Архив

Үр дүн : 539

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов

    2018-02-16

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв.

    Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

    2018-02-16

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

    Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

    Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшиглүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдлээ. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч хүчит бөхийн барилдаан үзэж, их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа

    2018-02-15

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолцтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэв.

    Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар манлайлан Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглож, барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Баянхишигийн даллага” дуудав.

    Мөн нэгийн давааны эхээр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Улаанбаатарт суугаа гадаадын Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нарыг урьж битүүний идээ цагаагаар дайллаа. Бөхийн барилдааны тав болон зургаагийн давааны дараа Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдангийн нэрэмжит болон МУГТ, дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” зэрэг шагналуудыг бөхчүүдэд гардуулсан юм. Харин долоогийн давааны өмнө дунд шөвөгт үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Пүрэвдаваа бай шагнал гардуулав.

    Дэлгэрэнгүй
  • Уяачдад Монгол Улсын цол хүртээв

    2018-02-15

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

    Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

    Тод манлай уяач цолоор

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрахыг, /25 морь түрүүлж, айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 15/

    Хөвсгөл  аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэвийг /21 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 11/ тус, тус Монгол Улсын Тод манлай уяач цолоор шагнав.

    Дэлгэрэнгүй
  • Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

    2018-02-14

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

    Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

    Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн иргэдтэй уулзлаа

    2018-02-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн иргэдтэй тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзаж, ярилцлаа.

    Уулзалтыг нээж Ерөнхийлөгч “Булган аймгийн иргэд  та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж, ярилцахаар ирлээ” гээд уулзалтыг нээв. Булган аймгийн иргэд Төрийн тэргүүнд өөрийн биеэр болон бичгээр санал хүсэлтээ уламжлав.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа

    2018-02-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хүрээ жагслаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов.

    2017 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт 132.1 мянган хүн амьдарч, 5.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн Хөвсгөл аймагт аялах дотоодын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2016 онд 36.1 мянга байсан бол 2017 онд 78 мянга гаруй болсон байна. Харин гадаад жуулчдын тоо өнгөрсөн онд 11.4 мянгад хүрчээ. Аялал жуулчлал нь Хөвсгөл аймгийн эдийн засаг болоод аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг иргэдэд санхүүгийн томоохон хөшүүрэг болж ирсэн байна.

    Ерөнхийлөгч аймгийн нийгэм, эдийн засгийн байдал орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцсоны дараа Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд иргэдтэй уулзлаа. Орон нутгийн иргэдийн голчлон ярьж байгаа асуудал нь бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, өрхийн орлого, цалин хүрэлцэхгүй байгаа талаарх нийтлэг асуудал байсан юм. Мөн оффшор данстай холбоотой асуулт асууж, Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байлаа.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

    2018-02-10

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав.

    Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд уулзаж, ярилцлаа. Уулзалтыг нээж Төрийн тэргүүн “Орхон аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй хийж байгаа уулзалтын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Иргэд санаа бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Иргэдээ түлхүү сонсож байгаа учраас эхлээд та бүхний санаа бодлыг сонсож ярилъя” гэлээ.

    Уулзалтад Орхон аймгийн болоод “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой тайлбар хүслээ.

    Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үйлдвэрийн үйл ажиллагааны талаар асууж байна. “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улс орныхоо эдийн засагт, ард иргэдийнхээ амьдрал ахуйд ямар хэмжээний нэмэр болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо ашиглаж байгаа үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай болсон. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Энэ утгаараа үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа юм шүү. 51 хувь нь төрийнх. 49 хувь нь улсынх. Өнөөдөр үүнээс болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэлээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож үг хэллээ

    2018-02-09

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    УИХ-ын эрхэм гишүүдээ, УИХ-ын дарга аа.

    Өнөөдөр УИХ-ын чуулганд оролцож үг хэлэх болсон шалтгаан маань энгийн, тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор

    -1 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай гэсэн 7 дүүргийн;

    -1 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь гээд 7 аймгийн ард иргэдтэй уулзлаа.

    Цаашид бусад дүүрэг, аймгуудаар явж, иргэдтэйгээ нүүр тулан уулзах болно.

    Та бүхэнд хандаж байгаа нь ард иргэдээс дэвшүүлж байгаа санал, санаачилга, хүсэлт гомдол, шахалт шаардлагыг ойрын болоод хэтийн бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байгаа юм

    Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3800, нийт 12800 орчим иргэд оролцож, 742 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1439 иргэн бичгээр гомдол, саналаа гаргажээ.

    Иргэдийн илэрхийлж байгаа түгээмэл асуудлууд нь цалингийн, татварын нэмэгдэл, банкны зээл, зээлийн хүү, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол, тэтгэврийн насны уртасгал, тэтгэмж, халамжийн хэмжээ, тусламж, орон байр, газар өмчлөл, эрүүл мэнд, боловсролын салбар дахь гачигдал дутагдал, хүндрэл бэрхшээл байна.

    Бас нэлээд хэсэг нь Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаарх санал гомдол, шүүмжлэл байлаа.

    Иргэдээс хамгийн их давтамжтайгаар шүүмжилж байгаа асуудал нь тэтгэврийн нас ба тэтгэврийн хэмжээ, тэтгэмж, халамж, тусламжийн оновчтой байдал, эзэндээ хүрч чадахгүй байгаа зэрэгт байна. 248 иргэн энэ талаар хурц шүүмжлэл хэлсэн байна. Ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх талаар 97, утаа, агаарын бохирдлын асуудлаар 103, татварын нэмэгдлийн асуудлаар 92, орон сууцны асуудлаар 99, өр зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар 54 иргэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэн нь давтамж өндөртэй, анхаарвал зохих асуудлууд болж байна.

    Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хамгаалахад үлэмж санаа тавьж байгааг оффшор данстай төрийн албан хаагчдыг хэрхэх талаар 114, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 102, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол “Улсын Их Хурлыг үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж үзэн тараах тухайд 89 иргэн байр сууриа илэрхийллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 40 хэмийн хүйтэнд нарийн ногоо ургуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн хүлэмжээр зочлов

    2018-02-08

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2014 оноос барьж эхлэн 2016 онд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, -40 хэмийн хүйтэнд өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалах боломжтой болжээ. Одоогоор тус үйлдвэр зөвхөн өргөст хэмх ургуулж, дотоодын зах зээлд өдөрт 300 кг-аас 1,5 тонн өргөст хэмх нийлүүлж байна. Өвлийн хүлэмж нь 10080 метр квадрат талбайтай халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан байна.

    Төрийн тэргүүн “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого болон өвлийн хүлэмж олноор бий болгох, Улаанбаатар хотын иргэдийн ногооны хэрэгцээг эхний ээлжинд хангахад дэмжлэг үзүүлэх талаар ярив.

    Дэлгэрэнгүй