• Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэлэв

    2017-12-12

    Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ордны ‘’Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор’’ дахь Монгол төрийн түүхийн музейд боллоо.

    Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, албаны бусад хүмүүс, лам хувраг, иргэдийн төлөөлөл оролцлоо.

    Нээлтийн ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ ‘’Хэдхэн хоногийн дараа морилон ирэх шинэ оны босгон дээр Монголчууд бид оюун санааны ертөнцийн нэгэн их үйлсийг гэрч болцгоож байна. Өнөөдөр буюу Зулын 25-ны Дүйчэн энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуй ухааны цуврал номууд хэвлэгдэн гарч, монголын ард түмний алган дээр очлоо.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнав

    2017-12-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.

    Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

    ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

    “Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал  Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их сургуулийн 25 жилийн ойн ёслолын нээлтэд оролцож үг хэлэв

    2017-12-08

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их сургуулийн 25 жилийн ойн ёслолын нээлтэд өнөөдөр оролцож үг хэлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

    “Энд цугласан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд, зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд Улаанбаатар их сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг хүргэж, цаашдын сургалт, судалгаа, шинжилгээний ажилд улам их амжилт хүсэн ерөөе.

    Миний хувьд Улаанбаатар их сургуультай, эрдэмтэн багш, оюутнуудтай холбогдож, хамтран ажиллах завшаан 2011 онд тохиосон. Хүннү судлаач, археологич, эрдэмтэн Д.Эрдэнэбаатар монголчуудын дээд өвөг болох хүннүгийн өв соёлын томоохон өвийг агуулж буй “Гол мод-2” булшийг малтаж шинжлэхэд туслалцаа үзүүлээч хэмээн хүсэлт тавьж 2011 онд надад хандсан юм. Би өөрийн санаачилсан “Түмэн хишигтэн” аялал жуулчлалын компанитайгаа хамтран Д.Эрдэнэбаатар гуайн судалгаа, хийсэн ажил, хичээл зүтгэлийг үнэлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж хамтарч ажилласан. Бунхны малтлага хийхэд 200 гаруй оюутан, цэргүүд хавар 5 дугаар сарын 20-ноос эхлэн 11 дүгээр сарын 10-ныг хүртэл нийт таван сар ажилласан.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ оны Төрийн шагналыг хүртээлээ

    2017-12-08

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ.

    Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

    Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар,

    Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээж хэлсэн үгэндээ:

    “Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнөө жил бүр Монгол Улсын иргэний оюуны гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээдэг уламжлалын дагуу түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, соёл судлаач Цэрэндоржийн Санчирын “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 2018 оныг “Авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлах санаачилга гаргаж байгааг бүх талаар дэмжин ажиллах болно

    2017-12-08

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов.

    Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.

    Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

    Цаг заваа гаргаж, сэтгэл оюунаа чилээн монголын нийгмийн хамгийн хурц асуудлын нэг болох авлигатай тэмцэх ажлыг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцэж, зөвлөлдөж байгаад тань талархал илэрхийлье.

    Үнэхээр авлига нь нийгмийн хөгжлийг хойш татагч, баялгийн шудрага бус хуваарьлалтыг гааруулагч гол хүчин зүйл болохыг өнгөрсөн 27 жилд туулсан замнал, эдлэсэн зовлон маань хангалттай нотолж өглөө. Бид 27 жилийн өмнө ардчиллын замд орж амьдрал маань дардан, ирээдүй сайхан болно гэсэн. Эргээд харахад бидний зовлон их болсон байна.

    Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас гаргасан мэдээллээр 2017 оны 11 дүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн 2017 оны 11 дүгээр сарын байдлаарх мэдээлэл. Жил хүрэхгүй хугацаанд 65,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ бол зөвхөн илэрсэн хохирол. Илрээгүй нь маш том тоо гарах байх.

    Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй. Авлигын эсрэг тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдийгөөр үзэх байдал түгээмэл явж ирснээс өнөөдөр авлига буурах шинж тэмдэг огт харагдахгүй, олон нийтийн үнэлэмж маш гутранги байдалтай байна.

    Өнгөрсөн өвөл олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна. 2017 оны 3 дугаар сарын 7-нд олон нийтэд танилцуулсан Ази, Номхон далайн бүсийн 16 оронд хийсэн авлигын барометр судалгаагаар “Авлигатай тэмцэхэд бид хувь нэмэр оруулж, өөрчлөлт хийж чадах уу” гэсэн асуултад Монгол Улсын иргэд хамгийн бага хувьтайгаар буюу 40 хувь нь “Чадна гэдэгтээ эргэлзэж байна” гэж хариулсан байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын их хуралд оролцогчдод хандан илгээлт явууллаа

    2017-12-08

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уламжлалт анагаах ухааны

    олон улсын их хуралд оролцогчдод хандан өнөөдөр илгээлт явууллаа.

    Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсан юм.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

    Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын их хуралд оролцогч гадаад, дотоодын уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн, зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, оюутан залуус Та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.

    Шинэ мянганы босгонд Монголын ард түмэн өөрийн үндэсний өв соёл, уламжлалыг сэргээн, хөгжлийн гарцыг монгол ухаанаар тодорхойлох болсноор нүүдлийн соёл иргэншлийн үеэс үед дамжин уламжлагдсан гайхамшигт өв, олон зууны туршлагаар шалгагдан нотлогдсон монгол анагаах ухаан хөгжлийн шинэ шатнаа дэвшин, шинэ бодлого, шинэ хандлага, шинэ гарцыг эрэлхийлсэн цаг үетэй тулгараад байна. 

    Түүхийн явцад дэвжих, уруудахын аль алиныг нь амссан Монголын уламжлалт анагаах ухааны байр суурь бэхжиж, шинжлэх ухааны орчин үеийн технологийн ололтуудаар баяжин, олон улсын түвшинд танигдаж, үйлчлэх хүрээ нь улам тэлж байна. Аливаа хөгжил уламжлал, шинэчлэлийг зөв хослуулан, ирээдүйд түүчээлэн хүргэх үйл явц байдаг. Монгол анагаах ухааныг сэргээн хөгжүүлж, дэлхийд танигдсан өв соёл болгон, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн өвөрмөц өнгө төрх болгохоор зүтгэл гарган ажиллаж буй Та бүхний үйлсэд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

    Дэлгэрэнгүй
  • Сангийн яамны байр суурь эрс өөрчлөгджээ

    2017-12-08

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яам руу Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орохоос 4 сарын өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 4-нд албан бичиг явуулж байжээ. Энэ бичгийн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорацууд (жишээ нь: Рио Тинто)-аас татвараа бүрэн авахын тулд BEPS (Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Гувчуулах) төсөлд яаралтай нэгдэн орохыг санал болгосон хүсэлт байсан юм.

    Уг хүсэлтийн хариуг Сангийн яамнаас 2017 оны 9 дүгээр сарын 1-нд ирүүлсэн бөгөөд хариуг доор хавсаргасан албан бичгээс харж болно.

    Гэтэл шинэ Засгийн газар гарснаас хойш Европын холбооны зөвлөлийн Ёс зүйн бүлгийн даргад 2017 оны 11 дүгээр сарын 29-нд бичсэн захидлаас нь харахад ердөө 4 сарын дотор Сангийн яамны байр суурь эрс  өөрчлөгдсөн байгаа юм. /Захидлын агуулгыг орчуулгаас уншина уу/

    Монгол Улсын ажил, бодлого зарчим дээр суурилан улс орны язгуур эрх ашгийн төлөө байх ёстой атал тухайн үеийн сайдаасаа хамааран явагдах учиргүй юм.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-д нэгдэж байна

    2017-12-07

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэн, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалан ажиллаж байгаа юм.

    Аяны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт", “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр төрийн болон ТББ, иргэд, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн билээ.

    НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд  дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аянд нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавив

    2017-12-05

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт:

    ”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА

    Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай

    Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг баталж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

    Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна.

    Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна.

    2017 оны хувьд тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,727,288.6 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,420,601.4 сая төгрөг байхаар тооцож төсвийг 2,693,312.8 сая төгрөгийн алдагдалтайгаар баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьтай тэнцсэн байна. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв

    2017-12-01

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар  Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” , “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.

    Үүнд,

    Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Санги-Очирын Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

    Дэлгэрэнгүй