“ИРГЭНИЙ ТАНХИМ-аас Сонордуулах нь:

“Хэвлэлийн Эрх Чөлөөний Тухай” хуулийн төслөөр
“Иргэний Танхим”ын нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-аас “Хэвлэлийн Эрх Чөлөөний Тухай” хуулийн төслөөр анхны “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг 2009 оны 12-р сарын 17-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

 

Дээрхи хуулийн төсөлд иргэд, олон нийт саналаа ирүүлэхдээ, хэлэлцүүлэг нээсэн 2009 оны 12-р сарын 17 ноос эхлэн 2010 оны 1-р дүгээр сарын 11-ний ажлын өдрийг дуустал “Иргэний Танхим”-ын хаягаар илгээнэ үү.

 

Уг хуулийн төслийн “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийн хуралдаан 2010 оны 1-р сарын 12-ны Мягмар гаригийн 10.00 цагт Төрийн Ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэниий Танхим”-д явагдана.

 

“Нээлттэй хэлэлцүүлэг”-ийн хуралдаанд биечлэн оролцох иргэдийг 2010 оны 1-р сарын 6-ны өдрийн 9.00-18.00 цагийн хооронд /зөвхөн ажлын нэг өдрийн турш/ “Иргэний Танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэнэ.

 

Жич: Хугацаа хоцорч ирүүлсэн саналыг нээлттэй хэлэлцүүлгийн тайлан тэмдэглэлд оруулахгүй болохыг анхаарна уу.

 

 

 

"Иргэний танхим"-ын хаяг:

Утас: 263489

Факс: +976 51 263486

Электрон шуудан: irgen@president.mn

Захидлаар: Улаанбаатар 12 Төрийн Ордон 373 тоот

           
Нэмэлт мэдээллийг www.president.mn веб сайтаас авна уу.

           

Иргэний танхимын ажлын алба
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

 

 

 

 


Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

…..он …сар..... өдөр                                                                 Улаанбаатар хот

 

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт


1.1. Энэ хуулийн зорилт нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлэлээр хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж


2.1. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.


2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

           

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо


3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.


3.1.1. “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл буюу бүх төрлийн радио, телевиз, хэвлэгдмэл хэвлэл буюу сонин, сэтгүүл,  болон хэвлэлийн редакцийн хяналттайгаар цацагддаг цахим хуудас,  болон тэдгээрт мэдээлэл нийлүүлэгч хэвлэл мэдээллийн агентлагуудыг тус тус хэлнэ.


3.1.2.  “редакци” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн нийтлэлийн бодлогыг тодорхойлох, нийтлэлийн агуулгыг бэлтгэх болон хэвлэн нийтлэх үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг этгээдийг хэлнэ.


3.1.3. “Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээ тогтоох, хэвлэл мэдээллийн агуулгад олон нийт хяналт тавих эрхээ эдлэх хэрэгслийг хангаж буй төрийн бус, олон нийтийн зөвлөлийг хэлнэ.

 

3.1.4. “хэвлэн нийтлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд мэдээлэх зорилгоор баримт мэдээлэл олж авах, цуглуулах, эрэн сурвалжлах, баримтыг нягталж шалгах, мэдээллийг боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, түгээх, хадгалах, эх сурвалжаа хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг хэлнэ.


3.1.5. “редакцийн нийтлэл, хөтөлбөр” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн редакциас нийтлэлийн бодлогыг нь тодорхойлж бэлтгүүлсэн нийтлэл, хөтөлбөр, уран бүтээл, тэдгээрийг ивээн тэтгэх зорилгоор нийтэлсэн аливаа мэдээлэл болон нийтлэлийн агуулгын талаар редакцитай байгуулсан гэрээний дагуу хэвлэн нийтэлсэн мэдээлэл, хөтөлбөрийг хэлнэ.


3.1.6. Энэ хуулинд “зар сурталчилгаа” гэж нийтлэлийн агуулгын талаар редакцитай гэрээ байгуулалгүйгээр, тогтсон үнэ тарифын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр төлбөртэйгээр нийтлүүлсэн буюу түгээсэн аливаа мэдээллийг хэлнэ.


3.1.6. “цахим хаяг” гэж интернет болон цахим орон зай ашиглан мэдээлэл түгээж аливаа хэлбэрийг хэлнэ.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хэвлэлийн чөлөөт, хараат бус байдал

 

4 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн чөлөөт, хараат бус байдал


4.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээлэл авах, хайх, түгээх, баримтыг нягтлах, эрэн сурвалжлах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг чөлөөтэй, хараат бусаар явуулах эрхтэй.


4.2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакци нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үүсгэн байгуулагч, эзэд, ивээн тэтгэгч, төрийн болон улс төрийн байгууллага, албан хаагчаас хараат бусаар нийтлэлийн бодлого, агуулгыг тодорхойлж, хэвлэн нийтлэх эрхтэй.

           

5 дугаар зүйл. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэрэгжүүлэх


5.1. Монгол улсад хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эдлэхэд төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт шалгалт зохион байгуулж явуулахгүй.

 

6 дугаар зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох, мэдээллийг ил тод болгох

 

6.1. Төрийн байгууллага өөрийн мэдэлд мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Зөвхөн хууль, дүрэм журам, түүний төсөл, лавлагаа мэдээлэл хэвлэн нийтлэх зорилгоор тогтмол хэвлэгддэг товхимол, цахим хаягтай байж болно.


6.2. Төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой болон түүнд хадгалагдаж буй мэдээллийг иргэн, сэтгүүлчид болон сонирхол нь хөндөгдөж буй талууд хялбар олж авч болох арга замыг тодорхой тусгасан хууль, дүрэм журмыг төрийн байгууллага гаргах үүрэгтэй.


6.3. Төрийн албан хаагч, улс төрийн намын удирдлагаар сонгогдсон буюу томилогдсон хүн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх өөрийн өмчлөлийн хувь, санхүүжилтийн оролцоог Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулан жил бүр олон нийтэд мэдээлнэ.

 

7 дугаар зүйл.  Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх

 

7.1.  Шүүх, цагдаа, прокурор, хууль тогтоох, захиргааны байгууллага нь сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэгч, редактор, сэтгүүлч, ажилтан буюу бусад тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын холбоо, эвлэлд ажилладаг аливаа бусад ажилтныг олон нийтэд зориулан хэвлэлд нийтэлсэн буюу нийтлэгдээгүй мэдээллийг хаанаас, хэрхэн олж авсан, хэрхэн боловсруулж эмхэтгэсэн талаарх эх сурвалжаа илчлэхээс татгалзсаных нь төлөө буруутгаж, шалгаж, шийтгэх ёсгүй.
           

7.2. Энэ зүйлд заасан “нийтлэгдээгүй мэдээлэл” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шууд түгээгээгүй, эх сурвалжаа нууцалж буй хэвлэл мэдээллийн ажилтны хэвлэн нийтэлсэн материалтай холбоотой буюу холбоогүй байдлаар хөтөлсөн бүх тэмдэглэл, гэрэл зураг, бичлэг, цуглуулсан баримт, боловсруулах үе шатандаа байгаа бичлэг, хуурцаг, эвлүүлэг, компьютерийн файл зэрэг холбогдох бусад мэдээллийг хэлнэ.

           
ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хэвлэлийн ёс зүй, хариуцлага
           

8 дүгээр зүйл. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага,  түүнийг үүсгэн байгуулах, Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулах байгууллагын бүрэн эрх 


8.1. Монгол улсын иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөөс хараат бус ажиллах нөхцөл болон иргэдийн мэдэх эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн ёс зүйн хэм хэмжээг тогтоон хангуулах, хэвлэл мэдээллийн агуулгад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн эзэд, сэтгүүлчид, олон нийт гэсэн гурван талын төлөөллөөс бүрдсэн хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулж болно.


8.2. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг энэ хуулийн 8.1 дэх заалтад дурдсан гурван талын аль нэгний буюу хамтын санаачлагаар үүсгэн байгуулж, нэр, зохион байгуулалт, дүрмээ батална.


8.3. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага нь олон нийтэд нээлттэй ажиллаж дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


8.3.1. Хэвлэлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох;


8.3.2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн талаархи гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон уулзалт, эвлэрэлийн арга хэмжээ зохион байгуулах;

 
8.3.3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн талаарх гомдлыг хүлээн авч, дор дурдсан сахилгын арга хэмжээ авах;


А. сануулах;
Б. албадан сургалтанд хамруулах;
В. уучлал гуйхыг шаардах;
Г. баримтат мэдээллийн эсрэг няцаалт хийх хэлбэр, байршил, хугацааг тодорхой зааж няцаалтыг заавал хэвлэн нийтлэх тухай үүрэг өгөх;


8.3.4. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус байдлыг дэмжсэн судалгаа, тайлан гаргаж, сургалт, арга хэмжээ зохион байгуулах;


8.3.5. Иргэд байгууллагаас ирсэн гомдлыг шийдвэрлэх, албадан сургалт зохион байгуулахад гарах зардлыг тусгасан хураамжийн хэмжээ болон өөрийн үйл ажиллагааны санхүүжилтийн бусад хэлбэрийг тогтоох.

 

9дүгээр зүйл. Хэвлэлийн агуулгын талаар хариуцлага хүлээх этгээд


9.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакци нь өөрийн эрхлэн гаргасан редакцийн нийтлэл, хөтөлбөрийн төлөө хариуцлага хүлээнэ. 


9.2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакцийн өмнөөс хариуцлага хүлээх этгээд нь тухайн мэдээллийн хэрэгсэлийн тухайн дугаар, хөтөлбөрийн агуулгыг хариуцан бэлтгэсэн хариуцлагатай ажилтан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь энэхүү ажилтны бүтэн нэр, хаягийг олон нийтэд нээлттэй байлгана.


9.3. Энэ хуулийн  9.2. дахь заалтад дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн удирдах дээд албан тушаалтан хариуцна.


9.4. Зар сурталчилгааны агуулгын хариуцлагыг тухайн зар сурталчилгааны агуулгыг хариуцан бэлтгэсэн хариуцлагатай ажилтан, эсвэл зохиогч хүлээнэ.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакци нь зар сурталчилгааг хүлээн авахдаа энэхүү хариуцлагатай ажилтан, эсвэл зохиогчийн бүтэн нэр, хаягийг бүртгэж авна.


9.5. Энэ хуулийн 9.4 дэх заалтад дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг төлбөр хийсэн байгууллага, хувь хүн хариуцна.

           

9.6. Энэ хуулийн 9.2, 9.4, дахь заалтад дурдсан хариуцлагатай ажилтан, эсвэл зохиогч нь хуулийн хариуцлага хүлээх чадвартай, насанд хүрсэн хувь хүн байна.

           

10 дугаар бүлэг. Хэвлэл мэдээллийн талаар гарсан гомдлыг шийдвэрлэх


10.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн чанартай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг  хүлээн авснаас хойш Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу өгнө.


10.2. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагын  гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, байгууллага шүүхэд хандан гомдол гаргаж болно.


10.3. Хэрэв гомдол гаргагч нь хэвлэл мэдээллийн агуулгын талаар  шүүх, цагдаагийн байгууллагад шууд гомдол гаргасан бол шүүх, цагдаагийн байгууллага уг гомдлыг Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.


10.4. Иргэний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэвлэлээр гутаагдсан гэж үзэж гомдол гаргасан этгээд тухайн алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохиролыг нотлох баримтыг гомдол хүлээн авагч байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.  

 

               

           
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл
           

 

11  дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгэх

 

11.1. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэнэ.


11.2. Өргөн нэвтрүүлгийн лицензийг Харилцаа холбооны асуудал хариуцсан засгийн газрын агентлаг олгоно.

 

12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох


12.1. Энэ хуулийг ..... оны ... дүгээр сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА 




БУЦАХ