэхдээ бид үүнийг зөвхөн АСЕМ-д зорилуж хийж байгаа юм биш ээ, Монголдоо зориулж хийж байгаа. Манай залуучууд, оюутнууд, хүмүүс энэ үйл ажиллагаанд оролцохоор юм сурдагбайхгүй юу. Жаахан юм сураад авбал чамд л үлдэнэ. Юм унш, юм сур гэж бидний аав, ээж хэлдэг байсан. Сурсан зүйл хүнд үлддэг байхгүй юу. Тийм учраас тэр талаараа энэ чухал. Хийсэн юм Монголд үлдэнэ, сурсан зүйл чамд өөрт чинь үлдэнэ. Монголын ард түмэнд үлдэнэ. Сайн нэр авбал Монголын ард түмний нэртэй энэ нэр байнга хамт явах болно.

-Хурлын үеэр Улаанбаатарынхан яах юм бэ?

-Улаанбаатарынхан байгаагаараа л байя. Ийш тийш яв гэж хэлээд байгаа зүйл ер байхгүй. Гар гэж байна, хурлын үеэр биднийг бүгдийг нь хөөж байгаа юм байна билээ гээд л зарим нь мушгиад ярих юм. Хөөсөн зүйл ерөөсөө байхгүй, найзууд аа. Зүгээр л гэр гэртээ, хийдэг ажлаа хийгээд л, төлөвлөгөөгөө төлөвлөөд л байж бай. Монголын өөрийнх нь онцлог бий. Өвөл, хаврын хэцүү саруудын дараа зургадугуур сар гараад айраг цагаа нь исээд, зурам, тарвага нь гараад ирэхээр ер нь л хөдөө гарах гэж боддог улсууд шүү дээ. Ялангуяа наадмын дараа. Ингээд харвал ихэнх нь л хөдөө орон нутаг руу явдаг. Түүгээрээ л явж болно. Түүнээс биш Элбэгдорж яв гэлээ, хөөгөөд байхдаа яадаг юм бэ гэж битгий ярь аа. Хөөсөн зүйл огт байхгүй.

            Нэмж нэг зүйл хэлье. Энэ жил бид Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосны 105 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой гээд дөрвөн их ой давхацсан ойгоо тэмдэглэнэ. 1024 бөхөө барилдуулна. Тэгээд барилдуулж байтал энэ хурал болох нь. Тэгээд энэ жил нэг л зохион байгуулалт хийж байгаа. Долдугаар сарын 15-25-нд аймаг, сум, хөдөө орон нутагт болох наадмуудыг хийгээч ээ гэж байгаа юм. Улаанбаатар, хөдөө орон нутгаас очиход очиж амжихгүй, ажлын цаг зав муутай байдаг бол наад зах нь сумынхаа наадамд, аймгийн наадамдаа оролцоод, тэндээ хөгжиж цэнгээд, тэндээ байгаа дэд бүтэц, аялал жуулчлал, бизнесийнхэн бүгдээрээ бэлтгэх хэрэгтэй. Тэндээ байгаа төр захиргааны байгууллагууд бэлтгэх хэрэгтэй. Өнгөрсөн жил зарим хүн Хөвсгөл рүү явахад ямар хэмжээний хүндрэл гарсныг мэдэж байгаа. Энэ жил дахиад түүнийг давтах шаардлагагүй. Бүр зарим улс, манай хойд хөршийнхөн аялал жуулчлалын компаниуд урьж байна лээ шүү дээ. Монголчууд Хөвсгөл рүү их явдаг юм билээ, манай Байгаль нуур луу бас ирээрэй гэж. Ирэх жилээс тийшээ очиж болно. Бидэн рүү хүн ирээд байхад бид тийшээ явж яагаад болохгүй гэж? Одоо ОХУ руу явахад визгүй болчихсон шүү дээ. Тийм учраас иймэрхүү байдлаар ажлыг зохицуулж байгаа гэдгийг хэлье.

-Ямар бэлэг өгөх гэж байна вэ?

-Хүн ирж байгаа учраас, зочин ирж байгаа учраас бэлэг бэлдэж л таарна л даа. Олон төрлийн, олон түвшний хүн ирж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төр, засгийн тэргүүн нарын хүрээнд нэг бодох юм байна. Сайд, нар ирж байгаа, Парламентын гишүүд ирж байгаа, албаны хүмүүс, бизнесийнхэн ирж байгаа. Хэвлэл мэдээлэл, харуул хамгаалалт, үйлчилгээ, ажлын хэсгийнхэн ирнэ. Нэг юм өгөхөөр л манайхан задалж тавьж байгаад л ийм юм өгөөд байх даа яах вэ дээ гээд л ярина. Ер нь бол олон талаас нь ярьж байгаад, болж өгвөл Монголдоо бүтээсэн, монголчуудын хийж чаддаг юмаа л өгнө. Байгаа л юмаа өгсөн нь дээр байдаг юм аа. Нэг их гял цал, үнэтэй цайтай, брэндүүдийг өгөөд, хүмүүс түүнийг буруугаар ойлгодог. Бид ч гэсэн гадагш, дотогш явдаг. Энгийн машинд суугаад, тэр улсын энгийн бэлэг, энгийн зүйлийг нь харах сайхан байдаг юм. Тэгээд цай ундаа бэлтгээд болох байлгүй дээ. Ямар бэлэг өгөх талаар шинэ санаа төрж байгаа хүмүүс байвал манай Ажлын хэсгийнхэнтэй уулз л даа. Бид ярилцаж л байгаа. Ер нь Төрийн тэргүүн нарт дээл өмсүүлье, дээл бэлэглэе гэж бодож байгаа. Намайг Бээжинд АПЕК-ийн хуралд очиход хоёр сарын өмнөөс л Та ямар өнгийн хүрэм өмсөх вэ гээд долоо, найман өнгөөс сонгуулж байсан. Ирэхдээ л Төрийн тэргүүн нар мэдээд ирдэг. Дээл өгөх юм байна, бүсээр ороох юм байна гэж. Заавал боксчины бүс шиг урдаа нэг их том тольтой, хэдэн арван саяын үнэтэй бүс биш ээ, сайхан өнгөтэй даавуун дээл сайхан шүү дээ. За тэгээд морь, мал бэлэглэх юмнуудаа ярьж л байна.

            Залуучуудын чуулга уулзалтад ирж байгаа нэгэндээ залуучууд бэлэг өг л дөө. Заавал Элбэгдорж бэлэг өгнө гэх юм байхгүй шүү дээ. Парламентын гишүүд нэг нэгэндээ бичдэг үзгээ өг л дөө. Сонин л байхгүй юу.

-Ер нь энэ хурлыг зохион байгуулсны ач холбогдол юу вэ?

-Ач холбогдол гээд манай албаны хүмүүс их олон зүйл бичсэн байсан. Би тэдгээрээс хэн ч маргахгүй байж магадгүй таван ач холбогдол харж байгаа. Нэгдүгээрт, олон улсын болон бүс нутгийн хурал, семинар, чуулган, ажил хэрэгч арга хэмжээ зохион байгуулах чадавх, дэд бүтэц Монгол Улсад бүрдэх тустай гэж үзэж байгаа юм. Ийм итгэл бусдаас ирэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ бол их чухал зүйл. Би нэг зүйл хэлье. Аялал жуулчлал гэхээр зүгээр л нэг үүргэвч үүрсэн хүн гэж бодоод байдаг. Гэтэл хурлын аялал жуулчлал, нэг үгээр хэлбэл, ажил хэрэгч аялал жуулчлал гэж байдаг байхгүй юу. Энэ том арга хэмжээгзохион байгуулсан улс зардлынхаа 70 хувийг үүнээс олж байдаг шүү дээ. Энэ том арга хэмжээг зохион байгуулаад, үйлчлээд л мөнгийг нь аваад үлдэж байдаг л даа. Дэлхий дээр ажил хэрэгч аялал жуулчлалаас жилд нэг их наяд ам.долларын орлого олдог гэж бичсэн байна билээ. Тэгэхээр ажил хэрэгч аялал жуулчлалын том үүд хаалгыг Монголд нээж байгаа, ийм дэд бүтцийг нээж байгаа, ийм туршлагыг өөртөө суулгах гэж байгаа юм. Энэ ач холбогдолтой хүмүүс маргахгүй болов уу гэж бодож байна.

Хоёрдугаарт, Монголыг улам олон хүн, улс орон мэддэг болно. Монгол руу ирэх, Монголтой хамтрах гэж байгаа хүмүүсийн тоо, Монголыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Муугаар нь ч нэмэгдэх байх, сайнаар нь ч нэмэгдэх байх. Байгаагаараа л угтаж авъя гэж би түрүүнд хэлсэн. Үүнийг монголчууд бүгдээрээ нийлж байгаад хийе.

Гуравдугаарт, Монгол Улсын нэр хүнд, олон улсын байр суурь, оролцоо, жинг нэмэгдүүлэх боломж гэж бид харж байгаа. Бид үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж чадвал Монголд ирээд явсан тэр хүмүүс энэ хурлын дараа Монголын тухай мэддэг, үнэлдэг, хүндэтгэдэг болно гэж бодож байна.

Дөрөвдүгээрт,АСЕМ-ын ирэх арван жилийн хандлагыг энэ хурал дээр тодорхойлно, АСЕМ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг бид тэмдэглэнэ. Улсын баяр наадмаар бид бөхөө барилдуулаад, орой Чингисийн талбай дээр үйл ажиллагаа болдог. Яг тиймэрхүү үйл ажиллагаа энэ үеэр болно. Улаанбаатарт байгаа хүмүүс, ард иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. 100 жилд нэг олдож байгаа боломж юм. Энэ утгаараа Монгол Улс энэ хоёр тивийн, цаашилбал, дэлхийн хамтын нийгэмлэгийн хувь заяаг тодорхойлох, асуудлыг шийдэхэд оруулж байгаа их хувь нэмэр, тэдний ойлголцолд оруулж байгаа түүхэн, бодит хувь нэмэр гэж ойлгож болно. Энэ бол том ач холбогдол.

Тавдугаарт, АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулсан амжилт бол Монгол Улсын нийтлэг, хүн бүрийн ололт болно. Би үүнийг л хамгийн гол нь хэлэх гэсэн юм. Биднийг гарахад биднийг өнгөөр ялгаж хардаггүй, энэ тэр намын гишүүн, энэ ийм үг хэлдэг, энэ ийм мундаг, эх оронч, ийм тийм гэж ерөөсөө хардаггүй. Биднийг Монгол хүн л гэж хардаг. Биднийг Монгол гэсэн нэг л өнгөөр хардаг, биднийг Монгол гэсэн нэг л нэрээр нэрлэдэг юм. Тийм учраас энэ нэрийн ард энэ ач холбогдол, энэ амжилт оршоосой, Монгол хүн бүр баярлаж, бахархаасай гэж бодож байна. Монгол Улсын иргэд, бизнесийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, мэргэжлийн хамт олон, сайн дурынхан нэгдээд ажиллаж чаддаг юм байна, үр дүнд хүрдэг юм байна гэдэг нь харагдана. Гаднын нэг хүн надад хэлж байсан юм. “Монголчууд хоорондоо их зөрчилтэй, нэг асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй мэт, тэр асуудлыг шийдэж чадахгүй байх даа гээд харж байтал яг суугаад ярихаараа шийдчих юм аа. Та нар яаж ингэж шийдэж байна аа, аймаар хэрэлдээд л, аймаар юм болж байсан шүү дээ” гэж.Бидэнд салдаг эрх ашиг, хэрэлддэг эрх ашиг байхгүй, бидэнд нийлдэг, нийтлэг эрх ашиг гэж байна. Үүн дээр л бүгдээрээ нийлье.

Олон улсын аливаа байгууллага асуудал шийдэж байхад нэг яриа гардаг шүү дээ. Асуудал шийдэж байхад, эхлээд хэдүүлээ маргаантай асуудлуудаа түр орхиё, санал нийлж байгаа зүйлсээ бичье. Тэгээд үүнийгээ тойруулаад ярьж байгаад, маргаантайгаа хэлээд гаръя гэж. Яг л үүнтэй адилхан ингэж явах болов уу гэж би бодож байна. Энэ үйл ажиллагаа бол ирээдүйд үр ашгаа, ургацаа өгөх ийм үйл ажиллагаа гэж бодож байна.

Сурсан зүйл хүнд үлддэг, хийсэн зүйл тухайн улс оронд үлддэг гэж би түрүүнд хэлсэн. Нэр нь Монголд үлдэнэ. Олон жилийн дараа, үнэхээр энд хүн болж төрснийх, 2016 онд Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойгоо монголчууд тэмдэглэж байхдаа хоёр тивийн ард түмнийг уулзуулж чадсан юм шүү гэвэл энэ бол бахархалтай түүх үлдэх байх гэж найдаж байна.


 


-Бэлтгэл ажлын алба хаана байна вэ?

-Гадаад хэргийн яамны байранд энэ Ажлын алба байрлаж байгаа. Ажлын албаны дарга нь Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг гэж хүн байгаа. Тэр хүнтэй харилцаарай. Гадаад хэргийн яам, Ажлын хэсэг, оюутнууд, бүртгүүлсэн ажилтнууд, бизнесийнхэн гээд маш олон хүн оролцож байгаа. Би энд бүгдийг нь босгоод алга ташуулмаар байна. Үнэхээр үүнийг хэлснийх энд одоо болтол хувь нэмрээ оруулаад явж байгаа, ажил, амралтынхаа цагийг зориулаад явж байгаа, энэ бол Монголын ард түмний ажил шүү гэж бодож яваа бүх сайн дурынхан, бизнесийнхэн, төрийн албан хаагчдадаа бүгдээрээ нижгэр алга ташилтаараа баяр хүргэе. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард түмнийхээ нэрийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.

            Бэлтгэл ажлын албаны и-мэйл хаяг нь:asemmongolia@mfa.gov.mn. Энэ танилцуулга лекц миний фэйсбүүк, твиттер хуудсаар шууд цацагдаж байгаа. Одоо ер нь тусдаа телевиз байгуулаад байх шаардлага байхгүй болсон байна шүү дээ. 500 мянган лайктай хүн бол оролцож байгаа арга хэмжээгээ шууд дамжуулахад бүх үйл ажиллагаагаа хүргэж чадах бослон байна. 120 мянган дагагчтай хүн шууд хүргэж чадах нь байна. Тэгэхээр сошиал медиагийн намайг итгэж, дагадаг хүмүүстээ баярлалаа. Өнөөдрийн нийгмийн хэвлэл мэдээлэл гэдэг бол өнөөдрийн дэлхийн, олон улсын өнгө царайг өөрчилж байгаа. Гэхдээ янз бүрээр л хэлдэг. Нийгмийн хэвлэл мэдээллээр явж байгаа үйл ажиллагаа, санал нийт нийгмийг төлөөлж чаддаггүй юм гэж. Гэхдээ л тэнд нэлээд идэвхтэй, нэлээд зорилготой, ажилтай хүмүүс нэгдсэн байдаг учраас энэ бол чухал индэр. 1990 оноос өмнө нэг телевизтэй, таван сонинтой л байсан улс шүү дээ. Өнөөдөр Монголд юу байна вэ? Гэртээ зүгээр сууж байгаа хүүхэд хүртэл хаягтай, оюутан гэхэд 20 гаруй мянган дагагчтай, хэдэн зуун лайктай харилцаад сууж байна шүү дээ. Хүүхдийн живх гэхэд авчраад хэдэн зуугаар нь зарж байна. Цагаан сарын бууз гэхэд л “Манайх сайн санарын бууз хийж байгаа. Амтлаад үзээрэй” гэж байгаад л хэдэн мянган ширхэг бууз зарсан л байгаа шүү дээ. Ингэж амьдарч болох юм байна билээ хүмүүс ээ. Ийм боломж, бололцоо байгаа гэдгийг хэлье.

Өнөөдөр нэг сайн мэдээ гарсан. МОНЦАМЭ агентлагийн байранд АСЕМ-ын Хэвлэл мэдээллийн төв гэж байгуулагдсан. Бидний сайн мэдэх Төв шуудангийн хойд талд, хотын захиргааны ард бий. Олон улсын нэр, стандарттай “Shangri-La”гээд буудал орж ирсэн. АСЕМ-ын нэгдсэн хурал тэнд болно. Гол арга хэмжээ тэнд болно. АСЕМ-ын тосгон гээд мөн бий. Яагаад барьж байгаа вэ гэвэл нэг улсын Төрийн тэргүүн ирээд арван хэдүүлээ нэг буудалд буудаггүй юм. Аюулгүй байдал талаасаа авч үзээд, тэднийх буусан бол манайх буухгүй ээ гэдэг. Тэгэхээр тэд тусдаа байрлах ёстой. Тиймээс хувийн хэвшлийнхэн эхлүүлчихсэн хувийн байшингууд барьж байгаа юман дээр очоод л танайх хурдан бариад, банкнаас зээл авч чадвал төр зочдоо байрлуулах гэсэн юм, дэмжиж үзээч ээ гэсэн. Тэр шинэ байрыг зараагүй байхад бид өмнө нь хүн оруулах гэж байна. Яг үнэндээ тэр бизнес, тэр аж ахуйн нэгж дээр асар том эрсдэл үүсэж байгаа юм. Хүн өмнө нь байрлаж байсан байр шүү дээ гэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр нь бид өмнө нь тэр хүн байрлаж байсан байр шүү дээ гэхээр бүр л өндөр үнэд хүрнэ шүү дээ гэсэн. Тэгэх ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ. Тэгэхээр тийм учраас тэнд тэгэж байлгах юм. Хажууд нь хоол хийдэг байгууламж байна. Яг тэр стандартаа тавиад, тэр 50 гаруй орны төлөөлөгч ирээд буухад л тэнд л АСЕМ болох ёстой. Манайхан бодохдоо Төрийн ордонд Ц.Элбэгдорж урт үг хэлээд л байх юм шиг санах юм. Тийм зүйл байхгүй. Төлөөлөгчид ирээд л буулаа, гараад л явахад махны үнэр үнэртээд, хонины мах шараад, бууз, хуушуураа хийгээд, эх орны үйлдвэрийн шар айргуудаа тавиад. Би ч бас архи нэг их дэмждэггүй хүн л дээ. Гэхдээ яах вэ, ирж байгаа зочид хүсвэл өгөх л хэрэгтэй, дандаа л сүү тулгаад зогсоод байж болохгүй л дээ. Бид Монголдоо л төсвийн хөрөнгөөс хатуу архи авахгүй гэж зааснаас биш гаднынхан ирээд асуувал гаргахгүй гэж хэлээгүй шүү дээ.

Тэгээд цаашаа явахаар хэдэн зуун жил өв уламжилж ирсэн хувцас, соёлыг харуулах юм. Их гүрэн байх үед монголчуудын үсний засалтыг хүртэл гадаадууд дуурайдаг байсан. Манай цэргүүдийн үсний засалтыг дуурайгаад хоёр талаараа хусчихсан, ард талдаа гэзэг тавьчихсан байдаг байсан. Өнөөдөр зарим нөхөд үсээ тэгэж засуулж байна шүү дээ. Монголчууд мянган жилийн өмнө, 800 жилийн өмнө тэгэж засаж явсан юм. Бидний өмд, хувцсыг хүртэл тэгэж дуурайдаг. Та бүхэн мэднэ биз дээ, одоо хөх жийнс өмсдөг. Их гүрний юм бүхнийг тэгэж дагаж дуурайдаг. Монголчууд тийм үндэстэн байсан юм шүү. Тийм ард түмний үр сад түүнийгээ л үзүүлнэ. Ямар хувцастайгаа, ямар хоолтойгоо, ямар морьтойгоо үзүүлнэ. Ямар урлагтайгаа бид үзүүлнэ. Тэнд аюулгүй байдал, харуул хамгаалалтгээд хүндрэлтэй асуудал их бий. Гэхдээ тэнд орох шаардлагаа хангачихсан хүмүүс орж ирэх байх гэж бодож байна.

Хамгийн гол нь, АСЕМ-ын хурлын вэбсайтаас гадна ASEM Mongolia гээд фэйсбүүк хуудас бий. Залуучууд ийш орж мэдээлэл аваарай. Мөн ийшээ мессеж бич л дээ. Би ийм боломжтой, би ийм бизнестэй, ингэж оролцож болох уу, ингэх үү гээд. Манай хүмүүс хариулах хэрэгтэй. Хэтэрхий их ирвэл хариулахад хэцүү байж магадгүй. Гэхдээ түүнд гомдох хэрэггүй. Явуулаад үз. Дээр нь твиттер хуудас бий. Иймэрхүү байдлаар холбоо хэлхээг ашиглаарай. Тэгээд дээр нь би өөрийнхөө фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа. ElbegdorjTsakhia. Тийш ороод АСЕМ гэдэг нэртэйгээр мессеж бичвэл би онгойлгож үзэх байх. Олон арав, олон зуугаараа ирдэг учраас тэр бүрийг би нээж үзэж чаддаггүй. Гэхдээ л АСЕМ гэдэг нэртэй ирвэл би үзээд, үнэхээр хэрэгтэй зүйл байвал би холбогдох хүмүүст нь шилжүүлж өгч болно. Твиттер дээр ч мөн адил. Тэгээд манайхан вэб хуудас их ашигладаг. www.asem11.mn гэдэг вэб хуудас байгаа. Монголд өдөр тутамд болж байгаа үйл ажиллагаануудыг манай ажлын хэсэг их сайн хийх хэрэгтэй. Зарим улс манай вэбсайтыг шүүмжилж байсан. Амьд харилцааг бий болгох хэрэгтэй. Тэр саналуудыг, хэлэлцүүлгүүдийг авдаг байх хэрэгтэй. Монголчууд зөвхөн Монголдоо амьдарч байгаа юм биш. Манай олон иргэн гадаадад, олон улс оронд амьдарч байгаа шүү дээ. Тэрчлэн Монголыг гэж боддог олон хүн энэ үйл ажиллагаанд хувь нэмэр оруулъя гэж байгаа. Энэ бүхнийг авцгаая. Бүгдээрээ хийж байж л энэ том ажлын ард гарна гэж бодож байна.

Тэгээд хамгийн төгсгөлд нь хэлэхэд, www.aseminfoboard.org гэж вэб хуудас бий. Энэ бол АСЕМ-ын өөрийнх нь албан ёсны вэб хуудас. Манай залуучууд хэл устай бол ийшээ ороод үзэх хэрэгтэй. Сая миний хүргэсэн мэдээллүүдээс өөр олон түмэн мэдээлэл энд бий. Заавал энд суугаад, Ажлын хэсгээр дамжаад биш энэ вэб хуудсаар дамжуулаад АСЕМ-ын улс орнуудтай харилцах, хамтрах хэрэгтэй. АСЕМ-ын гишүүн орнуудад төгссөн манай олон төгсөгч, бизнесийнхэн бий. Тэр улсаас ирсэн бизнесийнхэнтэй, хүмүүстэй танилцаад үлдээсэй гэж би хувьдаа бодож байгаа. Танилтай хүн талын чинээ гэж. Нэг хүнтэй нэрийн хуудсаа солилцоод үлдэхэд л энэ чинь том баялаг шүү дээ. Иймэрхүү байдлаар энэ бүхнээс Та бүхэн сайн сайхан үр дүнтэй гараасай гэж чин сэтгэлээсээ бодож байна.

Өнөөдөр Эх орончдын баярын өдөр, мөн АСЕМ-ын өдөр. Үнэхээр 20 жилийн өмнө яг энэ өдөр, гуравдугаар сарын 1-нд Бангкок хотноо Азийн 10, Европын 15улсын төлөөлөгч нийлээд хуралдаж байсан энэ өдөр монголчууд АСЕМ-ын тухай, энэ хоёр тивийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай ярилцана гэдэг сайхан юм. 100 жилийн өмнө, магадгүй 800 жилийн өмнө манай өвөг дээдэс ингэнэ гэж бодсон бол өнөөдрийн үр хойчдоо баярлах л байсан байх гэж бодож байна. Бид ийм ажил хийж байгааг харж байгаа гэж бодож байна. Бид энэ ажлыг нэр төртэй, хариуцлагатай, бүгдээрээ хамтарч хийх хэрэгтэй. Монголынхоо нэр төрийг дэлхий ертөнцөд сайнаар гаргахын төлөө бүгдээрээ хамтарч ажиллая. Та бүхэнд маш их баярлалаа.