Америкийн Нэгдсэн Улсын Сенат Ричард Р. Лугарын явуулсан мэндчилгээ

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд,
Монголын ардчиллын 20 жилийн ойг Та бүхний хамт тэмдэглэж байгаадаа миний бие баяртай байна. 1989 онд хэдэн зуун Монгол залуусийн хатан зориг Монгол Улсад ардчилал, олон намын тогтолцоо, зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан билээ. Ардчиллыг хөгжүүлэх явцад Монгол Улсын хүрсэн амжилт дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээсээр байна.
Энэ оны эхээр Монгол Улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцааг өргөжүүлэхийг уриалсан Сенатын 192 дугаар тоот тогтоолын санаачлагчдын нэг болсондоо би баяртай байдаг. АНУ эдийн засгийг хөгжүүлэх, боловсролын солилцоог өргөжүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг хэд хэдэн чиглэлээр цаашид ч Монгол Улстай түншлэлээ үргэжлүүлэх болно.
Монгол Улс ардчиллыг гүнзгийрүүлэхийн сацуу цаашид ч иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөө, хуран цугларах эрхийг хангана гэж найдаж байна. Монголын ард түмэн эдийн засгийн шинэчлэлийг сулруулах, төрийн хяналт бүхий эдийн засгийн тогтолцоонд эргэн орох аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна.
Монгол Улс олон улсын энхийг сахиулах ажиллагаануудад бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхийг хүсч байна. Түүнчлэн, Монгол Улс Афганистан дахь олон улсын эвслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 2010 онд 1000 хүнтэй цэргийн бие бүрэлдхүүнийг НАТО болон НҮБ-ын ажиллагаануудад оролцуулахаа мэдэгдсэн.
Ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын ардчилсан хөдөлгөөнийг бэхжүүлэх болон улс орноо манлайлан удирдах эрхэм үйлсдээ амжилт олж буйг Тань өндрөөр үнэлж байна. Миний бие Монгол, АНУ-ын ард түмэн хоорондын түншлэлийг цаашид ч эрчимжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлье.
Хүндэтгэсэн Ричард Р. Лугар