МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 он …сар..... өдөр Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН ТЭТГЭЛЭГ, ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дээд боловсролын санхүүжилтийн тогтолцоо, суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл олгох, тэдний нийгмийн баталгааг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн
баталгааны тухай хууль тогтоомж
2.1.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Энэхүү хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаадад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад орноос Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, зуучлах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, дээд боловсролыг санхүүжилт, хөрөнгө оруулалтаар дэмжих, байгууллага, иргэдээс суралцагчдад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд зохицуулахад чиглэгдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно;
3.1.1. “Дээд боловсролын сургалтын байгууллага” гэж Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон байгууллагыг;
3.1.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын “сургалтын төлбөр” гэж Боловсролын тухай хуулийн 34, 36 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас тогтоосон суралцагчийн төлөх төлбөрийн хэмжээг;
3.1.3. “Сургалтын зээл” гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу элсэн суралцаж буй иргэдийн сургалтын төлбөр, суралцах хугацаанд нь амьжиргааны зардлыг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй нөхцлөөр олгох зээлийг;
3.1.4. “Сургалтын тэтгэлэг” гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн сургалтын төлбөр, суралцахтай холбогдох бусад зардлыг санхүүжүүлэхэд зориулан буцалтгүй олгох мөнгөн шагналыг;
3.1.5. “Сургалтын тэтгэмж” гэж дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн амьжиргааны зардалд зориулан буцалтгүй олгох мөнгөн тусламжийг;
3.1.6. Сургалтын үндэсний тэтгэлэг гэж зохих нөхцөл, болзол хангасан суралцагчдад улсын төсвийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн Газрын эрх бүхий байгууллагаас олгож буй тэтгэлгийг;
3.1.7. “Суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг” гэж дээд боловсролын суралцагчид буцалтгүй болон эргэн төлөгдөх нөхцлөөр олгох мөнгөн тусламж, шагналыг хамтад нь болон аль нэгийг нь илэрхийлнэ хэмээн ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын сургалтынтэтгэлэг, тэтгэмжийн тогтолцоо
4 дүгээр зүйл. Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчим
4.1. Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:
Дээд боловсролын үр шимийг хүртэгчид нь дээд боловсролыг санхүүжүүлэх зардлыг хуваалцах;
Санхүүжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөшүүрэг нь чанарын шалгаруулалт, шударга өрсөлдөөнийг дэмжиж байх;
Санхүүгийн дэмжлэг хүртэгч нь тухайн хөрөнгөөр чанартай үйлчилгээг сонгож, зориулалтын дагуу ашиглах боломжтой байх;
Санхүүгийн дэмжлэг нь түүнийг хүртэгчийн амжилттай сурах, эзэмшсэн мэдлэг, чадвараа үр дүнтэй ашиглах боломж чадварт нийцэж байх;
Суралцагчдад зориулсан зээлийн нөхцөл нь хөнгөлөлттэй, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн байх.
4.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрдмийн эрх чөлөө, бие даасан байдлыг хангах зарчимд нийцүүлэн түүний үйл ажиллагаанд шаардлагатай өмч хөрөнгө, санхүүжилтийг бие даан захиран зарцуулах эрх мэдлийг дараах байдлаар хэрэгжүүлнэ;
4.2.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад шилжүүлсэн өмч хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг чиг үүргийнхээ дагуу хуулийн хүрээнд бие даан захиран зарцуулна;
4.2.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлсэн газар, үл хөдлөх болон бусад хөрөнгө нь халдашгүй бөгөөд түүнийг хураан авах, ашиглалтыг өөрчлөхийг хориглоно;
4.2.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, хөрөнгө босгох, ашигтай хувьцааг эзэмших хөрөнгө оруулалт хийх эрхтэй байна.
4.3. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааг хангахтай холбогдуулан дараах хориглолт, хязгаарлалтыг тогтооно:
4.3.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үйл ажиллагаа нь нээлттэй биш, хөрөнгө орлогын эх үүсвэр нь тодорхойгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авах, тэднийг сурталчлах, дэмжих, хувьцааг нь худалдан авахыг хориглоно.
4.3.2. Дээд боловсролын сургалтын байгууллага нь улс төр, шашны зорилго, хамааралтай тусламж, хандив авах, улс төрийн намыг хөрөнгө, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахыг хориглоно.
4.3.3. Суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох агуулгатай сонгуулийн амлалт өгөхийг хориглоно.
5 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт
5.1. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1. үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;
5.1.2. улсын төсөв;
5.1.3. эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилт;
5.1.4. сургалтын төлбөр;
5.1.5. гэрээт ажил үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны болон хувьцаа борлуулсны орлого;
5.1.6. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, бэлэг;
5.1.7. зээл, эзэмшсэн хувьцааны ногдол ашиг;
5.1.8. бусад эх үүсвэр.
5.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад энэхүү хуулийн 5.4.1, 5.4.2 – т заасан зориулалтаар улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээ нь дээд боловсролын сургалтын байгууллагын нийт орлогын 20 хувиас багагүй байна.
5.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь олсон орлогоо санхүүгийн нэгдсэн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана.
5.4. Дээд боловсролын санхүүжилтэд дараах зориулалтаар улсын төсвөөс хөрөнгө зарцуулна. Уг хөрөнгийг Засгийн Газрын тусгай сангийн тухай хуульд заасан санд төвлөрүүлэн хуваарилж зохицуулна:
5.4.1. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал, Боловсролын тухай хуулийн 43.1.4. – т заасан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах хөрөнгө;
5.4.2. Засгийн газраас тодорхойлсон чиглэлд нийцүүлэн сонгон шалгаруулсан хөтөлбөр, төсөл;
5.4.3. Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгт зориулан улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
5.4.4. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгох шагнал, урамшуулал.
5.5. Дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зориулалтын барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийг бүрдүүлэх үүргийг үүсгэн байгуулагч хариуцна.
5.6. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын үндсэн хөрөнгийг бүрдүүлэх, шинэчлэх, өргөтгөхтэй холбогдох хөрөнгө оруулалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан улсын төсвөөс санхүүжүүлнэ.
5.7. Энэ хуулийн дагуу санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын бүх байгууллага жил бүр санхүүгийн аудитын үнэлгээ хийлгэж, төсвийн зарцуулалтын дэлгэрэнгүй тайланг нийтэд ил байлгана.
5.8. Энэ хуулийн 5.4.2 – т заасан нөхцлөөр санхүүжүүлэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөр, төслийг сонгон шалгаруулахад дараах шаардлагыг харгалзана:
5.8.1. Энэхүү хөрөнгийг үр ашигтай зарцуулах чадавхи, боломжоо илтгэн харуулсан, үйл ажиллагааныхаа чанарын төвшинг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлж баталгаажуулсан,
5.8.2. Төгсгөгчдийнх нь ажил эрхлэлт өсөн нэмэгдсэн,
5.8.3. Суралцагчдын сурлагын үнэлгээний бодитой байдал, шийдвэр гаргах үйл явцын ил тод, тунгалаг байдлыг хангасан,
5.8.4. Суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, сурталчлах, зуучлах ажлыг хариуцан гүйцэтгэх чиг үүрэг бүхий алба, нэгжийн үйл ажиллагаа нь тогтворжсон,
5.8.5. Удирдлага - бүртгэлийн найдвартай систем бүрдүүлсэн,
5.8.6. Өөрийн сургуулийн оюутанд тэтгэлэг, тусламж үзүүлэх тогтсон системтэй,
5.8.7. Төлбөр, хураамжийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож албан ёсоор гэрээ байгуулж, хариуцлага хүлээх тогтолцоо хэвшсэн,
5.8.8. Үйлчилгээнийхээ чанарыг дээд боловсролын сургалтын бусад байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрч кредитийг дүйцүүлэх, шилжүүлэх, харилцан тооцох талаар нэгдсэн бүртгэл хийх зохицуулалтад хамрагдсан,
5.8.9. Сургалтын төлбөрийн хэмжээг тогтвортой байлгах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд инфляцийн төвшнөөс илүүгээр нэмэгдүүлэхгүй байх үүргийг хэрэгжүүлэхээ баталгаажуулсан,
5.8.10. Суралцагч болон түүний ивээн тэтгэгчийн санхүүгийн боломжийг харгалзан сургалтын төлбөрийг төлөх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн.
5.9. Дээд боловсролын сургалтын байгууллага нь эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, суралцагчдын сургалтын төлбөр, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн асуудлаар иж бүрэн электрон мэдээллийн сантай байх бөгөөд мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.
6 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгох, нийгмийн
баталгааг хангах зорилго
6.1. Төрөөс дээд боловсролын сургалтын байгууллагынсуралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгох, тэдний нийгмийн баталгааг хангах зорилго нь:
нэгдүгээрт, суралцагчид чанартай боловсрол, мэргэжил эзэмшихэд шаардлагатай хөрөнгийн олон төрлийн эх үүсвэрийг бий болгож, тэдний сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын амжилтыг урамшуулан, нийгэм, ахуй, соёлын таатай орчныг бүрдүүлэх,
хоёрдугаарт, орлого багатай, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зохих тэтгэмж олгох замаар тэдний сурах, судалгаа шинжилгээний ажил эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
гуравдугаарт, боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
7 дугаар зүйл. Дээд боловсролынсургалтын байгууллагын суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэлбэр
7.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын төлбөр, суралцах, судалгаа хийхтэй холбогдсон бусад зардал, суралцах хугацааны амьжиргааны зардлыг санхүүжүүлэх зориулалтаар олгох аливаа тэтгэлэг, тэтгэмж, мөнгөн урамшуулал, зээл нь санхүүгийн дэмжлэг мөн.
7.2. Суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг энэ хуулийн 4.3-т заасан хязгаарлалтыг зөрчөөгүй аль ч байгууллага, иргэн дангаараа буюу хамтран санаачилж, санхүүжүүлж болно.
7.3. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь тэдний сурлагын амжилт, авъяас чадвар, нийтийн эрх ашгийн төлөө зориулсан хүчин зүтгэлийг үнэлж, урамшуулсан, хөгжлийн бэрхшээл, орлогын байдлыг харгалзсан, сургалтын төлбөр, суралцах хугацааны амьжиргааны зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна. Улсын төсвөөс санхүүжүүлэх дэмжлэгийг хичээлийн жилийн хэрэглээнд үндэслэн тооцож төлөвлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн Газар батална. Санхүүгийн энэхүү дэмжлэгийг дараагийн жилүүдэд үргэлжлүүлэх эсэхийг суралцагчийн сурлагын амжилтыг үндэслэн шийдвэрлэнэ.
7.4. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын сургалтын төлбөр, суралцахтай холбогдох бусад зардлыг санхүүжүүлэхэд зориулан улсын төсвөөс олгох тэтгэлэг нь тусгай, бүрэн хэмжээний болон ердийн гэсэн төрөлтэй байна.
7.4.1. Тусгай тэтгэлэг нь сургалт, эрдэм шинжилгээний ажилд онцгой амжилт гаргасан магистрант, докторантад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, оюутанд олгох Засгийн Газрын тэтгэлэг байна. Тусгай тэтгэлгийн хэмжээ нь төрийн албан хаагчийн цалингийн дундаж жишиг хэмжээтэй дүйцэхүйц байх бөгөөд түүнийг олгох журмыг олгох байгуулага нь тогтооно.
7.4.2. Бүрэн хэмжээний тэтгэлэг нь суралцагчийн тухайн жилийн сургалтын төлбөрийг бүхэлд нь санхүүжүүлэх зориулалттай байна. Бүрэн тэтгэлгийг олгох журмыг Засгийн газар тогтооно.
7.4.3. Ердийн тэтгэлэг нь сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх зориулалттай байна. Ердийн тэтгэлгийн шатлал, хэмжээ, олгох журмыг Засгийн газар тогтооно.
7.4.4. Дээд боловсролын магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад зохих шалгуур үзүүлэлтийг ханган суралцаж буй суралцагчид тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийнх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний сургалтын үндэсний тэтгэлгийг олгоно. Нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй суралцагчдын тэтгэлгийг нэмэгдүүлэх, эрэлт хэрэгцээ нь хангагдсан мэргэжлийн тэтгэлгийг багасгах уян хатан бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
7.4.5. Дээд боловсролын магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад зохих шалгуур үзүүлэлтийг ханган суралцаж буй суралцагч нь сурлагын өндөр амжилт гаргасан бол тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний урамшуулалт тэтгэлэг (стипенди) олгоно. Энэхүү тэтгэлгийг суралцагчдын сурлагын амжилтыг хөхүүлэн урамшуулах замаар дээд боловсролын чанарыг дээшлүүлэх эдийн засгийн хөшүүрэг хэмээн үзнэ.
7.5. Орон нутгийн хөгжлийг дэмжих, мэргэжилтэй ажилтны хэрэгцээг хангах зорилгоор нутгийн захиргааны байгууллагаас дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зориулсан санхүүгийн дэмжлэгийг олгож болно. Энэхүү дэмжлэгийн төрөл, хэмжээ, олгох нөхцөл, журмыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
7.6. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн амьжиргааны зардалд зориулан улсын төсвөөс олгох тэтгэмжийн хэмжээ, журмыг Засгийн газар тогтооно.
7.7. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан хөнгөлөлттэй нөхцлөөр эргэн төлүүлэх зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хүүгийн төлбөрийг бууруулахад улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно. Үүнтэй холбогдох журмыг Улсын Их хурал тогтооно.
Суралцагчдад олгох сургалтын зээлийн нийт хэмжээ нь суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардлын нийлбэрээс хэтрэхгүй байна. Зээлийн эх үүсвэр, хүүгийн баталгааг улсын төсвөөс хариуцаж, зээл авсан суралцагч сургуулиа төгсгөснөөс хойш орлогын хэмжээ нь Засгийн газраас тогтоосон цалингийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлж тооцсоноос илүү гарах үеэс эхлэн амьжиргаанд нь ноцтой дарам үүсгэхгүйгээр суутгал хийх замаар нөхөн төлүүлэхээр журамлана.
7.8. Суралцагчдын сургалтын төлбөрт зориулан олгосон тэтгэлэг, тэтгэмж, урамшуулал, дээд боловсролын сургалтын байгууллагад шилжүүлсэн хөрөнгө, хандивын хэмжээгээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн татвар ногдох орлогыг хорогдуулж тооцно.
8 дугаар зүйл. Төрөөс санхүүгийн дэмжлэг авах суралцагчдадтавих нийтлэг шаардлага
8.1. Сургалтын тэтгэлгийг дараах шаардлагыг хангасан суралцагчид олгоно:
8.1.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч элсүүлэх шаардлагыг хангасан, сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмших чадвараа илтгэн харуулсан, бусдаас онцгой амжилт үзүүлсэн,
8.1.2. Монгол Улсыг төлөөлөн энхийг сахиулах зэрэг тусгай албанд хүчин зүтгэсэн, нийтийн тусын тулд сайн дурын хөдөлгөөнд биечлэн оролцож алслагдсан нутагт ажилласан;
8.1.3. Тодорхой мэргэжлийн чиглэлээр суралцаж, тогтоосон газар нутагт ажиллах гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн;
8.1.4. Сургалтын төлбөрийн өөрт ногдох хэсгийг төлсөн.
8.2. Сургалтын тэтгэмжийг дараах шаардлагыг хангасан суралцагчид олгоно:
8.2.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас тодорхойлсон чанарын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч элсүүлэх шаардлагыг хангасан,
8.2.2. Хөгжлийн бэрхшээлийн төвшингээ мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон,
8.2.3. Орлогын хэмжээгээ холбогдох байгууллагаар нотлуулсан.
8.3. Улсын төсвийн санхүүжүүлэлттэй сургалтын хөнгөлөлттэй зээлийг дараах шаардлагыг хангасан суралцагчид олгоно:
8.3.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас тодорхойлсон чанарын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч элсүүлэх шаардлагыг хангасан,
8.3.2. Сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмших чадвараа илтгэн харуулсан,
8.3.3. Шаардлагатай зардлын өөрийн хариуцах хэсгийг төлөх бусад эх үүсвэрийг бүрдүүлсэн.
8.4. Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан суралцагч энэхүү тэтгэлэг, тэтгэмжийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон чанарын шаардлагыг хангасан сургуулиудаас кредит цуглуулахад өөрөө хуваарилан зарцуулах эрхтэй. Үүнд хамаарах сургуулиуд нь харилцан хоорондоо кредит шилжүүлэх, дүйцүүлэн тооцох гэрээ байгуулсан, энэ тухайгаа Сургалтын төрийн санд албан ёсоор мэдэгдэж бүртгүүлсэн байна.
8.5. Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн жагсаалтад хамрагдсан гадаадын өндөр хөгжилтэй орны дээд боловсролын сургалтын байгууллагад хувийн зардлаар амжилттай суралцан төгсч эх орондоо ирээд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй иргэнд сургалтын нийт зардлын 50 хүртэл хувийг төрөөс буцаан олгож болно.
8.6. Гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад хувийн зардлаар суралцаж төгссөн Монгол Улсын иргэнд сургалтын зардлын тодорхой хэсгийг буцаан олгох журмыг Засгийн Газар батална.
8.7. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэдэд тэтгэлэг, тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл, журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Засгийн газраас тогтооно.
8.8. Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дээд боловсролын сургалтын байгууллага нь гадаадын суралцагчдын сурч, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх нэгдсэн болон сургуулийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, мэдээллээр хангах, тайлагнах асуудлыг хариуцна.
9 дүгээр зүйл. Суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын зохион байгуулалт
9.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах шалгалтыг амжилттай өгч, тодорхой шалгуур, үзүүлэлтийг хангасан суралцагчдад сургалтын хөнгөлөлттэй зээл, тэтгэмж, тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь нээлттэй, хүртээмжтэй байна.
9.2. Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, хуваарилалтыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
9.3. Сургалтын тэтгэлэг, тэтгэмж хүссэн суралцагчдын өргөдлийг хүлээн авч, хянан сонгон шалгаруулах, холбогдох гэрээ байгуулах, санхүүгийн болон зээлийн менежмент үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх байгууллага нь Сургалтын төрийн сан байна. Сургалтын төрийн сан нь шаардлага хангасан суралцагчдын санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтийг Засгийн газраас тогтоосон хуваарьт багтаан хянан шийдвэрлэнэ.
9.4. Төрөөс санхүүгийн дэмжлэг авсан суралцагчдын бүртгэл, мэдээллийн санг Сургалтын төрийн сан эрхэлнэ.
9.5. Улсын төсвийн оролцоотой олгосон сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Монгол Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
9.6. Суралцагчдад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг бэлэн бус тооцоогоор цахим бүртгэл – картын систем ашиглан зориулалтын дагуу зарцуулахаар зохицуулна. Мөн зарим хэсгийг тодорхой зориулалтаар ашиглах ваучер хэлбэрээр олгож болно.
9.7. Суралцагч нь энэхүү дэмжлэгийг холбогдох нөхцөл, болзлын хүрээнд зориулалтаар нь захиран зарцуулахдаа нэгдсэн бүртгэлийн системд гишүүнээр элссэн сургуулиудаас хичээл сонгож, кредит цуглуулах төлбөрт хуваан ашиглаж болно.
9.8. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид санхүүгийн дэмжлэг авах, хөдөлмөр эрхлэх асуудлаар мэдээлэл түгээх, мэргэжлийн туслалцаа үзүүлж, зуучлах үүргийг хариуцсан нэгж ажиллана.
10 дугаар зүйл. Суралцагчдад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх сургалтын байгууллагад тавих шаардлага
10.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн нэгжтэй байх бөгөөд тэдний үйл ажиллагааны дотоод журмыг сургуулийн Удирдах зөвлөл баталж, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
10.2. Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн нэгж байгуулаагүй, сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх үүргээ баталгаажуулаагүй тохиолдолд суралцагчид нь төрөөс тэтгэлэг, тэтгэмж, санхүүгийн дэмжлэг авах эрх эдлэхгүй.
10.3. Энэхүү нэгж нь суралцагчдад улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс олгох тэтгэлэг, тэтгэмж, зээл, санхүүгийн туслалцааны бусад боломжийн талаар байнгын мэдээлэл, тэтгэлэг, тэтгэмжийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нэмэгдүүлэх, гэрээ байгуулахад шаардагдах зөвлөгөө, лавлагаа, нотолгоо өгөх зэрэг суралцагчдын суралцах нөхцөл бололцоог хангахад туслах үйлчилгээ үзүүлнэ.
10.4. Суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн нэгжийн үйл ажиллагааны явц, үр дүнд тухайн сургуулийн оюутны өөрийн удирдлагын байгууллага, багш нарын зөвлөл, үйлдвэрчний эвлэл, сургуулийн олон нийтийн бусад байгууллага хяналт тавьж, оролцох эрхтэй.
11 дүгээр зүйл. Санхүүгийн дэмжлэгийг хүргэхэд е -үйлчилгээ, карт ашиглах
11.1. Суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага нь суралцагчдад чанартай, хөнгөн шуурхай, хямд, нээлттэй, тэгш хүртээмжтэй е-үйлчилгээний жагсаалт, нөхцөл, ашиглах журмын тухай мэдээллээр хангах зэрэг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
11.2. Дээд боловсролын сургалтын байгууллага, боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд е-үйлчилгээтэй холбогдсон зардлыг тусгаж санхүүжүүлнэ.
11.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь өөрийн байгууллагын хүрээнд е-үйлчилгээ үзүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, холбогдох байгуулагуудтай хамтран ажиллана.
11.4. Е -үйлчилгээ эрхлэх байгууллага нь е-картыг хуурамчаар болон чанаргүй хэвлэж, үйлдвэрлэх, түгээх, ашиг олохыг урьдал болгох зэргээр суралцагчдыг эрсдэлд оруулахгүй байх баталгаа бүрдүүлнэ.
11.5. Е -үйлчилгээний картыг чанаргүй болон хуурамчаар үйлдвэрлэн хэвлэж тараасан, нууцлалыг алдагдуулсан этгээд нь сургууль, суралцагчид, үйлчилгээний байгууллагыг эхний ээлжинд хохиролгүй болгож, түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Суралцагчдын нийгмийн баталгааг хангах
12 дугаарзүйл. Суралцагчдын нийгмийн баталгааг хангах үйл
ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
12.1. Дээд боловсролын суралцагчдад үзүүлэх санхүүгийн бус дэмжлэг нь суралцаж буй мэргэжлийн чиглэлээр интерншип (мэргэжлийн дадлага) хийх нөхцлөөр хангуулах, цагийн хөдөлмөр эрхлэх, суралцах хугацаандаа номын сан, байр, хоолны газар, ном бичиг хэрэгслийн дэлгүүр, угаалга цэвэрлэгээний газар, биеийн тамир, спортын танхим, соёлын үйлчилгээ, тээвэр, эмнэлэгт хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлэх зэрэг хэлбэртэй байна.
12.2. Оюутны хотхон, дотуур байр, хоолны газар, биеийн тамир, спортын танхим, талбай, номын сан, мэдээллийн төв, соёл, үйлчилгээ, эрүүл мэнд, амралт сувилал зэрэг барилга, байгууламж шинээр барьж, тохижуулах, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлэх чиглэлээр дотоод, гадаадын бизнесийн болон нутгийн захиргааны байгууллага, олон нийт, иргэд, хамт олны гаргасан идэвх санаачлагыг дэмжих нэгдсэн бодлогыг Засгийн Газраас боловсруулж, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангана.
12.3. Оюутны хотхон, дотуур байр, хоолны газар, номын сан, биеийн тамир, спортын танхим, талбай, соёл, эрүүл мэнд, амралт сувиллын үйлчилгээний байгууллагын стандарт шаардлага, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төлбөр, тэтгэлэг, хөнгөлөлттэй үйлчилгээний асуудлыг дээд боловсролын болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны болон оюутны өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
12.4. Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй суралцагчдад Боловсролын тухай хуулийн 43.2.1 - д заасны дагуу дотуур байраар үйлчилнэ.
12.5. Суралцагчдын унааны зардал, эрүүл мэндийн даатгал, гэр бүлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй сургалцагчдад хөнгөлөлттэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх асуудлыг дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран судалж, хэрэгжүүлнэ.
12.6. Дээд боловсролын сургалтын байгууллагад болон оюутны хотхонд суралцаж, амьдарч буй суралцагчдад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний санг төрийн болон дотоод, гадаадын бизнес, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтийн хамтын оролцоотойгоор байгуулж ажиллуулна.
12.7. Дээд боловсролын өдрийн ангид суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж, орон нутагтаа амралтаараа очих, буцаж ирэх тээврийн зардалд хөнгөлөлт үзүүлнэ.
12.8. Суралцагчдад номын сан, мэдээллийн төв, номын худалдаа, сургалт, эрдэм шинжилгээ, зохион бүтээх лабораторийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглуулах төсвийн байгууллагын зардлыг санхүүжилтэд нь тусгана.
12.9. Байнгын ажил эрхэлж буй суралцагчдад шалгалт, шүүлгийн үеэр болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж ажил олгогч нь цалинтай чөлөө олгоно.
13 дугаар зүйл. Суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийн удирдлага, зохион байгуулалт
13.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг зуучлах нэгжтэй байх бөгөөд үйл ажиллагааны дотоод журмыг сургалтын байгууллагын Удирдах зөвлөл баталж, хэрэгжилтийг суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Энэхүү нэгж нь суралцагчдыг цагийн болон гэрээт ажилд зуучлах, суралцагч, төгсөгчдийг ажлын байраар хангах, судалгааны төслүүдэд хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
13.2. Дээд боловсролын болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагууд суралцагчдыг хичээлээс гадуур тодорхой цаг, өдөр хоногоор богино хугацааны ажил, үйлчилгээ, хөдөлмөр эрхэлсний төлөө зохих ажлын хөлс авч байх боломжийг бүрдүүлж, бодлого, зохицуулалтаар хангана. Суралцагчдыг улсын хэмжээний хөдөлмөрийн багтаамж ихтэй ажлуудад оролцуулж, хөдөлмөр эрхлүүлэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
13.3. Суралцагчдын хичээлээс гадуур эрхэлж болох ажлын жагсаалт, ажиллах хугацаа, хөдөлмөр, аюулгүй байдлын журмыг Засгийн Газрын эрх олгосон этгээд тогтоож, хэрэгжүүлнэ. Суралцагчдын долоо хоногт ажил хийх хугацаа нь 20 цагаас хэтрэхгүй байна.
13.4. Ажлын хөлсийг суралцагч, ажил олгогч этгээд харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр цаг тухайд нь саадгүй олгоно. Ажлын хөлсийг гэрээнд заасан хэмжээгээр болон цаг хугацаанд нь олгоогүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
13.5. Суралцагчдад олгох ажлын хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна. Ажлын онцлог, нөхцлөөс шалтгаалан өндөр хэмжээтэй байж болно.
13.6. Суралцагчдын ажлын хөлснөөс аливаа хураамж, шимтгэл авахгүй.
13.7. Сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран өөрийн суралцагчдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт гарган, хөдөлмөрийн хөлсний санг бүрдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан, зохион байгуулна. Магистр, докторын сургалт эрхэлдэг байгууллага магистрант, докторантад зориулсан сургалт, судалгааны туслах ажилтны орон тоог заавал ажиллуулна. Энэхүү орон тоонд ажиллах суралцагчийн сургалтын зардлыг сургууль хариуцаж, ажлын байраар ханган, долоо хоногт 20 хүртэл цагаар ажиллуулсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалыг өөрийн үндсэн ажилтны жишгээр төлнө.
13.8. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх байгууллага оюутан суралцагчдыг дадлагажуулах интерншипийн ажлын байр гаргах үүрэгтэй. Интерншип хийх суралцагчийг ажиллуулах журмыг байгууллагын дотоод дүрэмд тусгаж, ажлын дадлага эзэмшихэд шаардлагатай нөхцөл боломж бүрдүүлнэ.
13.9. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдыг суралцаж буй явцад нь сонгон шалгаруулж ажлын байр олгох байгууллагатай холбох мэдээллээр хангах, зуучлах асуудлыг сургууль, оюутны болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага хамтран шийдвэрлэж, хэрэгжүүлнэ.
13.10. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээх ажлын явцад бүтээсэн бүтээлийг худалдан авах ажлыг дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийг санхүүжүүлэх болон нийгэм, соёл, үйлчилгээний байгууллагыг байгуулах,
өөрчлөх,үйл ажиллагааг зогсоох, татан буулгах
14 дүгээр зүйл. Суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийг санхүүжүүлэх болон суралцагчдад үйлчлэх нийгэм, соёл, үйлчилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөх,үйл ажиллагааг зогсоох, татан буулгах
14.1.Дээд боловсролын сургалтын байгууллага, оюутны хотхон, нийгэм, соёл, үйлчилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг зогсоох, татан буулгах асуудлыг Боловсролын тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4 - т заасны дагуу шийдвэрлэнэ.
14.2. Суралцагчдынтэтгэлэг, тэтгэмжийг санхүүжүүлэхтөрийн бус өмчийнбайгууллагыг байгуулах, татан буулгах асуудлыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээд нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр суралцагчийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэнэ.
14.3. Сургалтын тэтгэлэг, тэтгэмжийн сан татан буугдсан нөхцөлд суралцагчдыг тэтгэлэг, тэтгэмж олгодог ижил төстэй байгууллага, нэгжид шилжүүлэх санал, асуудлыг дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох сургалтын байгууллагатай хамтран боловсруулж, шийдвэрлүүлнэ.
14.4. Сургалтын байгууллага, суралцагчидтай холбогдох зардлын асуудлыг татан буугдсан сан, байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дээд боловсролын сургалтын бусад байгууллагатай хамтран холбогдох хууль, эрх зүйн хүрээнд харилцан тохиролцож, шийдвэрлэнэ.
14.5. Сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс эрх бүхий байгууллагын мэдээллийн санд албан ёсоор бүртгүүлээгүй, тэдэнтэй харилцан зөвшилцөөгүй нөхцөлд сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгох үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс тэтгэлэг, тэтгэмжтэй холбогдон үүсэх зөрчил, хохирлыг боловсролын болон сургалтын байгууллага хариуцахгүй.
14.6. Мэдээллийн сангийн албан ёсны бүртгэл нь суралцагчдад сургалтын зээл, тэтгэлэг, тэтгэмжийг олгох үйл ажиллагааг төрөөс болон бизнесийн байгуулагаас урамшуулж дэмжих болзол, нөхцөл болно.
14.7. Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага нь өөрийн суралцагчдад нэрэмжит тэтгэлэг, тэтгэмж олгох асуудлыг үүсгэн байгуулагч, эсвэл удирдах зөвлөл нь шийдвэрлэж, эрх бүхий байгууллагын мэдээллийн санд бүртгүүлж, хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгох байгууллагуудын эрх, үүрэг
15 дугаар зүйл. Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
15.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгох үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
15.2. Төрийн захиргааны бусад байгууллага болон дотоод, гадаадын байгууллага, иргэдтэй сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгох, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана.
16 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэн эрх
16.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдад өөрийн нэрэмжит тэтгэлэг, тэтгэмж олгох сан байгуулах, хуримтлал бүрдүүлэх, түүнийг ашиглах талаар бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт тавьж үнэлгээ өгөх, зохицуулах, сонирхлын бүлгүүд, түншүүдтэй хамтран ажиллах, мэдээллийн сан байгуулж ажиллах, ололт амжилтыг сурталчлах зэрэг бүрэн эрхийг эдлэнэ.
16.2. Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, зээлийн асуудал эрхэлсэн болон суралцагчдыг ажилд зуучлах төрөлжсөн нэгжүүдийг ажиллуулж, тэдгээрийн үйл ажиллагааны дотоод журмыг боловсруулан, сургалтын байгууллагын Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдөж ажиллана.
16.3. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын тэтгэлэг, тэтгэмжийн асуудал эрхэлсэн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.3.1. Суралцагч нь тухайн сургалтын байгууллагын болон санхүүжүүлэгч бусад байгууллагаас тогтоосон сургалтын тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл авах шалгуур үзүүлэлт, нөхцөл, болзлыг хангасан бол суралцагчийн өргөдөл хүсэлт, холбогдох байгууллага, этгээдийн санал, тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулж тэтгэлэг, тэтгэмж, зээл олгох ажлыг зохион байгуулна. Суралцагч өөрөө өргөдөл, хүсэлт бичгээр гаргаагүй бол тэтгэлэг, тэтгэмж, зээл олгохгүй.
16.3.2. Суралцагчдад тэтгэлэг, тэтгэмж олгох ажлын үр дүнг санхүүжүүлэгч байгууллага, этгээдэд гэрээний дагуу тайлагнана.
16.3.3. Сургалтын тэтгэлэг, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр, тэдгээрийг авах нөхцөл, болзол, шалгуур үзүүлэлт, тайлагналтын талаар суралцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгнө.
16.3.4. Суралцагчдад туслах, сургалтын тэтгэлэг, тэтгэмж олгох бие даасан болон хамтарсан сан ажиллуулах, түүнд хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, зарцуулах ажлыг зохион байгуулна.
16.3.5. Суралцагчдад сургалтын зориулалтаар болон гачигдал тохиолдсон үед зээл авахад нь туслах санг ажиллуулж болно.
16.3.6. Суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байдлын талаар тайлан мэдээ тогтмол гаргаж удирдлагыг мэдээллээр хангана.
16.3.7. Сургуулийн элсэлтийн өргөдөл хүлээж авах үеэр болон түүнээс өмнө тухайн сургуульд суралцах сонирхолтой этгээдэд сургалтын тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн бусад дэмжлэг, туслалцааны талаар сурталчилна.
16.3.8. Сургалтын тэтгэлэг, тэтгэмжийн сан, суралцагчдын дотуур байр, оюутны хоол, унаа, ном сурах бичгийн төлбөр зэрэгт нэмэлт хөрөнгө бий болгох зорилгоор сургуулийн нэрийн бүтээгдэхүүн, барааны тэмдэг гаргах, түүний борлуулалтаас орлого олох арга хэмжээг зохион байгуулж болно.
16.4. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдыг ажилд зуучлах нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.4.1. Суралцагчдыг ажилд зуучлах нэгж нь дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан үлгэрчилсэн журмын дагуу өөрийн нэгжийн үйл ажиллагааны дотоод журмыг боловсруулж, сургалтын байгууллагын Удирдах Зөвлөлийн хурлаар батлуулж, хэрэгжүүлнэ.
16.4.2. Цагийн болон гэрээт ажлын талаар мэдээллийн сан байгуулж суралцагчдыг хичээлээс гадуурх гэрээт ажилд зуучилна.
16.4.3. Суралцагчдын цагийн болон гэрээт ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлөө авах цалин хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажлын орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар судалж, хуульд заасан эрхээ эдлэхэд нь тусална.
16.4.4. Суралцагчдад цагийн болон гэрээт ажил, үйлчилгээ гүйцэтгэхэд анхаарах хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны сахилга бат, ёс зүй, онцлогийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
16.4.5. Суралцагчдыг суралцаж байх хугацаанд нь төгсөөд хийх ажлын байрыг эрж олоход нь тусалж, байгууллага, компани, ажил олгогчдын зүгээс тавьж буй нөхцөл, болзол, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
16.4.6. Суралцагчдыг ажил олгогчидтой уулзуулах, ирээдүйн ажлын байртай нь танилцуулах, дадлага хийлгэх талаар тусалж ажиллана.
17 дугаар зүйл. Сургалтын тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй
зээл авагч суралцагчийн бүрэн эрх
17.1. Тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр, түүнийг авах нөхцөл, болзол, шалгуур үзүүлэлтийн талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах.
17.2. Суралцагч нь сургалтын тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл авах шалгуур үзүүлэлт, нөхцөл, болзлыг хангасан бол өөрийн хүсэлт, өргөдлийг гарган эрх бүхий байгууллагад тогтоосон журам, хугацаанд хүргүүлж сонгон шалгаруулалтад оролцох.
17.3. Сонгон шалгаруулалтын дүнтэй танилцах, хүлээн зөвшөөрөх, татгалзах, гомдол, санал гаргах.
17.4. Сургалтын тэтгэлэг, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл олгогч байгууллагыг сонгох, тэднээс татгалзах, гэрээ байгуулах, цуцлах, холбогдох асуудлаар мэдээлэл авах.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуультогтоомж
зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
18 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
18.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль тогтоомжзөрчигчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Боловсролын тухай хуулийн 48.2.1; 48.2.4 - т зааснаас гадна захиргааны бусад шийтгэл ногдуулна.
18.2. Суралцагчдын сургалтын төлбөр, хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны асуудлаар санаатайгаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургалтын дүнг засч хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, тэтгэмж авсан, суралцагчдад үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн, холбогдох мэдээ тайлан, мэдээллийг удаа дараа буруу гарган ирүүлснээс ноцтой хохирол учирсан нөхцөлд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
19.1. Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1 – ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ